Нийтлэл 11 сарын 23, 2015

ХҮҮХЭДДЭЭ  ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨХ, СОНГОХ ЭРХИЙГ ӨГЦГӨӨЕ

“Одооны энэ хүүхдүүд хэрэг алга” гэдэг үгийг 2000 жилийн өмнө гүн ухаантан Сократ хүртэл хэлж байсан гэдэг ч өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй, хэрэглэгдсээр... Харин би ингэж хэлэхээс зайлсхийдэг нэгэн. “Одооны хүүхдүүд хэрэг алга” гэж хэлэхээсээ өмнө тэднийг бид ойлгож, дэмжиж, санал бодлыг нь сонсон хүмүүжүүлж чадсан бил үү гэж бодогддог. Ямар үр тарина түүнийгээ л хураана гэдэгтэй санал нэгддэг нөхөр гэх үү дээ.  Би дөрвөн хүүхдийн аав. Бусдын л адил үр хүүхдээ сайн хүн болгох энгийн нэгэн хүсэлтэй эцэг. Харин энэ хүслээ гүйцэлдүүлэхийн өмнө зөв буруу олон алхмуудыг бишгүй л хийж явна. 
 
Одоогоос хэдэн жилийн өмнө том хүү маань сургуульд орох болов. "Математик бол бүх шинжлэх ухааны хаан" гэж ирээд л хүүгээ "Хоньчин Найдан"-г лам багшид нь аваачиж өгдөг шиг л “Сант” сургуульд оруулчихав. Бусдын л адил хүүхдээ гайгүй боловсрол эзэмшүүлэх санаатай. Гэтэл хүү маань нэг л явдаггүй ээ. Даалгаврыг нь хийлгэх гэж зургаахан настай хүүгээ гурав, дөрвөн цагаар яс суулгаад, “байлддаг” боллоо. “Би тооны хичээлдээ сайн байсан юм чинь чи сайн байх ёстой. Иймхэн юм бодож чадахгүй байна уу” гэж ирээд л шахаж өгнө. Гэтэл таван жилийн дараа хүү маань эхнэр бид хоёрын хүсч, хичээснээр тоондоо толгой цохиж өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ хичээлдээ дургүй нэгэн болж хувирсныг анзаарч гайхаж эхэллээ. Сургалт сайтай л гэгддэг сургууль, дээр нь бид хичээл хийх бүх нөхцлөөр хангасан байхад яагаад миний хүүхэд сурахаас залхсан шинжтэй нэгэн болчихов гэдэгт хариулт хайж эхлэв. 
 
...Хүү маань хүнд гэмтэж, АНУ-д эмчилгээ хийлгэхээр явсан юм. Эмчилгээнийхээ хажуугаар хүүхдийн хичээлийг тасалдуулахгүйн тулд тэнд дунд сургуульд орууллаа. Гэтэл санаанд оромгүй зүйл болж хүү маань хичээл сургуульдаа дуртай нэгэн болон хувирах нь тэр. Хичээлийн хөтөлбөрийн агуулга нь манайхтай харьцуулахад хөнгөн. Даалгавраар бөмбөгдөхгүй, нэг л олон нийтийн ажил, спорт, хүмүүнлэгийн үйлс гэж харайлгасан, эрх чөлөөтэй нөхөр л гүйгээд байв. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт  тоглодог болж, хичээлдээ дуртай нь аргагүй дэгдэх. 
 
 
Саяхан би хүүтэйгээ ирээдүйнх нь талаар нухацтай ярилцлаа. Гэтэл хүү маань би далайн биологи (Marine biology) судлаач болно гэж хэлээд  нүд орой дээр гаргачихав. Бүр далайн биологи судлаач болох тухай багштайгаа ярилцаад "Нэвтэрхий толь" шиг хоёр ч том англи хэл дээрх номыг шуудангаар хүлээж аваад уншиж байгаагаа ч дуулгав. Түүгээр ч барахгүй элсэх сургуулиа хүртэл тооцчихсон, олон нийтийн, хүмүүнлэгийн ажилд оролцож байсан тухайгаа баримтжуулаад, тэтгэлгүүдийг нь судалж суралцахаа төлөвлөчихсөн байх нь тэр. Юунд сонирхолтойгоо мэдээд, ямар мэргэжил эзэмшихээ хүртэл шийдсэн тэр нөхрийг хараад америкийн сургалтын "ид шид"-ийг анх удаагаа биширлээ. Бас эх газрын хүүгээ далайн биологи судлах хүсэлтэй болчихно гэж би зүүдлээ ч үгүй явсан минь үнэн. Хүү маань дэлхийн иргэн болжээ. 
 
Америкийн дунд сургуулиуд төгсөх ангийн хүүхдүүдийг машин барьж сургахаас эхлээд олон нийтийн ажил, хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахад илүүтэй анхаардаг. Учир нь тэр хүүхэд  Робинзон Крузо шиг эзгүй аралд хаягдчихгүй л бол нийгмийн дунд  бусадтай харилцаж, амьдрах болно. Тиймээс, өөрийнхөө хэн болохыг, юу хүсч байгаагаа сайн мэддэг, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах чадвартай, хэн нэгний төлөө санаа тавьдаг тийм иргэн л хүний нийгэмд амьдарч чадна гэж үздэг. Ерөнхий боловсролын сургуулийн зорилго нь ч тийм энгийн.  Их, дээд сургуулийн тэтгэлгүүд нь хүртэл олон нийтийн ажил, хүмүүнлэгийн үйлс, хэр сайн оролцдогийг нь, багаар ажиллах, манлайлах чадвартайг нь сонгох жишээтэй. Тэдний хувьд их, дээд сургуульдаа "таван онцын эзэн"-ийг элсүүлэх гэхээсээ нийгэмд хүртээмжтэй, хөрвөх чадалтай, бусдыг манлайлах нэгнийг сургуульдаа авах сонирхолтой. Харин их, дээд сургууль нь оюутнууддаа сонирхон судлах шинжлэх ухаанаас нь гүнзгий мэдлэг олгоход чиглэж, өндөр ачаалалтайгаар бэлтгэдэг юм билээ.
 
Энэ бүхнийг ийн дурсахын учир би хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ойлгож ярилцдаггүй, ирээдүйн амьдралыг өөрийнх нь өмнөөс төлөвлөчихөөд шийдэх гээд "зөрүүдэлж" байсан алдаагаа олж харсан юм. Хүүхэддээ өөрийнхөө ирээдүйг төлөвлөх, сонгох эрхийг өгөөгүй байсан хэрэг. Монголын маань мянга мянган эцэг эхчүүд надтай адил ийм алдаа гаргаж байгаагаа анзаарахгүй өнгөрөөчих вий гэсэндээ дээрх бүгдийг бичиж байгаа нь энэ. 
 
Үнэндээ монголд боловсролын чанар, хүүхдийг амьдрах арга ухаанд суралцуулах энэ тэр асуудлыг хөндөнө гэдэг хүнд асуудал. Ерөнхий боловсролын сургууль нь байгалийн, нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдээр өндөр түвшний академик, онолын мэдэгдэхүүн олгохыг чухалчилдаг хуучны хандлагаасаа салж чадахгүй л яваа. Дээр нь байсхийгээд л ерөнхий боловсрол олгох бодлого, тогтолцоогоо  өөрчилж тоглоно. Үүний гор нь Монгол Улсын маргаашийн ирээдүйг атгах бяцхан иргэд дээр тусдаг. Гэлээ ч эцэг эхчүүд бид боловсролын чиг хандлага, тогтолцооны өөрчлөлтийг сайн тийшээ эргүүлж эс чадна. 
Монгол эцэг эхчүүдэд нэг эерэг хандлага бий. Хүүхдийнхээ боловсролд  мөнгө хайрлахгүй зүтгэдэг. Мэдээж хүн бүрт хүүхдээ өндөр хөгжилтэй оронд сургах боломж үгүй. Гэвч эцэг эхчүүд бидний хүүхдээ сайн хүн болгох туйлын хүсэл их энгийнээс эхэлдэг юм билээ. Энэ нь хүүхэддээ цаг зав гарган чин сэтгэлээс нь ярилцах. Хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулж байгаадаа сэтгэл ханах бус, мөн өөрийнхөө хүслийг гүйцээх гэж алив нэгэн зүйлд хүчээр сурахыг шаардахаас болгоомжлоорой. Үр хүүхдүүдээ ээж, аавтайгаа дотно ярилцах тэр цагийг гаргаж байя. Хэрэв хүүхэд чинь хэн болохоо, юу мөрөөддөгөө өөрөө нээж чадвал, бид бүхэнд түүнд туслах өглөгийн гар хэзээд байдаг. Сайхан ирээдүйг хүлээх бус тэр сайныг бүтээхийн тулд эцэг эхчүүд бид л өөрчлөгдөөд үзье. Яг л энэ агшнаас... 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon