Нийтлэл 10 сарын 14, 2015

Монголчуудын тархин доторх тожмой луу

ТВ шоп гэж нэг марзан юм байна. Тураагч хувцас, тоног төхөөрөмж зарж байгаа хүмүүсийн өөртөө итгэлтэй байгаа нь, нүүрний хувирал нь, бусад оролцогчдын толгой дохилт,  харьцуулж байгаа бараагаа ярвайж байгаад миалах нь инээдтэй. Бараг л “зүв зүгээр сууж байгаад л турчих” гэж хэлнэ. Хүний гадна байдалдаа анхаардаг, гэхдээ залхуурдаг хоёр мөнхийн чанарт хослуулж мөнгө хийх гэж оролдож байгаа юм уу даа. Тархинд хүлээн авагч рецептор нь байж байж энэ мэт мэдээ үр дүнтэй мэдээлэл болж буудаг байх.

Тэр рецептор нь юуных ч байж болно, гэхдээ аюулгүй байх, амьд үлдэх, хоол олох, нөхөн үржих гэх мэт инстикттэй холбоотой байх нь олонтаа. Жишээлбэл, хүн гэдэг амьтан амь насанд нь аюултай хорхой шавьжнаас их айна, могой, аалз мэтээс фоби(айдас)-той болох нь амархан гэх. Гэтэл харьцангуй шинэ боловч илүү аюултай машин техникээс тийм ч хурдан фобитой болохгүй. Интернэтээр яваад байдаг хүний арьсан дээр гарсан гэх халдваруудын фотошоп эвлүүлэг ч гэсэн амь насаа хамгаалах инстинктэд нь хүрч, хүний жихүүдэс хүргэж, анхаарлыг нь татаж чаддаг байх. 

 Хүний аюулгүй байх хэрэгцээний нэг болсон өөр хүнээс болгоомжлох, эзэмшлээ харамлах сэтгэлгээг өдөөсөн мэдээллүүд ч үүний адил анхаарал их татаж, зарим тохиолдолд эрүүл ухааныг давсан авир гаргахад нөлөөнө. Арга ч үгүй байх, эртний хүмүүсийн үхлийн дөрөвний нэг нь өөр хүмүүсийн үйлдлээс шууд хамаатай (өөрөөр хэлбэл, бусдын гарт амиа алдах)  байсан гэнэ. Тийм болохоор бүлэг, сүрэг нь ихэнхдээ хүнийг хамгаалах үүрэгтэй бүлэглэл. Хариуд нь хүн өөрийнхөө бүлэг, эзэмшлийг хамгаална. Үүнийг зарим хүмүүс үндэсний үзэл гэнэ, зарим нь жалга довны үзэл гэнэ. Үндэстэн улсад хамаатуулсаныг нь национализм гэж хэлж болох байх. Инстинкттэй холбоотой болохоор тэр хэмжээгээр балар эртний гаралтай гэж хэлж болно. Гэхдээ нэг омгоос томроод олон омгоос бүтсэн улсад энэ нэгнийгээ хамгаалах үзлийг шилжүүлэхийн тулд хүмүүсийн бодлыг өөрчлөх хэрэгтэй болно. Улс төрчид нь нөгөө зурагтын реклам шиг өөртөө итгэлтэйгээр хүмүүсийг мунхруулна. Өмнө нь хэзээ ч нэг улс байж үзээгүй Энэтхэг, Индонез мэтийн газар хүртэл одоо үндэсний үзэл үүсгэж болдог нь үүний жишээ байх. Эсрэг жишээ гэвэл түүхэндээ олон удаа нэг улс болж байсан хүмүүсийг хооронд нь хуваагаад зөв ухуулж чадвал хэзээ ч нэг улс байгаагүй юм шиг хоорондоо муудаж болдогийг Буриадууд, Төв Монголчууд, Өвөр Монголчуудын хооронд харж болно. Тэгээд бодож үзэхээр национализм үндэсний үзэл гээч нь зохиомол ч юм шиг.

 

Монголчуудын хувьд тэр болгоомжлох, амиа хамгаалах, эзэмшлээ хамгаалах гэх мэт энгийн инстинктээр нь яаж амархан тоглож болдогийн нэг жишээг газрын хуулийн төсөлд гаргасан зарим хүмүүсийн авираас харж болно. Нэг нь "манай газрыг зараад гадныханд өгөх гэж байна" гэдэг мэдээлэл тараасан, тэр нь бусад хүмүүсийн тархин дахь “өөрийн юмаа харамлах, гадны хүнийг үзэн ядах” рецептор дээр очиж суугаад, их эвтэйхэн таарсан, логикгүй ч гэсэн сэтгэл нь асар их хөдөлсөн. Хуулийн төслийг нь уншиж ч үзээгүй гарууд бухимдаж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн. Хэрэв хүний энгийн инстинкт, айдаст очиж тусахааргүй хуулийн төсөл байсан бол жихүүдэс хүргэж, анхаарал татахгүй байсан байж мэднэ. Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл олон жил ажлын хэсэг дээрээ хатаж байхад хүмүүсийн сэтгэл тэгтлээ хөдлөөгүй. 

Монголчуудын энэ авир нь гэхдээ өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн зүйл биш. Өөрчлөгдөх боломж өдийн хүртэл олдоогүй, өөрчлөх хэмжээнд нөлөөлөх гаднын хүчин зүйл гараагүй  болохоор л энэ хэлбэрээрээ бидэнд өвлөгдөж ирсэн.Ямар ч гэсэн  сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхөөсөө өмнө "миний сэтгэл үүнд яагаад ингэж их хөдлөж байна?" гэдэг асуултыг өөртөө тавих сэхээ ороход л үйлдлээ цэгнэх энхний шат болно. Одоогийн хүмүүсийн аялах, мэдээлэл авах боломж нэмэгдсэн. Гаднын хүмүүстэй уулзаж, ярилцаж, мэдээллээ нэмж,  дэлхий ертөнцийг танин мэдэх. Тэгэх тусам уужуу сэтгэдэг болно, тэр балар эртний инстиктээ удирдагдах биш удирдаж баймаар байна. Сэтгүүлчид ч гэсэн асуудалд хоёр талаас нь, сэтгэл хөдлөлгүйгээр, логик сэтгэлгээгээр хандаж байж нийгэмд эрүүл сэтгэлгээ, төвийг сахисан мэдээлэл хүргэх үүргээ биелүүлэх болно. 

Сэтгэгдэл бичих

arrow icon