Нийтлэл 12 сарын 07, 2015

Киотогийн Их Сургуулийн профессор М.Яно: Монгол орноос эрч хүч мэдрэгдэж байна  

Өнгөрсөн наймдугаар сард Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нар Монголбанкны урилгаар  зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншсан билээ. Уг лекцийг сонсохоор очиход Монголбанкны хурлын заал битүү, зарим залуус хойд талын эгнээгээр зогсоод сонсож байсан нь сайхан санагдаж байв. Энэ удаа профессор Яногийн толилуулсан “Зах зээлийн чанар” лекцээс  зах зээлийн динамик ба түүний чанарт юу нөлөөлдөгт талаарх хэсгээс сонирхуулъя. Мөн лекцийн дараа түүнээс авсан товч ярилцлагыг хавсаргав.

Сайн зах зээл гэж ямар зах зээл вэ?

Сайн зах зээл(чанартай зах зээл) гэдэг нь энгийндээ 1. Арилжаанд оролцож байгаа хүн бүр арилжааг боломжийн гэж үзэхүйц,  2. Хүчээр зарах, хүчээр худалдан авах гэх мэт албадлагын хэрэгцээгүй бүгдэд эрх тэгш, шударга арилжаа явагддаг, 3. Мэдээлэл ил тод, залилангүй, 4. Сайн ба муу барааны ялгамж үүссэн зах зээл юм.

Уламжлалт онолд зах зээлийн чанарыг үр ашигтай байдал буюу арилжаанаас хэр их ашиг олсноор үнэлэх хандлагатай байсан бол сүүлийн үед fairness буюу өрсөлдөөн хэр шударга явагдсан, арилжаа хэр шударга хийгдсэнээр үнэлэх шинэ хандлага бий болж байна.  Өрсөлдөөн, шударга байдал гэх хоёр ойлголт аль аль нь нийгмийн дүрэм, журмаас хамаардаг. Өрсөлдөөн нь шударга, эрх тэгш дүрмээр бусад этгээдийн авах сонирхолтой ямар нэг зүйлийг авахаар ажиллахыг хэлэх бол fairness шударга байх нь шударга байдлын төлөөх нийтлэг дүрмийг сахих, мөрдөх замаар бий болдог.   Зах зээлийн хамгийн үндсэн гурван дүрэмд:  1. Хувийн өмчийг зөвшөөрөх, 2. Сайн дурын оролцоог хангах, 3. Ялгаварлан гадуурхахгүй харилцах гурвыг дурдаж болно.  Хувийн өмчгүй зах зээлд өмч үнэгүйдэж, улам ховордох, бохирдол, орчны нөхөн сэргээлт эзэнгүйдэх замаар зах зээлийн арилжаанд гажуудал үүсдэг. Сайн дурын оролцооны хувьд хэн арилжаанд оролцмоор байна, тэдгээр бүх хүн оролцох боломжтой шударга үнэ тогтож байх нь чухал. Үнэ хэт өндөр бол зарим хүн худалдан авч чадахгүйд хүрч, үнэ хэт бага бол зарим нийлүүлэгчид зах зээлээс шахагдахад хүрдэг. Ялгаварлан гадуурхахгүй байх дүрэмд мэдээллийн ил тод байдал нэн чухал үүрэгтэй. Ерөнхийдөө зах зээлийн чанар, чанарыг тодорхойлдог үндсэн дүрмүүдийг ингэж зураглаж   болох бол  зах зээлийн чанар юунаас хамаарч өөрчлөгддөг вэ гэдэг нь тусдаа сонирхолтой асуулт юм.  Профессор Яно зах зээлийн чанар өөрчлөгдөж ирсэн түүхэн явцыг нэн сонирхолтой энгийн графикт хураангуйлсан байсныг дор хавсаргав.

1. Үйлдвэрлэлийн хувьсгалаар өдөөгдсөн шиг асар хурдтай технологийн хөгжил эхлээд зах зээлийн чанарыг муутгаж, эдийн засгийн хямралд хөтөлдөг.

2. Дараагийн шатанд технологийн түвшинд тохирох зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар тийм хямралыг даван туулдаг. Доорх зурагт Үйлдвэрлэлийн хувьсгалын нэгдүгээр үе шатаас хойш хэд хэд давтагдсан тийм циклийг харуулж байна.

Асуулт хариулт:

- Цаг гарган бидэнд зориулж сонирхолтой лекц уншиж, онолын баримжаа өгсөнд баярлалаа. Монголын амьдрал, хүн ард танд ямар харагдаж бн? Эдийн засгийн хувьд төсөв алдагдалтай, хөрөнгийн баланс  эмзэг бүтэцтэй, гадаадад Хятадын эдийн засаг удаашралтай гэх мэт олон асуудал үүссэн цаг үе үргэлжилж байна?

- Богино хугацаанд тийм асуудлууд байгаа ч, урт хугацаанд бол өсөж хөгжих их боломж агуулж байгаа гэж бодож байна. Улаанбаатар хот их хөлжиж, улам өсөн тэлж байгаа юм байна. Цаашид хөгжих эрч хүч мэдрэгдэж байна. Нөгөө талаар улам бүр гүнзгийрч байгаа нийгмийн ялгарал хамгийн том асуудал санагдав. Улаанбаатарын төвд ажиллаж, амжилт олж байгаа хүмүүс байна, харин өөр газар өөр амьдралтай хүмүүс байна, энэ их том асуудал. Гадаад дотоодод хөдөлмөрлөж, суралцаж ирсэн, залуу, эрч хүчтэй давхаргынхаа хүчийг ашиглаад аль болох хурдхан энэ гүнзгий ялгааг арилгах нь чухал.

-  Өнөөдөр та зах зээлийн чанар гэдэг сэдвээр лекц уншлаа. Зах зээлийн чанар,  суурь бүтцүүдийг босгож ирэхэд боловсролд, бусад биет системүүдэд ч томхон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.  Гэтэл түүхий эдийн үнэ унасныг хэлэх үү өрийн төлбөр, төсвийн болон худалдааны алдагдалд нэрвэгдсэн манай улсад ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хангалттай хийх боломж муу байна. Ингэхээр суурь бүтэц, чанар муудах, суурь бүтэц муудахаар өртөг өндөрсөх, өртөг өндөрсөхөөр өнөө маргаашийн зардал ихсэх, дахиад цаашдын хөрөнгө оруулалт багасах гэсэн хар цикл үргэлжилнэ. Ийм циклийг яаж зогсоож, гадна нь гарах вэ? Зогсоохын тулд юу хамгийн чухал бол?

- Зах зээлийн дэд бүтэц гэхээр бид хатуу, биет систем төсөөлөх нь элбэг. Харин ч зах зээлийн дэд бүтэц бол дүрэм журам, боловсрол, соёл, нийгмийн зан заншил гэх мэт илүү зөөлөн талдаа байдаг. Тийм ч их мөнгө зарцуулахгүйгээр зах зээлийн чанарыг сайжруулж болно гэж бодож байна. Сайн тунгаадаг, аливаа хэргийн хэт алсыг харж боловсруулж чадах хүмүүсээрээ жишээ нь хувийн өмчийн эрх, гол ус гэх мэт байгаа зүйлсийнхээ хэрэглээний дүрмийг яавал зах зээл хамгийн уян налархай ажиллах вэ гэдгийг бодолцож зохиолгох хэрэгтэй цаг ирсэн гэж бодож байна.  Зохицуулах, хуульчлах гэх мэт том системээс гадна байгаа зүйлсээ яаж хэрэглэх вэ гэх мэт энгийн дүрмүүдээсээ эхлээд өөрчилж, мөрдүүлвэл зүгээр болов уу.

- Багш хүний хувьд  Монголын оюутан залууст нэг үг дайна уу?

-Залуу насанд аливаад суралцах л хамгийн чухал гэж хэлмээр байна даа. Шинээр өсөж хөгжиж байгаа эрч хүчтэй, орон тусмаа шинэ зүйлийг хэнээс ч түрүүнд чамбай сайн суралцаж амжилт бүтээл дүүрэн амьдраасай, юун түрүүнд залхууралгүй хичээлээ сайн хийж сайн суралцаарай гэж хэлмээр байна.

 

 Профессор Макото Яно нь Японы Эдийн засгийн ухааны холбооны ерөнхийлөгч, Киотогийн их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Япон эдийн засгийн тойм (Japanese Economic Review) сэтгүүлийн удирдах редактор зэрэг алба хашиж байсан, мөн АНУ-ын Корнел, Ратгерс, Японы Ёкохамагийн Үндэсний их сургууль, Кейо болон Киотогийн их сургуулиудад эдийн засгийн ухаанаар хичээл зааж ирсэн дэлхийд нэртэй эрдэмтэн юм. Профессор Яно 1977 онд Токиогийн их сургуулийн эдийн засгийн факультетыг дүүргэж 1981 онд АНУ-ын Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon