Шинэ жилийн баяр дуусаж, Цагаан сарын сурталчилгаа эхлэхтэй хамт жилийн өнгө, оны нүүр, таны амьдрал энэ онд сайхан болно болохгүй гэсэн элдэв зурлага газар авч эхэллээ. Гэхдээ энэ онд Монгол улсын хувь заяа од гаригийн биш Монголчуудын гарт байна. Угаасаа л бидний гарт байдаг гэх уншигч гарч мэднэ. Гэхдээ 2016 он бол хэзээ хэзээнээс илүү Монгол хүн бүрийн үг үйлдэл Монголын цаашдын ирээдүйд жинтэй нөлөөлөх нэн сонирхолтой, түүхийн эгзэгтэй цаг үе мөн. Эдийн засаг, улс төр, мөнгө санхүүгийн оны төлөв, бидний сонголт, боломжийн тухай зарим таамаг.
Эдийн засгийн өсөлтөд сонгууль, хуулийн шинэчлэлт, АСЕМ, далд уурхайн санхүүжилт, алт хөтөлбөр эергээр нөлөөлнө. Эдийн засгийн өсөлтийн хувьд манай улсын төсвийн төсөөлөл, Дэлхийн банк болон зээлжих зэрэглэлийн агентлагуудаас 0,8-4,1 хувь хүртэл нэлээн зөрүүтэй таамаглалууд гаргаад байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад хүнд механизм зэрэг уул уурхайн техник технологийн худалдан авалт давамгайлна, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт төдийлөн шууд нөлөөлөхгүй. Харин эрчим хүч зэрэг дагалдах зардал, нэмэгдэл ажлын байр нь эергээр нөлөөлнө. Төсөвт Оюутолгойгоос 10,1 тонн алт, 774,1 мянган тонн зэсийн баяжмал, Эрдэнэт үйлдвэрээс 587,5 мянган тонн зэсийн баяжмал, экспортлох нүүрс 19,5 сая тонн зэрэг таамаглалууд тавигдсан. Алт хөтөлбөрөөс төсөвт 13,5 тонн төлөвлөгдсөн ч ерөнхийдөө 20 орчим тонн алт авах “горьдлого”той. Эдийн засгийн өсөлт нэг хэрэг, 4 хувиас илүү ч гарч магадгүй. Харин өсөлтөө уул уурхайгаас орлого олох, түүнийгээ хэрэглэх, үлдсэнийг нь зээлж байж үүсгэдэг онцлог энэ жил ч хадгалагдах нь. “Ухах, хэрэглэх, зээлэх”. Монгол бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглэх эсэх, бизнесмэнүүд ямар салбарт хүч хаях эсэх зэрэг хувь хүмүүсийн шийдвэр 2016 онд ийм бүтэц өөрчлөгдөж эхлэх эсэхийг шийднэ. Монголын эдийн засгийг монголчуудын шийдвэр л бүтээнэ.
Орос, Хятад хоёр орондоо орох завгүй. Хятадын эдийн засаг 2016 онд ч удаашралтай байна гэж шинжээчид үзэж байна. Мөн Ши Жин Пин авилгын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх, түүнийг тойрсон улстөрийн тэмцэл хурцдах төлөвтэй. Тиймд эдийн засаг нь, улмаар түүхий эдийн үнэ сэргэх нь 2017, 2018 оноос наашгүй. 2016 онд ОХУ Сири, Дундад Дорнод дахь их гүрний амбицдаа хамаг энергиэ зарна
(уламжлал ёсоор), эдийн засаг нь сэргэх эсэх нь газрын тосны үнэ хэрхэхээс их хамаарна. Геополитикийн дайн, дотоодын улстөрийн зөрчил, шилжилт гээд хоёр хөрш завгүй, эдийн засаг нь сайнгүй. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг дахь гадаад таагүй нөхцөл үргэлжилнэ. Сорилт шинэ үеийг авчирдаг. 2016 онд уул уурхайгаас, хоёр хөршөөс хамаарах хамаарал багасах уу, эс багасах уу? Ирээдүй энд хоёр тийшээ сална.
Худалдаа, жижиглэнгийн салбарт эргэлт гарна. Худалдааны хоёр том сүлжээ 100 иений дэлгүүр оруулж ирэх нь. Хүнсний салбарт хямд, үр ашигтай менежменттэй e-mart хавраас ажиллаж эхэлнэ. Энэ хоёр нэвтэрснээр жижиг сажиг эд зүйл, хүнсний худалдааны үнэ, чанар, сонголтод томхон дэвшил гарна. Нөгөөтэйгүүр жижиглэн худалдаачид, гар үйлдвэрлэлийнхэн шахагдахад хүрнэ. Татварын бодлого, бизнесийн орчин жижиг бизнест хатуу талдаа болж ирлээ
. Өөрчлөлтийг эсэргүүцэл, зөрчил дагадаг жамаар нийгмийн зарим сөрөг асуудал дагалдана .Гэхдээ компаниуд томрох, ажиллах хүч импортын худалдаанаас ХАА зэрэг импортоор орлогдохгүй салбар руу шилжих трэнд эхэлж магадгүй.
Сүүдрийн эдийн засаг хумигдана. Манай сүүдрийн эдийн засгийн хэмжээг 18-35 хувьд, янз бүрээр тооцож гаргасан байдаг. 2015 онд Шилэн данс, Ил тод байдал, НӨАТ гэсэн гурван хуулиар эдийн засгийг бүртгүүлжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах тал дээр зоримог шинэчлэлүүд хийгдлээ. Эдгээр шинэчлэлийн нэг онцлог, бидний сонголтоос хамаарч сүүдрийн эдийн засаг нэмэгдэх эрсдэл ч дагуулна. Ил тод мэдээлэгдэх, татварын системд бүртгэгдэхээс бүр зайлсхийх үү, нуух уу, бүртгүүлээд мэдээлээд явах уу? Иргэд хянах уу, НӨАТ-ын тасалбар өгөхгүй дэлгүүртэй үгсэх үү, мэдээлэх үү? Монголчуудын сонголт болсон. Оролцоо нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгдэнэ
. Татвар төлөгчийн сэтгэлзүйд төсвийн зарцуулалт, сургалт, ил тод байдал, сугалааны амжилт, бодлогын хүртээмж нөлөөлнө. Татвар оршихуй дор нийгэм оршихуй.
Төрийн өмчүүд хувьчлагдана. 2015 онд цахилгаан станц, зарим уурхайд, шуудан зэрэг томоохон үйлдвэр үйлчилгээний бизнесүүдийг хувьчлах тогтоол гарсан. Эхний буюу Монгол Шуудан компанийн хувьчлал үргэлжилж байна. Эхний удаагийн вучерын масс хувьчлалаар хамаг хөрөнгөө хэмх тараалгаж, хоёр туйлд ялгарсан Монголчуудын хувьд энэ удаа өөрийн идэвхи ухамсраар, биржээр дамжуулан үнэт цаас эзэмших хоёр дахь том боломж энэ оноор эхэлж байна. Том компаниуд хувьчлагдах, хувьцаа эзэмшигч олшрох, биржээр дамжих нь үнэт цаасны зах зээлийн хөгжилд, энэ нь компанийн засаглалын хөгжилд, энэ нь эдийн засаг нийгмийн хөгжилд уялдах процесс түүхэнд ажиглагддаг. Манай улс амжих уу, эс амжих уу. Монголчуудын оролцоо, хяналт, төрийн хувьчлалын зорилго, бодлого мэдэх үе эхэлж байна.
Долларын ханш чангарч, өрийн дарамт нэмэгдэнэ, төсвийн алдагдал нэрмэнэ. Он солигдохын өмнө АНУ-ын холбооны нөөцийн сан богино хугацааны бодлогын хүүгээ өсгөсөн. Өсгөхөөс нь ч өмнө чангарч байсан доллар улам чангарна гэсэн үг. Дийлэнх санхүүгийн шинжээчид юань, алтны оронд доллар хадгалах эрмэлзэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай улс юанаас илүү долларын зээл ихтэй. Төгрөгөөр тооцоход зээлийн төлбөрийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь нэгэнт урд хормойгоор хойд хормойгоо нөхөх хэмжээнд хүрсэн засгийн газрын дотоод өртэй хавсарч, төгрөгийн ханш, улсын санхүүд дарамт болно. Энэ жил 940 тэрбумын төсвийн алдагдлын 61 хувийг мөн л зээл авч нөхнө, долларын зээл л болж таарах болов уу. Сонгуулийн зардал, сангийн яамны данс, валютын нөөц зэргээс шалтгаалан шинэ бонд нэмж гаргах магадлалтай. Өмнөх бондын өрийг төлөх, дахин зохион байгуулахын тулд биш хөрвөх чадваргүй төсөл, урсгал зардалд ямар нэг хуулийн манипюляц хийж улсын баталгаатай долларын зээл нэмж авбал төрийн санхүү жинхэнэнээсээ дампуурах үндэс тавигдана. Мэдээж төрийн сэрэмж, төсвийн менежмент, мөнгөний болон сангийн бодлого гол үүрэг гүйцэтгэж таараа ч Монголчуудын хувьд алт тойрсон улстөржилтөө багасгаж валютын нөөц бүрдүүлэхийг дэмжих, доллар гадагш нь урсгадаг хэрэглээгээ багасгах, их хэмжээний доллар хөрвөх чадваргүй төсөлд түгжихгүй байх, хадгаламжаа төгрөгөөр хадгалах, засгийн газрын бонд авч мөнгөө төрд зээлүүлэх зэргээр нэмэр болох боломжтой.
Спорт, хурал чуулган, форумууд, баяр наадам үргэлжилнэ. АСЕМ, зуны олимп, Евро 2016, бусад спортын ази тив, дэлхийн аварга зохион байгуулах гээд 2016 он зочлох, барилдах, пиво ууж хөгжөөн дэмжих үйл явдлаар тасрахгүй он болно. Хөрөнгө оруулалт даанч хурал, форум биш бодит институцийн болон хүний хөгжлийг дагадаг. Форум, спортын тэмцээнүүд түр зуурын хэрэглээ, эерэг сэтгэлзүй үүсгэнэ. Дуусахад түй түмэн өртэй, технологи, шинжлэх ухаанаар тэртээ хойно хаягдсан Монгол хэвээр байна. Түүний дээр нэмээд даншгийн, шавийн заан арслан нэмж, түй түмэн дуучин үйлдвэрлэх эсэхэд төрийн урамшууллын систем, нийгмийн лидерүүд нөлөөлнө.
Улстөрийн бүлэглэл, нам хоорондын зөрчил хурцдана. 2015 онд алт, зэсний хувьд ихэнх том асуудлууд шийдлээ олж ирлээ. Гуравдахь том түүхий эд буюу нүүрсний хувьд хоёр хуваагдсан талуудын зөрчил хэрхэн өрнөх нь оны улстөрд том нөлөө үзүүлэх байх. Нүүрсний салбар сэхэх болоогүй, улс мөнгөгүй, сонгуулиар мөнгө хэрэгтэй, нэр хүнд хэрэгтэй, нөгөөгийх нь муу нэр хүнд бас хэрэгтэй, но-гүй хүн байхгүй. 2015 оны трэндээ дагавал хууль хүчний байгууллагуудаа хөлдөө хамсан хэрүүл зодоон үргэлжлэх болов уу. Хоёр арван дамнаж бүрдсэн аалзны шүлс шиг бүлэглэлүүдийн зөрчил их хурцдаж, ил гарвал сонгуулийн үр дүнгээс хамаараад 2016 он улстөрийн шинэ давхарга, шинэ соёл бүрдэх эхлэл болж мэдэх юм.
УИХ-ын сонгууль болно. Энэ жилийн сонгууль шинэ ба хуучны сонголт болох нь. Ярьдгаа ярьдаг, яриад хийдэггүй, иддэгээ иддэг, идээд ханадаггүй хэдээ гаргах уу, одоо болих уу? Хоёр гол намаас залхлаа гэх дуу хоолой их байгаа ч нам биш, нутаг ус биш, ах дүү садан төрөл биш яг ХЭН бэ гэдгийг нь харж сонгож чадах эсэхээс их зүйл хамаарах байх. Дараагийн арван жил, хорин жилд Монгол хаачих вэ гэдгийг шийдэх хариуцлага сонгуулийн насны иргэн бүрийн гарт байна
. Нэг нэгдэхгүй хэвлэл мэдээлэл, оюуны лидерүүдийн нөлөөлөл, популизмын эсрэг, зөв сонголтод дэмжлэг болох дуу хоолой ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт болох байх.
Шинэ уу хуучин уу, мэдэх үү эс мэдэх үү, сөрөг үү эерэг үү, хэрэлдэх үү хэлэлцэх үү... 200 жилийн хоцрогдлоо хүлээн зөвшөөрөх үү, сэрж мэдэх үү? Түүх хаашаа эргэхээ өдөр тутам биднээс асуудаг.
Иргэний оролцоо, сонголтын оронзай илүү нэмэгдэж, бэрхшээл, асуудал ч хуримтлагдаж ирсэн 2016 он бүр том салаа зам дээр биднийг хөтөлж авчирчээ. Дор бүрнээ хариултаа хайж, Монгол хүний хариуцлага, цаг үеийн онцлогийг санаж сэрэх нэг он эхэлж байна. Монголын түүх хаашаа эргэхийг од гариг, лам үзмэрч биш Монгол хүний саруул ухаан мэднэ.
Boogii goyo bichsen baina.
ЗӨВ ШҮҮ