2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд анализ хийж үзэхэд зарим улс төрчдийн “засаглалын хямрал” гэж нэрлээд буй гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэд зохицуулалт оржээ. Гэвч, Засгийн газрыг байгуулах ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй, Засгийн газарт итгэл үзүүлээгүй бол УИХ тарах эрсдэлийг бий болгоогүй нь төслийн хамгийн сул тал гэдгийг энэ нийтлэлээр харуулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан миний бие "1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль," "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой" гэсэн гарчигтай ярилцлагуудыг өгч байсантай танилцана уу.
Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захиалгаар бидний хэсэг судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөгдөж буй асуудлуудыг судалсан тухай өмнө өгүүлсэн. Энэ багт миний бие засгийн газрыг байгуулах асуудлыг парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсад хэрхэн зохицуулдаг талаар харьцуулж судалсан. Англи, Япон, Герман зэрэг ардчилал бэхэжсэн улсууд, мөн Польш, Чех, Эстон зэрэг ардчилал руу харьцангуй амжилттай шилжиж буй пост социалист улсуудыг хамруулсан юм. Энэ нийтлэл уг судалгаанд тулгуурласан болно.
Засгийн газрын тогтворгүй, үр нөлөөгүй, хараат байдал
Монголд гүйцэтгэх эрх мэдэл байгаа эсэх нь тодорхойгүй, эсхүл “засаглалын хямрал” бий болчихлоо гэж
улс төрчид, судлаачид ярьдаг. Ийм яриа үүсэх бодитой шалтгаан бий. Нэгд Ерөнхий сайд өөрийнхөө танхимд хэн сайд болох вэ гэдгийг шийддэггүй. Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийг эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж зөвшөөрүүлдэг нь Ерөнхийлөгч, ялангуяа УИХ-аас хэт хамааралтай, түүний гишүүдэд “барьцаалагдсан” танхим бүрдэхэд хүргэдэг. УИХ дахь нам, фракцуудыг төлөөлсөн Засгийн газар бүрдэж, танхимын зарчмаар ажиллах боломжгүй болдог. Мөн, Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа огцруулах боломжгүй, УИХ л сайдыг огцруулах боломжтой, үүний улмаас УИХ-ын гишүүд хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр сайдыг огцруулах санаачилга ойр ойрхон гаргаж ажлыг нь хийлгэдэггүй. Зөвхөн 2012 оноос хойш гэхэд УИХ-ын хавар, намрын бүх чуулган дээр аль нэг сайдыг огцруулах тухай санаачилга гарж
, хэлэлцсэн байна. Эсвэл УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьдаг
, эсхүл “тийм шийдвэр гаргахгүй бол, тэгж ингэж шийдэхгүй бол огцруулна шүү” гэж сүрдүүлдэг. Нэгэнт Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлж, бодлогоо тогтвортой хэрэгжүүлж чаддаггүй
учраас улс орны нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудаа шийдвэрлэж чаддаггүй. Жишээ нь, уул уурхай, төмөр зам, хуулийн салбарын шинэчлэл гэх мэт ажил явдаггүй, эсхүл эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэж чадалгүй Засгийн газар огцордог. Энэ нь Засгийн газрыг бие дааж ажиллах, хариуцлага үүрэх чадваргүй болгож
байна. Үүнээс үүдэн ардчилсан тогтолцооны нэр хүнд унасаар. Гүйцэтгэх эрх мэдэл сул байгаагаас үүдэн ардчилал чинь асуудлаа шийдэж чаддаггүй юм байна, үүний оронд Өмнөд Солонгос, Сингапур, одоогийн Казахстан шиг дарангуй дэглэмд шилжвэл хөгжинө гэх мэтийн яриа газар авч байгаа нь аюулта
й.
Сайдыг томилох, огцруулах асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд бүрэн өгөх хэрэгтэй
Судалсан 21 улсаас Англи, Герман тэргүүтэй 18 улсад сайдыг томилох, огцруулах асуудлыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг
бөгөөд төрийн тэргүүн, эсхүл парламент хөндлөнгөөс оролцдоггүй. Харин, Монгол шиг Ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг томилуулах, огцруулахдаа парламентаас асуудаг улс гэвэл Словени, Болгар л байна. Энэ хоёр улсад гүйцэтгэх эрх мэдэл нь тийм ч үр нөлөөтэй, тогтвортой биш. Олонхи улсад хэвийн ажиллаж буй Засгийн газрын гишүүдийг парламентын дурын гишүүн огцруулах санал гаргахыг хориглодог. Парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд
гэдэг. Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог.
УИХ-д өргөн баригдсан төсөлд хэд хэдэн сайн зохицуулалт оржээ. УИХ-аас сайдыг огцруулах санаачилга гаргахыг хаасан байна. Мөн, Ерөнхий сайд өөрийн танхимд хэн ажиллах, аль сайдад хариуцлага тооцох вэ гэдгийг харьцангуйгаар өөрөө мэдэх заалт оржээ. Гэвч, энэ заалтын томьёоллыг сайжруулах шаардлагатай. Төслөөр Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3-т Ерөнхий сайд сайдыг огцруулах асуудлыг Ерөнхийлөгчид толилуулж УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоолыг баталсанд тооцно гэсэн заалт орох нь. Ерөнхий сайд өөрөө шийдвэрээ гаргаж байгаа юм шиг мөртлөө Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-аар батламжлуулах, батлуулах гэсэн хязгаарлалт тавьж. Энэ гурван үг нь хууль зүйн ямар үр дагавартай вэ гэдэг тодорхойгүй учраас маргаан гарвал Цэц дээр очих болно. Үүний оронд парламентын олонхи нь Ерөнхий сайдаа сонгоод түүнийг нь Ерөнхийлөгч батламжилдаг
, мөн Ерөнхийлөгч Ерөнхий сайдын саналаар сайдыг томилох, огцруулах үүрэгтэй байдаг жишгийг авах
гэж байгаа бол авсан шиг авах хэрэгтэй.
Засгийн газрыг байгуулах ажиллагааг тодорхой болгох нь
2000 оны нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33-р зүйлийн 2, 22-р зүйлийн 2-ыг өөрчлөн найруулж, Ерөнхий сайдыг томилох ажиллагаа зохицуулагдахаар болжээ. Энэ хоёр заалт нь өөр өөрийн сайн талтай боловч эдгээрийг илүү тодорхой болгох шаардлага бий. Үндсэн хуулийн 33-р зүйлийн 2-ыг Ерөнхийлөгч “УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” бүрэн эрхтэй гэж 2000 онд найруулсан. Ингэснээр УИХ дахь олонх болсон нам, эвсэл заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Ерөнхий сайдынхаа нэрийг УИХ руу оруулдаг байсныг халж, УИХ-ын сонгуулийн дүнгээр бий болсон олонх Засгийн газраа байгуулах боломжтой болсон. 1996-1998 оны УИХ-д байсан олонхи өөрийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүж томилж чаддаггүй байсан явдал түүх болон үлдсэн
.
Үндсэн хуулийн 33-р зүйлийн 2-ын дагуу УИХ-д аль ч нам олонхи болоогүй бол намууд зөвшилцөж байгаад нэг нэр дэвшигчийг гаргаж Ерөнхийлөгчид танилцуулна. Гэвч, УИХ дахь намууд Ерөнхий сайдын нэр дээр зөвшилцөж чадахгүй бол Засгийн газрыг байгуулах процесс эхлэхгүй гацаанд орчих боломжтой. 2004 оноос хойш Монголд ерөнхийдөө эвслийн Засгийн газрууд байгуулагдаж ирлээ. 2012 онд холимог сонгуулийн тогтолцоотой болсноос үүдэн нэг нам УИХ-ийн нийт гишүүдийн олонхын суудал дангаар авах магадлал багасаж, олон нам, эвслүүд хамтарч Засгийн газраа байгуулж байна
. Ийм нөхцөлд эвсэхээс өөр аргагүй ч амаргүй, заримдаа зөвшилцөж чадахгүйд хүрдэг
. Мөн, нэг нам олонх болсон ч өөрсдийн Ерөнхий сайд дээр санал нэгдэж чадахгүй байх боломжтой. Гадаад орнуудад тухайлбал Англид 20-р зуунд парламентад олонхи болсон нам нь ерөнхий сайд хэн болох вэ гэдэг дээр ойлголцож чадаагүй дөрвөн удаагийн тохиолдол гарч байсан. Ялангуяа Монгол дахь намууд дотроо олон фракцуудад хуваагддаг, намын дотоод сахилга бат сул учраас нэг нам Ерөнхий сайд дээрээ тохиролцож чадахгүй байх боломжтой. Түүнчлэн, Ерөнхий сайдаар томилох саналыг оруулах эсэхийг Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн жагсаалтад оруулсан. Үндсэн бүрэн эрх гэдэгт уучлал үзүүлэх, хориг тавих зэрэг багтдаг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх эсэхийг Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Энэ агуулгаар ойлговол Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ дахь олонх зөвшилцөөд гаргаж ирчихсэн байхад уг саналыг Ерөнхийлөгч УИХ руу оруулахгүй байх хууль зүйн боломжтой
.
Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах эсхүл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана гэж Үндсэн хуулийн 22-р зүйлийн 2-т заасан. УИХ Ерөнхий сайдыг энэ хугацаанд томилоогүй бол огцрох эрсдэлтэй гэсэн утгатай заалт ерөнхий ч гэсэн орсон нь УИХ-ыг илүү хариуцлагажуулсан сайн талтай. Гэвч, энэ заалтад буй өргөн мэдүүлсэн санал гэдэг нь Ерөнхийлөгчийн анхны санал уу, эсхүл дараагийн удаа оруулсан санал уу гэдэг нь ойлгомжгүй учраас 45 хоногийг хэзээнээс эхэлж тоологдох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, одоогийн Үндсэн хуулиар УИХ Засгийн газраа байгуулж чадахгүй бол УИХ тарах эрсдэл яаж үүрэх нь бүрхэг
. Тиймээс, энэ удаагийн өөрчлөлтөөр Засгийн газрыг байгуулах асуудлыг хөндөж байгаа бол Үндсэн хуулийн 33-р зүйлийн 2, 22-р зүйлийн 2-ыг тодорхой болгох шаардлагатай боловч тэгээгүй нь харамсалтай.
Үндсэн хууль дахь Засгийн газрыг байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой, хэрэгжих боломжтой болгох хэрэгтэй. Бусад улсад парламентад суудал авсан намууд хоорондоо эвсэж Засгийн газраа байгуулж чадахгүй бол яах вэ гэдгийг маш тодорхой зохицуулдаг
. Тухайлбал, Германы зохицуулалт олон улсад жишээ болсон. Хамгийн эхний нэр дэвшигчийг ерөнхийлөгч оруулах ба хэрэв тухайн нэр дэвшигч дэмжигдэхгүй тохиолдолд нэр дэвшүүлэх эрх парламент руу шилждэг. Ерөнхийлөгч нэг л удаа нэр дэвшүүлэх эрхтэй байдаг тул парламентын олонх дэмжих магадлалтай хүнийг нэр дэвшүүлдэг. Заавал олонхоос гарч ирсэн хүнийг нэр дэвшүүлэх хатуу нөхцөлтэй уягддаггүй учраас гацаа үүсгэдэггүй, ерөнхийлөгч шууд нэр дэвшүүлэх замаар процесс эхэлдэг. Ерөнхийлөгч парламентад оруулсан нэр дэвшигчийг дэмжихгүй бол парламент өөрөө нэр дэвшүүлэх боломжтой. Парламентад үүнээс гадна хоёр, нийтдээ гурван удаа санал хураалт явуулах боловч гурав дахь санал хураалтаар нэг ч хүн талаас илүү хувийн санал аваагүй тохиолдолд ерөнхийлөгч парламентыг тараах эсвэл огцруулах шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Процесс эхлээд гурван удаа санал хураагаад амжилтгүй болбол парламент тарах эрсдэл үүсэх нь тодорхой учраас парламент Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр аль болох зөвшилцөхийг эрмэлздэг. Гэхдээ, парламентыг тараах эрх мэдлийг урвуулан ашиглах явдлыг багасгахын тулд парламент шууд тарахгүй харин Ерөнхийлөгч тарааж шинэ сонгууль зарлах, эсхүл цөөнхийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргана. Улс оронд тухайн үед тогтвортой байдал чухал гэвэл цөөнхийн Засгийн газрыг байгуулах боломжийг Ерөнхийлөгчид олгодог. Ийм тодорхой механизмыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах хэрэгтэй.
Итгэл үл үзүүлэхийг конструктив санал хураалтаар шийдэх нь зөв
1992-2014 онд Монголд 11 Ерөнхий сайдтай, бүрэн эрхийн дундаж хугацаа нь хоёр жил байсан
. Тиймээс, Монгол хамгийн тогтворгүй Засгийн газартай улсын тоонд багтдаг
. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг УИХ-ын хуралдаанд оролцож байгаа гишүүдийнхээ олонхи /ердийн олонхи/-ийн саналаар шийдвэрлэдэг нь Засгийн газрын тогтворгүй байх нэг шалтгаан болдог. Судалгаанд хамрагдсан 10 пост социалист улсаас зөвхөн Монголд парламент Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг ердийн олонхоор шийддэг
. Британи, Финлянд, Япон, Итали, Ирланд гэсэн таван улсад энэ асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэдэг ч эдгээр нь бүгд ардчилал төлөвшсөн улсууд байна. Британи, Финлянд, Ирланд бол маш урт хугацаанд ардчилсан дэглэмтэй байж, Засгийн газар тогтвортой байх соёл бүрдсэн газар. Японд Засгийн газар нь тийм ч тогтвортой биш боловч төрийн албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтворжуулдаг. Итали бол хамгийн тогтворгүй Засгийн газартай улс, Засгийн газрын дундаж нас нь 2.6 жил.
Тогтвортой Засгийн газартай ихэнх улсад Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэдэггүй. Судалсан 21 улсын 15 нь итгэл үзүүлэх асуудлыг ердийн олонхиор шийдэхээс татгалздаг
. Швед, Португали, Бельги, Грек, Эстон, Словак, Чех, Румын, Литв, Болгар гэсэн 10 улсад Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн биш, парламентын нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг. Герман, Испани, Унгар, Польш, Словени гэсэн таван улсад конструктив санал хураалтаар шийдвэрлэдэг
. Эдгээр улсад парламентын гишүүдийн туйлын олонхи Засгийн газарт итгэл үл үзүүлэхийг дэмжсэн байх төдийгүй дараагийн Ерөнхий сайдыг сонгосон тохиолдолд өмнөх Ерөнхий сайд огцордог. Ардчилал төлөвшсөн зургаан улс, пост социалист есөн улс бүгд итгэл үзүүлэх эсэх асуудлыг туйлын олонхи, эсхүл конструктив санал хураалтаар шийдэх замыг сонгожээ.
Одоогийн өргөн баригдаад байгаа төслөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд туйлын олонхи болон конструктив санал хураалт гэсэн хоёр механизмын хоёр дахийг нь сонгосон нь дэвшил болжээ. Төсөлд Үндсэн хуулийн 43-р зүйлийн 3-ыг “УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэж өөрчилсөн байна. Контруктив санал хураалттай төстэй энэ зохицуулалт Үндсэн хуульд орвол Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой
болох юм.
Конструктив санал хураалт засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгодог тод жишээг Германаас харж болно. Конструктив санал хураалт Германы улс төрийн түүхэнд хоёрхон удаа явагдсан. 1972 оны Вилли Брантын эсрэг санал хураалт амжилтгүй, 1982 онд Хелмут Шмитийн эсрэг санал хураалт амжилттай болж түүнийг Хелмут Колиор сольсон байна. 1949-2014 он хүртэлх хугацаанд Герман улс найман Канцлер /Ерөнхий сайд/-тай, түүний бүрэн эрхийн дундаж хугацаа 8.1 жил
байв. Түүнчлэн, пост социалист улсууд тодроо хамгийн тогтвортой Засгийн газартай гэж үзэж болох Словак, Эстон хоёрт туйлын олонхийн санал, Унгарт конструктив саналаар шийдвэрлэдэг. Засгийн газрын дундаж нас Словакт 4.2, Эстонд 3.1, Унгарт 3.1 жил
байна.
Засгийн газарт итгэл үзүүлээгүй бол УИХ тарах эрсдэл хүлээдэг байя
Төслийг харвал гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн дээрх зохицуулалт байна. Гэвч, төсөл батлагдсан ч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг зохистой хангаж чадахааргүй байна
. Эндээс үзвэл УИХ-д хариуцлага тооцох механизм сул, УИХ-ыг хариуцлага үүрдэггүй инстүүц хэвээр байлгах нь. Парламентын хариуцлага нь түүнийг тараах байдлаар илэрдэг.
Гэтэл одоогийн төсөлд парламент тарах нөхцөл, механизмыг тодорхой заагаагүй
, Үндсэн хуульд УИХ өөрөө тарна гэсэн заалт бий ч гишүүд ийм хүсэлгүй учраас энэ заалт хэрэгжих боломжгүй юм. УИХ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг 45 хоногийн дотор тараах заалттай боловч яг хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй талаар дээр тайлбарласан. Мөн, Ерөнхий сайдын хувьд хамгийн чухал хуулийг нь УИХ баталж өгөхгүй байх, УИХ Засгийн газрын ажилд хэт хутгалдан орох явдал гарвал Ерөнхий сайдад авах арга хэмжээ одоогийн хуульд ч байхгүй, төсөлд ч алга
. Герман зэрэг улсад ийм тохиолдолд Ерөнхий сайд “Миний Засгийн газарт итгэл үзүүлэх үү?” гэж парламентаасаа асуудаг. Парламент нь итгэл үзүүлээгүй бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдын саналаар парламентыг тараах шийдвэр гаргах боломжтой. Энэ шийдвэрийг гаргахаас нь өмнө парламент орных нь Ерөнхий сайдыг сонгосон тохиолдолд парламент тарахгүй. Харин, Ерөнхий сайдаа сонгож чадахгүй удвал парламент тарах эрсдэлтэй учраас гүйцэтгэх эрх мэдэл парламенттай харьцахад нэлээн бие даасан байдаг. Гэвч одоогийн төслөөр УИХ-ыг хариуцлагажуулах ийм зохицуулалтыг оруулаагүй.
“Засаглалын хямрал”-аасаа гарахгүй бол дарангуй дэглэм рүү явах магадлалтай
Төсөлд “засаглалын хямрал” гэж хэлээд байгаа асуудлыг засах зарим заалт орсных нь төлөө дэмжмээр байвч дээр хэлсэн сул талтай, мөн хуулийн олон заалт зөрчсөн учраас энэ төслийг дэмжих боломжгүй юм. Намуудын хэлж буй шүүмжлэлд ч үндэслэл байна. Тиймээс, хэд хэдэн зүйлийг засч байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэгд, бид хуулийн засаглал дор амьдарч буй учраас энэ ажиллагаа Үндсэн хууль болон бусад хуулийг ягштал баримтлах ёстой
. Ялангуяа, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагуудыг бүрэн хангах нь чухал. Жишээлбэл, уг хуулийн 8.1-т заасан “УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргахдаа УИХ-ын болон сонгуулийн бүрэн эрхийн хугацааг сунгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь буруу. УИХ хуулийн энэ мэт илэрхий заалтыг зөрчсөн төслийг баталбал Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана. Хоёрт, төслийн агуулгыг сайжруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлбэл хэд болгох вэ, Засгийн газрыг байгуулах ажиллагааг хэрхэн тодорхой болгох вэ, УИХ-ыг хэрхэн хариуцлагажуулах вэ, Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэх вэ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг цөөлөх үү, Цэцийн гишүүдийн томилгоо дахь Ерөнхийлөгчийн оролцоог хасвал хэн нэр дэвшүүлж, хэрхэн томилдог болох вэ зэргийг судлаачдыг оролцуулан оновчтой шийдвэрлэх хэрэгтэй
. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Засгийн газрыг байгуулах ажиллагаа зэрэг цөөн асуудлыг онож шийдвэрлэж чадвал
парламентын засаглал улам бэхжинэ. Энэ асуудлуудаар УИХ дахь голлох намуудын дунд зөвшилцөл харьцангуй үүссэн учраас хийх боломжтой юм. Гэхдээ, УИХ-ын сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуулийг өөрчлөхийг хориглосон учраас энэ УИХ-д хугацаа бараг үлдсэнгүй. Төсөл дэх дээрх алдаануудыг засч чадвал Хаврын чуулганаар 1, 2-р хэлэлцүүлгийг хийгээд УИХ-ын сонгуулиар ард нийтийн санал асуулга давхар явуулах боломж бас бий.
Засгийн газар болон УИХ-тай холбоотой эдгээр асуудлыг зохистой шийдэж чадахгүй бол илүү ч эмгэнэлтэй байдалд хүрч мэднэ.
УИХ-ын 19 гишүүн нийлээд Засгийн газрыг огцруулдаг, дурын гишүүн сайдыг огцруулахаар өргөн бариад УИХ-аар байн байн хэлэлцүүлдэг нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтворгүй, хүчгүй болгож байна. Энэ бол зөвхөн Монголд үүссэн нөхцөл байдал биш, дэлхийн бусад улс орны түүхэнд олон удаа гарч байсан үзэгдэл. Францад 1878-1940 онд байсан III Бүгд найрамдах улс /БНУ/, 1946-1958 онд байсан IV БНУ-ын үед Засгийн газар нь маш тогтворгүй, дунджаар есөн сар ажиллаад огцордог байв. Тиймээс, Францын Засгийн газар үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй байсаар нацистуудад тусгаар тогтнолоо алдсан
байдаг. Германд нацист дэглэмээс өмнө Ваймерын БНУ гэж байсан. Энэ улсад мөн л Францын БНУ шиг тогтворгүй Засгийн газрууд байв
. Учир нь, Засгийн газрын гишүүн бүр парламентын итгэлийг хүлээсэн байх, хүлээгээгүй гишүүн огцрох заалтууд Үндсэн хуульд нь байсан. Үүний хажуугаар Дэлхийн I дайнд ялагдаад ард түмэн нь өөрсдөдөө итгэх итгэлээ алдчихсан, инфляци өссөн, эдийн засаг нь хүнд байсан. Энэ мэтээс болж ардчиллын нэр хүнд унаж, Германчууд ардчиллын дайснуудыг сонгож парламентын олонхи болгосон
байдаг. Нацистууд анхандаа ардчиллын замаар эрх мэдэлд гарч ирсэн ч дараа нь Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож дарангуйллын тогтолцоонд шилжсэн нь дэлхий дахинд аймшигтай үр дагаврыг авчирсан. Монголд “засаглалын хямрал”-тай байна гэж яриад байгаа нэг шалтгаан нь одоогийн тогтолцоо
юм. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлаа шийдвэрлэж чадахгүй бол Францын IV БНУ шиг тусгаар тогтнолоо алдахгүй гэх баталгаа байхгүй
. Хүчтэй гар хэрэгтэй гэсэн яриа одоогийн эрчээр газар авбал Ваймерын БНУ шиг дарангуйлагчийг төрүүлж
, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалаа ч алдах магадлалтай. Үндсэн хуулийг боловсронгуй болгох хэлэлцүүлэг өрнөж байгаа нь сайн ч үүнийг мэргэжлийн түвшинд үндэслэлтэй шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрчид хойч үеэ бодож, хариуцлагатай хандаасай
гэж хүсэх байна. Гэхдээ, зөвхөн улстөрчдөд найдаад орхиж болохгүй
. Бид өөрсдийн болон үр хойчийнхоо үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа, ардчилсан нийгмийнхээ суурь болсон Үндсэн хуулийн хувь заяанд ямагт анхаарал хандуулж, аливаа нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх гэж байна уу, дордуулах гэж байна уу гэдэгт сэрэмжтэй байх иргэний үүрэгтэй
.
Mash zov, Undsen huulind yamar oorchlolt orj buig xyanan Sanaa onoogoo devshuulj baix ni Mongol irgen buriin ureg shuu dee
zow Sanaa dewshuulsen bna. demjij bna