Нийтлэл 12 сарын 07, 2015

Хэвлэл хялбаршсан өнөө үед номыг шүтэж биш шүүж унших хэрэгтэй

Аав маань ойр зуурын юм мартчихаад байна, тэгсэн хэрнээ холын дурсамжууд нь огт бүдгэрэхгүй. Намайг хамгийн анх үсэг таньсан агшныг их тод санана. Тухайн үеийн Хөдөлмөр сониныг харуулаад

Хэнэггүй Морионы хамар дээр

Хэрээ сууж бн хачнаа

гэж худлаа унштал -Худлаа ярь, ХӨ гэж байна гэсэн гэдэг.  Магадгүй эндээс бичиг үсэг бид хоёрын нөхөрлөл эхэлсэн билээ.  

Еврэй нарын хүүхдээ номд дуртай болгох аргыг олон хүн сонирхож уншсан. Одоо бодоход аав яг тэр аргаар намайг номд дуртай болгосон байдаг. Гэрээр хаана л бол хаана ном байна. Үл мэдэх, Их Мэдэх, Буратино, Улаан малгайт гээд л. Том өрөөний нэг хана тэр чигтээ номын тавиур. Өөрөө бол бчигийн хүн биш л дээ, мэс заслын эмч. Соц үед массын бичиг номын соёл их сайн хөгжиж байсных болов уу. Эхэндээ зургийг нь харж байгаад өөрөө зохиож худлаа уншдаг байв. Гадаад хэлний сонсгол гэнэт нэг өдөр сайжрахыг “чих онгойх” гэж хэлдэг. Тэрэн шиг л нэг л өдөр “нүд онгойж” худлаа уншаад байсан үсэгнүүд ойлгогдож ирсэн байх, нэг чоно гардаг саарал хавтастай үлгэрийн номыг анх ойлгож уншсанаа бүүр түүр санадаг. Ингээд би уншигч болж, уншигч болсноор мэдээлэл түгээгч болов. Цэцэрлэг дээр хааяа ангийхандаа үлгэр уншиж өгнө. Ангийн хүүхдүүд тойрч суугаад сонсоно. Одоо бодоход нэг бацаан үлгэр уншиж байхад бусад нь томоотой суугаад сонсож байна гэдэг хүүхэд бүр номд дуртайн шинж. Томчууд яаж нээж хөгжүүлснээс л хамаарч зарим нь номтой үлдэж, зарим нь холддог.  Би харьцангуй эрт уншиж эхэлсэн тул хавийн номыг хамж шимж уншиж дуусгаад, сүүлдээ Ленин багшийн сургаал унших дөхөв. 

Хожим хоёр гадаад хэл сурах, улмаар гадаад хэлээр суралцахад ч, төгсөөд ажиллахад ч уран зохиолоор угжиж өссөн хүүхэд нас минь ямар нэг хэлбэрээр түшиг тулгуур болж өгсөн байж таарна. Япон хэлний дүрмийг бол монгол хэлний дүрэмтэй нэгд нэгэнгүй харьцуулах замаар сурсан.  Ном гэх үү  ер нь урт текст уншиж дадсан хүн их хэмжээний мэдээллийг богино хугацаанд боловсруулах чадвартай болдог. Боловсруулна гэдэг нь өргөн утгатай ч ерөнхийдөө агуулгыг уншиж ойлгох, дүгнэлт хийх, өөрийн шүүмж, гаргалгааг тоймлох, эссе бичих, илтгэх юм уу хэлэлцүүлэг хийх чадвар гэж ойлгож болно.  Цагт 100 хуудас унших хурдаар даалгавар өгдөг сургуульд ч, олон зуун хуудас материалтай богино хугацаанд танилцаж гаргалгаа хийх ёстой зөвлөх салбарт ажиллаж байхад ч хаа нэгтэйгээс багын найз номын мөрүүд тусалж байсан байж таарна.   

Мэдээлэл боловсруулах гэх мэт ур чадвараас гадна уран зохиолын ном хүний уян чадварыг хөгжүүлдэг гэдэг. Уян чадвар буюу soft skill-ийг гурван үгэнд багтаавал хүний сэтгэлийг ойлгох. Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Дарма Батбаяр тэргүүтэй монгол зохиолчид, Оросын болон барууны, хожим Д.Осамү тэргүүтэй япон зохиолчдын гоо сайхан үгсийн чуулганаас аливааг хүний сайн сайхны төлөө сэтгэж хийх хандлага, хуманизм их бага хэмжээгээр шингээж авсан байх гэж найдаж байна.

