Хүний бүх шийдвэрийн хамгийн угт сэтгэл хөдлөл байдаг.
Тэр сэтгэл хөдлөл нь бодит байдал, баримтаас шалтгаалахаас илүүтэйгээр уг хүний мөн чанар, амьдралын туршлагатайтай илүү холбоотой. Уран зургийн мэргэжилтнүүдийн шийдвэр нь үүний нэг жишээ болдог. Тэд ямар нэгэн зургийг үзээд хэн гэдэг зураач зурсан эсэхийг хэлнэ.
Заримдаа алдагдсан зургийг олсон хүмүүс эдгээр мэргэжилтнүүдэд үзүүлж, алдартай зураачийн бүтээл мөн эсэхийг шийдүүлдэг байна. Хэрэв алдартай зураачийн бүтээл байх юм бол олон зуун мянган долларын үнэтэй бүтээл гэж үнэлэгдэнэ. Сонирхолтой нь эдгээр мэргэжилтнүүд бүтээлийн гарал үүслийн дүгнэлтийг гаргахдаа туршлага, эгшин зуурын мэдрэмжээ гол төлөв ашигладаг байна. Бүтээлийн эзэмшлийн баримтууд, будгийн химийн хольц гэх мэт техникийн мэдээллүүд тэр болгон дүгнэлтэд нөлөөлдөггүй байж болох юм. Тэр ч байтугай, мэдрэмж, мэдээлэл хоёр зөрөхөд мэдрэмжээрээ шийдвэрээ гаргадаг нь хэрүүлийн алим болсон түүх бий.
Энэ жишээ нь жирийн хүмүүсийн шийдвэр гаргалтын явцыг арай дөвийлгөсөн, хэтрүүлсэн ч, гэхдээ үнэний хувьтай илрэл байгаа юм.
Жирийн хүмүүсийн бодол санаа, үзэл бодлоо тодорхойлох шийдвэр гаргалт нь бас л мөн чанар, сэтгэл зүй, мэдрэмж, туршлагад гол төлөв тулгуурлаж нүд ирмэхийн зуур бүрэлдэн бий болно. Арга ч үгүй юм. Хүний тархи хувьслынхаа дийлэнхи хугацаанд ширэнгэ, ой, хээрд араатан амьтнаас зугтаж, тэмцэж, хоолоо авлаж, амь зогоох шийдвэрүүдийг эгшин зуур гаргадаг учир бидний тархи мэдрэмждээ удирдагдах хандлагатай байдаг.
Даанч одоогийн ээдрээтэй, нарийн тогтолцоотой, уялдаа холбоо бүхий нийгмийн хувирамтгай амьдралд шийдвэр гаргалт, итгэл үнэмшил бүрдэлт арай л гоомойдоод байгаа юм уу гэж бодогдоно.
Энгийнээр тайлбарлавал, зүсэн зүйлийн, төрөл бүрийн үзэл бодол, сонирхол, чадвар, мэдлэгтэй хүмүүстэй нийгэмд зэрэгцэж амьдрах энэ ээдрээтэй цаг мөчид амьдралын итгэл үнэмшлээ олж авах амаргүй, төвөгтэй юм.Ер нь ген өөрчлөлттэй организмын асуудалд хүмүүсийн хандлага ямар байгааг харж болно. Ногоонтнууд эсэргүүцэнэ, улс төрчид хориглоно, үйлдвэрлэгчид зугтана. Ерөнхийд нь тоймловол сөрөг хандлагатай. Яагаад ч юм ГӨО нь хүнд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт, итгэл үнэмшилтэй болчихоод байна. Энэ мөрийг уншиж байгаа хүн ч гэсэн адилхан л бодох байх даа.
Гэхдээ яг юунаас нь болгоомжлоод байгаагаа та бодож үзсэн үү? Яагаад ч юм удмын санг нь өөрчилсэн, хиймэл, байгалийн бус мэдрэмж төрөөд байна уу? Чухам юу нь хортой болоод байгаа вэ? Энэ талаар ногоонтнуудаас өөрсдөөс нь хайв. Грийнпийсийн вэб хуудсандаа бичсэнийг үзвэл "ГӨО нь байгальд ямар нөлөө учруулах нь бүрэн судлагдаагүй учир аюултай" гэсэн нэг гол болгоомжлол гаргасан байна. Гэхдээ өөр эсэргүүцэх шалтгаан тоочсон байсан ч хамгийн ихдээ Грийнпийсийн гаргасан энэ дүгнэлт л хамгийн "шинжлэх ухаанч" эсэргүүцэл нь юм шиг харагдаж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан бол арай тайван, гэхдээ л болгоомжилсон аястай байр суурьтай байгаа юм. Грийнпийсийн эсэргүүцлийн суурь болж байгаа ШУ-ны ямар баримт байгаа нь сонин. Тэдний иш татаж байгаа судалгааг хятад эрдэмтэд 2012 онд Cell research гэдэг сэтгүүлд нийтлүүлжээ. Уг судалгааны гол санаа нь Хятад хүмүүсийн цусанд будааны гаралтай микроРНХ гэх уургийн нийлэгжилтэнд ордоггүй ч түүнд нөлөөлж чаддаг РНХ ихээр илэрч, хүний цусан дахь өөх тосны солилцоонд сөргөөр нөлөөлсөн тухай байв. Хэрэв үнэн бол өөр амьтны удмын материал хүний бодисийн солилцоонд нөлөөлнө гэдэг нь их л анхаарал татсан асуудал болох юм. Энэ ажлыг судалгааны өөр баг давтаж хийх гээд чадахгүй байгаа тухай ч бас 2013 онд нийтлэл гарсан байсан. Өөрөөр хэлбэл энэ нь эрдэмтэд нэгдсэн саналд хүрээгүй , хөдөлгөөнгүй баримт алга байна гэсэн үг. ГӨО ч гэсэн хүнд микроРНХ дамжуулж сөргөөр нөлөөлөх механизм нээгдээгүй байхад Грийнпийс эсэргүүцсэн нь сэтгэлийн хөдөлгөөнөөр дүгнэлтэд хүрсний илрэл ч байж магадгүй.
Монголд ч гэсэн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах явдал багаүй байдаг.
Тухайлбал,Зүүн аймагт мал хордож, төл гажигтай төрж байгааг ураны хайгуултай холбож үздэг нь бас хүмүүсийн айдас болон итгэл үнэмшил, мэдлэг зэрэг олон шинж чанартай холбож үзэж болно. Уран мэтийн цацраг идэвхитэй бодисууд нь байгальд их, бага хэмжээтэй өргөн тархсан байдаг. Тиймээс ихэнх байгалийн гаралтай эд зүйлс нь цацраг идэвхитэй байдаг байна. Түүгээр ч үл барам жирийн нүүрс шатаадаг цахилгаан станцын үнс нь цөмийн станцын хаягдлаас ч их цацраг идэвхитэй байдаг талаар судалгаа байдаг. Нөгөөтэйгүүр ураны хайгуул хийхэд цацраг идэвхит бодис яагаад хортой нөлөө үзүүлэх вэ, баяжуулаагүй л бол тухайн бодисын концентраци анхны хэмжээгээрээ л байж, зохих нөлөөгөө үзүүлмээр юм гэх зэрэг асуултууд анхаарал татаж байгаа. Ийм энгийн асуултуудад эхлээд хариулж уран-гажиг хоёрын холбоог тогтоож болно. Ямар нэгэн баримтгүйгээр энэ хоёрыг холбох нь наандаж логикийн алдаа гарна.
Ер нь уул уурхайгаас Монгол улс маш их орлого олж, иргэд амьдралаа сайжруулах ховор боломж бий. Харин ийм чухал асуудалд буруу үзлээр хөнгөн хандвал сайхан боломж алдах магадлалтай. Хэрэв хүмүүс мэдлэг, чадвартай, боловсролтой, бусдын тархи угаалтад автахгүй бол чөлөөтэй, алсын хараатай сэтгэж, зөв шийдвэр гаргаж чадна. Ийм чадварыг эзэмшсэн ард түмэнтэй улс хөгжиж, бусдын эрхшээлд орохгүй, хөгжин дээшлэх боломжтойг сүүлийн үеийн дэлхийн үйл явдлууд харуулж байна.
Сэтгэгдэл бичих