Шийдлийн гэх Засгийн газрыг танхимаар нь огцруулах компанит ажил эхэлчих шиг боллоо.
Шинэхэн засгийн будаг нь ханхалсан буйдан дээрээс ирэх оны сонгуульд сойгдох гэсэн хоосон амбиц голлоод байгааг үгүйсгэхгүй, энд Шийдлийн засагт шинээр орж ирсэн улс тѳрийн хүчний нялхсын халдварт ѳвчин нѳлѳѳлсѳн байж мэднэ. Эл асуудал, намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэгдэж магадгүй гэсэн таамгийг зарим нэг улс тѳрчид барин тавин хэлж байна. УИХ-ын ажиллагаанд шинжилгээ хийсэн нэг судлаач, нийт хэлэлцсэн асуудлын 60 гаруй хувь нь албан тушаал, суудал буйдан байдаг юм билээ гэсэн тоо хэлсэн байдаг. Хэрэв Засгийн газрыг танхимаар нь огцруулах дээрээ хүрвэл дээрх тоо үлэмж хэмжээгээр ѳсѳх нь гарцаагүй. Өвѳлжилтийн бэлтгэлийн нүсэр ажил, мичин жилийн ѳвѳл хаврын хахир улиралтай цаг тохиосон ийм үйлдлийг ард түмэн хэрхэн хүлээж авах бол?
Одоогийн Засгийн газрын сэтгэлгээний чадавхи шавхагдаж дууссан, энэ бол үнэн. Гэхдээ ажлаа үргэлжлүүлээд явахад улс орны байдал ирэх сонгууль хүртэл сайжрахгүй ч дордохгүй байх үндэслэлтэй, эхлүүлчихсэн ажлууд ч нэлээд байгаа юм билээ. Харин одоогийн Засгийн газрыг унагачихвал байдал эрс муудаж мэдэх эрсдэл байгаа гэж мэргэжилтнүүд хэлсээр байна. Ч.Сайханбилэг анх эдийн засгийг хүндрэлээс гаргах тов тодорхой загварыг санал болгон гарч ирсэн. Үндэсний том хѳрѳнгѳтнүүдээ дэмжиж, үй түмэн үйлдвэрлэгчдийг араас нь зүүе, бизнесмэнүүдээ дагуулж бизнесийн орчин үүсгэе, эдийн засгийг либералчилж тэргүүлэх хѳрѳнгѳтнүүдийн том татвараар тѳсвѳѳ аваръя гэсэн зураглал дэвшүүлсэн. Нэг үгээр эх захгүй популизмийн эсрэг прагматизм, эмпиризмийг сѳргүүлэн тавьж, бодлогоо цэгцтэй томъёолсон бүхэл бүтэн концепцитой орж ирсэн
, тэр цагаас хойш их хугацаа ѳнгѳрсѳнгүй. Боломжийн гэмээр энэ бодлого ѳнѳѳдрийн байдлаар бүрнээ хэрэгжих боломжгүй болчих шиг боллоо. Сайханбилэг ч ѳѳрѳѳ хүмүүсийн ярьж байгаа шиг нуман тулгуурт орлоо гэхээсээ илүүтэй, ялангуяа Таван толгойн тѳсѳл гацсанаас хойш нэг л тийм diffidence ( хүчиндээ итгэлгүй ) байдалд орчих шиг.. Энэ нь саяхан түүний Азийн хѳгжлийн банкны ерѳнхийлөгчтэй уулзсанаар нотлогдоно. Тив дэлхийн чанартай аливаа банкны хѳтѳлбѳрт орох нь угаас тийм ч хүсээд байхаар зүйл биш л дээ.Тэд ѳглѳг буяны байгууллага огт биш, эсрэгээр double standard ( далд санаа) хэрэгжүүлчид, ашиг хѳѳгчид бол харин мѳн. Ямартай ч Засгийн газрын орчимд газар хѳдлѳлт бий болгохоосоо ѳмнѳ Ерѳнхий сайдын үгийг анхааралтай сонсох нь улс тѳрийн соёлтой байх ёс зүйн зарчимд илүү нийцэх байхаа гэж бодно.Ч.Сайханбилэг ерѳнхий сайд болохдоо чухам юу хэлж гарч ирснийг нь эргэж нэг санацгаагаад үзэл баримтлалаа ажил болгоход нь юу саад болов гэдгийг дэнслэхэд хэрэг болох ч юм болуу гэж бодоод тухайн үед түүний хэлсэн үгэнд хийж үлдээсэн нийгэм зүйн интерпретацийг та бүхний мэргэн оюунд толилуулж байна, болгооно уу!
САЙХАНБИЛЭГИЙН ТОМЪЁОНЫ ИНТЕРПРЕТАЦИ
Ч.Сайханбилэг гэгч хэн бэ?
Interpret гэхийг монгол руу хѳрвүүлж зүрхэлсэнгүй, тайлбар гээд цааш явах гэтэл үгийн дотоод агуулга сайн гарч ѳгдѳггүй. Санаанд хүрэхгүй болохоор нь улс тѳрчид, судлаачдын хэлж заншсанаар интерпретаци чигт нь үлдээж орхив.Интерпретаци нь угаас логик, задлан шинжилгээний л арга. Өөрийн дүрэмтэй жанр болохоор бичвэр маань нэлээд тийм хуурайдуу, мэргэжлийн хэллэгээр дүүрчихсэн, зарим хүмүүст сонирхол муутай л санагдах бол уу. Гэхдээ энэ талыг бас бодолцоод энгийн хэллэгээр ѳѳрийн санаануудыг нэлээд хавчуулчихлаа. Тѳрийн голлох албан тушаалтны хэлсэн үгэнд интепретаци хийхэд хувь хүнийх нь талаас танихгүй байсан нь ч дээр юм байна, субьектив санаа орчихгүй талаасаа шүү дээ.
Гэхдээ хүн талыг нь ор тас орхичихож бас болохгүй санагдаад хѳдлѳлѳѳр нь тандах (gesture) оролдлого хийснээсээ ганц нэг жишээ татлаа. Томчуудын санамсаргүй татуулчихсан бичлэгээс ч юмуу, аль эсвэл ярилцлага ѳгч байхад нь хѳдлѳл, гар хурууны хѳдѳлгѳѳн зангаа дохио, алхаа, гишгээ, суудал, нүдний харц...хѳдлѳлѳѳр тандалт хийж, дотоод сэтгэл, бодлыг нь таах гарцаагүй сайн урлаг бол гестур юмдаа. Би оюутан байхдаа сэтгэл судлалын хичээлээр 2-ын зэрэг тѳрийн чухал хүний жестийг судлан реферат хамгаалснаасаа хойш байнга л гестур хийж суудаг зуршилтай болчихсон юм, ихэнхдээ л онодог юм билээ. Сайханбилэг дагалдагчдын хамт хурлын танхим руу орж явахад нь хажуугаас санаандгүй дарсан фото, ихэнх сайтуудад гарсан байсан, энэ удаа түүнийг объект болгон ашиглалаа.
- Ялимгүй бѳхийсхийн том алхалтаар явах бол тодорхой асуудлаар дотор хүнтэйгээ аль хэдийн яриад шийдчихсэн хүний жест
- Нүдээ цавчилгүй, хараагаа нэг цэгт тѳвлѳрүүлэн, хѳмсгѳѳ дутуу зангидаж, уруулдаа сиймхий гарган хагас хамхисан байдал бол бодлоо бүгдийг дэлгэхгүй, ихэнхийг нууж үлдэнэ гэсэн сонгодог жест
- Хүзүү, цээжээрээ хугас бѳгтийн алхах нь юмнаас бэргэхгүй, айхгүй байгаа жест
- Гараа хагас атгасан нь идэвхитэй чанарын жест
- Гараа бараг савлаагүй алхаж байгаа нь ихэнхдээ сонсоно гэсэн жест
- Хагас ярвайсан нь ямар нэг зүйлд эргэлзсэн, сѳрѳг зүйлтэй тулгарсан, аль эсвэл ямар нэг юманд,хэн нэг хүнд сэтгэл дундуур байгаагийн жест
- За нэг иймэрхүү жестүүд харагдсан нь хэлсэн үгэнд нь бараг л туссан байна лээ. Сэтгэл судлаачид цааш нь бүрэн хэмжээгээр хэлэх байхаа
Нийгэм эдийн засгийн амьдралд хандах арга зүйн сонголтыг хэрхэн хийв?
Эл асуултын хариуг хэлсэн үгнээс нь эрж ядаад байх юм алга, ерѳѳсѳѳ л хэлэх үгээ эндээс эхэлсэн байна. Хэлэх үгний гарааны цэг энэ мѳн үү, ѳѳр утга эхэлж хэлэх байсан уу гэдгийг дэнслэн, хэлсэн үгий нь эргүүлж тойруулж үзлээ. http://tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2391-article_20141121_002
Хямрал нүүрлэсэн үү үгүй юу, хямралын гол шалтгаан юу байв гээд маргаан дагуулсан асуултуудад эхлээд үнэмшилтэй хариулт ѳгѳѳд цааш ахих нь хувь хүний тактик байсан юм болов уу гэж бодогдов. Хэрэв ингэж чадваас, хийх ажлыхаа оршлыг хийчихлээ гэсэн үг гэж тооцсоных. Тэгэхээр муугүй эхлэл гэж ойлгогдож байна.
