– Өнөөдрийн хичээлийн туршилтан дээр бид, үүнийг долоож үзэх болно.
Ийн хэлээд профессор багш, нэгэн өвчтөний шээсний дээж гаргаж үзүүлэв. Ядаж байхад тэр нь чихрийн шижинтэй өвчтөнийх. Учрыг ойлгож амжаагүй анагаахын залуу оюутнууд мэл гайхан, шилтэй шингэн рүү гөлрөнө.
– Энэ зэргийн юм чадахгүй бол эмч болно гэж горьдсоны ч гарз шүү, нөхөд өө. Өнөөдрийн туршилтыг хийгээгүй хүнд кредитийг чинь өгөхгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлчихье!!!
– Алив харж бай, яаг ингэж долооно шүү гээд яах ийхийн зуургүй долоовор хуруугаа лав гэгч нь дүрж гаргаж ирсэнээ, шоб шоб хийтэл бодитоор долоож үзүүлэв.
Оюутнуудын нүд орой дээрээ гаргаад, суудал дээрээ тогтож ядан давчдана. Нэгэнт зугатах газаргүй болсон бололтой, яадаг ч байсан өнөөдөр амандаа шээс хүргэх нь тодорхой боллоо...
...Туршилт дуусч, хамаг биеийнх нь үс өрвийж, дотор нь бэлбийсэн оюутнуудын өмнө бахтай гэгч нь малийн зогсох профессор
– Сонсож бай. Эмч хүн зөвхөн хар зоригоор яваад юунд ч хүрдэггүй юм. Юманд маш хянуур ажиглалт хийж сурах хэрэгтэй. Би та нарын өмнө дунд хуруугаа долоож үзүүлсэнийг хэн ч анзаарсангүй юу?
гэх нь тэр. Тэрээр долоовор хуруугаа шээсэнд дүрээд, дунд хуруугаа долоож үзүүлсэн юмсанж.
Арай ч дээ, тоглоом тоотой байхдаа зугаатайсан. Учир мэдэхгүй хөөрхий оюутнууд яаж ийм юманд баясах билээ.
Энэхүү байж боломгүй зэвүүн багшийг Мураками Казуо гэдэг. Дэлхийд хамгийн анх "Даралт өндөрсөх шалтгаан болдог ферментын ген"–ийг тайлж уншиж чадсан түүнийг Нобелд хамгийн ойрхон эр гэлцэнэ.
Түүний оюутнуудад хандаж хэлэх гэсэн зүйл нь үнэндээ хар зориг ч биш, хянуур ажиглалт ч биш, харин Инээд-ний тухай юм (Гэхдээ түүний шогийн мэдрэмжийг ойлгох оюутан байсан болов уу???)
– Инээдэг хүн хорт хавдар тусдаггүй юм
.
Шалтгаан нь гэвэл инээсний хэрээр хүний дархлаа идэвхжиж ирдэг байна. Дархлааны хамгийн гол фронт дээр тулалддаг байлдагч бол "Natural Killer Cell" буюу NK эс юм. NK эс инээж байх үед ихээр үйлдвэрлэгддэг
юм байх.
Инээж байх үеийн тархийг шинжилж үзвэл Альфа хэмнэл (Alpha wave) гэдэг төлөвт байдаг гэнэ. Ерөнхийдөө хүний биеийг 2 янзын хэмнэл удирдаж байдаг бөгөөд, нэг нь Альфа хэмнэл, нөгөө нь Бэтта хэмнэл юм.
Инээд нь Альфа хэмнэлийн төлөөлөл бөгөөд, бие организм тайван төлөвт байх үе юм. Харин эсрэгээрээ Бэтта хэмнэл гэдэг нь дайн байлдаан, уралдаан тэмцээн гэх зэрэг, аминд халтай аюул нүүрлэсэн үед бий болдог амьтаны суурь шинж (инстинкт) юм.Ямар ч эрүүл хүн бай, өдөр болгон дор хаяж 5,000 тооны хорт хавдрын эс биед нь үүсч байдаг
гэнэ. Харин эрүүл чийрэг хүний дархлааны систем буюу "ардын армийн өрлөг жанжин" болсон NK эсүүд тэр болгоныг сөхөө өгөлгүй хяргаж байдаг учиртай боловч, дархлааны систем сулрахад хорт хавдрын хяналтаас гарах нөхцөл бүрддэг байна.
Тэгэхээр хорт хавдар тусах уу үгүй юу гэдгийг "Өдөрт хэдээс дээш удаа инээсэн бэ?" гэдэг тэр тоо шийддэг гэхэд бараг болох бололтой. Инээгээд байвал бие чинь альфа хэмнэлд шилжиж, NK эсүүд олноор үүсдэг учраас тэр.
