Нийтлэл 01 сарын 07, 2016

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Төрийн шагналыг хэрхэн 'ШАГНАЛ' болгосон бэ ?

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Төрийн шагналы тухай хуулийн төслийн талаар танилцуулсан байна. Ажлын хэсэг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, Монгол улсын цол, одон, медалийн талаар өмнө нь хийгдсэн судалгаа, шинжилгээний материалуудад дүгнэлт хийх, өнөөгийн байдал хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журмууд болон бусад улс орны шагналын тухай хууль, дүрмүүдийг харьцуулан судалсны үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтуудыг хүргэж байна.


 Төрийн шагналаар шагнахад юуг анхаарах вэ?

- Ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш хандах

- Байгуулсан гавьяа зүтгэл, амжилт бүтээлд шагналын төрөл тохирсон байх

- Шагналыг эрэмбийн дагуу өгсөх зарчмаар шагнах

- Шинээр байгуулсан гавьяаг шагнахад өмнө авсан шагналаас хойш 5-аас доошгүй жил өнгөрсөн байх

- Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангаснаас бусад тохиолдолд нэг төрлийн шагналаар нэг хүнийг дахин шагнахгүй байх

- Эх орноо хамгаалахын төлөө амь насаа алдсан иргэнд Монгол улсын баатар цолыг нэхэж олгохоос бусад тохиолдолд нэхэн шагнахгүй

- Онцгой идэвх зүтгэл гарган нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулсан тохиолдолд шагналын эрэмбэ болоод шагнал хоорондын хугацааг хамаарахгүй байж болно.

Төрийн шагналын төрөл, эрэмбэ ямар байх вэ?

  1. Эрхэм дээд шагнал:

Монгол Улсын баатар цол, Улсын эрдэнэ цол, Чингис хаан одон

  1. Эрхэм хүндэт шагнал:

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон

  1. Хүндэт шагнал:

Алтан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I, II одон

  1. Медаль:

Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль

Төрийн шагналыг ямар хязгаартай олгох вэ ?

- Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүнд

- Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүнд

- Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүнд

- Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд

- Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд

- Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд

- Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд

Төрийн шагналд нэр дэвшигч ямар материал бүрдүүлэх вэ ?

- Нэр дэвшигчийн анкет

- Нэр дэвшүүлж байгаа төрийн дээд шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо

- Шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн тухайн байгууллагын, сум дүүргийн болон аймаг нийслэлийн ИТХ-ын хурлын тэмдэглэл, шийдвэр

- Урьд шагнагдсан төрийн шагналын үнэмлэхийн хуулбар

- Холбогдох яам, харьяа дээд газар болон мэргэжлийн эвсэл, холбоодын хамтын удирдлагын дээд байгууллагын дүгнэлт, санал

- Олон нийтэд ил тод мэдээлж авсан иргэдийн саналын байдал

- Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргын гаргасан тухайн нэр дэвшигч нь шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх албан ёсны тодорхойлолт

Сэтгэгдэл бичих

arrow icon