Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. Хүүхдийг загнаж байж хүн болгодог гээд л эмээ өвөөгийн үед ярьдаг байсан. Нэг талаар хүүхдийг буруу зүйл хийсэн үед нь загнах эерэг талтай ч зарим талаараа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар хүүхдийн чөлөөтэй бодож сэтгэх, анхаарлаа төвлөрүүлж сурах, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байдаг байна.
Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар сэтгэл гутралд их автдаг хүүхдүүд муу сурах эрсдэл өндөр байдгийг тогтоосон
байна. Учир нь хүүхэд аав ээждээ загнуулж, мөн бусад олон хүчин зүйлүүдээс шалтгаалан стресст орох нь тэдний тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар сэтгэл гутралтай 193 хүүхдийг эсрэгээрээ стресст автдаггүй хүүхдүүдтэй харьцуулан авч үзтэл тэдний хооронд сэтгэл гутралаас үүдэлтэй олон ялгаа байсныг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралтай, сэтгэл гутралд автдаггүй хүүхдүүд сурлагын амжилт, өөртөө итгэх итгэл, аливаад хандах хандлага гэхчлэн олон зүйлээрээ ялгаатай байсан байна.
Судалгааны багийнхан эцэг эхийн зүгээс хүүхдийн ирээдүйн амжилтад эергөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг ингэж бичжээ.
1. Итгэл найдвар хүлээлгэдэг
2. Нийгэм, эдийн засгийн хувьд харьцангуй өндөр статустай
3. Мэдрэмжтэй, халамжтай
4. Өөрсдөө өндөр боловсролтой
5. Багаас нь хүүхдээ сургаж эхэлсэн
6. Олон цаг хамт байх гэхээсээ үр өгөөжтэй цагийг өнгөрөөж чаддаг
7. "Хөгжих хандлага" өөд хөтөлдөг (дэлгэрэнгүйг эндээс)
Хүүхдийн сурлагын амжилтад эцэг эхийн орлогын ялгаа нөлөөлдөг үр дүн гарсан ч нэг сонирхолтой нь бага орлоготой ч амар тайван, халамжтай гэр бүлийн орчинд байдаг хүүхдүүдийн хувьд сурлагын ялгаа төдийлөн илрээгүй байна.
Та хүүхэддээ бусад шиг үнэтэй пүүз, ухаалаг утас өгөхөд санаа зоволтгүй. Харин хэрүүл маргаангүй орчин бүрдүүлж, халамжтай, ойлгодог байх нь ирээдүйн амжилтад нь илүү нөлөөлдөг юм байна шүү.
asdasd