Эсрэгээрээ баргар, зөрүүд, гутранги, тэгээд инээдэггүй хүмүүс хорт хавдар тусамтгай. Яагаад гэхээр тиймэрхүү хүмүүс альфа хэмнэлээс ужид холдож, яван явсаар биеэ барьсан бэтта хэмнэлээсээ мултрах чадваргүй болдог учраас юм.
...гэх боловч, үргэлж мөнхийн инээж ханиагаастай явах нь ямар ч асуудалгүй юм уу гэвэл, бас ч тийм биш.Альфа хэмнэлд хэт автах юм бол тэнэг болж эхлэнэ.
Баргар бас зөрүүд Бэтта хэмнэл маань, гаднаас биеэ хамгаалахын төлөөх зайлшгүй хэрэгцээт сэтгэлзүйн төлөв бөгөөд, хэрхэвч муу талын баатар биш аж. Зүгээр л,Бэтта хэмнэл буюу стресс төлөвт хэт удаан байвал гэдэсний хананд нүх үүсчихдэг талтай.
Альфа хэмнэл хэтэрвэл тэнэг болж, Бэтта хэмнэл хэтэрвэл ядаргаанд орно. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг зөв барихгүй бол болохгүй.
Тэгтэл, орчин үеийн хүмүүс яагаад ч юм, Бэтта хэмнэлд амархан автдаг болсон
гэх. Амархан стресстдэг гэх үү дээ. Тиймдээ ч өөдрөг яриа, хөгжилтэй үзүүлбэрийн эрэлт өндөр байж, амархан тархдаг байх. Эсрэгээрээ бид зүгээр байхдаа л инээгээд унадагсан бол эмгэнэлт кино, гунигийн дууг илүүтэй таашаах байсан биз.
Япон хүмүүс бусдаас өндөр насалдаг. Японы хөдөлмөрийн яамнаас үүний цаад шалтгааны талаар судалгаа хийж үзээд
– Урт наслалтын нууц нь, зовлонг удаан хуримтлуулдаггүй зан чанартай нь холбоотой
гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
– Угаасаа л тэгэх юм чинь
– Гэхдээ л тэгэх юм чинь
– Тэртээ тэргүй л тэгэх юм чинь
гэх маягийн хандлагаар асуудалд хандаж сурсан хүмүүс тухай бүртээ сэтгэлдээ хуримтлагдсан асуудлыг түс тас шийдээд явдаг юм гэнэ. Шийдэх шийдэхдээ гол төлөв эерэг тал руу нь өөдрөгөөр шийднэ.
Үнэхээр ч Япон хүний тууштай шаргуу занг давж барах үндэстэн ховор. Тэд сонирхсон зүйл бүртээ маниак байж чаддаг. Хийсэн зүйлийнхээ эцсийг нь үзэж, оройд нь гарахаас нааш тавьдаггүй шазруун улсууд. Магадгүй дээрхи судалгааны дүгнэлтээр бол сэтгэлийн дотоод зөрчил, эргэлзээ тээнэгэлзээ үүсвэл дор нь нэг тийш нь шийдээд явж чаддаг учраас, ажлыг дуустал нь хийж, давсыг уустал хутгаж дөнгөдөг биз.
Монголчууд бид ч бас түс тас зантай юу гэвэл зантай. Онцлог нь дээрхтэй төстэй шалтаглах мөртлөө, яг эсрэгээр нь хийх гэснээ хаячихдагаараа л ялгаатай болохоос.
– Угаасаа л тэгэх юм чинь... болъё.
– Гэхдээ л тэгэх юм чинь... яахын.
– Тэртэй тэргүй л тэгэх юм чинь... нэмэргүй.
Гээд яахав, заавал тэднийг дуурайх албатай биш.
– Инээдгийг жаргал дайрна.
– Хэт инээдгийг мунхаг дайрна.
Өөдрөг үзэлд дуртай нь байхад, хянуур бодолд дуртай нь ч бий. Аль аль нь л чухал. Яг л 50:50.
Инээмээр байвал инээ. Бухимдмаар байвал бухимд, найз минь. Хүн болгон адилгүйгээс хойш, бусдын хэмнэлд чирэгдээд яахав. Сэтгэлийнхээ тэнцвэрийг өөрөө л зохицуул. Гагцхүү битгий л туйлшраарай.
bainga l ingeej bdg shde. ok
onoodoroos ehleed ineegeed bj de