Нийтлэл 10 сарын 09, 2015

Hey John, Төрсөн өдрийн мэнд!

Английн домогт хамтлаг Битлз-ийг үүсгэн байгуулагч Жон Ленноны төрсөн өдөр 10-р сарын 9-нд тохиодог юм. Би сурагч байхаасаа л Битлз-ийг сонсдог байлаа. Оюутан насанд лекцэн дээр “Hey Jude”-ийг бодон ухаан санаа шал өөр ертөнцөд явдаг байв. Жон Ленноныхтой адилхан шил зүүсэн залуус онцгой харагдаж, монгол хүнд зохимжгүй монхор хамар, хүнхэр нүдийг хайдаг байж... Хорвоод дөчхөн жил амьдарсан ч урлагт дөрвөн зуунд давтагдахааргүй түүхтэй Хүндэт Жон Леннон танд төрсөн өдрийн мэнд хүргэж, өөрийнхөө мэдэж судалснаар амьдралын тань түүхийг дүрсэллээ.

Битлз буюу цохнууд нэрийг сонгох хүртлээ хамтлагийнхан маш олон нэр бодож олцгоожээ. “Жонни ба сарны ноход”, “Дээрэмчдийн далбаанууд”, “Эрх мэдэл хөөцөлдөгчид”, “Мөнгөн цохнууд”, “Мөнгөн хэмнэл”, эцэст нь The Beatles хэмээн тогтов. Энэ бол 1960 он байлаа. Хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол МакКартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглож байлаа. Битлз-ийн гол 2 хөгжимчин нь солгой гартай байсан бөгөөд тэр нь Пол, Ринго хоёр. Маккартниг солгой болохоор тусгайлан хийсэн гитараар тоглодог гэж удаан шуугисан, харин Ринго бөмбөрчин учраас үзэгчид түүний гарыг анзаардаггүй байжээ.

Вьетнамын төлөөх дайнд Битлүүд буу барьж оролцоогүй ч дуу хоолойгооороо дайныг зогсоохын төлөө тэмцэж явсан залууст эрч хүч бэлэглэж байлаа. “Энхтайван, хайр дурлалаас өөр юу ч хэрэггүй” хэмээн тунхаглаж байсан хиппичүүдийг Жонн Леннон л доргиож байжээ. Ер нь Битлүүд шинэлэг үзэлтнүүдийг, ардчиллын төлөө тэмцэгчдийг үеийн үед манлайлан дуудагчид байсан юм. Тэдний дуу хоолой монголчууд бидэнд хүртэл нөлөөлж, ардчиллын алтан хараацай С.Зориг, Э.Бат-үүл, Р.Гончигдоржоос эхлээд Б.Долгион, З.Алтай, С.Баяр, Шар айрагийн Ганхүү , М.Энхсайхан, Чингис хааны Жаргалсайхан, хөгжмийн зохиолч Жагаа, Буянгийн Жагаа гээд олны танил маш олон хүмүүсийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд нь тодорхой нөлөө үзүүлсэн билээ.

Гэрэл зураг. 1970-1-р сард Жон Леннон Лондон хотноо өөрийн авсан гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргав. Гэвч Жон Ленноны өвөрмөц сонин шийдэлтэй гэрэл зургуудийн талаас илүү хувь нь олонхийн зүгээс зохимжгүй гэсэн үнэлгээ авч үзэсгэлэн хугацаанаас өмнө хаагдсан байна.

Дөчин нас. Английн рок дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны хувьд 40 нас амьдралынх нь хамгийн сүүлчийн жил байсан билээ. Тэр уран бүтээлийн олон шинэ санаа төлөвлөн дэлхийг тойрох тоглолтондоо бэлдэж, найзуудыгаа Их Британид цуглуулан шинэ цомгоо бичүүлэхээр зэхэж байсан ч энэ төлөвлөгөөнүүд биелээгүй юм. 1980-12-8нд Леннон студид бичлэгээ хийлгэж дуусан 23 цагт гэртээ харьж яваад байрныхаа өмнө 11 удаа буудуулж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан. Марк Чэпмэн гэгч этгээд түүнийг буудан хөнөөсөн бөгөөд шүтэн бишрэгчийнхээ гарт амь үрэгдэнэ гэдэг уран бүтээлч хүнд ямар үнэлэлт авчрахыг хэн ч үл мэднэ.

Есүс. Энэ нэр яагаад Ленноны амьдралтай холбогдох ёстой вэ гэж та гайхаж мэднэ. Гэвч Ленноны амьдралын түүх зөвхөн "Битлз" хамтлаг, хөгжимтэй төдийгүй гэрэл зураг, уран зохиол, кино урлагтай хүртэл холбоотой байсан юм. 1964-3-23-нд Жон "John Lennon in his own write" нэртэй шүлэг, өгүүлэл, зургийн номоо гаргаж, ном нь гарч уран зохиолын талаасаа анхаарал татах гойд зүйлгүй ч зохиогч нь Жон гэдгээрээ тухайн үедээ анхаарал татаж байлаа. 1966 онд Ричард Лестерийн "How I won war" кинонд Жон туслах дүр бүтээж, кино хальсанд дүрээ мөнхлөв. Түүний содон дүр төрх кино найруулагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд Есүс Христийн дүрд тоглох саналаас Жон өөрөө татгалзсан гэдэг.

Жон Леннон 1940-10-9-нд Ливерпуль хотод төржээ. Түүнийг төрсөн шөнө Германы онгоцнууд Ливерпуль хотыг бөмбөгдөж байсан гэдэг. Жоны эцэг Фред Леннон нь худалдааны хөлөг онгоцонд үйлчлэгч хийдэг, хуурай газар ховорхон буудаг нэгэн байж. Харин ээж Жулия нь өөр хүнтэй сууж, 18 сартай хүүгээ эгчийнхээ асрамжинд үлдээсэн бөгөөд Жон Леннон эцэг эхийн хайрыг үзэлгүй өссөн юм. Гэвч нагац эгч Мими нь ээж аавдаа “гологдсон” өрөвдмөөр хүүг өөрийн хүү шигээ хайрлаж өсгөжээ.

Захидал. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярт 2009 онд Йоко Оногоос нэгэн захидал, илгээмжийн хамт иржээ. “Хүндэт Ерөнхийлөгч танд Энхтайвны амьд хос үрийг илгээж байна. Миний нөхөр Жон Леннон бид хоёр 40 жилийн өмнө дэлхийн удирдагчдад Энхтайвны амьд хос үрийг илгээж байсан юм. Энэхүү үйл явдлын 40 жилийн ой энэ жил тохиож буй учир өнөөгийн дэлхийн удирдагчдад дахин илгээж байгаа билээ. Таны цэцэрлэгт дэлхийн энхтайвны үйлсийн төлөө хоёр том царс мод урган цэцэглэнэ гэдэгт би итгэлтэй байна. Гүнээ хүндэтгэсэн Йоко Оно Леннон” гэжээ. Харин энэ үр хаана соёолсон талаар мэдээлэл тун бүрхэг байдаг ажээ.

Израйль улс Битлз хамтлагийг Улсынхаа тусгаар тогтнолын 60 жилийн ойд оролцохыг урьсан нь Битлүүдэд тун хүндтэй санал болов. Учир нь залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлнэ хэмээн Израиль улс 1965 онд тус хамтлагийн дууг хориглосон байжээ. Израилийн Элчин сайд Рон Просор Ливерпуль хотод Жон Ленноны эгч Жулиа Баирдтай уулзаж, хэдийгээр Леннон таалал төгссөн ч Пол Макартни, Ринго Стар болон Жон Леннон, Жорж Харрисон нарын төрөл төрөгсдийг тавдугаар сард болох Израиль Улс байгуулагдсаны 60 жилийн ойд албан ёсоор урьсан байна.