Цаг хугацаа ямар ч харилцааны шинж чанарыг өөрчилнө. Ном бид хоёрын нөхөрлөл ч цагийн эрхээр нэлээн өөрчлөгджээ.  Хүүхэд байхад үйл явдал сонирхож уншдаг, эсвэл таарсан номыг уншдаг байв. Fiction буюу уран зохиол талдаа сонирхолтой байсны дээр ном намайг голдог байсан гэж хэлж болно. Одоо бол ажлын шаардлагаар non-fiction мэргэжлийн номнууд давамгайлж, үйл явдлаас илүү зарчим, идей хайж, бас номыг голж уншдаг болж.  Ном л байвал унших биш, яг өөрийн сонирхсон сэдвээр, сэдэв дотроо хамгийн сайн бичигдсэн сайн бүтээлийг зориуд цаг гаргаж хайх, уншсан ч өөрийн шүүмжээр филтердэж унших талдаа болсон байна. Бас сэдэвт хэрэгтэй бол заавал цаасан ном гэхгүй дижитал ном, судалгааны репорт харж, аудио ч сонсоно. Ер нь оройтлоо гэхэд их сургууль төгсөх алдад хүн ном шилж сонгох өөрийн гэсэн сэдэв, шалгууртай болсон байх нь зүйтэй. Бас сайн номнууд гардаг дор хаяж нэг гадаад хэл суралцахгүйгээр сайн уншигч болох боломжгүй болов уу. Монсудар гэх мэт бодлоготой хэвлэлээс сайн агуулгууд их хэвлэж байгаа ч яг нэг сэдвээр гүнзгийрүүлээд уншихад монгол хэл дээрх агуулга хангалтгүй. Бас орчуулгын чанар ч янз бүр. Мэдлэг хаана тэргүүлж байна, тэнд сайн номнууд гарах нь мэдээжийн хэрэг.

Сэдвээс илүү “ном” гол дүр болчих гээд байдагт уламжлалт соёлын нөлөө их санагддаг. Ном бол бичиг үсгээр шагласан мэдлэг оюуны хамгийн түгээмэл, хамгийн цэгцтэй хэлбэр нь юм. Анх хэвлэлийн технологи, түгээх борлуулах систем, бүх нийтийн боловсрол хөгжөөгүй байхад ном ч, номтой нь ч ховор, хүндтэй байж.  Тиймээс номыг хүндлэх, баринтаглах, өөд залах ёс хөгжиж ирсэн ч номноос илүү түүгээр дамжуулах мэдлэг, идей гол гэдгийг заримдаа мартах хандлага харагддаг. Хэвлэл хялбаршсан өнөө цагт бол номыг хүндлэхээс илүү харин ч голж, агуулгад нь өөрийн гэсэн цензуртай хандаж байх хэрэгтэй болсон. "Номтойчууд"-д ч ялгаагүй. Нандигнаад шүтээд байхын оронд дээр нь сайн тэмдэглэж, тунгааж, эргээд харах тэмдэглэл, индекс үлдээж уншвал зүгээр санагддаг. Миний хувьд дор оруулсан зураг шиг индекс зүүж, нэлээн эрээчиж уншдаг. Тэмдэглэл зүүх, эргээд индексээ хайх тал дээр бол дижитал номын технологи их гоё болсон. Ном унших арга, хандлагын талаар хурдан унших тухай техник зөвлөгөөний ном их байдаг. Жишээ нь ЭМОС клубээс гаргасан “Ном унших ном” гэж ном бий.

Хилийн чанадад сурч байхдаа ЭМОС клубын нөхдийн хамт зарим ном, орчуулга хамтран хэвлэсэн. Монголдоо буцаж ирээд ерөнхий боловсрол, тэр тусмаа эдийн засгийн боловсролд улс хоорондын харилцааны гол зангилаа болох үйлдвэрлэлийн хөгжлийн тухай агуулга өм цөм онгойж байгааг бага боловч залруулах зорилгоор нэг ном гаргасан. Үргэлж уншиж, бусдаас авч ирсэн миний хувьд өгөх, уншуулах дүр өөд нэг алхам ахисан гэсэн үг. Цаашид ч өгөө авах үргэлжлэх нь дамжиггүй.  

Заан нэрлэж байгаа хорвоо ертөнцтэйгөө мөн чанартаа ямар ч төсгүй үсэг зохиож, эвлүүлж, үүх түүх, үлгэр домог, хайр дурлал, шинжлэх ухаанаа бичиж тэмдэглэж ирсэн хэл бичиг гэдэг хүний оюуны ухаанаас төрсөн хамгийн сод бүтээл юм шиг санагддаг. Энэ ертөнц Х, Ө гэж хоёр үсэг эвлүүлж уншсан 4 настай балчир надад ямар сонин санагдсан,одоо ч  яг л тэр хэвээрээ өөртөө агуулсан агуу том, сонин сайхан өөд соронз мэт татсаар л байнам.

 

 

 

 

 

 

arrow icon