Нийтлэл 01 сарын 07, 2016

Төрийн шагналууд ямар болох вэ ?

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл нь төрийн шагналын эрэмбийг тогтоож, түүнийг олгох цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод болгохыг зорьсон байна. Мөн шагналыг тогтолцоог эдийн засгийн агуулгаас нь салгаж, хүндэтгэн, алдаршуулах шинж чанарыг нь илүү тодруулахыг зорьжээ. Үүний зэрэгцээ төрийн шагналын загварыг доорх байдлаар шинэчилсэн байна.

1. Монгол Улсын баатар цол

Монгол улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон хөгжүүлэх, эх орноо алдаршуулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.


2. Улсын эрдэнэ цол

Үндэсний уламжлалт соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилахад онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.

3. Чингис хаан одон 

Монгол улсын түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан иргэнийг шагнана.

4. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

Ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, тухайн салбараа хөгжүүлэхэд зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.

5. Эрдэнийн очир одон  

Монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.

6. Алтан гадас одон

Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, тухайн салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.

7. Цэргийн гавьяа одон

Монгол улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнана.

8. Эхийн алдар одон

Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнана.

 

9. Хөдөлмөрийн хүндэт медаль

Авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, тухайн салбартаа өндөр амжилт гаргасан болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулахад өндөр амжилт гаргасан иргэнд хүртээнэ.

10. Цэргийн хүндэт медаль

Монгол улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнана.

10. Шударга журам медаль

Гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнана.

11. Найрамдал медаль

Монгол улсаас гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнана.

12. Энхийн төлөө медаль

НҮБ-ын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнана.

13. Төрийн соёрхол

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг бүтээлд олгоно. 

14.  Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал

Монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгоно.

Сэтгэгдэл бичих

arrow icon