Улс тѳрчид, тѳрийн чухал хүмүүс, улсын эдийн засгийн конъенктур ( байгаа байдал)-д бодитой үнэлэлт дүгнэлт ѳгч чадахгүй, ѳгөхийг хүсэхгүй цааргалан, нэг хэсэг нь арьсаа хамгаалж нѳгѳѳ хэсэг нь ѳѳдѳѳс нь сѳрж туйлшран цаг их алдсаан, энэ нь эцэс тѳгсгѳлгүй маргалдах бас л нэгэн боломж гаргасан тал бий.Байдлаа бодитой үнэлж цэгнэж чадаагүй, сандрахдаа 100 хоногийн авралын план гэгчийг хийж тэр нь цаг хожсон худлаа зүйл байсан нь ч тодорхой болсон. Байгалийн хуулиар бол унаж яваа юмыг уналтыг нь саармагжуулж тогтоохгүй шууд ѳргѳх нь нэг бол гайхамшигтай их энерги шаардана, үгүй бол обьектоо даахгүй, дагаа л савж унана гэсэн үг, яг үнэндээ бол тийм л юм болсон. Энэ нь хямралд ороогүй ээ, зүгээр л түр зуурын хүндрэл, худалдаа, мѳнгѳний бодлогын тэнцлийн хүрээний тѳдий асуудал гэж буруу, дутуу үнэлсэний үр дагавар байсан.
Сѳрѳг хүчний гэх бүлэглэлийн Ц.Нямдоржийн оролцоотой радикал хэсэг, Мѳнхбат тэргүүтэй романтик залуус эдийн засаг элгээрээ мѳлхлѳѳ гэсэн айхтар хүнд томъёолол гаргаж улиг болгон давтсанаар эрх баригч намын рейтингийг унагах гээд ард түмний итгэлийг унагаачихсан
. Олон түмний дунд ХЭНД Ч ХАМААГҮЙ, ЮУ Ч ЯЛГААГҮЙ гэсэн нийгмийн сэтгэлгээний бааралт үүсэх хѳрсийг дэвссээн. Элгээрээ мѳлхсѳн тухай үг илэрхийлэл эдийн засгийн ямарч агуулгагүй, улс тѳрд хэрэглэхэд тун зохимж муутай
, зүгээр л яруу найраг, нийтлэлийн хэллэг л дээ уг нь, амны билэг талаасаа ч тун тааруухан бараанк үг.
Эдийн засгийн хэлээр бол дампуурал хавьцаа юмуу даа. Монгол улс, Грек шиг улс орноороо эдийн засгийн дампууралд орж элгээрээ арай ч мѳлхчихѳѳгүй л байна л даа, хурдац нь сааралттай ч уг нь ѳссѳѳр л байгаа эдийн засаг. Гэхдээ эдийн засгийн гол гол үзүүлэлтээр хурдатгалтай доош унасаар ард түмний амьдрал доройтсоор байгаа нь маргашгүй үнэн. Ийм байдал бол БОДИТОЙ, хямрал байна, бүр регресс шатандаа орчихсон байнаа л гэсэн үг, энэ талын үнэлгээг Сайханбилэгхэлсэн үгэндээ зоримог дурдлаа. Хямралаас гарах тодорхой угтвар нѳхцѳл бол улс тѳрийн талаар тогтвортой байдлыг хамтран бүтээх гэдгийг ч чангахан хэлэв. МАН-тай хамтрана гэсэн санаа байж мэднэ.
Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсхүл тѳлбѳрийн тэнцлийн хямралтай эцэс тѳгсгѳлгүй маргаанаа орхиод одоо УЛС ОРОН ХЯМРАЛТАЙ БАЙНА гэдгээ юуны ѳмнѳ шууд хүлээн зѳвшѳѳрцгѳѳе. (Сайханбилэг)
Хямралын шалтгаан, эхэлсэн хугацааг ч бодитой гаргаж тавьсан. Монголын эдийн засгийн хямрал хоёрдмол шалтгаантай, нэгд, дэлхийн эдийн засгийн хямрал, алт, тѳмѳр, нүүрсний борлуулалт, үнийн уналт, гаднын хѳрѳнгѳ оруулалт саарсан г.м. нѳлѳѳлсѳн бодит шалтгаан, хоёрт гэвэл, монголчууд эдийн засагаа ѳѳрсдѳѳ унагачихсан субьектив буюу хүний хүчин зүйлтэй холбож тайлбарласан. Энэ дүгнэлт гарцаагүй үнэн болохоор маргах хүн мэдээж гарахгүй, үнэнээс бултаж чадахгүй, дуугүйхэн хүлээн зѳвшѳѳрѳхѳѳс ѳѳр арга байхгүй л дээ.
Ѳнѳѳдрийн энэ хямрал нэг ѳдрийн дотор бий болоогүй ээ, 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом ѳсѳлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хирээр зардлаа ѳсгѳдѳг муу занд сургаж амжсан. Оюутолгойн анхны хѳрѳнгѳ оруулалт , долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг ойлголтыг ч зарим хүнд тѳрүүлсэн юм. Сонгуулийн бэлэн мѳнгѳний том амлалтууд түүний хэрэгжилт, улс тѳр тойрсон популизм, арилжааны бүгдээрэнд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл ѳнѳѳгийн энэ байдлын үндсэн шалтгаан болсон юм.
Нѳгѳѳтэйгүүр, эргэн харахад гадаадын Хѳрѳнгѳ оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нилээн хүчин зүтгэл гаргажээ. Тухайлвал, 2012 оны УИХын сонгуулийн ѳмнѳхѳн Стратегийн салбар дахь Хѳрѳнгѳ оруулалтын тухай хууль, Урт нэртэй хуулиудыг баталж,хѳрѳнгѳ оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг Хѳрѳнгѳ оруулалтын урсгалаа зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон улсын үр дагавар Оюутолгойг тойрсон эрүүл бус улс тѳржилт, Тавантолгой тѳслийг гацаасан үйл явдлын ѳрнѳлт. улс тѳрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд гадна дотнын Хѳрѳнгѳ оруулалтыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагуудтай холбоотой мэдээнүүд энэ бүхнийхээ тѳлбѳрийг бид ѳнѳѳдѳр ѳѳрсдийн хармаанд байгаа Монгол тѳгрѳгѳѳрѳѳ. эдийн засгийн ѳсѳлтийхѳѳ аажмаар буурч байгаа үр дүнгээрээ тѳлсѳѳр сууна.
Одоо улс тѳрѳѳ хойш тавьж ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг бид ѳѳрсдѳѳ бий болгосон, энэ хямралыг бид ѳѳрсдѳѳ засах ёстой. Энэхүү хямралаас яаж гарах вэ? ( Сайханбилэг)
Эдийн засгийн хямралаас улс тѳрийн аргаар биш, эдийн засгийн арга механизм хэргэлэн гарах 3 аргыг, цаг хугацааны 2 тѳвшинд гаргаж тавьж байгаа юм байна. Энэ талаар хожим ѳгүүлнэ, эхлээд эдийн засгийн уналтыг зогсоох, улмаар ѳѳд нь татахын тулд бүрдүүлэх зайлшгүй нѳхцлүүдийг шаардлага болгон тавьсаныг сонирхцгооё.
Дэд бүтэц(суурь бүтэц) бол эдийн засаг хѳгжих үндсэн нѳхцѳл
Шинэчлэлийн гэх засгийн газрын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх бодлого барьж байгаа нь хэлсэн үгнийх нь агуулгаас илт байна. Энэ нь эдийн засгийн дэд бүтцийн тухайд юм шиг байна.
Яг үнэндээ бол эдийн засгийн дэд бүтцээр Алтанхуягийн засгийн газар шиг их бүтээн байгуулалт хийсэн засаг монголын түүхэнд байгаагүй.
Соц. нийгмийн үед бол энэ суурь асуудлыг ямагт хоёрдугаар зэрэгт тавьж УААА-г хѳгжүүлэх ойрын болон хэтийн үндсэн чиглэлд дандаа аж үйлдвэрийн дагалдах асуудал болон хѳтлѳгдѳж ирсэн. Нэр томъёо нь хүртэл гажуу, дэд бүтэц шүү ядaхад!
Уг нь infra нь франц хэлний суурь гэсэн утгатай, цэргийн номлолоос гаралтай нэр томъёо юм билээ. Манайх яагаад ДЭД гэсэн содон орчуулга хийснийг тусгайлан судалмаар юм шиг санагддаг. Дэд гэх томъёолол, зам тээвэр, холбоо, мэдээлэл зэрэг нь зүгээр л аж үйлдвэрийн дагалдах салбар гэж нийгэмд ойлгогдох, тийм сэтгэлгээ суулгах муу үр дагавартай учраас СУУРЬ БҮТЭЦ гэж зѳвѳѳр нь ярьж бичиж хэвшвэл дээр гэсэн санааг энд хавчуулъя. Дэд гэж яриад байгаа суурь бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, харин санхүүжилтэд нь нилээд ѳѳр систем тогтоох санал оруулж байгаа юм байна.
Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30,40 жилийн дараа тѳлѳх бага хүүтэй урт хугацааны хѳнгѳлттэй зээлээр зам, тѳмѳр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа нѳхдѳг тѳслүүдийг санхүүжүүлэх, харин бондын богино хугацаатай, хүү харьцангуй ѳндѳр зээлээр үйлдвэрийн тѳслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. (Сайхан билэг)
...хос тѳмѳр зам тѳслѳѳ урагшлуулж ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станциудын 2 тѳслѳѳ эхлүүлнэ. УБ дахь хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнот, баруун 5 аймгийн замын тѳслѳѳ 2016 оноос ѳмнѳ амжуулна. (Сайханбилэг)
Улс тѳр бол эдийн засаг хѳгжих угтвар нѳхцѳл
Улс тѳрийн бүх асуудлыг, түүний институци нам фракцитай нь эдийн засгаас нэлээд хѳндийрүүлэх гэсэн санааг тэр хэлсээн, тэрийг нь чадан ядан дээрхи байдлаар томъёоллоо. Мэдээж улс тѳрѳѳс тусгаарлагдах арга байхгүй, гэхдээ эрэмблэл ч гэмээр юмуу, улс тѳр эдийн засгийн хоорондын харилцаа ч гэмээр юмуу асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ, гүйцэтгэх засаглал нь эдийн засгийн асуудлаар шийдвэрээ бүрэн эрхтэйгээр гаргаж хариуцлагыг бүрэн үүрье, урьдых шигээ улс тѳр нь эдийн засагтаа саад болоод гацаагаад байдгаа больцгооёо л гэсэн санааг гарган хэллээ. Энэ бол гарцаагүй нѳхцѳл шаардалт, хэрэв нѳхцлѳѳ бүрдүүлж чадвал улс тѳр, эдийн засгийн хоорондын харьцаанд тогтолцооны реформ амжилттай хийнээ гэсэн санаа. Хямралаас гарахад чиглэсэн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны угтвар нѳхцѳл болж чадах энэхүү ѳѳрчлѳлтүүдийг хийхэд амаргүй, гэхдээ хийе та нар дэмжээд ѳгѳѳрэй л гэсэн байна лээ.
Улс тѳрѳѳс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээ нь хямралаас гарах хугацааг наашлуулна. ( Сайханбилэг)
Говийн 2 Tолгойг л жишээ болгоод хэлчих шиг боллоо. Дээр нь уг нь тѳмѳр замын бүтээн байгуулалтыг ч хэлэх байсан юм. Ганц өгүүлбэр хавчуулчихснаар нуршаа болчихгүй л дээ уг нь.
Юун дээр дэмжих вэ!
Шуурхай шийдэл шаардсан амин чухал асуудлыг хүртэл улс тѳржүүлж чаддаг, сѳрѳг хүчин нь сѳрѳѳд зогсчихдог, эрх баригч нь эзэрхийлээд заримдаа гэдийгээд суучихдаг, эндээс асуудал шийдэлд орохгүй гацаа үүсгэдэг, нийгмийн цагийг үрэлгэмддэг байдалд цэг тавивал том дэмжлэг гээд байх шиг.
Одоо улс тѳржилтѳѳ хойш тавьж ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Дэмжлэг ѳгѳѳрэй! (Сайханбилэг)
Энд 2 зүйлийг онцлох ёстой. Танхимаа зѳв бүрдүүлэхэд нь бодитойгоор туслаад, хувийн болоод намын эрх ашгаа хойш тавиад улс орноо, ард түмнээ тэргүүлж бодоод шуурхай шийдээд ѳгмѳѳр. Нѳгѳѳ нэг асуудал нь шинэ засгийн газраас нилээд тѳвѳгтэй асуудлууд ар араасаа цуван орж ирнэ, энэ дээр популизм, давхар стандарт хийлгүй шударгаар хандаад шуурхай шийдээд ѳгч байвал болчмоор, энэ л утгыг хэлсэн үгэндээ тэрээр дахин дахин дурдсан байна лээ. Хэн нэгэнд популист гэдэг нэр хоч зүүж байгаа үйлдэл нь ѳѳрѳѳ популист шинжтэй байдаг гэсэн хувийн санаа бодлыг энд хавчууллаа.
Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас ѳѳр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож улс тѳрѳѳ хойш тавьж, дэмжиж ѳгѳѳрэй гэж хүсье! (Сайханбилэг)
Ер нь монголд улс тѳржилт бол дэндсэн л дээ. Улс тѳр бол эдийн засгийн хураангуй илэрхийлэл мѳн гэсэн Лениний гайтай томъёолол улс тѳрчдийн тархи, сэтгэхүйн эд эсэнд, энгийн ухамсрын тѳвшинд ч гэсэн олон жилээр баттай суурилан уламжлагдаж ирсний гай, гор гарч байна л даа. Эдийн засгийн гинжин хѳврѳлийн гогцоо болгонд улс тѳр түгээмлээр нэвт суусны уршгийг их үнээр тѳлцгѳѳж байна. Ленинээр овоглосон энэ аксиомыг таягдан хаях цаг болсоон гэж хувийн санаа хавчуулъя.