Йоко Оно. 1966 оны 11-р сард Жон Леннон Японы авангард зураач Иоко Онотой Лондонд танилцав. Жон тэр үед эхнэртэй байсан ч япон бүсгүйд татагдаж, харин Йоко Оно хариуд нь зүгээр л дотно харьцаатай байхыг л Леннонд санал болгосон байна. Гэвч тэдний харьцаа анд нөхдийнхөөс илүү гүнзгийрч 1969-3-20-нд Жон эхнэр Синтия, хүү Жулиан нараа орхин Йоко Онотой албан ёсоор хуримаа хийжээ.

Компани EMI-гийн тогтоосноор Битлз АНУ-ын хөгжмийн жагсаалтад сингл болон альбомоороо өнөө цагийн хамгийн тэргүүлэх хамтлаг хэмээн өргөмжлөгдсөн байна. Мөн борлуулалтын амжилт нь бусад хэд хэдэн оронд давтагдсан бөгөөд 1985 Битлз хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон кассетийг борлуулсан гэж тогтоогдсон юм.

Лондонгийн “Аbbey Road”-ын замын гарцаар хөндлөн алхах Битлүүдийн хүмүүсийн зүрхэнд хоногшин үлдсэн. Тамхи барьж цардмал замаар хөл нүцгэн алхах Пол, цав цагаан хослол бүхий Жон, сүйт бүсгүйгээ хүлээн авах гэж буй мэт Харрисон, еслолын байдалтай гурван залуугаас тэс өөр жинсэн хослол өмссөн Ринго Стар. Энэ бол Битлзийн алдарт “Аbbey Road” цомгийн хавтасны зураг байв. Энэ л зурагны ачаар Лондонгийн жирийн нэгэн гарц алдаршиж, битлзийн шүтэн бишрэгчид энэ гарцан дээр зургаа авахуулах гэж замын хөдөлгөөнд саад болох нь жирийн үзэгдэл болсон гэдэг. Харин “Abbey Road” цомгийн хувьд тус хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээл болж түүхэнд үлдсэн бөгөөд худалдаанд гарсан даруйдаа Их Британи, АНУ-ын шилдэг дууны жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлжээ.

Маккартнигүйгээр Битлзийг, бас Жон Ленноны амжилтыг төсөөлөшгүй. 1956 оны 6-р сарын 6-нд болсон нэгэн тоглолтон дээр Леннон үе тэнгийн хүүтэй танилцсан нь Пол байсан юм. Хамгийн сүүлийн сониноос гэвэл Пол саяхан Цагаан Ордонд уригдан АНУ-ын ерөнхийлөгчид зориулан Битлз-ийн шилдэг дуунуудыг дуулж, харин Ерөнхийлөгч Обама түүнийг АНУ-ын хөгжмийн хамгийн том шагнал болох Конгрессийн Жершвин Шагналаар шагнасан байна. Макартни 32 жилийн туршид шилдэг дууны жагсаалтад багтсан  200 гаруй дууг зохиоход гар бие оролцсон хэмээн Обама тэмдэглэн хэлсэн байна.

Нэрс. Битлүүдийн шүтэн бишрэгчид тэднийг богино нэрээр нь дуудсаар жинхэнэ нэр овгийг нь бараг мартсан гэхэд хилсдэхгүй. Жишээ нь Жон Уинстон Леннон өөрийн овгийг Иоко Онотой гэрлэмэгцээ сольж, Жон Оно Леннон болгон өөрчилсөн. Харин Маккартнигийн жинхэнэ нэрийг Жеймс, Рингог Ричард гэдэг байжээ. Жон Леннон хамтлагийнхаа хамгийн ухаантай нь, Пол Маккартни хамгийн цэвэрч, Жорж Харрисон хамгийн дуугүй, харин Ринго хамгийн гунигтай нь гэгддэг байлаа.

Олон хүн Жон Ленноны хувийн зан чанарын талаар таагүй сэтгэгдэлтэй явдгийг тэр өөрөө ч мэддэг байсан гэдэг. Тэр энэ бүхэнд ганц л хариулт өгдөг байжээ. “Би хүмүүст таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж л амьдардаг. Би тэднийг миний талаар сайнаар дурсаад өгөөч гэж гуйгаагүй”. Үнэхээр энэ үг бол түүний амьдралын зарчим байсан билээ.

Өмнө нь хэзээ ч тийм их хүн тэднийг тосож байсангүй. Битлүүдийн зүрхийг хөөргөсөн энэ явдал 1964-2-7-нд АНУ-д хөл тавихад нь болжээ. Тэднийг маш олон тооны сэтгүүлчид, зурагчид дагалдан явж байв. Хамтлагийнхан Нью-Йоркийн нисэх буудал дээр газардахад Кеннедийн нэрэмжит нисэх буудал тэр аяараа оволзон хөдлөх шиг болж байлаа. Энд 3000 гаруй хүн цугласан байв. Мөн Битлз Америкийн ТВ-ээр анх удаа Эд Салливаны Шоу нэвтрүүлэгт оролцон Америкийн үзэгчидтэй мэндчилсэн юм. Тэдний оролцсон шоуг ойролцоогоор 74 сая үзэгч үзсэн нь тэр үеийн Америкийн хүн амын бараг тал хувь нь байлаа.

Пресли. Алдарт Элвис Преслигийн дуулахыг сонсоод 13 настай Леннон нагац эгч Мимигээсээ гитар авч өгөхийг шалгаажээ. Цагаан хослол бүхий дэгжин залуугийн өвөрмөц дуу хоолой, содон дүр төрх хүүг урлагийн замд эргэлт буцалтгүй дуудсан хэрэг.

Радиогоор явсан The Beatles –ийн анхны дуу бол «I Want to Hold Your Hand» байв. Вашингтоны нэгэн радио станцын дижей Лондоноос найз эмэгтэйнхээ авчирсан бичлэгийг эфирт тавьжээ. Зохиомж нь сонсогчдод үнэхээр таалагдсан учир тэр бичлэгийг олон өдөр цаг тутамд тоглуулдаг байсан гэдэг. Азаар тэр нь Битлз-ийн «I Want to Hold Your Hand» байлаа.

Синти Пауэлл. Шаргал үст үзэсгэлэнт Синти алдарт Битлзийн ахлагчийн зүрх сэтгэлийг эзэмдсэн анхны бүсгүй билээ. Тэд 1962 онд хүүтэй болж, Жон Ленноны хэлснээр суухаас аргагүй байдалд орсон гэдэг. Харин 1968-11-8-нд Жон эхнэр Синтигээсээ салж 5 настай хүү Жулианыгаа эхийнх нь асрамжинд нь үлдээн Йоко Онотой гэрлэсэн билээ. Эдгээр бүсгүйчүүд Жон Ленноноос 2-8 насаар эгч байсан бөгөөд алдарт хөгжмийн зохиолч маань эгчмэд бүсгүйчүүдэд дуртай байсан бололтой.

Таралт. Нас биед хүрсэн эрс үргэлж эв найртай байна гэж хаа байхав. Битлүүдэд ам мурийх, нэг нэгэндээ хатуу үг хэлэх үе олонтаа гардаг байсан ч тэдний албан ёсны таралт 1970-аад онд болсон юм. Ажиглагчид тэднийг хөрөнгө мөнгөн дээр маргаантай байсан гэж тодорхойлдог бөгөөд зарим шүтэн бишрэгчид Битлзийн тарсан шалтгааныг Жон Ленноны эхнэр Йоко Онотой холбон тайлбарладаг. Ямартаа ч 1969 оны 9-р сарын 13-нд Жон Леннон анх удаа Битлз хамтлаггүйгээр тоглолтоо хийсэн юм. Торонтогийн энх тайвны их наадмын хүрээнд болсон энэ тоглолт дуу бүхэлдээ Йоко Онод зориулсан байсан бөгөөд цомог “The plactic Ono band" нэртэйгээр хэвлэгдэж, цомогт орсон зарим дуу нь “Жон, Иоко” гэж эцэс төгсгөлгүй давтаж, шинэхэн хосуудын ор хөнжлийн сурвалжлагаар дүүрсэн байв. Харин 1980-12- 8-нд Жон Леннон Нью-Йорк хотод буудуулж нас нөгчин, Жорж Харрисон 2001-11-29-нд хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Гэсэн ч тэдний хэн нэггүйгээр Битлзийг төсөөлөхийн аргагүй билээ.

