Нийтлэл 12 сарын 08, 2015

ПОПУЛИЗМЫГ ЧӨТГӨР АВААСАЙ!

Нэг үе манай улс төрчид болон төрийн албаныхан “Бид тэгж юм хиймээр байх юм. Даанч эрх зүйн орчин алга” гэж ярьцгаадаг байлаа. Бараг л амтай болгон нь ингэж ярьдаг байсан бөгөөд үүний улмаас архичид хүртэл “Бидэнд гудамжинд тухтайхан суугаад архи уух эрх зүйн орчин алга” гэж гомдоллож байсан ч удаатай.

Үнэндээ бид “Эрх зүйн орчин” гээчийг ингэтэл нь доош нь оруулсан. Ер нь аливаа нэг зүйлийг амтай болгон чалчаад байхаар аргагүй л үнэ цэнээ алддаг. “Эрх зүйн орчин алга” гэх ярианы дараа “Олигархи” гэдэг үг “мода”-нд орсон. Ялангуяа 2008-2012 онуудад “Олигархиуд”, “Төрөөс төрсөн тэрбумтанууд” гэх мэтийн үг хэллэг хэн хүний амнаас унаж, гудамжны нэг архичин байтугай тэтгэвэрийн эмгэн хүртэл “Муусайн олигархиуд” гэж үглэх болсоноор дээрхи үгийн чинад утга оргилдоо хүрч байлаа.

“Олигархи” гээчийг “Популизм” хэмээгч үг хэмх цохин гарч ирж байх шиг.

Нээрээ ч улс төрч болгоны амнаас “Популизм” гэдэг үг унадаг болж. Сүүлийн үед ийм үг улам ширүүсч байна. Тэгэхдээ энэ үгийг хэн нэгэн улс төрч дээр тохох биш, ямар ч нам, эвсэл харгалзахгүйгээр бүгд л бие биен дээрээ тохдог болжээ. Жишээ нь хэн нэгэн улс төрчийг нөгөө нэг нь “Популист” гэж хэлэхэд зөрүүлээд цаадах нь нөгөөдөхөө мөн л Популист” гэж хэлдэг болж.

Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Манай улс төрчдийн популизмаас болж Оюутолгойн гэрээ маш муу хийгдсэн” гэж ярьж байлаа. Тэгтэл үүний дараахан УИХ-ын гишүүн Г.Уянга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Уянга, Ганбаатар хоёр популизм хийснээс болж Оюутолгойн төсөл муудсан гэж манай улс төрчид ярьдаг” гэж өгүүлж байх юм. Популизм гэж ярьсан Ганбаатарыг мөнөөх популистууд нь эргээд бухаж байгааг харж байна уу. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг популизм хийгээд байна гэсээр байгаад суудлаас нь огцруулсан. Улс төрчид байтугай сэтгүүлчид хүртэл ингэж дүгнэсэн. Тэгээд ч одоо түүнийг жинхэнэ популист гэж цоллоод байгаа. Тэр байтугай өөрийнх нь танхимын гишүүн Ч.Сайханбилэг хүртэл Н.Алтанхуягийн засаглалыг хэтэрхий популизм хийсэн мэтээр тайлбарласан. Тэгтэл нөгөө Н.Алтанхуяг чинь эргээд Ч.Сайханбилэгийгээ популист гэж зарладаг байгаа. Мань эр улс төрөөс хэсэг хөндийрч байсаар хавар эргэж ирэхдээ шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаягласан жинтэйхэн үг айлдав. Жишээ нь “Төсөв тойроод баахан популизм явж байна гэж би харж байна. Эдийн засаг хүнд байгааг бид хоёр жил ярьсан. Гэхдээ эхчүүд, хүүхдийн мөнгийг булааж авах хүртлээ доройтсон зүйл байхгүй. Яах гэж анхнаасаа ийм хийсвэр зүйл оруулж ирж цаг барж байдаг юм. Наад популизм чинь хэтэрлээ Сайханбилэг ээ. Монгол улсын үе үеийн Ерөнхий сайд долоон зөвлөхтэй байсан. Одоо тартагтаа тулаад гурван зөвлөхөө цомхотгож төсөв хэмнэж байгаа юмуу. Та нарын үг нийгэмд популизм бий болгоод байна. Өнөөдөр арай ч иргэдийнхээ цалин, хөлсийг тавьж чадахгүй хэмжээнд оччихоогүй. Төсвөө хурдан баталж, төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг тавиад яв л даа. Бүх юм болохоо байлаа гээд “Оюутолгой”, ”Тавантолгой” хоёрыг хөдөлгөөд амь гарах тухай бодож байгаа бол буруу. Гурван хүн халаад 140 саяыг хэмнэнэ гэдэг хогийн юм ярихаа болио. Цаана чинь хүмүүс гайхчихсан сууж байна. Намууд нийлээд бүх зүйл сайхан болно гэсэн яасан бэ. Энэ популизмаа болиоч дээ” гээд л хашгирч гарах нь тэр ээ.Ерөөсөө Н.Алтанхуяг ч буруугүй, Ч.Сайханбилэг ч буруугүй, харин популизм гээч эзэн биегүй нэг юм л буруутай болоод байх шиг. Шинэ нь гарч ирээд хуучнаа үгүйсгэх, хуучин нь эргэж ирээд шинээ гоочлох бүрийд популизм гээч юм хөндөгдддөг болжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхны нэг өдөр тутмын сонинд “Популизм бол хуурамч хайр” гэсэн гарчиг бүхий ярилцлага өгсөн байхыг олж үзлээ. Тэр өгүүлэхдээ "Популизм" гээд ирэхээр би хэн нэгэн хувь хүний тухай ярихгүй байгаа. Мөн чанар, зарчмын тухай ярьж байгаа.Жишээ нь Детройт хотод сэлэм эргүүлдэг нэг нөхөр баахан популизм ярьсаар байгаад л хотын мээр болоод гараад ирсэн гэж байгаа. Тэгэхэд тэр хот өнөөдөр “Сүнстэй хот” гэдэг нэр аваад л явж байна. Бүх байшин, барилга, эдийн засаг нь дампуурчихсан. Бид ийм юмны өр төлбөрийг, бусад улсуудын жишээ байсаар байхад, яагаад заавал биеэрээ амсаж, туулах гээд байгаа юм. Би популизмыг гадуураа гялгар цаастай, хортой чихэр шиг л хардаг. Хуурамч хайр. Тухайн хүмүүс алга ташаад л, тэрэндээ өөрөө баясаад л, болж байна гээд. Гэхдээ тэр нь маргааш бидний үр хүүхдүүдийн ирээдүйг хулгайлаад аваад явж байдаг. Тэр нь маргааш Монгол орны ирээдүйг хулгайлж байдаг, ийм муухай, хортой чихэр гэдгийг ойлгох ёстой. Популизм болгон өртөгтэй, төлбөртэй. Сая алдарт эх, хүүхдүүд дээр популизм хийлээ. Асуудлаа шийдүүллээ. Бид нөгөө талд нь ямар өртөг төлж байна вэ гэхээр энэ жил дэлхий даяар бензиний үнэ унаж байхад манай бензиний үнэ дагаад унах байсан. Гэтэл бид тэрэн дээр татвар тавиад, татвараар авсан мөнгөө халамжиндаа аваачиж зарцуулахаас өөр аргагүй болж байгаа. Энэ бол популизмын өртөг, үнэ. Энэ бол хайр биш...” гэж ярьсан байв. Нэг нь байдал хүнд байгааг зарлаад эх, хүүхдийн мөнгө рүү хүртэл орох дээрээ тулж байхад нөгөө нь “Популизм хийлээ” гэж зарлаж байдаг. Тэгтэл эргээд Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг “Алдарт эх, хүүхдүүд дээр популизм хийлээ” гэж тунхаглаж байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?. Энэ хоёрын чухам хэн нь популизм хийгээд байна вэ? Эцсийн дүндээ хэн хэнийх нь хоосон хэнээрхэл ийнхүү популизм гээчээр илрэн гарч ирж байх шиг. Тэгэхээр энэ популизм гээчийг ёстой чөтгөр аваасай. Ер нь энэ популизм гэдэг чинь ярьсан хүндээ эргээд наалддаг ямар муухай шаар вэ? Тэр байтугай манай хоёр том намын дунд хүртэл энэ популизм гэдэг үг байнга тэнүүчилж явдаг болж. АН-ын хэн нэгэн улс төрч “МАН-ын 2012 онд хийсэн популист амлалтаас болж улс орон сүйрч байна” гэж ярихад МАН-ын хэн нэгэн улс төрч “Гүйцэтгэх засаглал АН-ын явуулж байгаа популизм Монголыг төрийг самууруулж байна” гэх жишээтэй. Тэгтэл хөндлөнгийн нэг улс төрч “2012 оны сонгуулиар “МАНАН”-гийн хийсэн популист амлалтаас болж Монгол улсын эдийн засаг сүйрч байна” гэж ярина.

За тэгээд сүүлийн үеийн сонинуудыг гарчиглаж суухад “Популизм” гэсэн гарчиг бүхий мэдээ материал захаасаа аваад л дурайж байх аж. Жишээ нь “Тавантолгойн мега төслөөр популизм хийвэл хагарна”, “Давхар дээл хэмээх хэнд ч хэрэггүй популизм”, “Богино зайн улс төр буюу популизмын бодит жишээ”, “Монгол дахь популизм”, “Эх орны хишиг хүртээнэ гэсэн популизмаа эргээд нэг хараач”, “Урьд өмнөх популист амлалтууд улсын эдийн засгийг хүндрэлд оруулж байна” гэх мэтээр дуу дуугаа авалцаад л дурайж байх янзтай. Сэтгүүлчид хүртэл популизм гэдэг үгэнд ихэд ач холбогдол өгч сав л хийвэл нийтлэлийнхээ гарчиган дээр аваачиж “наадаг” болжээ. Мөн нэрт нийтлэлч Баабар маань хүртэл “Популистуудад тархиа базуулсан хар масс байхад бүх ард түмэн нэгдвэл гай тарихаас цаашгүй. Түүний оронд элитүүд, либералууд нэгдэх хэрэгтэй” гэж жиргэсэн байх аж. Саяхан УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан бас л баахан популизм ярив. Тэр өгүүлэхдээ “Популизмын тухай ярих юм бол манай УИХ-аас баталж гаргасан хуулиудын заримаас популизмын өнгө, аяс үнэртэж байгаа. Тэр нь явсаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Их хурлаас хориглосон, хязгаарласан агуулгатай хууль олныг гаргалаа. Тухайлбал, стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарлах агуулга бүхий хуулиас тэр чигээрээ популизм үнэртэж байгаа. Хоол давсгүй бол амтгүй гэдэг шиг популизм тодорхой хэмжээнд байна, байх ч ёстой. Гэхдээ Их хурлынхаа төвшинд популист хууль баталж гаргатал явна гэдэг арай дэндэж байна...” гээд л авч өгөх нь тэр. Түүнийхээр бол популизм гээч нь ямар нэгэн үнэртэй, амттай юм байна. Ч.Сайханбилэгийн хэлснээр бол популизм гээч нь бүр чихэр шиг амттай, тэгэхдээ их муухай хортой чихэр бололтой. Бас популизм хэмээгч нь ямар нэгэн өнгөтэй, тэрхүү өнгө нь хүмүүст их сайхан харагддаг гоц өнгө бололтой юм. Жишээ нь нэгэн сэтгүүлч ингэж бичжээ. “УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Цог гэх мэтчилэн популистууд эцсийн дүндээ нэг сайхан цэвэр төрийн төлөө явдаг улс төрчид болж харагдаж байна. Давхар дээлийг тайлна гэж ярьж, кноп дарснаараа өнөөдрийн тухайд эдгээр популистууд ард түмэнд сайхан харагдаж байгаа байх.

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед Засгийн газар ажлаа хийхгүй байна гэдгийг дээрхи популистууд үргэлж шүүмжилдэг. Тэгсэн хэрнээ өөрсдөө үнэнч шударга царайлаад “Давхар дээл”-ийг тайлах хэрэгтэй гээд байгаа нь жинхэнэ популизм” гээд л мэдэмхийрсэн байх аж. Тэгтэл нөгөө Ж.Батзандангийнх нь амнаас мөн л популизм булталзаад гарч ирэх нь тэр ээ. Мань эр өгүүлэхдээ “Би ард түмнээсээ асуусан. Баянзүрхчүүдийн дийлэнх хувь нь давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж санал өгсөн учраас би ард түмнийхээ захиалгыг биелүүлж байна. Тэгтэл Засгийн эрхэнд гарсан популистууд давхар дээлийг хэвээр байлгах гэж улайрсаар байна...” гэж гомдоллосон байх бөгөөд чухамдаа хэн нь популист болчихоод байгаа юм бүү мэд. Ж.Батзанданг хэн нэг нь популист гэхэд эргээд Батзандан цаадуулаа популист гэх жишээтэй. Ер нь энэ популизм гээч нь хөл толгойгоо алдаж гүйцэж байх шиг.Тэр ч байтугай “Титэм үг”-ийн мастер Н.Багабанди гуай маань хүртэл сүүлийн үед “Популизм” гэж дуугардаг болсон байна. Ингээд ирвэл мөн ч аюултай шүү.

Хамгийн гол нь популизм гэж бүлт бүлт үсрээд байгаа улс төрчид мөнөөхөн популист гэдэг үгийнхээ утга учрыг огтхон ч тайлбарлахгүй байгаад хамаг учир оршино.

Зарим нь сайн мэдэхгүй ч байж мэднэ. Олны жишгийг дагаад л популизм гэж хашгичаад явдаг хүн ч бас байдаг юм байна. Хөдөөний боловсрол муутай зарим иргэд популизм гэж чухам юуг хэлээд байгааг ойлгож ухаараагүй л яваа байх. Улс төрч болгон л бие биенээ популист гэж цоллоод байгаа болохоор “Худлаа хоосон амлаж ард түмэнд итгэл олох гэсэн хүнийг популист гэдэг юм байна” гэх ерөнхий ойлгоц төрж байх шиг. Ухаандаа мөнөөх “Арчаагаа алдсан улс төрч ард түмэн гэж хашгирдаг” гэх үгийн гаргалгаа нь популизм бололтой. Гэвч популизм гээч нь маш өргөн дэлгэр утгатай юм байна.

Популизм нь “populus–ард түмэн” гэсэн утгатай латин үг ажээ. Энэхүү нэр томъёог 19-р зууны сүүл үеэс Америкт анх хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш “Популизм” хэмээгчийг улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. “Популист” аргын өвөрмөц онцлог нь тун энгийн бөгөөд нэг амьсгаагаар улс төрийн шийдвэрийг гаргах чадвар, нийгэм-улс төрийн амьдралын тухай төсөөллийг хялбарчлан ойлгох чанар, ердийн ухамсрын түвшинд уг шинж чанарыг ашиглах, олон түмний энгийн ухамсрыг “өмгөөлөх”, тэдгээрийн шаардлагад нийцэхийг оролдох үйл явцыг бүхэлд нь хэлдэг юм байна. Популизмын үндсэн зарчим нь ардчиллын хөгжил, монополист капиталын ноёрхлын эсрэг тэмцэл, арьсны үзлийн эсрэг үзэл санаа төдийгүй хөдөлмөрчин олон түмнийг нийгмийн гол үнэт зүйл гэж үзээд тэдгээрийн хяналттай, ашиг сонирхолд нь үйлчлэх хүчтэй төрийг байгуулах, эгэл жирийн хүний сайн сайхан байдал, материаллаг хангамж, оюун санааны тайван амгалан байдал, нийгмийн тулгамдсан асуудлыг хүчирхийллээр шийдвэрлэхийг үгүйсгэх гэх мэт өөдрөг тэнүүн уур амьсгал дээр тулгуурладаг юм байна.

Тэгтэл манай улс төрчид популизм гээчийг бие биенээ доромжлох зэвсэг болгон ашиглаж, зөвхөн хоосон амлалт өгч ард түмний тархийг эргүүлэх хэрэгсэл мэтээр ойлгоод, улмаар жаахан улс төр ярьсан хэн хүнийг популизм хийж байна гэж мэдэмхийрдэг болсон нь инээдэмтэй, бас эмгэнэлтэй. Товчхондоо бол ерөөсөө улс төр ярьсан ямар ч хүнийг популист гэж цоллоод байгаа юм. Энэ бол том алдаа. Ингэснээр популизм гэдэг үгийн утга чанар алдагдаж байна. Гадаадын нэр томъёог зөв ярьж хэрэглэж чадахгүй ингэж хий хоосон “популизм” хийж байхын оронд ерөөсөө л популизм гээчийг “Хоосон амлагч” гэдэг монгол үгээрээ солиод “Ж.Батзандан ард түмний хайрыг татахын тулд хоосон амлаж байна”, “С.Баярцогтын хоосон улс төржилтөөс болж Оюутолгойн гэрээ буруу хийгдсэн”, “АН, МАН хоёрын хоосон амлалтаас болж Монголын төр дампуурч байна” гэх мэтээр “чалчиж” байвал дээр биш үү?

Монголын онцлогт тохирсон популизм гээчийг судлаач, нийтлэлч нар гаргаад иржээ.

Жишээ нь Артаньян хэмээх нэрээр бичдэг нэгэн нийтлэлч “Ямар ч хамаагүй амлалт өгдөг, тэрнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улс төрчийг популист гэнэ. Биелүүлэхэд сачий нь хүрэх эсэх, дараа нь Монгол улс нь сөнөх сөнөхгүй алин болох нь тэрэнд ямар ч хамаагүй. Хүмүүст таалагдаж, сонгуульд л ялах ганцхан зорилготой. Тэд улс орныхоо ирээдүйн төлөө өнөөдөр чичлүүлж хэзээ ч чадахгүй. Энгийнээр буюу монголоор бол “новш” л юм даа...” гэж тодорхойлжээ.

Өөр нэг нийтлэлч бичихдээ “Манай улс төрд популизм гэж нэгэн зүйл газар авлаа. Өнөөгийн, бас ойрын ирээдүйн жижиг ашиг сонирхлын төлөө олонхид таалагдах зүйлүүдийг хэлж, хамгийн хялбар шийдвэрүүдийг дэвшүүлж, улс төрийн хэдэн оноо цуглуулж, магадгүй дараагийн сонгуульд бэлтгэлээ хангаж суугаа улс төрчид олон боллоо. Цагийн эргэлтийн жамаар тэр популистуудын ярьдаг сэдвүүд нь цөөрөөд, хууртагддаг хүмүүс нь багасаад явах байх. Учир нь популизм тооцоо, судалгаан дээр суурилдаггүй. Хоосон лоозон, заримдаа эх оронч сэтгэлийн хамгийн энгийн, хялбарчилсан хувилбар дээр тоглолт хийдэг. Энэ үзэгдлийн хажуугаар манайд “популизм+эдийн засгийн дайсагнал” гэдэг сонин үзэгдэл гарч ирлээ. Энэ бол популист сэтгэлгээтэй гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалтны л хийж чадах ажил...” гэж онцолсон байх аж.

Мөн нэгэн сэтгүүлч “Монгол популизм” хэмээх гарчиг бүхий нийтлэлдээ “Аль нэг фракц юмуу, хэн нэгэн ах хүүд зүүгдэж явдаг ба заавал Их хурлын гишүүн болохгүйгээр тэгс ингэсгээд яам агентлагаар болноо гэсэн хүн бол популизм хийх хэрэггүй. Харин “За чи энэ жил ирэх сонгуулиар үзээд алдана шүү, дүү минь” гэсэн үг сонссон бол популизмын замаар л явж таарна. Ялангуяа олон нийтэд жин дардаггүй гар бол бодлого ярихын оронд хоолойгоо сөөтөл “Би гадаадын шулаачдыг хөөн зайлуулна. Би та нарт сайхан амьдрал бэлэглэнэ” гэж эхэр татан хашгирдаг. Эсвэл төр засаг руу хандан, “Гудамжинд хүмүүс өлсөж байна!” гэж шүлсээрээ пулемётлоно. Энэ бол Монгол популизм. Аа гэхдээ эцсийн дүндээ зөвхөн өөрийн гэр бүлд сайхан амьдрал бэлэглэж, өлсөхөөс нь сэргийлж байгаам даа хөөрхий. Түүнд ямар ч жинхэнэ буюу биелэхүйц төлөвлөгөө байхгүй. Харин харуулах төлөвлөгөө бол байгаа. Би ч гэсэн улсыг таван жилийн дотор Америк шиг болгох төлөвлөгөө цаасан дээр цагийн дотор бичиж чадна ш дээ...” хэмээжээ.

Популизм гээчийн үзэл санаа, утга агуулга, арга хэлбэр, онолын үндсийг гадаадаас орчуулж, энэ талаар маш нарийн судалсан хүн бол судлаач Д.Мягмарсүрэн юм. Тэрбээр популизмын онолын үндэсийг тайлбарлахдаа “Түүхэн талаасаа популизм нь сүйтгэн бусниулагч хийгээд хувьсгалт хөдөлгөөн огт биш. Түүний мөн чанар нь үгүй болсныг сэргээх явдал. Популизм тогтолцооны гажгийн ёс суртахууны шийтгэл юм. Популизмын нийгмийн үндэс ба үүрэг нь түүний өвөрмөц учир холбогдлыг төрүүлдэг ч нийгмийн хувьд тулгамдсан асуудал болж буй ардчилсан үнэт зүйлс, дээд түвшинд удирдлагын тогтолцооны цогц чанарыг бүрэлдүүлэх явдал ажээ. Популизмын түүхэн үндсийг зөвхөн уламжлалт үнэт зүйлсийн үүднээс дээрхи нийгмийн шинэчлэл зайлшгүй гэж үзвэл хязгаар нутаг дахь хүн амын аж амьдралын үндэс суурийг дордуулж буй хөгжлийн явц дахь хямралд хүмүүсийн хариу үйлдлийн хоёрдмол утгыг агуулж болно. Энэ нь популизмын улс төрийн нөлөөллийн консерватив хүчин зүйлийг илэрхийлж байна. Энэ утгаар популизм консерватизмын нэг бүрэлдэхүүн хэсэг болж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалалтыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, томоохон бизнест хяналт тавих зэргээр энэ үйлдэл нь илэрч болно...” хэмээжээ.

Одоо тэгээд популизм гээчийг юу гэж ч ойлгомоор юм бэ дээ.

Бүр ацан шалаанд орчихлоо. Популизмыг чөтгөр аваг. Судлаачдын дэвшүүлсэн онолыг манай улс төрчдийн бие биенээ популист гэж чичилж байгаатай харьцуулахад тэмээ, ямаа шиг зөрүүтэй юм. Ерөөсөө хэн нэгэн их мэдэгч л “Ард түмэнд итгэл олж авахын тулд хоосон амладаг, дүр эсгэдэг улс төрчийг популист гэнэ” гээд бурчихсан бололтой юм. Тэгээд л түүний үгээр бүгдээрээ өнөөдрийг болтол “Популист” гэж хашгичиж яваа нь инээдэмтэй. Харин судлаач Д.Мягмарсүрэн популизм гээчийг тун зөв зүйтэй тайлбарлажээ. Тэрбээр “Ардчилал ба популизм” гэсэн өгүүлэлдээ “Шууд ардчилал гэж томъёологдсон удирдлагад ард түмний шууд оролцох явдал тэрчлэн төрийн төлөөллийн институтад үл итгэх үзэл санаа, хүнд суртал, авилгалыг шүүмжлэх зэрэг нь популизмын үндсэн үзэл санаа юм.

Популизм нь практикт хэрэгжих зорилго чиглэл бүхий тодорхой үзэл суртал огт биш харин хувь хүмүүсийн тулсан ашиг сонирхлыг байнга хязгаарлаж буй үйл явдлын өрнөл дэх тэдгээрийн улс төрийн шууд хариу үйлдлийн нийлбэр юм. Улс төрийн үйл явцын хүрээнд популизм нь төр засгийн тодорхой арга хэмжээний эсрэг эсэргүүцлийн илрэл буюу “аян дайн”, нийгмийн кампани, иргэний эсэргүүцэх эс үйлдлийг бүхэлд нь тусгадаг. Нийгмийн тулгамдсан асуудлыг хялбараар шийдвэрлэх боломжинд итгэх, нэг буюу цөөхөн энгийн арга ажиллагаагаар нийгмийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн сайжруулж болно гэдэгт найдсан эдийн засаг, улс төрийн панацийг тахин шүтэх явдал нь түүний бас нэг онцлог юм. Популистууд дэвшилт ардчилсан шаардлагыг ч дэвшүүлдэг. Гэхдээ популизм эдийн засгийн бэрхшээлийг тайлбарлах явдал нь өнгөцхөн, иррационалист шинжтэй байдаг. Иймээс хүмүүсийн объектив бодит ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлаас гарах тухайн гарц нь олон түмнийг бодит байдлаас хөндийрүүлэн, үл биелэх хоосон итгэл найдлага, аз жаргал руу ямагт түлхдэг.Популизм итгэл алдахуй дээр бий болж, мөн л итгэл алдахуйгаар төгсдөг...” хэмээжээ.

Тиймээс Монголын улс төрд “Олигархи” гээчийг хэмх цохин гарч ирээд буй “Популизм” нь итгэл алдахуй дээр бий болсон шигээ итгэл алдахуйгаар төгсөх болтугай. Чухам хэзээ вэ? “Мода” гээч нь Монголоор дуусдаг болохоор популизм гээч нь Монголд их л удаан тарчлах болов уу. Учир утга нь ойлгогдохгүй энэ хөгийн юмыг Монголдоо нэг их удаалгүйгээр “авсалж” орхивол юутайсан билээ.

2015/05/27

Сэтгэгдэл бичих

    • Хэтэрхий нуршуу санагдлаа...
    • 2015-12-09

    Капитал

arrow icon