Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтуудаас та бүхэнд хэрэгтэй хэсгийг хүргэж байна.
Хэнд хамаатай вэ ?
Амьдралынхаа төлөө гар хумхилгүй зүтгэж байгаа хэн бүхэнд
Юу өөрчлөгдөх вэ ?
- Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 хоног байна. Ажилласан жилээсээ хамаарч амралтын хугацааг нэмж болно.
- Ажилтныг бөөнөөр халахдаа заавал үйлдвэрчний эвлэл, эсвэл ажилтны төлөөлөгчдөд мэдэгдэнэ.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа малчны цалин хөлсний 30-аас дээшгүй хувь нь мөнгөн бус хэлбэртэй байж болно.
- Хүүхдийн хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээ 15, хөнгөн хөдөлмөр эрхлэх бол 13 нас байна.
- Ажил олгогч хүүхэд ажилд авахад эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Хүүхдийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулна.
- Оюутан хичээлийн нэг долоо хоногт 20-оос илүүгүй цаг хөдөлмөр эрхэлнэ.
- Цагийн ажилтны нэг цагт ногдох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна. Цалин хөлсийг нь тухай бүр олгоно.
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно.
- Хуурамч диплом бүрдүүлэн ажилд орсон нь тогтоогдвол ажил олгогч гэрээгээ шууд цуцална.
Ажилтан та ямар эрх эдлэх вэ ?
- Өөрийн хүсэлтээр хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эхчүүдийн НДШ-ийг ажил олгогч төлнө
.
- Нярай хүүхэд үрчлэн авсан ажилчинд хүүхдийг нь 60 хоногтой болтол дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжтэй чөлөө олгоно.
- Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөрт нөхөн амраана
.
- Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанд дундаж цалин хөлсийг нь 2 дахин нэмэгдүүлж олгоно.
- Алслагдмал газар ажиллаж байгаа ажилтныг ажлын 14 хоног тутамд нэгээс доошгүй хоног амраана.
- Алслагдмал газар ажиллаж байгаа ажилтныг ажилдаа ирэх, буцах боломжоор үнэ төлбөргүй хангаж, хугацааг ажилласан цагт нь оруулан тооцно.
- Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн дараалсан хоёр өдөр амруулна.
- Ажилтан, ажил олгогч тохиролцсоноор амралтын өдрийг долоо хоногийн аль нэг өдөр шилжүүлэн амарч болно.
- Шөнө ажилласан ажилтанд ажилласан цаг тутамд үндсэн цалингийн 15 ба түүнээс дээш хувиар тооцож нэмэгдэл олгоно.
Юуг хориглосон бэ ?
-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААНБ-д нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.
- Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа олгохыг хориглоно.
- Хүүхдийг шөнийн болон илүү цагаар, алслагдмал газар ажиллуулахыг хориглоно.
Сэтгэгдэл бичих