Эдийн засгийн өсөлт 17.3 хувиар өслөө. Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгаар шалгарлаа гэж шуугисан үе саяхан. Тэгвэл тэр үед таны амьдрал шуугиан тарих хэмжээнд дээшилсэн үү гэвэл “үгүй” л гэж хариулна. Тэгэхээр эдийн засаг нь өндөр хувиар өссөн ч нийт иргэдийх нь амьдрал дээшилдэггүйд асуудлын гол байгаа юм. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрийнхээ амьдралд хүртээж чаддаг санхүүгийн зах зээл байхгүй ээ гэсэн үг. Бүр тодруулбал, банк нь хэт ноёлсон, хөрөнгийн зах нь шахагдсан учраас тэр шүү дээ.
Хөрөнгийн захын гайхамшиг нь эдийн засгийн өсөлтийг энгийн иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгодогт оршдог
гэж би итгэдэг.
Хөрөнгийн зах хөгжөөгүй учраас орлогын тэгш бус хуваарилалт даамжирсаар байна
2009 оны эцэст 1.3 хувиар агшаад байсан манай эдийн засаг 2011 оны эцэст 17.3 хувьд хүрч дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгаар тодорч багагүй шуугиан тарьлаа. Харамсалтай нь Монголчууд ийм хурдан хөдөлмөрч, бүтээлч, үйлдвэрлэгч болсондоо бус гаднаас орж ирсэн доллар, түүхий эдийн үнэ өссөний нөлөө байв.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 оны эцэст 0.5 тэрбум байсан бол 2012 оны дунд үе гэхэд 4.8 тэрбум ам.долларт хүрч ёс дахин өслөө. Энэ нь эдийн засаг 17.3 хувиар өсөхөд хүчтэй нөлөөлөв.
Мөн нүүрсний экспорт үлэмж хэмжээгээр өсчээ. Хятадын эрэлт нэмэгдсэн, Австралийн нийлүүлэлт буурсан нь үнийг тэнгэрт нисгэж орхив. Нүүрсний экспорт мөн хугацаанд 280 сая ам.доллараас 2.41 тэрбум ам.долларт хүрч бараг арав дахин өсч, эдийн засгийн өсөлтийг тэжээн 17.3 хувьд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.
Тэгвэл энэ хугацаанд таны амьдрал хэр дээшлэв?
Энэ их мөнгөний урсгал таны амьдралыг дайраад гарав уу тойроод гүйчихэв үү? Өсөлтийн алтан үе уул уурхай, барилга, үйлчилгээ, худалдаа, банк санхүү, даатгалын салбарыханд их мэдрэгдсэн нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр салбарт ажиллаж байсан хүний тоо тухайн үеийн нийт ажиллагсдын ¼-ийг эзэлдэг. Тодруулбал, дөрвөн хүн тутмын нэг нь л мэдэрсэн юм. Гэхдээ “мэдэрнэ” гэдэг нь бас харьцангуй ойлголт. Компанийн эздүүдэд хамгийн хүчтэй мэдрэгдэж, энгийн ажилчдад харьцангуй бага мэдрэгдсэн байж таарна. Өөрөөр хэлбэл, уг салбаруудад ажиллаж байсан энгийн ажиллагсдын хувьд шуугихаар хэмжээнд амьдрал нь сайжраагүй гэсэн үг. Нөгөө л баялагийн хуваарьлалт хүртээмжгүй байгаа юм.
Тэгэхээр өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, хобби, ур чадвартаа хөтлөгдөн эмч, багш, инженер, мужаан, жүжигчин, бүжигчин, тамирчин болсон хүмүүст энэ өсөлт хүртээлгүй. Одоо яав гэхэв барилга, уул уурхайн инженер болоогүй нь таны хохь болох нь.
Үгүй ээ. Тийм биш. Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд хүн ямар ч мэргэжил эзэмшсэн бай өөрийн хөрөнгийг өсгөх боломжуудаар хангагдсан байх ёстой. Санхүүгийн зах зээл нь нэг тулгуурт бус олон тулгуурт байж тэр боломжуудыг бүрдүүлж өгөх учиртай. Эдгээрийн нэг тулгуур нь хөрөнгийн зах зээл юм. Эдийн засгийн өсөлтийг иргэн таны амьдралд авчирч наалдуулах санхүүгийн зах зээл нь хөрөнгийн зах. Харин одоо яаж гэдгийг тайлбарлая. Та одоо өөрийгөө 2009-2012 оны өсөлтийн үед хөрөнгийн зах, хувьцаанд хөрөнгө оруулсан гэж бодоорой.
Энэ хугацаанд хөрөнгийн захад юу болов?
Энэ хугацаанд хөрөнгийн захын ТОР 20 индекс 2009 оны долдугаар сарын ёроолын цэг болох 4,798 нэгжээс 2011 оны хоёрдугаар сарын оргил цэг болох 28,999 нэгжид хүрч зургаа дахин өсөв. Гэхдээ 28,999 нэгж бол хөөсөрсөн үнэ байсан бөгөөд удалгүй 20,802 нэгжид хүрсэн юм. Эндээс дүгнэвэл, та ТОР20 индекс багтдаг 20 компанийн хувьцаанд хөрөнгө оруулсан бол энэ хугацаанд таны мөнгө дунджаар тав дахин өсөх байлаа.
Ремикон ХК – Бетон зуурмаг үйлдвэрлэгч
2010-2012 оны үе бол үл хөдлөх хөрөнгийн салбарын бүүмийн үе гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Энэ хугацаа бол уг салбарын гайхалтай ашиг өгсөн хөрөнгө оруулалтын цонх байлаа. Энэ бүүмээс барилгын салбарт ажилладаг компаниудын эзэд, ажилчид үр ашгийг нь хүртсэн. Тэгвэл та багш, эмч, ямар ч мэргэжилтэйгээс үл хамаарч Ремикон ХК-д мөнгөө хийсэн бол гурван жилийн хугацаанд 174 хувийг өсөлтийг хүртэх байв. Өөрөөр хэлбэл, Ремикон ХК-ийн эздийн адилаар ашиг хүртэх байв. Ремикон ХК шиг бетон зуурмаг, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн олон компаниуд биржид хувьцаагаа арилжаалдаг байсан бол энгийн иргэн та ч тэдэнтэй адилаар хөрөнгөө өсгөх боломж байсан гэсэн үг.
Баянгол ЗБ
Эдийн засаг өсч компани, иргэд орлоготой болж, эдийн засаг идэвхижихийн хэрээр үйлчилгээний салбарт зарцуулах төсөв нэмэгдэж буй нь зочид буудлуудын орлого, ашгийг өсгөжээ. Баянгол ЗБ-ийн цэвэр ашиг 2.43 тэрбумаас 3.87 тэрбум бол өсөв. Харин дундаж ханш 15,813.26 төгрөгөөс 38,703.43 төгрөг болж 144 хувиар өслөө. Энэхүү өсөлтөөс Баянгол ЗБ-ийн цөөхөн хувьцаа эзэмшигчид л өгөөж хүртсэн байдаг. Харин та хүртсэн үү?
Талх Чихэр ХК
Графикт хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Талх Чихэр ХК-ийн үзүүлэлт харагдаж байна. Энэ хугацаанд хувьцааны дундаж ханш 515 хувиар өсчээ. Эндээс мөн л цөөхөн хөрөнгө оруулагчид өгөөж хүртсэн. Масс хоосон хоцорсон. Хэрвээ хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг олон компаниуд хувьцаагаа биржид арилжаалж байсан бол та ямар мэргэжилтэй байхаас үл хамаарч хүнсний салбарын хөрөнгө оруулагч болсноор өөрийн хөрөнгөө өндөр хувиар өсгөх боломжтой байжээ.
Таван толгой ХК
Нийт бүтээгдэхүүнийхээ 95 хувийг Хятад руу экспортлодог Таван Толгой ХК-ийн хувьд хамгийн өндөр хувиар нь ашиг нь өсчээ. Үүнийг дагаад хувьцааны ханш ч өсөв. Цэвэр ашиг нь 42.75 тэрбумаас 80.06 тэрбум болж өсөхөд ханш 1157 хувиар өслөө. Харамсалтай нь мөн л цөөхөн тооны Монгол иргэд өгөөжийг нь хүртсэн. Хэрэв хөрөнгийн зах хөгжсөн байсан бол та чинээлэг амьдрахын тулд заавал уул уурхайн инженер болох албагүй. Зүгээр л Таван Толгой ХК-ийн хувьцааг авчих байв. Үр дүн нь гайхалтай өсөлтийг дагуулна. Энэ компанийн хувьд онцолж хэлэх нэгэн зүйл нь тус компани нүүрснийхээ 95 хувийг Хятад руу гаргаж байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтөөс бус Хятадын эдийн засгийн өсөлтийн үр дүнд орлого, ашиг нь нэмэгдэж буй хэрэг юм. Тодруулбал, хэрэв та тухайн үед хувьцааг нь авсан байсан бол Хятадын эдийн засгийн өсөлтийн үр ашгийг хүртэнэ гэсэн үг юм. Энэ утгаараа хөрөнгийн зах зээл бол зөвхөн Монгол ч бус, дэлхийн улс орнуудын хөгжлөөс өөрийн хөрөнгийг өсгөх боломжийг олгож буй нь бүр гайхамшигтай.
Цөөнхи бус олонхи нь биржид хувьцаагаа арилжаалбал?
Эдийн засгийн өсөлт нэмэгдэхэд тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын орлого нэмэгддэг. Орлого нэмэгдсэн тохиолдолд ашиг дагаж нэмэгдэх хамаарал ажиглагдах ба үүнийг дагаад хувьцааны ханш өснө. Тэгвэл энд дурьдсан дөрвөн компани шиг
Монголын томоохон компаниуд, өсөх ирээдүйтэй жижиг, дунд компаниуд биржид хувьцаагаа арилжаалдаг байсан бол энэ үед хувьцааны ханш нь хэрхэн өсөх боломжтой байсныг төсөөлөөд үз. Мөн ямар өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалтын сонголт бий болохыг бодоод үзээрэй.
Хамгийн гол нь тэрхүү хувьцааг тань шиг ажлаа хийгээд явж байгаа бүх хүн худалдан авч хөрөнгө оруулалт хийн, өөрийн мөнгөө өсгөх боломжийг олгож буй
нь хөрөнгийн захын гайхамшиг юм.
Цөөнхи бус олонхи нь биржид хувьцаагаа арилжаалбал?
Эдийн засаг өслөө гэдэг нь тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын орлого нэмэгдсэн гэсэн үг.
Орлого нэмэгдсэн тохиолдолд ашиг дагаж нэмэгдэх хамаарал ажиглагдах ба үүнийг дагаад хувьцааны ханш өснө. Тэгвэл энд дурьдсан дөрвөн компани шиг Монголын томоохон компаниуд, өсөх ирээдүйтэй жижиг, дунд компаниуд биржид хувьцаагаа арилжаалдаг байсан бол энэ үед хувьцааны ханш нь хэрхэн өсөх боломжтой байсныг төсөөлөөд үз. Ямар өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалтын сонголт бий болохыг бодоод үз.
Хамгийн гол нь тэрхүү хувьцааг тань шиг ажлаа хийгээд явж байгаа бүх хүн худалдан авч хөрөнгө оруулалт хийн, өөрийн мөнгөө өсгөх боломжийг олгож буй нь хөрөнгийн захын гайхамшиг юм.
Дүгнэлт
Зах зээлд байр сууриа олсон том компаниуд, өсөх ирээдүй дунд, жижиг компаниуд нь биржид хувьцаагаа арилжаалдаг бол эдийн засгийн өсөлтийн үед хувьцааных нь ханш өсч, түүнийг нь худалдан авсан иргэд ч хөрөнгөө арвижуулж чадна.
Хэрэв хөрөнгийн захыг хөгжүүлж чадвал чинээлэг амьдрахын тулд заавал уул уурхай руу, Оюу толгой руу зүтгэж, ажлаа хийхийн тулд ар гэр, үр хүүхдээсээ холдох шаардлагагүй.
Цалин өндөр ажилд орохын тулд арилжааны банкуудруу шуурч эсвэл томхон группруу яриулах хэрэггүй. Хөгжсөн хөрөнгийн зах нь иргэн бүрийг компанийн эзэн байх боломжийг олгож, эзний хувиар мөнгөө өсгөх бололцоог нээж өгдөг гэдэгт би итгэдэг. Мэдээж хэрэг хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг эрсдэлтэй. Тодруулбал, аль хувьцааг, хэзээ авах гэдэг өөр асуудал. Тиймээс хөрөнгө оруулалт хийх үедээ мэргэжлийн компаниас нь зөвлөгөө авах ёстой.
Харин макро түвшинд баялагийн хуваарьлалт харьцангуй тэгш хийгдэж, чинээлэг дундаж анги бий болох замаар нийгмээрээ сайхан амьдрах боломж бүрдэнэ. Иргэд чинээлэг болохын хэрээр аливаа чухал шийдвэрийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний аясаар бус бие даасан, хараат бус байдлаар харж олон асуудлууд оновчтой шийдэл хүрнэ гэж итгэж байна. Гэхдээ энэ бол өргөс авахтай адил зүйл биш ээ. Урт хугацааны тууштай ажлын үр дүнд бий болох шагнал. Иймээс Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бодитоор оршсоор байна.
Сэтгэгдэл бичих