Нийтлэл 10 сарын 26, 2015

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД(2) : Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдраа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхийг цувралаар хүргэж байгаа билээ.

Нийтлэлийнхээ эхний хэсэгт  хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байсан тухай өгүүлсэн.

Энэ удаад Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай нийтлэлийнхээ хоёр дахь цуврал болох " Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд " -ын тухай хэсгийг хүргэж байна.


 

Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Монгол түмний сайн мэдэх “Манлай” Баатар Дамдинсүрэн их, бага хоёр хатантай байж. Бага хатан Жамъянмядаг нь нэг охин төрүүлсэн бөгөөд тэр нь хориод оны Да хүрээний гурван сайхан хүүхний нэгд тооцогддог байсан Нацагханд ажээ. Энэ сайхан эмэгтэйн тухай “Өдрийн сонин”-д бичигдэж байлаа. Би бээр 2011 оны хавар Нацагхандын зээ Д.Түмэнбаатартай уулзалдаж эмээгийн нь талаар хүүрнэлдсэн юм.

Тэрбээр “Миний ээж Должин 1938 онд төрсөн. 2002 онд нас барсан. Ээжийн ээжийг Нацагханд гэдэг. Нацагханд эмээ бол Монголын анхны бага сургуулийн анхны сурагч, анхны пионер байсан. Уг нь их зохиолч Д.Нацагдорж нарын хамт Герман явах ёстой байж. Гэвч эмээ маань Эрхүүд бэлтгэлд явж байгаад өвчний учир буцаад ирсэн байгаа юм. Хятад, орос хэлтэй, тухайн үедээ л өндөр боловсролтой хүн байж. Эмээ маань 1986 онд 76 настайдаа таалал төгссөн.

Манлай баатар Дамдинсүрэнгийн ганц охин нь. Өвөөгийн халх эхнэр буюу бага хатан нь Жамъянмядаг гэдэг хүн байж. Одоо миний элэнц эмээ юм даа. Манлай баатрын эх хатан нь Өвөр Монголын Хөлөнбуйрт амьдардаг байж. Эх хатан нь гурван хүү төрүүлсэн. Одоо тэр гурван хүүгийн нь ах дүүс гээд ганц хоёр хүн байдаг. Нацагханд эмээг Манлай баатрын охин мөн гэдгийг 1972 онд Намын төв хорооны зүгээс гэрчлэх ажиллагаа явуулсан юм билээ. Гэрчлэх хүмүүсийн тоонд Лхагвасүрэн жанжны гэргий Дашцэдэн гуай, Ардын жүжигчин Дамдинсүрэн, ардын зураач Намхайцэрэн нарын хүмүүс оролцсон байдаг. Ингээд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар эмээд маань улсаас байр өгч, тусгай тэтгэвэр тогтоож байлаа. Намайг жаахан байхад эмээ маань “Дашцэдэн бол амны хишигтэй хүн. Хуучин засагт бол Чойжин ламын өргөмөл охин байсан. Сүүлдээ залуу жанжны гэргий болсон. Ламын хүүхэд гэж ад үзэгдээгүй их азтай хүн” гээд намайг дагуулаад Төв шуудангийн урд талын байранд байсан Лхагвасүрэн жанжныд очоод Дашцэдэн гуайтай хонин өнжин яриа өрнүүлдэг байлаа.

Би эмээ дээрээ өссөн, түүний эрх хүү нь байсан мөртлөө нэг их зүйл асууж шалгаадаггүй байж. Ямар ч байсан эмээ маань хориод оны үед Да хүрээний гурван сайхан хүүхний нэгэнд тооцогддог байсан гэдэг. Нөгөө хоёр сайхан хүүхний нэг нь Дашцэдэн гуай, нөгөө нь ардын жүжигчин Гомбосүрэн гуайн хадам ээж байж. Тухайн үед Да хүрээнд хятадууд их байсан учраас энэ гурван сайхан хүүхэнд гурвууланд нь хятад нэр өгсөн байдаг. Манай эмээгийн хятад нэрийг Мон Жин Ша гэдэг байж. Дашцэдэн гуайг Тай Жин Ша, Гомбосүрэн гуайн хадам ээжийг Жин Ля гэдэг байж. Дашцэдэн гуай “Бөмбөгөр” ногооны хөгжимчин, бүжигчин хүн байсан. Манай эмээ ч гэсэн шанз манз тоглодог байлаа. Ер нь тэр үеийн язгууртан дээдсийн үр хүүхэд их боловсролтой байж. Ямар сайндаа л манай эмээг анх сургуульд ороход “Энэ хүүхэд чинь язгууртан тайж гаралтай, өндөр мэдлэгтэй юм байна” гээд сургуулиас нь хөөх гэж байхад жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуай “Наад хүүхэд чинь Манлай баатрын охин байгаа юм. Цаашид суралцах ёстой” гээд буцаагаад сургуульд нь оруулж байсан гэдэг.

Эмээ бид хоёр наяад оны үед “Хатанбаатар Магсаржав” киноны нээлтэн дээр хамт очиж байлаа. Тэр кинон дээр Магсаржав Богд хаанаар хүчээр тамга даруулдаг хэсэг байдаг. Үүнийг эмээ үгүйсгэж байсан. Яг бодит амьдрал дээр бол Хатанбаатар Магсаржав биш Манлай баатар Дамдинсүрэн Богд хаантай шатар тоглож байхдаа тэр тамгыг нь гуйж даруулсан юм билээ. Энэ тухай эмээ маань сайн мэддэг байж. Кинон дээр гардаг шиг хүчээр тамга даруулсан явдал байгаагүй гэдэг. Эмээ маань нэг удаа “Ичээнд нь” киног үзчихээд “Өвөө чинь Дамбийжаа шиг хүний зүрх сугалж байсан хүн. Манай гэрийн хойморт хатаачихсан зүрх байж л байдаг байсан. Дамбийжаад хамаг бурууг тохчихсон болохоос биш дээр үеийн цэргийн улс эсрэг талынхаа баатрыг барих юм бол туг тахидаг, эсвэл зүрхийг нь сугалдаг байж. Энэ нь яргалал гэхээсээ илүү тухайн цагийн цэргийн жанжны ёс байсан юм билээ” гэж ярьдаг байлаа. Эмээ маань өөрийнхөө яриаг кассетанд бичиж үлдээсэн байгаа.

Хүмүүс эмээгийн хуучны зургуудыг их сонирхдог. Надад уг нь нэлээд хэдэн зураг байсан юм. Төрийн шагналт зураач Пүрэвсүх агсан диплом хамгаална гээд нэлээд хэдэн зураг авч байлаа. Үүнийг би буцааж авч чадаагүй. Эмээгийн анх пионер болж байсан зураг нь байдаг ч 24-р сургуулийн пионерийн удирдагч тэр жил аваад явсан. Одоо бодвол тэр сургуулийн архивт байдаг биз. Энэ мэтээр эмээгийн олон сайхан зураг алга болсон. Одоо байгаа энэ зургуудыг нь харахад ямар ч будаг шунх байхгүй, ерөөсөө л унаган төрхөөрөө байгаа нь энэ. Би өөрөө зураач мэргэжилтэй. Мэргэжил нэгт нөхөд маань манай эмээгийн зургийг харчихаад “Ямар ч будаг шунх хэрэглээгүй мөртлөө яасан гоё харагддаг хүн бэ” гэж хэлдэг юм. Эмээ маань өнөөгийн хүүхнүүд шиг будаг шунх хэрэглэдэг байсан бол бүр тасраад явчих байж дээ” гэж өгүүлсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-27

    manlaibaatar 19 oni eheer shornd bosoogooroo yhsen teheer Hatanbaatar bj taarna

    • Түмэнбаатар
    • 2015-11-02

    Яахав дээ, энэ бусдыг өөлөөд байдаг хүмүүс чинь өөрсдөө зайлуул нийтлэл бичих нь байтугай сонины мэдээ ч бичиж үзээгүй маанагууд байдаг юм шүү дээ. Тэгээд л өөрсдөө юу ч чадахгүй болохоороо бусдын бичсэнийг өөлж муулаад байдаг юм. Яахав тэгэж л байг хөөрхий. Өөрт нь таашаалтай байдаг биз дээ.

    • Гангабаатар
    • 2015-11-02

    Энд бас нөгөө бусдыг доромжилдог гаж донтон сэтгэгдэл бичигч нар гараад ирж дээ. Эд нар бол юу ч гэж мушгиж мэдэх улс шүү. Өвөр Монголын Хөлөнбуйр гэж хэзээнээс ярьж хэлээд сурчихсан юмыг яаж ч мушгиад нэмэргүй ээ хө.

    • Зочин
    • 2015-11-01

    Hahaha,uwur mongoliin hulun buir genee,hulun buir chin uurtuu zasaj oron shd hahahh Yalgaj surmaar yuma saa

arrow icon