Нийтлэл 10 сарын 19, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР : УИХ-аас гарах шийдвэрийг чанаржуулна

 

УИХ-ын энэ намрын ээлжит чуулганаар УИХ тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Эдгээр хуулийн төслүүдэд тусгагдсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлийг хүргэж байна. 

Хэнд хамаатай вэ?

Монгол улсын харьяат хэн бүхэнд

 

Үндэслэл, шаардлага

УИХ-аас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх шаардлага үүсээд байгаа аж. Мөн хуралдааны ирц хүрэлцэхгүйн улмаас УИХ-ын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл ихээр гарч байна.

 

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулах тусгайлсан цаг тогтоох.

-Нэгдсэн хуралдааны танхимд УИХ-ын болон ЗГ-ын гишүүд тогтоосон суудалд суух. Засгийн газрын гишүүн тусгайлан зассан индэрт гарч асуултад хариулж, тайлбар хийх.

УИХ-ын дарга шаардлагатай гэж үзсэн асуудлаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх.

- УИХ-ын даргад хүндэтгэлийн хуралдааны зохион байгуулалтын журмыг батлах бүрэн эрх нэмэх.

- Хуульд өөрөөр заагаагүй бол дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тогтоол батлагдсанд тооцох.

- Өргөдлийн байнгын хороо нь дараах үүргийг хүлээнэ. 

  • УИХ, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлан, шийдвэрлэх
  • Шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж УИХ-д танилцуулах
  • Төрийн мэдээлэл эмхтгэлийг цахим хэлбэрээр гаргаж УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулах 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- УИХ хэлэлцэж байгаа асуудлын онцлогийг харгалзан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх.

- Хуралдаан даргалагч “Хуралдаан удирдах дараалал”-ын дагуу нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалтыг хуралдаан даргалагчийн эрх үүрэгтэй холбоотой хэсэгт шилжүүлэх.

- Хэрэв нэг асуудлаар 2 болон түүнээс дээш саналын томьёолол гарч аль аль нь дэмжигдсэн бол дахин санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан нэг саналыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгаж, нэгдсэн хуралдаанд танилцуулах.

- Төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын засвар оруулахад тэдгээрийг багцлан нэг санал хураалт явуулах.

- Цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах.

- Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд дуу, дүрс бичлэг хийхийг хориглох. Уг хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийх.

- Хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж байгаа төслийн 50-аас дээш хувьд зарчмын зөрүүтэй санал гарахаар бол тухайн төслийг хууль санаачлагчид дахин боловсруулахаар буцаана.

- Төсвийн гүйцэтгэл, ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хооронд нь уялдуулах үүднээс  эдгээрийн  хэлэлцүүлгийг хамтад нь явуулах.

 

Юу өөрчлөгдөх вэ?

УИХ-аас батлан гарч буй хууль, тогтоомжийн чанар сайжирна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon