Хуульч, өмгөөлөгчдийн тухай нэг америк кинон дээр прокурор нь шоронгийн захиралтай хуйвалдаж, хорих ялаар шийтгэсэн хүнийхээ тоогоор урамшуулал авдаг гэмт хэргийн тухай гардаг. Энэ киноноос юу харж болох вэ гэвэл АНУ-д хувийн шоронгийн компани гэдэг нэг төрлийн бизнес байдаг гэсэн үг. 2 сая иргэнээ шоронд түгжчихсэн энэ улсын тухайд зарим судлаачдын хэлснээр “хүний түүхэнд ийм олон иргэнээ гянданд хорьсон нийгэм байсангүй”
. АНУ-аас 5 дахин их хүн амтай Хятад гэхэд 500 саяар цөөн хоригдолтой
. АНУ дэлхийн хүн амын 5 хувь, нийт хоригдлын 25 хувийг агуулдаг. Ингээд харахаар АНУ гэдэг эрх чөлөөний гэхээсээ эсрэгээрээ гав гинжний орон ажээ
.
Хоригдох газрыг зөвхөн төр хариуцахаа больж, хувийн салбарын нэг бизнес болж хувирсан сүүлийн 10 гаруй жилийн дотор хувийн шоронгийн тоо хэд дахин, хоригдлуудын тоо, тэдний хоригдох хугацаа ч өссөн, цаашид ч улам өснө гэгдэнэ. Хоригдлууд ажиллана, шоронд хөрөнгө оруулсан хөрөнгөтнүүд харин нийгмийн даатгал, амрах хоцроход санаа зовох юмгүй, цагийн 25 центийн хямд хөлс өгөөд болчихно. Хоригдох хугацаа, хоригдлын тоог өсгөх бодлогыг тэд лоббидно, харин ашгаасаа эргээд шоронгийн бизнест хийнэ. Ийм хачин өөрийгөө тэжээж томордог зах зээл гэх үү систем бий болжээ. Энэ зах зээлийн үнэлгээ одоогоор 5 тэрбум доллар орчим гэгдэж байна.
Зах зээл, үйлчилгээ болоод ирэхээр тоо, тооцоо хэрэг болж ирнэ. Цаашид хэдэн сая доллар хөрөнгө оруулах вэ, хэдэн гяндан барих вэ, хэдэн өрөө нэмэх вэ? Бизнес л болохоос хойш аль болох нарийвчлалтай, ирээдүйг сайн баримжаалж хөдлөх хэрэгтэй гэсэн үг. 15 жилийн дараа хоригдлын тоо хэд болсон байх бол? Үүнийг юунд үндэслэж тооцох вэ?
Шоронгийн бизнесмэнүүд энэ асуултын хариултад нэг хялбар зүй тогтол үйлчилж байгааг нээж мэджээ: Өнөөдөр 10-11 настай хүүхдүүдийн хэдэн хувь нь уншиж чадахгүй байна вэ? гэдгийг мэдэхэд л 15 жилийн дараа хэдэн өрөө хэрэгтэйг нэлээн баримжаатай таамаглаж болдог байна. Уншиж чадахгүй хүүхдийн тоог мэдэхэд харьцангуй амархан, бас ирээдүйн гэмт хэргийн хэмжээ ч энэ тооноос хамгийн их хамааралтай гэсэн үг. Тэгээд тооцоогоо хийж, хөрөнгө оруулалтаа хийнэ. Уншиж чаддаг гэмт хэрэгтэн мэдээж байдаг ч энэ бол ерөнхий хандлагын хувьд унших чадвар хүний хөгжилд, цаашлаад нийгэмд ямар гүнзгий нөлөөтэйг харуулах сонгодог жишээ юм.
Маргаашийн гэмт хэрэг ихэвчлэн өнөөдрийн томчуудын халамж дутсанаас гарна.
Монголд ихэнх жирийн гэр бүл яаж ийгээд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулдаг. Харин төрөөс хүүхдийг боддоггүй юм гэхэд адаглаад өөрийхөө төлөө сургуулиас ямар нэг шалтгаанаар завсардсан, эцэг эхийн халамжид даатгах боломжгүй хүүхдүүдийг халамжиндаа авч, ерөнхий боловсрол олгож чадвал ирээдүйн гэмт хэрэг, түүнээс үүдэлтэй эдийн засаг, нийгмийн өртөг буурна. 15 жилийн өмнө хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулчихсан бол өнөөдөр саалиа хурааж байх нь. Тийм ч урт хугацаа биш. Гэмт хэрэг бага, ажлын бүтээмж өндөр гээд хүүхдийн боловсрол зарцуулсан хөрөнгө нийгэмд заавал эргэж ирнэ. Ямар ч орд, уурхайгаас том өгөөжтэй “бизнес” байсан байж ч мэднэ. Өнгөрсөн бол өнгөрсөн, харин 15 жилийн дараа гэмт хэрэг ихсэх болов уу, буурах болов уу? Тооцоо, бодлогоо хийж байгаа болов уу, манай хэд?
Фото зургийн эх сурвалж: Фото зурагчин Кристиан Алсын бүтээл "Амьд үлдэх зөн" альбум. 2003/2004 оны Монголд.
ene zurag mongold gdgiig yu batlahiin