Улс тѳр бол эдийн засгийн угтвар нѳхцѳл мѳн гэж, ѳѳрѳѳр хэлвэл улс тѳр нь эдийн засаг дотроо дархан эрхтэй давхиж ороод хутгалдаад үймүүлээд саад болоод байх эд биш, массыг ажлы нь хийлгэхгүй шахаж, талцуулаад амжилтанд хүрэхгүй, харин түүний оронд, улс тѳрийн тогвортой байдлыг бий болгож эдийн засгаа ѳѳд нь татах нѳхцлийг бүрдүүлцгээе гэж эцсийн эцэст хаа хаанаа ойлгоцгоох цаг ирсэн юм шиг байна. Үнэндээ бол нэг гэр бүлийн дотор хүртэл улс тѳрѳѳр, намаар талцан хэрэлдэцгээж байгаа шүү дээ, ингэтлээ улс тѳржсѳѳн. Түмнээрээ, хотлоороо галзуурчихсан юм шиг(хувийн бодол).
Сайханбилэгийн томъёо
Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж түүний хэлснийг хувьдаа хүндрэлээс, хямралаас гарах томъёо (formula) гэж харж байгаа. Томчуудаар овоглогдсон томъёонууд нийгэм, улс тѳрд ч гэсэн зѳндѳѳ л байдаг, тэрний л нэг. Урьд нь хэн ч ингэж хэлж байгаагүй, ямарч ерѳнхий сайд ийм цогц үзэл баримтлал дэвшүүлж байсангүй, тэхээр түүний л томъёо! Томъёоныхоо задаргааг хэлсэн үгэндээ товчхоон хавчуулчихсан харагдана билээ.
...хѳрѳнгийн хангалттай нѳѳцтэй, менежментийн зѳв тогтолцоотой,...эдийн засгаа солонгоруулах бодлого (Сайханбилэг)
Ѳнгѳцхѳн харахуйд, эдийн засгаа голлож, гол гогцоо асуудал нь эдийн засаг гэжээ хэмээхээр юм. Гэхдээ гүнзгийрүүлж судлаад, энд тэнд хэлсэн үгнүүдий нь хамж шимэн харьцуулаад, яагаад зүгээр л эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэнгүй, 1,2,3 хэмээн дугаарлав гээд ургуулан бодоод,товч тайлбарыг нь анзаараад, шинжээд байхаар эдийн засгийг хямралаас гаргах бүхэл бүтэн үзэл баримтлал (концепци) болох нь ойлгогдож байгаа. Энийг олж харсан маань интерпретаци хийж суугаа миний хувьд ёстой үгэн дундаас шүүрсэн сувд байлаа.
Хямрал улам бүр гүнзгийрч байна, уналт Галилейн хурдатгалаар явж байна. Эдийн засгийн байдалд ѳгсѳн дүгнэлтээр нь бол иймэрхүү л байгаа, энд цаг алдаж болохгүй нь ойлгомжтой. Ийм нѳхцѳлд хямралаас гарахад ухамсар, мораль ярих бол оройтсон, прагматикаар хандаж эдийн засагт эдийн засаг, санхүүгийн арга механизм л шуурхай хэргэглэхээс ѳѳр альтернатив вариант харагдахгүй болсон гэсэн үзэл баримтлалын томъёолол бололтой.
- Эдийн засаг. Хуримтлал. Хэргэлээ хуримтлалын зохистой харьцаа. Зээлийн ашигтай зарцуулалт.
- Эдийн засаг. Менежментийн зѳв тогтолцоотой эдийн засаг. Эдийн засгийн либералчлал
- Эдийн засаг. Солонгорсон эдийн засаг
Үүнд интерпретаци хийхдээ ойлгоход хялбар болгох үүднээс ялимгүй логик арга хэрэглэн хоёрдугаархиас эхлэх нь зүйтэй юм болуу гэж бодлоо. Учир нь менежментийн тогтолцоотой эдийн засаг бол агуулга, түүнд хүрэх арга механизм нь капиталийн дахин хуримтлал босгоход чиглэгдсэн санхүүгийн арга механизм, хѳрѳнгѳ санхүүгийн нѳѳцийн угтал нѳхцѳл, тэхээр хэлбэр талаас нь биш шууд агуулга талы нь эхэлж тайлбарлая гэж гэнэт бодогдов.
2.Эдийн засаг. Менежментийн зѳв тогтолцоо
Ѳнѳѳг хүртэл, мэдлэгийн эдийн засаг босгох бодлогод голчлон анхаарч ирсэн, энэ нь нийгэм эдийн засгийн хѳгжлийн тодорхой мѳчлѳгийн тѳвшиндѳѳ зѳв байсан ч байж мэднэ, мэдээж үр дүн гарсан юмнууд байгаа. Гэхдээ гаднаас, ѳндѳр хѳгжилтэй орнуудаас оруулж ирсэн мэдлэгүүд, их үнээр хийлгэсэн элдвийн аргачлал, тѳслүүд монголын хѳрсѳнд шингэхгүй, энэнээс үүдээд монголын эдийн засаг ургац алдсаан. Ѳнѳѳдѳр ч муу үр хѳврѳл нь үргэлжилсээр байна. Газар дээр бууж ирдэггүй баахан мэдлэгтнүүдээр монгол улс дүүрсэн, гашуун ч гэсэн энэ үнэн, аль ч талаасаа учир дутагдалтай юм болсон. Эдийн засагт хэт субьектив хандлага үүсч болсон болоогүй, хэрэгжсэн хэрэгжээгүй, зарим нь хэрэгжих ямар ч үндэслэлгүй тѳслүүд борооны дараах мѳѳг шиг олширсон. Тѳслийн хойноос зон олноороо хошуурцгаасан, хэргэжээд ашгаа ѳгсѳн нь гээд харахаар маруухан талдаа. Тѳслѳѳр ѳрсѳлдѳж, тѳсѳлтэй нь тѳсѳлгүйгээ дээрэнгүйлдэг, дэгээдэж унагадаг эрүүл бус сэтгэлгээ бий болсон. Ийнхүү эдийн засаг үндсэндээ менежментийн бодлогоо алдаж, тогтолцоо 180 хэм урвуугаар эргэсэн.
Энийг үндсээр нь ѳѳрчилж тогтолцоог сайжруулах талаар Сайханбилэгийн хэлсэн үгэнд тодорхой санал тавигдсан байна. Тэрээр, менежментийн тогтолцоонд шинээр хандаж. хандлагаа ѳѳрчилж үндэсний хѳрѳнгѳтнүүдээ түшин, том тѳслүүдийг урагш түлхэж, нѳлѳѳн дор нь жижиг аж ахуйг олноор нь сэргээн босгоё гэсэн санал дэвшүүлж байгаа юм байна.
Бид тамын тогооны үлгэрээ орхиж, одоо тѳр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа гаргах цаг болжээ. энэ компаниудын ард дунд хэмжээний 1000, тэдний ард 10000 жижиг аж ахуйн нэгж ѳѳрѳѳ ѳндийх болно. Бид том тѳслүүдээ урагш түлхэнэ. (Сайханбилэг)
Тамын тогооноос гарах тухай Сайханбилэгийн үлгэр бол жүүдүүдийн жишиг л дээ. Тамын тогооноос чадалтай нэг нь чарчийгаад гарах гэхээр нь нийлж байгаад хѳлнѳѳс нь татаад унагачихдаг нь бол монголчуудын тухай үлгэр. Тамын тогооноос чадалтай нэгийгээ нийлж байгаад түлхэж гаргачихаад бусад нь түүгээр татуулаад гардаг нь бол жүүдүүдийн тухай үлгэр юм гэсэн тайлбарыг нэмье.
Эдийн засгийн либералчлал бол менежментийг хэрхэн сонгосноос хамаарчихдаг зах зээлийн зайлшгүй механизм. Менежментээ зѳв сонгосон нѳхцѳлд эрсдэл үүрэхээс бэргээд хулгаад байх юмгүй, ачааы жин багасч ирнэ. Том хѳрѳнгѳтнүүд тѳрѳѳс хамаагүй илүү менеджерүүд гэдэгт би ч гэсэн эргэлздэггүй. Тэхээр тѳрийн эзэншлээс зарим капиталийг салган авч менежмент хийж чадах хүмүүст нь эзэмшүүлэх санаа зѳв байж магадгүй юм. Зах зээлийн эдийн засгийн менежмент либералчлалгүйгээр сайн үр дүнгээ ѳхгүй нь ойлгомжтой.
Эдийн засагт тѳрийн оролцоог хазаарлах, эдийн засгийг либералчлах 2 нь зоосны 2 тал л гэсэн үг байх. Нэг нь нѳгѳѳгүйгээр оршин тогтнох боломж байхгүй.
Нѳгѳѳтѳйгүүр эдийн засгийн либералчлал нь тѳрийн ѳмчийг задлахаас гадна далд эдийн засгийг хориглох биш ил гаргах маш чухал механизм болон үйлчлэх ѳндѳр магадлалтай.
Тѳрийн ѳмчийг задлах нь ѳѳрѳѳ либералчлах үйл явцын тулгуур хэсэг мѳн. Задласны дараа ч үргэлжлүүлэн либералчлах зарчим баримталваас зохилтой. (мэргэжлийн үзэл бодол)
Энд, прагматик зарчим мэдээж амин чухал, нийгмийн ухамсрын тѳвшинг харгалзаад алдаанууддаа дүгнэлт хийсэн, сургамж авсан эмпирик зарчим барих нь илүү чухал байх гэсэн санааг зохиогчийн нэр барин энд хавчуулчихъя.
Хамгийн гол нь хямралаас бид хувийн хэвшлээ дэмжиж бизнесээ тэлсэн бодлогоор л гарна. Энэ хүрээнд эдийн засгийн ил тод байдлын хуулиа батлаж гаргах ёстой. (Сайханбилэг)
Тѳрийн ѳмчийг эзэнжүүлэх ажил бидний гол анхаарах асуудал байна. Хувьчилсны дараа тѳр 51%ыг эзэмшдэг одоогийн хувилбарыг шинэчилнэ. Тѳр үнэхээр хувь эзэмших шаардлагатай юм бол хяналтын багцыг 34% байхад л хангалттай. Харин тухайн тѳрийн ѳмчийн компанийн 51 ба хувийг хувийнхан эзэмшиж хувийнхан менежментээ хариуцдаг шинэ зарчимд шилжинэ. (Сайханбилэг)
1.Эдийн засаг. Хуримтлал.
Хямралын унах хурдыг сааруулж, сайн менежменттэй эдийн засаг болгон босгоход мэдээж хѳрѳнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Капиталын анхны хуримтлалын үе шат дууссан боловч ѳѳрийгѳѳ санхүүжүүлчих чадалтай нѳхѳн үйлдвэрлэлийг босгож чадсангүй байсаар хямралд орлоо. Макро тѳвшиндѳѳ хэргэлээ, хуримтлалын зохистой харьцааг барьж чадалгүй тансаг хэргэлээ давамгайлсан fenomen ( онцгой үзэгдэл) рүү нийтээрээ гулсчихсан нь хямралд оруулсан бас нэг шалтгаан байхаа гэж бодно. (хувийн үзэл бодол)
Одоо хуримтлалыг дахин нѳѳцлѳхийн тулд, зээлийн зохистой, үр ашигтай бодлого явуулж хѳрѳнгѳ босгохоос ѳѳр ямар ч арга зам үлдсэнгүй. Гадаад ѳрийн тааз ѳргѳгдѳж чихэнд тулсан болохоор эдийн засгаа бүрэн дампуулуулчихгүйн үүднээс бонд нэмж босголгүй удаан хугацааны хѳнгѳлттэй зээлээр сан байгуулах цорын ганц гарц үлджээ гэж үзсэн бололтой.
Засгийн газрын гадаад ѳрийн үйлчилгээний цогц тѳлѳвлѳгѳѳг боловсруулж энэ хүрээнд тѳсвийн зохистой бодлого болон ѳрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж макро эдийн засгийн гадаад дотоод тэнцбэрийг хангах арга хэмжээг тусгах болно. Бидэнд ѳнѳѳ маргаашдаа бэлэн мѳнгѳний шинэ урсгал даруй бий болгох бодит шаардлага байна.(Сайханбилэг)
Мѳнгѳн капиталийн дахин хуримтлалыг босгохын тулд, удан хугацаатай хѳнгѳлттэй зээл авах, хѳрѳнгѳ оруулалтын тусгай сан бий болгох, арилжааны банкнууд гаднаас хѳрѳнгѳ босгохыг дэмжих, том тѳсѳлд урьдчилгаа авах, оростой рублийн тооцоогоор худалдаа хийх, хувийнханы гаднаас хѳрѳнгѳ босгохыг дэмжих...гээд бодитой ажлуудыг шуурхай эхлүүлснээр хѳрѳнгийн нѳѳц байгуулахад эрмэлзэх бодолтой юм байна.
3. Эдийн засаг. Солонгорсон эдийн засаг
Сайханбилэг, эдийн засгийг тэргүүлэх салбар гэж үзсэнээр бусад салбарыг анхаарлын гадна орхичих бодолгүй, харин ч хариуцсан сайдад нь даатгаж хариуцлагыг хатуухан нэхэхээр завдаж буй бололтой. Гагцхүү уул уурхай руу хошуурцгаах биш, бусад салбарыг ч адилхан солонгоруулж, тэвдсэн үед санаа зовох явдалгүй болгоно гэсэн алсын бодолтой хүн юмуу гэж харагдаж байна.
Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё. Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хѳдѳѳ аж ахуй, тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтай зэрэгцүүлье. (Сайханбилэг)
Эдийн засгийн хямралаас гарах Сайханбилэгийн томъёоны тайлал гэвэл товчдоо иймэрхүү байна. Аливаа томъёо тэнцлийн эцсийн дүнтэй байдаг. Энэхүү томъёоны эцсийн үр дүн нь ард иргэдийн аж амьдрал мѳн.
Энэ их нүсэр ажлыг амжуулахад Сайханбилэг, тодорхой тактик баримтлахаа ч нуусангүй. Тэр тактик нь хурд, АЛЬ БОЛОХ ХУРДАН гэдэг ганцхан хэмжүүртэй байх юм байна. Засгийн газар эдийн засгийн асуудлаар штабын горимд орж ажиллах гэнэ. Штабын горим гэдэг бол бараг л хагас цэргийн зохион байгуулалт гэсэн үг, энэний ард мэдээж их юм байгаа байх, зоригтой л мэдэгдэл!
ХҮН БУДАХ БИШ АЖИЛ БОДОХ ЦАГ ИРЛЭЭ!
Нээрээ хэн хүнгүй л бодууштай санаа байна шүү!
Engineer tailbarlaach oilgomjgui bnaa
nice