Нийтлэл 10 сарын 20, 2015

Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)

Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь

"She (he) was a woman (man) of great personal integrity".

Хүн амьдралаа хэрхэн амьдарсныг нь дүгнэж, хамгийн гүн хүндэтгэлийг илэрхийлдэг энэ үгийг нэг үгээр хэрхэн орчуулдаг юм бол? Мэдээж хэлсэндээ хүрдэг байх (хүрч чадахгүй бол түүнийгээ урьдчилаад хэлчихдэг), бусдыг хуурдаггүй байх (хуурсан бол хууртсан хүнд учруулсан гарз хохирлоо бүрэн арилгадаг байх) гэх мэт утгаар нь бол ойлгочихож байгаа юм.

"An English man's word is his bond" буюу "Англи эр хүний үг бол түүний амлалт" гэсэн үг ч энэ шинж чанар тэдний нийгэмд ямар чухал ач холбогдолтойг илтгэдэг. "Чингис бонд"-ын бонд нь ч гэсэн энэ утгаас үүссэн санхүүгийн хэрэгслийн нэр. 


Болор толь -д "integrity"-г 10 янзаар орчуулж. Миний энэхүү бичлэгт ашиглагдах утга нь бүрэн бүтэн байдал гэх хамгийн эхний болон сүүлчийнхтэй нь холбоотой юм шиг харагдав.

Харвардын санхүүгийн проф. Женсен, философич Эрхард хоёр хамгийн сүүлийн үеийн судалгааны ажилдаа 

"integrity" нь амжилтын нэг чухал үндэс, чухал чухалдаа капитал, хөдөлмөр, технологи гэсэн үйлдвэрлэлийн функцийн уламжлалт гурван хүчин зүйлс дээр  нэмэгдэж орж ирэх ёстой дөрөв дэх чухал эд юм

гэжээ. Өөрөөр хэлбэл танай байгууллага, бизнесийн ашиг одоохондоо 30 хувь уначихсан байгаа бол, үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө, зарцуулж буй хүч хөдөлмөр, тоног төхөөрөмжөө огт өөрчлөхгүйгээр, ердөө л "integrity"-гээ нэмэгдүүлчих юм бол бүх юм хэвийн байдалдаа орчихно гэсэн үг. Хэрэв аль хэдийн амжилттай байгаа бол дээрх гурван хүчин зүйлээ ашиглаад хаа хүрч чадахаа мэдэхэд ашиглаж болох таны 4 дэх удирдлагын хэрэгсэл аж. Таны өөрийн тань амьдрал ч үүнээс хамаатай юм байна.

Мэдээж энэ нь одоохондоо дэвшүүлсэн онол, мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын хяналтаар орж, энэ бол үнэн гэж хараахан батлагдаагүй. Мөн статистикийн хувьд шалгаж туршсан ажлууд ч алга. Гэхдээ Женсен өнөөгийн санхүүгийн гол сэтгэгчдийн нэг, түүний хамтрагч Евгений Фама 2013 онд эдийн засгийн салбараарх Нобелын шагнал хүртсэн. Женсен нэг их дутахгүй, 2015 оны 8-р сарын байдлаар тэрээр IDEAS-т бүртгэлтэй 44903 эдийн засагчаас 2011 онд Нобел авсан Крис Симсийн яг дараа, 75-д жагсаж байгаа эдийн засагч (Фама уг жагсаалтын 22-т байв). Түүний 1968 онд Journal of Finance (санхүүгийн No.1, эдийн засгийн топ 10 сэтгүүлийн нэг) нийтлүүлсэн ажлыг би өнөөдөр ч оюутнуудад уншихыг зөвлөдөг. Статистикийн хамгийн энгийн t-шалгуур ашиглаад хамтын сангийн амжилтыг хэрхэн хэмжиж болохыг харуулсан. Ямар ч олигтой үнэт цаасны брокер, диллерийн компанид ороод Женсений альфа гэж юу юм бэ гэж асуухад мэднэ. Зүйрлэвээс, сүлбээр зүүг зэвсэг болгож ашиглаад автомат буутай (мөнгөтэй, лоббитой) хамтын сангийнхныг ялсан гэсэн үг. Эрхардыг XX зууны хамгийн чухал философичдын нэг гэдэг.

Женсен энэхүү танилцуулгынхаа тухай тайлбарлаж байгаа энэ бичлэгийг үзэхийг зөвлөмөөр байна(англи хэл дээр). Маш ихээр. :) . Түүний хийж байгаа зүйл нь үндсэндээ CEO, CFO буюу гүйцэтгэх захирал, санхүүгийн өндөр албанд байгаа мөртлөө хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувааж иддэг ёс суртахуунгүй гонжоомны голнууд, хорт Боб мэтийн хүмүүсээр удирдуулаад, дагаад байх юм бол танай компани байж болох түвшингээсээ хамаагүй хямд болно гэдгийг онолын хувьд батлаж байна гэсэн үг. Хэдийгээр энэхүү бичлэг нь нэлээд удаан, 2 цаг үргэлжилж байгаа ч, миний мэдэхээр Женсен, Эрхард хоёр энэ онол дээрээ 10-аад жил ажилласан. Батлагдах юм бол зодог тайлахаасаа өмнө хүн төрөлхтөнд үлдээж байгаа маш том оюуны баялаг. Ойлгоход заавал эдийн засгийн мэдлэгтэй байх албагүй, харин ч хүмүүжлийн асар их ач холбогдолтой учир улсууд хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан.

Ямар хүнээр байгууллагаа удирдуулбал үнэ цэнэ нь өсөх вэ, ямар хүнийг их хурлын гишүүн болгох вэ, цаашилбал ямар зан чанартай байвал эргэн тойрныхондоо тустай, хүндтэй хүн болох вэ гэх мэт бүх асуултад хариулахад тань тусална. Хэрэв эцэг эх тань танд хүнд битгий худал хэлж бай, хууран мэхлэх явуургүй, хүн гомдоосон бол заавал уучлал гуйж бай гэж хүмүүжүүлсэн бол та ямар азтай болохоо түүний лекцийн дараа ойлгох болно. Учир нь таны жинхэнэ лидер болж (өөрийнхөө амьдралын ч гэсэн) түүхэнд үлдэх магадлал маш өндөр байна гэсэн үг.

Сайн ойлгохын тулд Англи хэлтэй байх ёстой. Монголд сайныг санадаг хүн байх юм бол орчуулчихвал бүр ч тустай. Үнэхээр цаг зав байхгүй бол Америкийн Хаффингтон Пост сонинд энэ судалгааны ажлын талаар энгийн хүмүүст зориулагдсан гарсан богино нийтлэл бий. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл бол энд бий.

Сэтгэгдэл бичих

    • Dulmaa
    • 2017-02-06

    saihan niitlel baina :) bayarlalaa! Eniig 'uhamsart' uildel gej oilgomoor yum uu?

arrow icon