Нийтлэл 10 сарын 28, 2015

Вакцины тухай есөн үнэн, есөн худал

Өөрийгөө бусдаас өөр, гойд гэж боддогоороо ерөнхийдөө хүн болгон адилхан. Гэхдээ жоохон жоохон ялгаа бас гарна. Тэрийг нь анзаарч таашаал авах нь бөөн кайф. Жишээлбэл, даварсан хаанаас зугатаж улс байгуулсан болохоор Америкт янз бүрийн хуйвалдааны донтой гарууд элбэг; Оросууд анх үүсэхээсээ л гадаадуудын дарамтанд байсан болохоор бөөн паранойд комплекстэй. Хятадууд одоогийн хэт үндсэрхэг үзлээрээ өнгөрсөн зуун жилийн азгүйтлээ нөхөх гэдэг. Монгол хүний сэтгэлгээ бас зарим талаараа ориг. Бардамнахаараа тэрийгээ нүүдэлчин сэтгэлгээ гэнэ: хаанаас хэн ч юу ч гэсэн хамаагүй итгэнэ, дагана. Яг салхинд хийсч байгаа гялгар уут шиг. Бодвол хээр нүүдэллэж байхад баттай байтугай эх сурвалж байхгүй байсан болохоор үнэн худлын шалгуур сэтгэлгээнд нь ерөөсөө үүсээгүй байх. Ухаандаа, Есүхэй баатар дээр нэг нөхөр ирээд “хасагууд 2 хоногийн цаанаа ирж явна” гэхэд итгэхгүй бол авгайгүй үлдэнэ.

Олон арван мянган жилийн туршид ийм мэдээллийн тарчиг нөхцөлд үүссэн сэтгэлгээний онцлог нь харин одоогийнх шиг хэт их мэдээллийн үед нэг л сайн зохицож өгөхгүй байх шиг байна. Дэлхий сөнөнө- аан за за, хүн сармагчнаас үүсээгүй- аан за за, вакцин хортой- аан за за... Өөр газар ч гэсэн дэлхий сөнөхтэй давхцаад хүмүүс ууланд бүгээд байсан л даа, гэхдээ тэнд тэгж бүгж байгаа хүмүүсийг харах гэж очсон хүмүүс нь бүгэж байгаагаасаа олон байсан. Монголд бол “Халтар царайт” гарч байгаа мэт гудамж нь хоосорсон.

Олон утгагүй юманд итгэх итгэл дундаас вакциныг муу гэдэгт итгэдэг хүмүүсийн сэтгэлгээ лаг сонирхолтой. Өөр газар вакцин эсэргүүцэгчид байж л байдаг. Гэхдээ тэр дэмжигч, эсэргүүцэгчид нь өөрсдийн бодолдоо бат тогтсон бүлэг болоод хуваагдчихсан. Монголд бол юм мэдэхгүйгээсээ болоод энэ хоёр бүлгийн завсрых болчихсон хүн нь илүү их юм шиг. Энэ бол инээдтэй ч биш бүүр хортой гэж бодож байна.

Дэлхийн төгсгөл, хүний үүсэл гэх мэт нь гүн ухааны чанартай хүний суурь итгэл гэж тайлбарлаж болох. Талибанчууд вакцины эмч нарыг алдаг нь хүртэл вакцин эсэргүүцэгчидтэй харьцуулахад харгис ч гэсэн ядаж өөрийн гэсэн логиктой: лалын соёлын эсрэг хийж байгаа барууныхны явуулгатай тэмцэж байна гэж боддог байх. Ертөнцийг үзэх үзэл гэх юм уу даа. Харин вакцин хортой гээд байгаа гарууд бол цэвэр техникийн асуудал дээр улайм цайм бүлтрээд байгааг үл ойлгомуу. Иймэрхүү ёоёотой нөхөдтэй зууралдах нь цагийн гарз гэж бодох хүн байгаа байх. Гэхдээ эволюцыг үгүйсгэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй болохоор тоохгүй байж болно. Харин вакцин үгүйсгэж байгаа гарууд хүүхдүүдийн эрүүл мэнд, амьдралаар тоглож байгаа болохоор жирийн хүмүүст зөв мэдээллийг өгөхгүй байх нь айлын хүүхэд зодуулаад орилоод байхад орохгүй байхтай адил хариуцлагагүй явдал болно. Бас салхи гаргамаар санагдав.

Вакцин хийлгэхгүй хүмүүсийг хоёр бүлэг болгож болох байх. Эхнийх буюу актив бүлэг их идэвхитэй- өөрөөр хэлбэл уриалан дууддаг, хэвлэж нийтэлдэг, идэвхитэй эсэргүүцдэг. Монголчуудын мэдэх жишээ бол эмэгтэйчүүдйин эмч Л. Баярсайхан, гал үндэстэн холбооны Э.Одонгэрэл нар. Нас, хүйс, боловсрол, орлого харгалзахгүйгээр вакцин эсэргүүцэж байгаа нь төрөлхийн паранойд хандлагатайг нь харуулж байна. Ийм хүмүүстэй эрүүл ухаанаар харьцаж дийлэхгүй байх. Дараагийн буюу идэвхигүй, пассив бүлэг бол боловсрол тааруу, итгэмтгий, сүрдэмтгий хүмүүсийн ерөнхий зураг харагдаад байдаг юм. Активууд нь пассивуудаа яаж мунхруулж байгааг нь сайн үзвэл хэд хэдэн нийтлэг логикийн но байна. Энэ бичлэгт алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ч санаанаасаа зохиож бичээгүйгээ батлахын тулд хаанаас ямар мэдээлэл авснаа эшлэн бичлээ. Логикийн алдаануудыг жагсаавал:


1. “Чанартай вакциныг баруун руу явуулаад, чанаргүйг нь ядуу улс руу явуулдаг” Дэлхийд нэг тийм бүх вакцины сайн мууг тогтоогоод мууг нь ядуу бидэнд хүргүүлдэг нэг тийм айхтар нарийн систем энэ хүмүүсийнхээр байх шиг байна. Сүүлдээ нарийсаад “чанарыг А, В, С гэж ангилдаг” гэдэг болж. Бодвол энэтхэгүүд дураараа үржээд байгаа болохоор тоог нь хязгаарлах гэж байгаа юм байлгүй. Вакцины үйлдвэр болгоны олон мянган эзэд, ажилтан, хувьцаа эзэмшигчид энэ маш нууц бүлэгт ороод, ДЭМБ-ийн ядуу улсуудад зориулсан вакцин худалдан авалтыг өөртөө ашигтайгаар шийдэж аль муу сери нь ямар улсад очихийг нууцаар нарийн зохицуулж чаддаг бололтой. Хэрэв тэгэж чаддаг бол АНУ-ын ТTГ-аас мундаг байх нь. Баян улсууд өөрсдөө вакцинаа худалдаж авдаг болохоор тэдний ЭМЯ-нд бас хүн нь байдаг байж таарна. Уг нь бол ядуу улсууд олон жижиг худалдан авалт хийхийн оронд нийлүүлээд нэг том захиалга үйлдвэрт нь өгвөл хямдаар авч болдог тул ДЭМБ ядуу улсын вакцинжуулалтын ажилд тусалдаг юм. Дээрээс нь вакцины зардалд татаас өгдөг. Вакцинд зарсан нэг доллар болгон эмчилгээний 18 доллар хэмнэдэг гэсэн байсан. Тэгэхлээр байгаа жоохон мөнгөөрөө аль болох олон хүүхэд тарих нь зөв менежмент байж таараа. Энэ зарчмын дагуу олон хүүхдэд хэрэглэх тунг бөөнд нь савлаж бас зардал хэмнэдэг. Нээрээ Энэтхэг, Нигерийг үргүй болгох гэж байгаа бол маш муу л ажиллаж байгаа бүлэг байна даа. Хүн ам нь сүүлийн 40, 50 жилийн турш улам нэмэгдсээр л... Тийм хуйвалдааны онолд дуртай юм бол Роберт Ладлумын Матаризын Тойрог номыг олж уншцгаагаарай, Жейсон Борны гурвалыг бичсэн зохиолч. Тасархай, итгэчихнэ. Дууссаныхаа дараа харин номноосоо гарах хэрэгтэй.  


2. "Эмийн компаниуд вакцинаар аймар их мөнгө хийгээд баяжаад байна"  Мэдээж аймар их мөнгө гэдэг ойлголт харьцангуй. Тэгэхлээр эмийн том компаниуд жилд хэдэн долларын гүйлгээтэй байдгийг үзэх хэрэгтэй. Ийм мэдээллийг АНУ-ын үнэт цаасны хороонд мэдүүлсэн байдлаар нь харж болно. Эмийн компаниуд хувьцаат компаниуд тул эргэлтийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх ёстой, буруу мэдээлсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг. 2009 оны баримтаас хархад эмийн бизнесээр хамгийн өндөр гүйлгээтэй компани нь Жонсон ба Жонсон (61,9 тэрбум ам. доллар) байна [1]. Эхний аравт бичигдсэн компаниудын хамгийн бага нь 22,3 тэрбум ам. долларын гүйлгээтэй Германы Байер Хэлскер [2]. Харин дэлхийн нийт эмийн зах зээлийн хэмжээ Английн эмийн компаниудын холбооны тооцоолж байгаагаар 2009 онд 800 тэрбум ам. доллар байсан байна [3]. Үүнтэй харьцуулахад Монголын ДНБ 2009 онд 10,63 тэрбум ам. доллар байсан гэж АНУ-ын ТЕГ-ынхан үзсэн байхад [4] ОУВС 6 тэрбум ам. доллар байсан гэж үзсэн байна [5]. Гэтэл нөгөө вакцинууд маань нийт хэдэн долларын зах зээлтэй вэ? Тоо бас л судалгааны эх үүсвэрээсээ хамаараад янз бүр, гэхдээ ДЭМБ-ийн баримтан дээр 24 тэрбумыг тэмдэглэсэн байна [6]. Вакцинаар дэлхийн хамгийн их борлуулалт хийсэн компаниудыг нөгөө л АНУ-ын ҮЦХ-нд 2009 онд мэдэгдсэн байдлаар нь жагсаавал эхэнд нь Английн ГлаксоСмит Клайн 5,7 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 12,8% [7], хоёрт Францын СанофиАвентис 4,98 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 8,3% [8], гуравт АНУ-ын Мерк 3,63 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 13,2%-ийг олсон байна [9]. Вакцины судалгаа, үйлдвэрлэл, түгээлт жирийн эмнээс бэрхшээлтэй байдаг тул (байнга хүйтэн байлгах хэрэгтэй г.м) цэвэр ашгийн хэмжээ бага, зах зээлийн хэмжээ нь хурдан өсөж байгаа ч (2016 онд 56,6 тэрбум ам. доллар болох тооцоо байна [9]), жишээлбэл, антибиотикийн 2009 оны зах зээлтэй харьцуулашгүй (2009 онд 78 тэрбум ам. доллар) бага байгааг эмийн компаниудын өөрсдийн тооцоо нь харуулж байна [10]. Эмийн компаниудад хамгийн их борлуулалт өгдөг эмийн бүлгүүд бол зүрх судасны эмүүд 160 тэрбум ам. долларын зах зээлтэй, сэтгэц, төв мэдрэлийн системийн эмүүд- 132 тэрбум ам. доллар, антибиотикууд 78 тэрбум ам. доллар, хавдрын эмүүд 49 тэрбум ам. доллар [10]. Өөрөөр хэлбэл өвчнөөс урьдчлан сэргийлэхээс илүү хууч өвчинд зориулж эм үйлдвэрлэх нь ашигтай байгаа учир туршлагатай чадалтай компаниуд шинэ вакцины судалгаанд хөрөнгө зарахаа багасгаж байна


3. “Өөр хүмүүс вакцинжуулагдчих юм бол би тариулах хэрэггүй” Энэ бас буруу ойлголт, аль болох олон хүн дархлаатай байж нярай, дархлалын хомсдолтой эмзэг хүмүүсээ хамгаалж, халдвар дэгдэхгүй, тархахгүй байх боломжийг бүрдүүлдэг. Энийг сүргийн дархлаа гэдэг. Гадаадаас халдварт өвчтэй хүн ирэх зарим тохиолдолд вакцин хийлгээгүй хүн өвчнийг тараах, хүндрүүлэх, үүр болох тохиолдол байдаг. Вакциныг дархлааны хомсдолтой зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсээс бусдад бүгдэнд хийж байж дархлааг бүрэн үйлчилдэг болгоно, халдвар гарсан ч хор нөлөө багатай эмчилж болно. 


4: “Эрүүл хүүхдэд бактери вирус тарих хэрэггүй, өөрөө олж аваг” Нөхөд зөвхөн ханиад томуу мэтийн хөнгөн өвчнийг л вакцинддаг гэж бодоод байх шиг байна. Үгүй юм аа. Саа гэж нэг лай байсан, вакцины ачаар мартсан бололтой. Энэ бол вакцины гавъяа. Өрөөл татанхай болвол “байгалийн юм зүгээр” гэж болохгүй. Цэцэг өвчин арьсыг алаг эрээн болгож хүүхдийг насаар нь эрэмдэг болгодог байсан. Азаар, цэцэг өвчин одоо байгальд байхгүй, бас л вакцины гавьяа. Гахайн хавдар эрэгтэй хүүхдийг үргүй болгодог, бас вакцины ачаар бүгд мартаж. Өвчний вирус, бактерийн халдвар авсан хүүхэд болгон үхэж, зовохгүй ч багагүй хувь нь эрүүл мэнд, амь насаараа хохирдогийг мартсан байна. Улаан бурхан 2000 онд л гэхэд дэлхий даяар нийт 800 000 (найман зуун мянга)хүүхэд алсан, харин вакцинжуулалтын ачаар 2010 онд энэ тоо 139000 болж буурсан гэж ДЭМБ тооцоолсон байна [11]. Гэхдээ л цаг тутам 15 хүүхэд хамгаалах боломжтой өвчнөөс болоод нас барж байна. Вакцин эсэргүүцэж байгаа хүмүүсийн хүүхдүүд энэ статистикт орсон бол яах байсан бол? МУ-д энэ өвчнөөр 2007 онд 6 хүн өвчилсөн гэж ЭМХҮТ-ийн тайлан дээр бүртгэгдсэн байна, нас баралт байхгүй [12]. Монголын вакцинжуулалт нь 98,4% байсны гавьяа. Ховор болохоор хүмүүс арьсан дээр улаан тууралт гараад жоохон халуураад болоо гэж боддог юм шиг байгаан. Уг нь бол эмчлэхгүй бол өвчлүүлсэн хүүхдүүдийнхээ 10%-ийг тархины үрэвсэл мэтийн хүнд өвчнөөр алж чаддаг халдвар. АНУ зэрэг ЭМ сайтай газар устгагдсан гэж үздэг. Гэтэл 2011 онд 222 хүн өвчилсөн байна, үүнээс 86% нь вакцинаа ямар нэгэн шалтгаанаар тариулаагүй байсан байна. Үлдсэн 14% нь нярай, гадаадын иргэд гэх мэт шалтгаантай байжээ. Вакцин тариулаагүй нярай хүүхдүүдийн дунд 4 нь ах эгч нь зориудаар вакцин тариулаагүйгээс болж халдвар авсны улмаас дам халдвар авсан байв. Хэрэв эргэн тойронд нь байгаа том хүүхдүүд дархлаажуулагдсан байсан бол сүргийн дархлааны зарчмын дагуу тэр нярайнууд халдвар авахгүй байх байсан. Тэгэхлээр вакцин эсэргүүцэнэ гэдэг нь зөвхөн тухайн хүний хувийн сонголт биш юм. Өрөөл бусдын хүүхдийг хамгаалах үүрэг тэр хүмүүст байгааг харуулж байгаа бөгөөд үүнийг зөрчвөл нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байна гэж үзэх үндэслэл бий болж байгаа юм. Ийм учир Унгарт л гэхэд вакцинаа хүндэтгэх бус шалтгаанаар бүрэн хийлгээгүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт авдаггүй. 

5. “Гаж нөлөө ихтэй, хийлгэхгүй” Ямар вакцины ямар гаж нөлөө гэдгээс бүх юм хамаарна. Бүх гаж нөлөө адилгүй. Хүмүүсийн санаанд ордог өрөөл татанхай болгодог, үхүүлдэг гаж нөлөөнүүдийг хүнд гаж нөлөө гэж ангилаад 100 000 (зуун мянга)тун тутамд нэгээс их тохиолдох магадлалтай бол вакциныг хэрэглээнээс хасах хүртэл арга хэмжээ авдаг. Одоо эргэлтэд байгаа вакцинуудын гаж нөлөөг олон жил олон улсад тандсан судалгаанаас харахад хүнд гаж нөлөөтэй вакцин байхгүй болсон. 

6. “Мөнгөн устай” Одоо мөнгөн устай вакцин үйлдвэрлэхгүй байгаа.

7. “Вакцинд байдаг вирус бактери нь эргээд өвчин үүсгэдэг”, “жоохон хүүхдэд гэнэт тийм их бактери вирус тарих нь муу” Вакцины үйлчилгээний механизмын талаар мэдлэг муу байгаагийн шинж. Вакцин болгон өөр бүтэцтэй байдаг ч гол зарчим нь дархлааны тогтолцоонд өвчин үүсгэгчийн нийтлэг уургийг таниулж цагаан эсүүдээр эсрэг бие үүсгүүлдэг. Тэр нийтлэг уургийг, уургийн хэсгийг эпитоп гэдэг. Эпитопыг хэд хэдэн аргаар биед оруулж болдог. Өвчин үүсгэгчийг химийн бодисоор сулруулж/устгаж байгаад тарих арга их хэрэглэгддэг байсан. 1963 оноос 1996 он хүртэл хэрэглэгдэж байсан амаар уудаг саагийн сулруулсан вакцин 2,4 сая тунд нэг удаа саажилт үүсгэх магадлалтайг илрүүлсэний дараа үхүүлсэн вирусын гаралтай тариагаар эхлэж дархлаажуулдаг болсон. 1997 оноос хойш вакцины гаралтай саа бүртгэгдээгүй. Тухайн уургийг эсвэл уургийн хэсгийг дангаар нь нийлэгжүүлдэг ДНХ-ийн хэсгийг өөр амьд биетэд суулгаж байгаад /ген өөрчлөгдсөн амид биет/ гаргаж авах шинээр хэрэглэгдэх болсон. Энэ аргыг ген рекомбинацын арга гэдэг. Шинэ вакцинууд энэ аргаар үйлдвэрлэгддэг болсон учир вакцин тарихад өвчин үүсгэх боломж байхгүй. Уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн вакцины тохиолдолд ч гэсэн тунд агуулагдах өвчин үүсгэгч эпитопын тоо нь халдварын үед авах хэмжээнээс хэд дахин бага байдаг. 


8. “Ядуу орнуудад вакцин туршдаг” Монгол улсын эмийн хуулиар зөвхөн 3 өөр улсад анх бүртгэгдээд 3-аас доошгүй жил болсон, ДЭМБ-ийн баталгаатай үйлдвэрлэгчээс эм, вакцин импортлохыг зөвшөөрдөг учир туршилтын шатанд яваа ямар ч эмийг их хэмжээгээр оруулж ирэх боломж байхгүй(ганзагын аргаар орж байгааг эс тооцвол). Үүнээс гадна вакцин авах процесс нь ДЭМБ-ийн өөрсдийн шалгаруулалтын явцын дагуу сонгогдсон үйлдвэрлэгчээс ДЭМБ-ийн тохирсон үнийн дагуу МУ худалдан авж байгаа учир чанарын шаардлага хангаагүй вакцин нийлүүлэгдэх магадлал маш бага. Элэгний үрэвслийн В вирусын вакцинтай холбоотой хийгдсэн МУ-ын өөрийн судалгаанаас харахад вакцинжуулалтын улмаас үүссэн эсрэг биеийн хэмжээ хүүхдүүдэд хангалттай түвшинд байгааг харуулсан нь хэрэглэгдэж байгаа HBV эсрэг вакцин лав үр дүнтэй байгааг батлаж байгаа юм. Тэр судалгаанд илэрсэн нэг доголдол бол харин хүйтний улиралд орон нутагт тарьсан вакцин нь хэрэгтэй эсрэг бие үүсгээгүй байх магадлал харьцангуй өндөр байсан, өөрөөр хэлбэл вакцин хадгалалтын горим алдагдсан байх(хөлдсөн) магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна [13]. 


9. “Вакцин тархины хөгжлийг гэмтээдэг”, “хавдар үүсгэдэг” энэнд бол хэлэх ч үг алга. Ямар баримт байна? Хэн тэгж байна? Youtube-ээр гарсан бичлэг болгон үнэн байдгүйг эрх биш мэдмээр юм аа. 2012 онд Монголд байгаа улсууд шүү дээ уг нь, ямар Афганистан, африк, Пакистан биш дээ.

Вакцин бол маш нарийн бүтэцтэй эмзэг бараа. Үзүүлэх үйлчилгээ нь ч гэсэн ээдрээтэй механизмаар явагддаг. Гаж нөлөө ямар ч эмэнд байдаг. Гэхдээ тэр гаж нөлөө нь чухам яг вакцинаас болж үүдсэн үү, эсвэл цаг хугацааны хувьд давхардав уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ихэнх вакцинаас болж нас барлаа гэсэн мэдээллүүдийг мэргэжлийн үүднээс шалгахад тохиолдолын чанартай үхэл, эсвэл өөр өвчний шалтгаантай байсан нь мэдэгддэг. Монголд  хэд хоногийн өмнө сонин дээр гарсан хөл мэдээгүй болсон охины тухай мэдээлэл ч гэсэн вакцинтай холбоотой гэхээсээ илүү тохиолдлын чанартай мэдрэлийн өөр өвчин байсан байх магадлалтай. Гиллян-баррегийн өвчин мэдрэлийн үрэвслийн цочмог хэлбэрээр илэрдэг, хэсэг хугацааны дараа өөрөө эдгэх нь олонтаа. Энэ ч байсан байж болно. Статистикийн аргаар судлаж байж л вакцин суумгай болгож байгаа эсэхийг баттай хэлэх боломжтой болно. Хүн болгонд үзүүлэх гаж нөлөө нь ч адилгүй. Адилхан өвчин хүртэл өөр өөрөөр илрэх тохиолдол байдаг. Зарим хүүхдүүд вакцин хийлгээд удаан халуурна, зарим нь халуурахгүй. Зарим нь толгой нь эргэнэ, зарим нь эргэхгүй. Хүний өөрийн онцлогоос хамаарах болохоор зөвхөн вакцины гаралтай гэж хэлэхэд хэцүү. Нэг судалгаанд хэсэг хүнд В вирусын вакцин, нөгөө хэсэгт нь плацебо (эмгүй тариа) тариад гаж нөлөөг судалсан байдаг.  Өвчтөн, эмч нар ямар тариа таарсныг мэдээгүй бөгөөд бүгд вакцин тариулж байна гэж бодсон байна. Илэрсэн гаж нөлөөг шалгахад хөнгөн (толгой эргэх, өвдөх гэх мэт) хэлбэрийнх нь хоёр бүлэгт адилхан давтамжтай байсан нь гаж нөлөөнд хүний сэтгэлийн байдал хүртэл нөлөөлж болхыг харуулж байгаа юм. 

Энэ бүгдээс харахад орчин үед мэдээлэл тараадаг, тархдаг, олж авдаг аргууд өдөр ирэх тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа учир иргэд аль болох найдвартай, албан ёсны эх сурвалжид хандаж байх хэрэгтэйг харуулж байна. Мэргэжлийн албад, мэргэжлийн хүмүүс харин шинэ үетэй зохицож ажиллаж сурахгүй бол дутуу, удаан, хангалтгүй мэдээлэл хүргэж байгаа нь хүмүүсийг төөрөлдүүлж, итгэл алдуулж, хариуцлагагүй хүмүүсийн өгөөш болоход хүргэж байгааг анхаарах хэрэгтэй байна. Буруу мэдээллийг санаатай тарааж байгаагаас болж зөвхөн тэдэнд итгэсэн хүний хүүхдүүд хохироод зогсохгүй та бидний хүүхдүүд ч хүртэл гэмтэх магадлалтай учир бүгд мэдлэгээ дээшлүүлж, шаардлага тавьж, хүүхдүүдээ хариуцлагтайгаар вакцинжуулах хэрэгтэй байна. 

 

--------------------

1. Johnson, J.a. 2009 Fourth-Quarter and Full-Year Results. 2009; Available from: http://www.jnj.com/connect/news/financial/20100125_130000.
2. Healthcare, B. Annual report 2009. 2009; Available from: http://www.bayer.com/en/annual-reports.aspx.
3. ABPI. Global pharmaceutical industry and market. 2011; Available from: http://www.abpi.org.uk/industry-info/knowledge-hub/global-industry/Pages/industry-market-.aspx#fig1.
4. CIA. Annual report. 2009; Available from: https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html.
5. IMF. Annual report. 2009; Available from: http://www.imf.org/external/pubs/ft/weo/2012/02/weodata/weorept.aspx?pr.x=63&pr.y=9&sy=2010&ey=2017&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=948&s=NGDPD&grp=0&a.
6. WHO, Reducing risks to health, promoting healthy life. JAMA: The Journal of the American Medical Association, 2002. 288(16): p. 1974-1974.
7. Kline, G. Annual report. 2010; Available from: http://google.brand.edgar-online.com/EFX_dll/EDGARpro.dll?FetchFilingHTML1%3FID=7088103&SessionID=7zmvHFqxm7HIH77.
8. Sanofi. Annual report. 2009; Available from: http://www.sec.gov/Archives/edgar/data/1121404/000119312510054671/d20f.htm.
9. Alliance, T.W.B.a.G. Immunization Financing Toolkit. 2010; Available from: http://www.who.int/immunization_financing/tools/Brief_15_Vaccine_Market.pdf.
10. AstraZeneca. AstraZeneca annual report. 2010; Available from: http://www.astrazeneca.com/Investors/SEC-filings.
11. WHO. WHO report on measles. 2000; Available from: http://www.who.int/mediacentre/factsheets/fs286/en/.
12. төв, Э.м.х.ү., ЭМ-ийн үзүүлэлтүүд, 2007, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв: Улаанбаатар. p. 27.
13. Davaalkham, D., et al., Administration of hepatitis B vaccine in winter as a significant predictor of the poor effectiveness of vaccination in rural Mongolia: evidence from a nationwide survey. Journal of epidemiology and community health, 2007. 61(7): p. 578-584.

Сэтгэгдэл бичих

    • Үнэн
    • 2021-04-30

    Бүх вирус амьдрах цаг хугацаатай гэдгийг ойлгох хэрэгтэй Коронагийн дараа дахиад өөр вирус гарна Харьцангуй монголчууд юманд нямбай ханддаг болж эхэлж байна энэ сайн шүү

    • Зочин
    • 2020-11-17

    Тэр тусмаа ковидын вакцин гарах боломжгүй мутацлагдаад байгаа болохоор найдвартай вакцин байхгүй гэсэншдээ. Хүн амаа вакцинаар цөөлөх нүү.

    • Хүн
    • 2020-11-17

    Вакцин сураггүй байхад хамгийн найдваргүй хийлгэж болохгүй гэсэн мэдээлэлээр толгой их угаасан вакцины сургаар одоо хэрэгтэй гээд бичээд бгааг юу гэж ойлгох вэ? Бизнес гэж ойлгож байна.!!!! Зөндөө уншиж мэлээ мэдээлэл чамгүй харсан эргэлзсэн хэвээрээ байгаа шүү.

    • Mongol
    • 2020-11-01

    Вакцин маш баталгаатай сайн гэж бас хэн баталсан нилээн олон жилийн өмнө дэлхий ертөнц өөр байлаа одоо бол тэгэж дураараа вакцин хийлгэ гэсэн зоргоор хийлгэх шаардлага байхгүй. Өөрийн чин бичсэн зүйл ч гэсэн баталгаатай эсэхийг яаж батлах вэ. Вакцин хийлгэх үгүй хүний эрх шүү хамаагүй ингэж вакцин жигтэйхэн сайн мэт мэдэмхийрч болохгүй ээ

    • Сараа
    • 2020-11-01

    Өөрт чинь гэсэн яаж итгэхийн үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдсийн

    • Сараа
    • 2020-11-01

    Өөрт чинь гэсэн яаж итгэхийн үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдсийн

    • Сараа
    • 2020-11-01

    Өөрт чинь гэсэн яаж итгэхийн үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдсийн

    • Сараа
    • 2020-11-01

    Өөрт чинь гэсэн яаж итгэхийн үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдсийн

    • Билэгсайхан
    • 2020-10-31

    Эмч хүн биеийг эмчлэхээс гадна ухуулан таниулагч байхын ач холбогдол их байдгийг та бид харж байна. Өнөөгийн их мэдээлийн дунд амьдарч байгаа бидэнд яг энэ чиглэлийн мэдээллийг олж авах, бусдад түүнээ түгээх боломж хомсдолтой байна. Анар эмч энэ нийтлэлээрээ эмчийнхээ үүргийг сайн биелүүлж ямар их судалдаг мэргэжилтэн болохоо харуулж байна. Яасанч өнөөгийн нийгэмд бүгдийн 100% талархалыг авах боломжгүй тул цөөн тооны хүмүүсийн эсэргүүцлийг үл анзаарч цааш явах ёстой. Танд амжилт хүсье! Баярлалаа

    • Ankhbayar
    • 2020-10-30

    Хэд хоногийн өмнө томуугийн вакцин хийлгэсний улмаас Өмнөд Сологнгост 59 хүн насбарчихлаа энэний талаар тайлбарлаач.

    • Өөжгий
    • 2020-10-30

    Манай охин томуугийн вакцин хийлгээд бөөн юм болсон, вакцин хийсэн мөр нь аймар хавдаад . Маш өндөр халуурсан . Жилийн дараа нь ахиад цэцэрлэгт нь хийсэн мөн адил байсан. Эмч нарт үзүүлэхэд шалтгааныг нь сайн мэдэхгүй байв. Ингээд 100 гаран мянган төгрөг эм ууж байж гайгүй болсон ч гараар нь туурсан зүйл одоо болтол арилахгүй байгаа

    • Зочин
    • 2020-10-30

    Nzdaa amjilt husie.humuusiin eserguutseltei tulsan ch Buu shantraarai.Ulam hurtslagdaarai.Mundag

    • Иргэн
    • 2020-10-30

    Вакцины хор уршгийг нотолсон баримт багагүй байдаг. Улс үндэстнийхээ үзэлийг муулсан өөдгүй бичвэр. Өөрийгөө бусдаас илүү гэж ялгаварлан гадуурхах үзэл суужээ өөрт тань. Ойр дотныхонд чинь тохиолдож байж ойлгох буй заа.

    • Gg
    • 2020-10-29

    Sain yumaa biched bgarai iim niigmiin eruul mendiin barimttai mergejliin niitlegch bhgui shuu

    • Odkhuu
    • 2020-10-29

    Шинжлэх ухаанчаар асуудлыг хөндөж, бодит байдлыг нотолгоонд суурилан тайлбар өгч буй Анартаа баярлалаа.

    • Зочин
    • 2020-10-29

    Маш сайн нийтлэл байна. Зөв.

    • 28102020
    • 2020-10-29

    Вакцины орц найрлагыг тодорхой болгож блдоггүй юм уу?! Ядаж бхад Мгл-д нэгбүрчлэн шинжлээд гаргаад ирэх лаборитори бдаггүй. Гол нь вакцины сөрөг үр дагавар нь 20-30 жилийн дараа гарч ирдэг гэхээр ямар ч хүн итгэхээсээ илүү эргэлзэнэ. Вакцинаар эсрэг биет хүн бүрт суухгүй, та өөрөө дээр тодотгоод тайлбарласан бна, хойч үеийг аврахын тулд одоо вакцин тариулж амиа эрсдэлд оруулж бгаа зураглал харагдаж бна аа!!!

    • 1231231
    • 2020-10-16

    Хичнээн олон хүүхэд саажилттай болсон гэдэг баримтаа бичмээр юм. Тэр комментчин. Нэр, овогтой, хаягтай нь бичмээр юм. Яг, ямар вакцин тариулсны дараа саажилттай болов гэх мэтээр.

    • монгол2018
    • 2018-08-28

    энэ нийтлэл англиас орчуулсан ЗАХИАЛГАТАЙ нийтлэл байна. Яг ийм дэс дараатай зүйлүүдийг багтаасан нийтлэлийг англи хэл дээр уншиж байсан. Монголд вакцин тариуслнаас болж хичнээн олон хүххүдүүд СААЖИЛТТАЙ болсныг мэдэх үү? Анар аа, чиний хэллэг сэтгэлгээ чинь бас ишлэлүүд чинь монгол биш гаднынхны хөлсний нийтлэл байгаа нь мэдрэгдээд байна.

    • Зочин
    • 2017-02-19

    Вов. Thank you.

    • Seegii
    • 2015-10-30

    Чанар бл ягаагүй адилхан гэсэн байна. Гэвч Монголд хүүхэдэд вакцин хийлгэхээр хүүхэд их халуурдаг Солонгост хийлгэхээр зөв зүгээр байдаг энэ ялгаатай байгаагийн шинж л баймаар юм. Монголд эсвэл хүүхэдэд нэг мөсөн их тунгаар хийдэг юм болов уу. Солонгост хүүхэдэд их олон вакциныг 1,2,3 гээд хувааж хийх юм. Надад бол ялгаатай л санагддагш

    • Зочин
    • 2015-10-29

    Австрали улсад докторын зэрэг хамгаалаад ирсэн тантай уулзаж байсан даа баяртай байна. Вакцины тухай эгэл хэлбэрээр маш ойлгомжтой, хүртээмжтэй нийтлэжээ. Танд баяр хүргэе. Бас баярлалаа Мөн таны энэхүү нийтлэлийг аль болох олон хүнд (оюутнууддаа) хүргэхийг хичээх болно.

    • 12
    • 2015-10-29

    хэрвээ. таны эрүүл саруул төрсөн хүүхэд 2 настайн ээлжит вакцинаа хийлгэсний дараа хэвийн биш болж аутизмтай болсон бол, амьдралд чинь тийм зүйл тохиолдсон бол яах вэ. таны тоочсон шалтгаан бүрийн алиныг нь ч тоодоггүй эрүүл мэндэд ач холбогдолтой гэж үздэг байсан. Энэ талаар бас судалгаа явуулах л хэрэгтэй байгаа юм даа

arrow icon