Уран бүтээл бүтэлгүйтэх нь урлагийнханд олонтаа тохиолддог. "Битлз"-ийн ахлагч ч мөн үргэлж дардан замаар яваагүй юм. Леннон үр дүнгүй ажилд цаг их зарцуулж, дэмий зүйлд их татагдаж байлаа. 1969- 5-р сард худалдаанд гарсан "Unfinished music №2: Life with the lions" цомог ямар ч эмх цэгцгүй, хөгжмийн оронд дуу чимээг хэт ихээр оруулсан нь Жон болон "Битлз-ийн дуунуудад дассан сонсогчдыг түлхэж, харин Леннон Битлз-тэй дахин холбогдохыг хүссэнгүй, уран бүтээлийн шинэ зам хайх болсон юм.

Үнэндээ Жон Ленноныг нас барахаасаа сарын өмнөөс тэвчихийн аргагүй зан ааш гаргаж, түүнтэй хамт байх нь там болж эхэлсэн гэдгийг Йоко Оно нэгэн ярилцлагадаа дурджээ.

Хэрээс буюу хориглов. «I аm the Walrus» хэмээх дууг нь Би-Би-Си радиостанцаар нэвтрүүлэхийг хориглодог . Учир нь дууны үгэнд “дотоож” гэдэг үг орсон байдаг аж. «Fixing a Hole», «Lucy in the Sky with Diamonds» ? «A Day in the Life» гэдэг зохиомжийг мансууруулах бодисын тухай агуулгатай гэдэг үндэслэлээр мөн хорьдог байж. Битлз-ийнхэн бусдаас онцгой байсан учраас тэдний уран бүтээлд энгийн хүмүүс сонсоход хүнддэхээр олон дуунууд байдаг байв. Тэдгээрийг хориотой дуунуудын жагсаалтанд хэвлэл мэдээллийнхэн оруулдаг байлаа.

Цуглуулга. Битлз хамтлагийнхны хэзээ ч хэвлэгдэж байгаагүй зураг, захидал, дууны шүлгийн гар бичмэлийг Америкийн хувийн цуглуулгатай нэгэн эр олон нийтэд үзүүлжээ. 64 настай Патти Дэйли эдгээр цуглуулгаа бараг 50 жил хадгалсан байна. Тэрээр Жон Леннон, Пол Маккартни нартай танил байсан бөгөөд тэднээс авсан эд зүйлээ хайрцаганд хийгээд орон доороо хадгалдаг байжээ. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй зургуудын нэг бол Ленноны гэрийн наран шарлагын талбайд төгөлдөр хуур тоглож байгаа Маккартнигийн зураг юм. Энэ зургийг 1974 онд авсан бөгөөд 1970 онд хамтлагаа тарснаас хойш Леннон, Маккартни нар анх удаа уулзсан нь энэ юм байна. Зургийн үнэ цэнэ үүнд л оршдог ажээ.

Чимэг болсон дуунууд түүний урын санд олон бий. 1971-10-р сард Ленноны Лондонд байхдаа бичүүлсэн "Imagine" цомог гарсан нь үнэхээр шинэ алхам болсон юм. АНУ-д байхдаа Леннон зүүний хүчний хөдөлгөөнд нэгдэж, 1971-1972 онд сонгуулийн сурталчилгаанд оролцож, улс төр, рок-н-ролл хоёрыг нэгтгэхийг оролдсон ч Никсоны сонгуулийн төв штабынхан дуучны үйл ажиллагаанд таагүй сэтгэгдэлтэй үлдсэн гэдэг. Холбооны Мөрдөх товчоо Леннонд хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, эх орноосоо хөөн гаргахыг завдаж байлаа. Ричард Никсон сонгуульд ялсны дараа урам нь хугарсан Леннон зүүний хүчнийхнээс харьцаагаа тасалж, улс төрийн үйл ажиллагаанд оролцохоо больжээ.

Шон бол Жон Леннон Иоко Оно нарын дундаас гарсан түүний 2 дахь хүү. Жон эцэг эхийн хайрыг мэдрэлгүй өссөн ч эцгийнхээ замналыг давтаж, Синтигээс төрсөн ууган хүү Жулиан нь мөн л эцгийн хайрыг амсалгүй өсчээ. Харин Шоны хувьд тэс өөр байлаа. Леннон Лос-Анжелест рок-н-ролл цомгоо гаргаад Нью-Иоркт эргэн ирж гэр бүлийн амьдралаа сэргээжээ. Жон Леннон хүү Шоныгоо мэндэлсний дараа 5 жил хөгжмөөс бүрэн хөндийрч зөвхөн хүүхдээ асрахад энэ хугацааг зарцуулсан байна.

Эротик стиль Жон Леннон, Йоко Оно 2-ын уран бүтээлээс олонтаа харагддаг. 1969 онд Жон Йоко хоёр Монреалийн "Queen Elizabeth" зочид буудлын өрөөнд 8 өдөр үргэлжилсэн "Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал"-аа эхэлсэн юм. Эхнэрийнх нь сэдсэн энэ үзүүлбэр хэвлэлийнхний анхаарлыг татаж Жон, Йоко хоёр өргөн орон дээр гэрийн халаадтай хэвтэж дэлхийд энх тайвныг хэрхэн сахиулах талаар, өөр бас бус зүйлийг нухацтай ярьцгааж байлаа. Ленноны амнаас бараг анх удаа л нэлээд хариуцлагатай, ухаалаг, цэгцтэй үгс гарч байв. Энэ өвөрмөц хэвлэлийн бага хурлыг кино хальсанд буулгахад, Ленноны тэр өрөөнд зохиосон "Giүe Peace A Chance" дуу нь давхар бичигдсэн юм.

Юутай ч энэ алдарт хамтлагийн үүх түүх, уран бүтээлийн талаар “Амьдрал ба дуунууд” нэртэй ном хэвлэгдэн гарсан билээ. Х.Сүхжаргал эмхэтгэн найруулж, Н.Ганбат, А.Номин нар хянаж, Б.Батзориг хэвлэлийн эхийг бэлтгэж, Б.Долгион өмнөх үгийг нь бичсэн энэ ном Битлзийн гэрэл зургууд, 50 гаруй дууны нь үг, ноот, гитар дээрх хурууны хуваарьтай, 20 дуутай CD хавсаргасан чамбай бүтээл болжээ.

Ялалт. Өнөөдрийг хүртэл энэ хүнийг дэлхий нийтээр дурсаж, түүний дуунууд эгшиглэсээр байна. Түүний төрсөн өдрөөр УИД-ээс Цирк рүү уруудах замд баригдсан Битлз-ийн хөшөө тэдний шүтэн бишрэгчдээр дүүрэн байлаа. Энэ хөшөө бол Монголын фенүүдээс нь алдарт Битлз-ийнхэнд зориулан босгосон сэтгэлийн илэрхийлэл юм. Хөшөө барих санаачлагыг Улс төрийн боловсролын академийн захирал Ганбат гаргаж, гадаад хэргийн сайд асан н.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Э.Бат-Yүл, С.Баяр, “Харанга”-ын Энхманлай, “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион нарын фэнүүд нь биширч шүтэж явдаг хамтлагтаа зориулан хандив өргөснөөр нийслэлийн төвд Лондонгийн Ливерпул хамтлагийн дүр төрхийг санагдуулам хөшөө боссон билээ.

2010 оны бичлэгээс...

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-09

    cool

arrow icon