Нийтлэл 12 сарын 17, 2015

42 мянган эмч, оюутнууд үйлчлүүлэх шинэхэн номын өргөөтэй нөхөрлөсөн өдөр

Оюутнуудын сурч, хөгжихөд хамгийн чухал үнэтэй оюуны өргөө бол мэдээж номын сан. Тэр хэрээрээ оюутан байх хугацаандаа номын сантай хэр их нөхөрлөснөөс  ирээдүйн ажил, амжилтын гараа ямар байх нь шалтгаалдаг.  

Бид энэ удаад олон улсын жишиг стандартад нийцсэн, оюутан бүрийн сурах хөгжих орчин нөхцөлийг бүхий л талаар нь хангаж чадсан шинэхэн номын өргөөнөөс өнөөдрийн сурвалжлагаа бэлтгэлээ. Энэ бол АШУҮИС-ийн шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа 7 давхар номын өргөө.  Тус номын өргөө өнгөрсөн 11 сард ашиглалтад орсон бөгөөд БСШУЯ-аас 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.  Номын өргөөнд 42 мянган эмч, ажилчид, оюутнууд үйлчлүүлэх боломжтой юм байна. 

Номын сангийн хаалгаар орсон цагаас эхлээд л уулга алдах, оюутнуудад далдхан атаархах сэтгэл төрж байлаа. Учир нь бидний үед ийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн номын сан гэж байдаггүй байлаа. Хэрэгтэй номоо авахын тулд хэдэн цаг оочир дараалал үүсгэнэ, оочирлоод бас хүссэн номоо авч чадахгүй хамраараа тастуулах үе нэлээдгүй гарна, за тэгээд багаараа хамтарч ажиллах даалгавар авбал хаана цуглахаа мэдэхгүй сургуулийн коридорт бужигнана, олон хүүхдийн шуугианд хамтарч хийсэн нь үр дүнд хүрэхгүй, маргаашийн бие даалтын цаг дээр багшдаа зэмлүүлэх үе олон.

 Гэтэл энэ үе ард хоцорчээ. Суръя, мэдье, хөгжье гэсэн хүн бүрт энэ номын сан нээлттэй төдийгүй 135 мянган номын фондтой гэнэ. Бидний хамгийн түрүүнд орсон нэг давхар бол чөлөөт номын фондын танхим. Оюутнууд дуртай номоо номын санчийн зааваргүйгээр олж унших боломжтой бөгөөд энэ танхим гэхэд л  Англи, Монгол, Төвд, Солонгос ном, сонин сэтгүүлийн 18000 орчим фондтой ажээ. 

 Харин бидний зочилсон дараагийн давхар бол төгсөх дамжааны оюутнуудад зориулсан танхим. Энд  4,5,6-р дамжааны оюутнууд үйлчлүүлдэг бөгөөд бага курсийн оюутнуудаас ачаалал ихтэй байдаг тул номын сонголт, орчин нөхцөлийг бүр илүү сайн бүрдүүлж өгчээ. Ширээ сандал гэхэд ганцаараа болон багаараа суугаад хамтарч ажиллахад зориулагдсан. 

Дээрээс нь номын сангийн өрөөнүүдэд  Lib-4U программ гадаад болон дотоод хяналтын камер, соронзон хаалга, утасгүй интернетийн (wireless) орчинг бүрдүүлж өгчээ. Төгсөх курсийн оюутнууд тохилог орчинд таалагдсан номоо уншиж, тухалж суугаад хичээлээ хийх цагийг энэ номын санд өнгөрүүлж болох ажээ. 

Тус номын сангийн 3-р давхрыг эрдэм шинжилгээний танхим болгон ашигладаг байна. Энд Анагаах, Физиологийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүд, Эм зүйн хүрээлэн, Монос групп, багш эрдэмтдийн эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг хэвлэмэл болон CD хэлбэрийн фондтой. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний материал хэрэгтэй оюутнууд энэ давхарт үйлчлүүлэх боломжтой гэнэ.

Түүнчлэн энд зөвхөн Анагаахын оюутнуудаас гадна, эмч, магистр, докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүмүүс үйлчлүүлэх боломжтой. Энэ мэтчилэн энэ өргөөнд байхгүй ном, бүрдүүлээгүй орчин гэж ховор байлаа. Харин одоо ганцхан Анагаахын оюутнуудын суръя, хөгжье гэсэн чин хүсэл эрмэлзэл дутаж болохгүй гэсэн битүүхэн зовнилыг сэтгэлдээ тээн номын өргөөтэй нөхөрлөсөн аяллаа дуусгалаа. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon