Нийтлэл 10 сарын 20, 2015

Аз жаргал бол зорилго биш явц

Хүмүүс аз жаргалын талаар ярихдаа аз жаргал гэдэг нь ирээдүйд бий болгох зүйл мэтээр ярих нь олонтаа. Би сайн сураад, шалгалт дуусаад, сайхан ажилтай болохоороо л, тэрийг хийгээд, энийг дуусахаар л аз жаргалтай болно доо... гэх хүн таны хажууд заавал нэг байж таараа. Гэхдээ аз жаргал гэдэг нь ямар нэг зүйлийг бий болгож байж хүрдэг мэдрэмж биш ажээ. Хүн хоолгүй удаан байвал өлсөж бие сульдан хоол идэх хүсэл нэмэгддэгтэй адил аз жаргал бол хүний өдөр тутмын амьдралдаа мэдэрч байх ёстой мэдрэмж. Мэдээж цорын ганц чухал асуулт эндээс гарна, Яаж?

 

 Яаж өдөр бүр аз жаргалтай байх вэ? 

Яаж хүн өдөр бүр аз жаргалтай байх вэ? Хамгийн том гол хүчин зүйл бол дуртай зүйлээ хийх.  Ялангуяа хэрвээ та ажил эрхэлдэг бол дуртай ажлаа эрхлэх. Энэ нь ажил тань таныг уйдаахгүй бас ядраахгүй, мөн үргэлж шинийг санаачилж байх тэр эрч хүч урам зоригийг өгөх нөхцөл болно. Та дургүй бүр үзэн яддаг ажлаа хийдэг бол эртхэн амьдралынхаа ихэнх талыг бухимдаж өнгөрөөхөөсөө өмнө ажлаа солиорой гэж зөвлөх байна. Сонголт үргэлж таных. Харин таны сонгосон сонголт, гаргасан шийдвэр таны амьдралын аз жаргалыг тодорхойлох болно    .

Дараагийн чухал хүчин зүйл бол амралт чөлөөт цагийг өөртөө гаргаж байх бөгөөд үүнд гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг, дасгал сургуулилт хийх, салхинд гарах, ганцаар байх цаг, бясалгах гэх мэтийн зүйлсийг багтааж болох юм. Нөр их ажлын дундаас түр амьсгаа авч өөрийнхөө бие махбодь, оюун санаагаа амрааж чадсанаар таны амжилт бүтээл гаргах боломж улам л нэмэгдэх болно. Үүн дундаас онцлох нэг чухал зүйл бол бясалгал. Хүний уураг тархи бол хамгийн гайхамшигтай хүчин чадалтай комьпютер гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнээ баталсан. Гэвч бидний амьдралын өдөр тутамд энэ комьпютерт маань үй түмэн дата буюу өгөгдлүүд ордог учраас их ачаалалтай өдрийн дараа тархи маань эмх замбараагүй тэр олон өгөгдлөөр дүүрсэн байдаг. Бясалгал хийснээр тэрхүү олон эмх замбараагүй зүйлсийг цэгцэлж хадгалах нэгийг нь хадгалж, нөгөөг нь устгах боломж бидний тархинд гарч ирдэг бөгөөд ингэснээр бид аливаа ачааллаас зайлсхийж оюун ухаан маань чөлөөтэй тайван ажиллах чадвартай болдог ажээ.

Ер нь хүнийг жижиг сажиг зүйлс аз жаргалд  хөтөлдөг гэх агаад үүнд хоббигоо хөөх эсвэл зүгээр л хүссэнээрээ байх гэх зэрэг зүйлсийг хамруулж болно. Дуртай зүйлээ цуглуулах, ажлаасаа гадна дуртай үйл ажиллагаандаа оролцох, сайн дурын ажил хийх, өвдсөн зовсон ядарсан нэгэнд тус болох гэх мэт зүйлс бидний өдөр тутмын амьдралд асар их эеоэг энерги, хүсэл тэмүүллийг авчирдаг. Тиймээс та эдгээр зүйлд заавал цаг гаргаарай. Та ямар ч хүн бай таны дотор заавал нэг өвөрмөц хүсэл мөрөөдөл, мөн хийхийг хүссэн зүйл байдаг боловч ихэнх тохиолдолд та эдгээр зүйлсээ хийж гүйцэлдүүлэхээс татгалздаг. Яагаад? Учир нь эдгээр зүйлс нь биднийг бусдын өмнө эвгүй байдалд оруулах магадлалтай байдаг. Жишээ нь дуртай дуугаа чангаар дуулах, дуртай киноныхоо баатрын хувцсаар гоёх, эсвэл таалагддаг бүсгүйгээ болзоонд урих гэх мэт. Бид хүссэн зүйлээ бусдаас хамааралгүй хийж чадвал ихэнх тохиолдолд түүнээс гарах тэр сэтгэл ханамж хүнд аз жаргалтай авчирна.

За ингээд миний санал болгож буй эдгээр алхмууд таныг амьдралын өдөр тутмаас аз жаргал олоход тань  чухал тус хүргэнэ гэдэгт гүнээ итгэж байна. Баярлалаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon