Нийтлэл 01 сарын 18, 2016

С.Болд: Хуримтлалтай эдийн засаг гадаад, дотоод орчны сөрөг өөрчлөлтийг хохирол багатай давдаг

Эдийн засгийн дархлаа гэх чухал асуудал байдаг. Энэ талаар хүмүүс харилцан адилгүй ойлголттой байх юм. Эдийн засгийн дархлаа гэж яг юуг ойлгох вэ?

Эдийн засгийн дархлааг  олон улсад нийтлэг байдлаар тодорхойлохдоо нэг талаас аливаа таагүй үзэгдлийн улмаас бий болох сөрөг нөлөөллийг зөөллөж бууруулах чадамж гэж үздэг. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдлыг аль болох богино хугацаанд сайжруулан сэргээх чадавхийг бас хамруулж ойлгодог. Аль ч агуулгаар нь авч үзсэн эдийн засагт үүссэн богино хугацааны хэлбэлзлийг засч, дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах “зөв бодлого” энд хамаатай. Мөн “хүчтэй дундаж давхарга” болон “нийт эдийн засгийн хуримтлал” гэдэг ухагдахуунууд эдийн засгийн дархлааг тодорхойлох чадвартай байдаг. Эдгээр дээр нэмээд нийлүүлэлтийн саад хязгаарлалтыг арилгасан, зах зээлийн чанар сайтай, үр ашигтай бүтэц эдийн засгийн дархлааг дэмждэг.

 Эдийн засаг дархлаа сайтай байх эсэх нь макро эдийн засгийн бодлого зөв бөгөөд тууштай байхаас шууд хамаардаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Нэг жишээ татъя. Эдийн засгийн өсөлтийн мөчлөгийг дагаж тэлдэг хэрнээ уналтын мөчлөгийг бас дагаж агшдаг, урт хугацааны хөгжлийн хөтөлбөргүй харалган бодлоготой байвал нийт эдийн засагт хуримтлал үүсч чадахгүй явсаар дархлаа тогтохгүй. Харин ч эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, богино хугацааны давтамжтайгаар “хямрах зуршил” тогтдог. Үүнийг дэлхий нийт, бүс нутгийг хамарсан эдийн засгийн олон тооны хямралууд, мөн манай эдийн засгийн сүүлийн 20 гаруй жилийн түүх хангалттай нотолсоор байна

Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед эдийн засгийн дархлааг сайжруулах боломжийг та юу гэж харж байна вэ?

Эдийн засгийн дархлааг сайжруулах, түүнийг хадгалах асуудал нь өргөн хүрээтэй, бас хугацаа шаардсан ажил юм. Үүний тулд нэн тэргүүнд эдийн засгийнхаа онцлог болон бодит байдлаа ухамсарлаж, түүнийг хүлээн зөвшөөрч сурахаас эхлэх болов уу. ДНБ-ий 2.5 хувийн өсөлт, 3.4 хувийн инфляци бол өнөөгийн бодит хөрс, бодит үнэн, бас цаашид зөв замналаар тогтвортой урагшлах шинэ боломж.

Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн зорилго, арга замаа зөв тодорхойлох явдал. Эрсдэл хуримтлуулдаггүй, хямрал дагуулдаггүй, хөгжлийн зорилтод харшлах буруу шийдвэр гаргадаггүй институцийн болон засаглалын маш тогтвортой тогтолцоотой болох хэрэгтэй гэж боддог. Энэ нь олон улсын сайн туршлагаар нотлогдсон зүйл. Хөгжье гэж хүсч л байвал бүх нийтээр хөгжлийн төлөө нэгдсэн ойлголттой болж, нэгдэж ажиллаж чаддаг болох хэрэгтэй болов уу. Түүнээс биш барьж байгаа гэр орноо тал талаас нь гал өрдөж шатаадаг байж болохгүй.

Гуравдугаарт, аж үйлдвэрлэлийн салбарын бүтцийг шинэчлэх, тогтвортой ажлын байр шингээдэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх нь зайлшгүй хийх ажил. Ингэхгүйгээр эдийн засгийн дархлааг сайжруулна гэж үгүй. Манайд эдийн засгийн тэнцвэр хангагдсан орчинд экспортын дор хаяж 30-40 хувийг ашигт малтмалын бус салбар бүрдүүлдэг болох зорилтыг 3-5 жилийн дотор хангах бололцоотой гэж үздэг.

Дөрөвдүгээрт, эдийн засаг дахь хуримтлалыг бүх шатанд нэмэгдүүлэх хэрэгтэй. Өрхийн бодит орлого тогтвортой нэмэгдэж байх, мөнгөн хадгаламж өсөх, моргэйжийн зээл тогтвортой нэмэгдэх, санхүүгийн салбарын ашигт ажиллагаа болон өөрийн хөрөнгө өсөх, төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө холбогдох хуульд заасан түвшинд хүрэх, ирээдүйн өв санг үүсгэн байгуулж түүнд уул уурхайн орлогыг хуримтлуулах, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, нийт эдийн засгийн гадаад активыг нэмэгдүүлэх, тэтгэврийн сангийн тогтолцоог шинэчлэх, түүнийг институциональ хөрөнгө оруулалтын сан болгох гэх мэт олон асуудал бий. Эдгээр нь бүгд л нийт эдийн засгийн хуримтлалыг нэмэгдүүлэх, ингэснээр эрсдэл даах чадвартай болох, эрсдэлийг бууруулах хамгаалалт бий болгох агуулгатай. Хуримтлал сайтай орны эдийн засаг гадаад, дотоод орчны сөрөг өөрчлөлт, хүндрэлийг хохирол багатай давдаг. Бас харьцангуй богино хугацаанд тогтворжиж сэргэнэ.

Тавдугаарт, дундаж давхарга гэдэг нь эдийн засгийн дархлааны нэг чухал индикатор бөгөөд урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь учраас дундаж давхаргыг бэхжүүлэхийг тогтвортой хөгжлийн үндсэн чиглэл болгож баримтлах учиртай. Нэг жишээ татахад 3 жилийн өмнө банкуудын зээлийн 1/10 нь орон сууцны ипотекийн зээл байсан. Одоо банкны 3 зээл тутмын нэг нь ипотекийн зээл болсон байна. Нийт 76 мянган өрх, 150 гаруй мянган дундаж давхаргын иргэд өөрсдөдөө хуримтлал хийж, эдийн засгийн бүтцийн шинчлэлд хувь нэмрээ оруулдаг болсон.      

Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн гадаад, дотоод орчин нөхцөл ямар байв? Төв банкнаас 2013 онд эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийсний шалтгаан нь юу байсан бэ?

Зүйрлэвэл 2013-2014 онд Төв банкнаас стандартын бус гэж хэлж болохуйц мөнгөний уламжлалт бус бодлого хийсэн, хийхгүй байсан бол гэсэн хоёр хувилбар зарчмын том ялгаатай. Нэг нь эдийн засагт “хугацаа олгох” сонголт. Өөрөөр хэлбэл, үүссэн нөхцөл байдалд 36 сарын турш дасан зохицох, эцсийн дүндээ эдийн засаг амиа авч үлдэх сонголт. Үүнийг өнгөрсөн 3 жилд хийсэн. Харин нөгөө нь аль 2 жилийн өмнө бүх нийтээрээ хямрах, эдийн засаг амиа алдах сонголт байсан. Мэдээж үхэхээс турсан нь хавьгүй дээр гэдэг нь хэнд ч ойлгомжтой.   

Ийм уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх болсон шалтгааныг тайлбарлахын тулд нэлээд өмнөхийг дэлгэрүүлж ярих хэрэгтэй болно. Эдийн засгийн сүүлийн 20 гаруй жилийн түүхээ бид эргэн харвал хөгжлийн тулгуур салбарыг уул уурхай, “мөнгө олох” боломжоо ашигт малтмал гэж үзсэн. Ингээд олборлох салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа ч эрчимтэй нэмэгдэж байлаа. Харамсалтай нь тэдгээр цаг үеүдэд эдийн засаг дахь нийт хуримтлалаа олигтой нэмэгдүүлж чадаагүй, дотоодын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулж чадалгүй явж ирсэн. Үүний нэг үр дагавар нь ДНБ-ий өсөлт 2008 оны +8.9 хувиас 2009 онд -1.3 хувь болж, ердөө 12 хүрэхгүй сарын дотор огцом агшилт өгч, санхүү-эдийн засгийн хямралд орж байсан гашуун сургамж юм.

Дараа нь Minegolia гэгдсэн үе ирсэн?

Тэгсэн, хямралын дараах 3 жилд буюу 2010-2012 онд Монголд цаг зуурын бөгөөд урьд өмнө тохиож байгаагүй их хэмжээний валют орж ирсэн. Ганцхан тоо дурдахад гадаадын шууд хөрөнгө оруулалт эдгээр 3 жилд цэвэр дүнгээр 10.7 тэрбум ам.доллар байсан. Энэ нь 1990-2015 онд орж ирсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувьтай тэнцдэг. Уул уурхайн өсөлтийн мөчлөгийн үед, валютын орох урсгал сайтай байх үедээ төлбөрийн нийт тэнцэл, улсын төсөв, бодит сектор уул уурхайгаас хэт хамааралтай болж хувирсан. Дээр нь төгрөгийн бодит ханшаа тэнцвэрт түвшнээс нь хэт чангаруулж, түүний нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэл, экспортын болон нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар муудаж ирсэн. Чанартай органик хүнс үйлдвэрлэж экспортлох бизнес төсөл хэнд ч ашиггүй хаягдаж, харин “гадны хүний мөнгөөр нүүрс ухаж зөөх” нь хамгийн ашигтай бизнес болж хувирч байсан. Борнуурт төмс тарих гэхээсээ Эрээнээс төмөр замаар төмс зөөж иддэг гаж үзэгдлийг хэвийн юм шиг ойлгодог болсон. Ингээд макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрт хамаарах суурь үзүүлэлтүүд ашигт малтмалын салбар дагасан хөрөнгийн орох, гарах урсгалаар “хордсон” байлаа. Зүй нь, нөхөн сэргээгдэхгүй баялаг ашигласны орлогыг жил бүр улсын төсөвт төвлөрүүлж “зарцуулах” бус, эдийн засгийн хуримтлал үүсгэж, түүнд суурилсан тогтвортой санхүүжилт, тогтвортой өсөлтийг бий болгох ёстой байсан. Эрдэс баялаг бол зөв бодлоготой бол “өргөн боломж”, харин буруу бодлоготой нөхцөлд “хараал” гэдгийг олон ч судалгаа нотолдог доо.

Гэтэл бүх юм мөчлөгтэй байдаг хойно, гадаад орчны таатай нөхцөл 2012 оноос орвонгоороо өөрчлөгдсөн. Валютын орох урсгал 2013 оноос эхлээд эрс татарсаар, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом агшсаар 2014-2015 онд бүр алга боллоо. Хөрөнгийн урсгалын ийм үлэмж хэмжээний далайцтай, маш огцом савлагаа үүсэхэд “эдийн засаг тэсч үлдэх”, бас “дасан зохицож шинэ тэнцвэрт хүрэх” маш хүнд сорилт 3 жилийн өмнө тулгарсан юм. Ийм учраас Төв банкнаас 2013 онд Монгол Улсын дотоод активыг огцом унагахгүй байх, эдийн засгийг зөөлөн газардуулах зорилготой олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эдгээр нь УИХ-аас даалгасан тогтоол шийдвэрээр, Засгийн газартай хамтарч, банкууд, хувийн хэвшил, иргэдийн дэмжлэг, оролцоотой хийгдсэн. Гэхдээ хүндрэлийн эсрэг арга хэмжээ нь 2009 оныхоос эрс ялгаатай байсныг дахиад хэлмээр байна. Яагаад гэвэл “хордлогыг алхам алхмаар тайлж эрүүлжүүлэх” горимоор эмчилгээ хийгдсэн. Хэрэв гүн хордлогоос 2009 оных шиг богино хугацаанд огцом гаргах гэж оролдвол эдийн засаг түүнийг даахгүй бүр 2 жилийн өмнө, 2013 онд “нүд аних” байлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй болж, эдийн засаг хямрах эрсдэлтэй байсан 2013 онд эдийн засгаас мөнгийг татаж биш, харин хувийн хэвшлээр дамжуулж бодит секторт мөнгө нийлүүлсэн нь эцсийн эцэст 2013 оны болзошгүй байсан хямралыг тойрч гарах, 2013-2015 оны хүндрэлийг зөөллөх үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Хөтөлбөр, арга хэмжээ бүхэлдээ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын төлөө байсан юм.

Төв банкны энэ бодлогын гол үр дүн нь юу байсан бэ?

Гурван жилийн өмнө 14.0 хувь байсан инфляци үе шаттай буурсаар 2015 оны 10 дугаар сард 3.4 хувь боллоо. Энэ нь дунд, урт хугацаанд эдийн засаг “эрүүл” хурдаар тогтвортой тэлэх суурь хөрс нь, эдийн засагт бүтцийн шинэчлэл хийх үндсэн боломж гэж харж байна.

 Ханшаа суллахдаа импортыг маш богино хугацаанд огцом агшуулах бус, харин алгуурхан хумих зохицуулалтыг байнга хийж ирлээ. Ингэснээр төлбөрийн тэнцлийн бүтцэд зарчмын эерэг өөрчлөлтүүд гарч, гадаад худалдаа ашигтай гарах, төлбөрийн урсгал тэнцэл 3 жилийн дотор -3.4 тэрбум ам.долларын алдагдлаас -0.4 болж хуримтлал ба хөрөнгө оруулалтын харьцаа эрс сайжрах, 2016 оноос эхлэн валютын “цус алдалт зогсох” үр нөлөө бий боллоо.  

 Эдийн засгийн өсөлт саарсан ч, 2009 оных шиг хасах руу орсонгүй. Ажилгүйдэл огцом нэмэгдэлгүй, тогтвортой түвшинд байлаа. Гадаад валютын улсын нөөц импортын 5 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой хэмжээнд хэвээр байна. Санхүүгийн салбарт 2009 оных шиг системийн шинжтэй хямрал үүссэнгүй. Банкны салбар тогтвортой байна. Өрхийн зардлын бүтцэд эерэг өөрчлөлт бий боллоо. Цаашид дотоодын үйлдвэрлэл, хуримтлалд суурилсан зөв бүтэц рүү шилжих шилжилт эргэлт буцалтгүй болж байна.

 Энэ бүхнээр бүх юм их сайхан болж байна гэж хэлэх гэсэнгүй. Том эрсдэлээс тойрч гарсныг, бас эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдийг тайлбарлах гэж хичээлээ. Цаашлаад ялангуяа улсын төсөв дээр, валютын орох урсгал дээр, санхүүгийн салбар дээр хийх ёстой ажил, сорилтууд их бий.

Монголбанкны үндсэн зорилт нь дотоодын үнийн тогтвортой байдлыг хангах буюу инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах явдал байдаг. Сүүлийн 3 жилд төгрөгийн ханш сулрах хандлагатай байсан. Энэ нь Монголбанкны үндсэн зорилтод яаж нөлөөлсөн бэ?

Эдийн засагт мөнгө нийлүүлэхэд яагаад инфляци 3 жилийн дотор зорьсон түвшинд хүрч буурсан, төгрөгийн ханшаа 3 жилийн хугацаанд 40 хувиар суллачихаад байхад яагаад инфляци буурч, ажилгүйдэл тогтвортой байгаа, тэгсэн хэрнээ ДНБ-ий бодит өсөлт хасах руу ороогүй зэрэг нь тэр бүр хүмүүст сайн ойлгогдохгүй байгаа байх. Энэ нь өөрөө ойлгоход төвөгтэй, маш “хэцүү тэгшитгэл” л дээ. Онолын үүднээс ханшаа суллахад, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд инфляци өснө. Гэхдээ сулласан ханш, нийлүүлсэн төгрөг эдийн засагт, тэр дундаа төлбөрийн тэнцэл, инфляцийн бүтцэд зарчмын ямар өөрчлөлт бий болгосныг харах хэрэгтэй.

 Монголбанкны хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдсэн мөнгөний нийлүүлэлт нь бүтцийн гажуудалтай, нийлүүлэлтийн хязгаарлалттай, монополь болон олигополь зах зээлд банкны зээлээр дамжуулж хийснээрээ өөр. Энэ бол мөнгө тараалт биш, халамж биш, төсөвт өгсөн мөнгө биш, банкны зээл. Тэр зээл нь нийлүүлэлтийн хязгаарлалтыг багасгаад эдийн засагт үүргээ гүйцэтгээд буцаад ирчихэж байгаа учраас эцсийн дүндээ инфляци өсөх бус, харин буурлаа. Ханшийг 2013 оны 7 сараас суллах үед түүний инфляци дахь сөрөг нөлөө бүтэн жил үргэлжилсэн. Гэвч бидний төсөөлж байснаар төлбөрийн тэнцэл “эрүүлжих”-ийн хэрээр, ханш суларсны инфляци дахь нөлөөлөл 2014 оны сүүлийн хагасаас эхлэн тасралтгүй буурсан.   

