Нийтлэл 12 сарын 07, 2015

МАРГААШИЙН ТҮҮХИЙГ БИД БИЧНЭ

Сергей Бодров найруулагчийн  "Монгол" нэртэй Чингис хааны тухай кино хийх гэж байгаа тухай мэдээ монголчуудад их ойрхон санагдаж хүлээлт үүсгэж байсан. Би ч бас багагүй догдлон хүлээж байсан хүмүүсийн нэг. Кино ч нээлтээ хийлээ. Хийсэн даруйдаа сайн, муу багагүй шүүмж дагуулж шуугиан тариад эхлэв. Мань Бодров агуу их эзэн Чингис хааныг маань торны цаана нохой шиг хорьж, тэжээж байгаагаар харуулсан нь монголчуудын хувьд тэсвэрлэшгүй доромжлол мэт... 

Орос эрийн энэ "Монгол" хэмээх кино Чингис хааны тухай бараанаар өгүүлэх бүтээлийн эхнийх нь, бас эцсийнх нь ч биш. Тэгвэл дэлхийн түүхийн шарласан хуудсанд МОНГОЛ хэмээх нэрийг томоор сийлж үлдээсэн тэр эрхэм хүнийг бид хэр их мэдэх билээ. Түүнийг бид хэрхэн алдаршуулж байгаа юм бол... 

Италид оюутан байхдаа /2000 он/ маркетингийн хичээл дээр Монгол Улсаа танилцуулах, илтгэл тавих даалгаврыг аваад надад хачин амархан санагдаж билээ. Их хаан, эх түүх, дэлхийд байгаагүй том газар нутгийг нэгтгэж эзэнт гүрэн байгуулсан гэх мэт төсөөллүүд нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч, тэр дор нь гараад илтгэлээ тавьсан ч чадахаар бардамнал, омогшил надад төрж билээ. Илтгэл минь их түүхээс улбаалан явсаар монголын зах зээлийн байдал, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт сэдэв хүртэл үргэлжилнэ. Танхим даяар миний илтгэлийг чих тавин чагнаж байгаа нь намайг улам хөглөж байлаа. Гэтэл Флоренциас ирсэн Томмази гэх залуу "Танай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ 390 ам.доллар гэж сонслоо. Чи андуураад хэлчихэв үү эсвэл би буруу сонсов уу? Италид энэ хэмжээ 35 мянган ам.доллар байдаг. Танай улс ядуугийн ядуу гэсэн категорит байгаа юм биш үү. Тэр агуу эзэнт гүрнээс одоо юу үлдсэн юм бэ. Бараг “сүйрсэн” байхад та нар түүхээ яриад суух биш тулгамдаж байгаа хүндрэл, хөгжих гарцаа эхлээд ярьж баймаар юм" гэхэд надад хэлэх  үг үнэндээ олдоогүй юмдаг. Хичээлийн дараа ангийн маань нэгэн анд "Монгол үнэхээр аугаа түүхтэй улс юм байна. Гэхдээ түүх бол түүхээрээ л үлдэнэ. Түүхээс авч үлдэх юм гэвэл сургамж л байдаг. Хөгжих үндэстэн ирээдүйгээ, мөхөх үндэстэн түүхээ ярьдаг гэх юм билээ" гэж хэлээд мөрөн дээр минь нөхөрсгөөр алгадсан нь ч намайг тайвшруулж чадаагүй юм. Миний нөгөө омогшил, бардамнал үгүй болж би газар дээр, хөрсөн дээр, яг одоо, яг энэ мөчид ХХI зуунд байгаагаа хамгаас илүүтэй мэдэрсэн юм. Түүх бидэнд сургамжаа хайрладаг болохоос түүхээрээ амьдрах ёсгүй. 

Тэр өдөр миний эх орноороо бахархан танилцуулах агуу төлөвлөгөө нуран унасан ч монголчууд бидэнд нийтлэг байдаг алдааг олж харсандаа одоо ч гэсэн олзуурхдаг. 

Бас эх түүхээ зөвөөр харахыг хичээх болсон. Өөрөөр хэлбэл, буурал түүхээрээ, дэлхийг байлдан дагуулсан эзэн Чингис хаанаа нэрийн хуудас мэт ашиглан бахархан омогшдог цөс ихт монгол залуусын нэгэн тэр өдрөөс хойш их хааныхаа нэрийг дахин худалдаж идэхээс татгалзахаар шийдсэн юм. Харин ирээдүйд, XXI зууны дэлхийн түүхэнд монголчууд бид ямраар бичигдэх ёстой вэ гэдэгт санаагаа чилээх ёстой гэдгийг ухамсарласан хэрэг. Түүхээрээ бахархалгүй л яахав. Үндэсгүйгээр ургадаг ургамал үгүйн адил түүхээс бид сургамжийг нь авч зөв амьдрах ухаанд суралцдаг болов уу. Агуу түүхт үндэстний агуу их хааны удам гэсэн омогшлоо зөв асааж, тэр их алдар хүндийг өндөрт өргөж явах том хариуцлагаа ухамсарлах залуус улам олон болох биз. Их хааны суу алдраараа бахархан омогшихынхоо хэрээр түүний байгуулсны дайтай өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхитай, хүчирхэг Монгол Улсыг ертөнцийн түүхийн хуудсанд сийлэн үлдээх ачааны хүнд зөвхөн та бидэнд иржээ. Одооноос хичээж хожмын түүхэнд сайн сайхнаар дурсагдаж амьдарцгаах, сайхан ирээдүйг бүтээх боломж бидний л гарт байна. Яг бид эх түүхээрээ бахархдаг шиг хожмын үеийнхэн маань ч биднээр омогшиж нүүр бардам байх эрхийн төлөө зүтгэхийг цаг хугацаа сануулан урагшилсаар. Цаг биднийг хүлээхгүй нь... 

Сэтгэгдэл бичих

    • chuluunbaatar battulga
    • 2015-12-11

    saihan b,a shuu cham shig zaluus olon olon bolj delhiid aldarshij mongol gedeg neree gargaj uvug deedsee bayrluulaarai timee bid chadna chadna

    • Зочин
    • 2015-12-11

    Зөв л залуу байна

    • Зочин
    • 2015-12-07

    Их зөв бодолтой залуу гэж бодогдох болсон.

    • Зочин
    • 2015-12-07

    ene zaluu ih zow bodoltoi zaluu yum shig bgan. deer manaid honyoor garch bhad harahad.

    • Зочин
    • 2015-12-07

    зөв шүү

arrow icon