 Ханш уян хатан тогтох, гадаад сөрөг өөрчлөлтийг ханшаар болон валютын нөөцийн аль алинаар нь дамжуулж хэрэгцээтэй цаг үед нь, аль болох урьтаж зөөллөх нь эдийн засагт богино хугацаанд зардал үүсгэвч, эргээд дунд хугацаанд эдийн засаг “хождог” болох нь нотлогдож байна. Төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөлөлд 2013 оноос өртсөн зарим орнуудад одоо 2015-2016 онд ханш суллах сорилт тулгарч, мөнгөний бодлого, эдийн засгийн тогтвортой байдалд нь хүндрэл, асуудал тулгарч байна. Бид бол маш их “өвчин намдаах эм, тариа хэрэглэж” 2013 онд үндсэн том эрсдэлээ хаасан, бас хамгийн хэцүү үеэ даваад гарсан.

Eр нь бодлого хэрэгжүүлэхэд ямар асуудал, хүчин зүйл голлон нөлөөлж байна вэ?

Сүүлийн 3 жилийн хугацаанд мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд гол хүндрэл үүсгэсээр ирсэн асуудал нь валютын орох урсгал, төсвийн алдагдал хоёр байсан. Алдагдалтай төсөвтэй, алдагдалтай төлбөрийн тэнцэлтэй сөрөг орчин нь эдийн засаг санхүүгийн эх үүсвэрээ алдсаар байх, хувийн хэвшилд мөнгө очихгүй байх үр дагавар үүсгэж, бодит сектор муудах сувгаар дамжаад санхүүгийн салбарт эрсдэл үүсгэж, улмаар эдийн засгийн нөхцөл байдлыг улам бүр муутгасаар байдаг. Ийм хосолмол алдагдалтай орчинд мөнгөний бодлого дээр орон зай, сонголт гээд байх юм бараг үлддэггүй.

 Тэгэхээр эдийн засгийн байдлыг муутгахгүй байх, улмаар сайжруулахын тулд энэ хоёр алдагдлыг л тэглэх ёстой нь хэнд ч ойлгомжтой юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал 2013 онд -1.9 тэрбум ам.доллар байлаа. Харин эдийн засгийн гадаад тэнцвэрээ дэмжих арга хэмжээнүүдийн үр дүнд энэ оны эхний 9 сард -0.2 тэрбум ам.доллар болж буурч, улмаар алдагдалгүй байх боломжтой эерэг нөхцөл үүсч байна. Уул уурхайгаар “хордсон” төлбөрийн тэнцэл “эрүүлжиж байна” гэсэн үг. Харин төсвийн эрс шинэчлэл хийх замаар уул уурхайгаар “хордсон” төсвийг эрүүлжүүлэхэд нэлээд хүчин чармайлт, зоримог шийдвэр, цаг хугацаа хэрэгтэй байх шиг байна. 

УИХ-аар саяхан мөнгөний бодлогыг хэлэлцсэн. Монголбанкны зүгээс ирэх жилүүдэд мөнгөний бодлогын ямар зорилтууд дэвшүүлж ажиллах вэ?

2016 онд инфляцийг 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулах зорилт бүхий үндсэн чиглэл батлагдсан. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хангахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш уян хатан тогтож байх ёстой. Тийм учраас ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтож байх зарчим тууштай мөрдөгдөнө. Банкуудын төлбөрийн чадварыг хадгална. Эдийн засгийн өсөлт саарсаар байгаатай уялдан санхүүгийн салбарт, активын чанарт үүсэх, бас үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлд маш их ажил хийгдэхээр хүлээгдэж байна. Энэ хүрээнд зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг олон тулгууртай болгох, энэ чиглэлээр мэргэшсэн институцийн зохистой бүтцийг бий болгон хөгжүүлж эхлэх асуудлууд үндсэн чиглэлд тусаад байна.

 Харин Засгийн газрын зүгээс гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, улсын төсвийн зохистой байдлыг хангах, улсын өрийн менежментийг зохистой байдлаар хэрэгжүүлэхээр болсон.

Монголбанкнаас “Шинэ тэнцвэрийн бодлого”-ыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнд эдийн засгийн оролцогч талууд хэрхэн ажиллаж хүрэх ёстой вэ?

Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангана гэдэг нь инфляци буурсан, төлбөрийн тэнцэлд тохиргоо хийгдсэн, санхүүгийн тогтвортой байдал хадгалагдсан эерэг орчинд суурилна. Эхлээд гадаад тэнцэл алдагдалгүй байхыг зорьж хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр эдийн засагт мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн эх үүсвэр гадаад активын өсөлтөөр тогтвортой нэмэгдэж байх нөхцөл хангагдана гэсэн үг. Хоёрт, эдийн засаг дахь санхүүгийн хязгаарлагдмал эх үүсвэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг санхүүжүүлэхийн тулд түүнийг хувийн хэвшилд гаргах орчныг бий болгох. Үүний тулд санхүүгийн эх үүсвэрийг хувийн сектор биш, харин улсын төсөв “авч хэрэглэх” зохисгүй хандлагад цэг тавих зорилттой. Иймд төсөв алдагдалгүй болох, улмаар уул уурхайгаар “хордох”-ын өмнөх үед ирэх хүртлээ “засварлагдах” нь сайн дурын сонголтын асуудал биш, харин зайлшгүй шаардлага гэж хэлээд байгаа юм. Гуравт, улсын өрийн зохистой удирдлагатай болох. Ингэснээр өрийг төлөх, дахин санхүүжүүлэх, хугацааг сунгах сонголт, хувилбар, арга замууд илүү тооцоотой, төлөвлөгөөтэй, ойлгомжтой болно гэсэн үг. Мэдээж үүн дээр нэмээд макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр хангагдсан орчинд мөнгөний бодлогын сонголт илүү олон болж, бодлогын орон зай ч тэлнэ. Эдгээр бодлого цогц байдлаар эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангана гэж томъёолсон. Шинэ тэнцвэрийн огтлолцол дээр улсын төсөв, санхүү, мөнгө, эдийн засаг, аж үйлдвэрлэл, худалдаа, өрийн удирдлагын бодлогын уялдаа хангагдана гэж үзэж байгаа.

Ирэх жилүүдэд валютын урсгал нэмэгдэх, төлбөрийн тэнцэл сайжрах эерэг боломжуудын талаар та юу гэж дүгнэх вэ?

Цагтаа 2011 онд 4.6 тэрбум ам.доллар буюу нийт эдийн засгийн 45 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт одоо 2015 оны эхний 9 сард 0.01 тэрбум ам.доллар буюу үндсэндээ алга болжээ. Гэвч ийм туйлын сөрөг орчинд 2009 оных шиг хямрал болсонгүй. Харин ч санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж байна. Гадаад худалдааны нөхцөл муу, гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй болсон асар хэцүү орчинд “Чингис”, “Самурай”, “Дим-сам” бондын эх үүсвэр, гадаад зээллэгээнүүд, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл зэрэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцолмоор байна. Гадаад валютын орох урсгалын дунд хугацааны төлөв 2013-2015 оных шиг нэн таагүй байна гэж бодохгүй байна. Хэдийгээр уул уурхайн үнийн өсөлтийн супер мөчлөг дуусгавар болсон ч, Монголыг чиглэх валютын урсгал дээр эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн итгэл байна. Том төслүүдийн нөлөөгөөр дунд хугацаанд гадаад тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарах төсөөлөлтэй байгаа. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бүтэц төрөлжихийн хэрээр уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-01-20

    odoo ch tgeed heregleendee ogj btal yu hurimtluulah

    • Зочин
    • 2016-01-19

    Баасаараа хуримтлуулдаг юм, хэдэн дампуурах гээд баларч байгаа банкуудын ухуулга. 20тэрбумын өртэй монгол одоо орлого олж өрөө төлөхөө ярих ёстой болохоос хуримтлал гэж ярих цаг нь биш гэдэг тэнэг хүнд ч ойлгомжтой

arrow icon