Арилжааны банкуудын дээр Цэц ч, юу ч байхгүй, ер нь хөх тэнгэр л байгаа
г сая болж өнгөрсөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны маргаан харуулах шиг болов. Цэц хориг тавьсны маргааш нь шахуу банкныхан УИХ-ыг амлаад авчихсан аварга аятай эргээд сэргээнэ гэж ам бардам хэлж байсан нь тэр ёсоор болсон. Тэдний дээр Хөрөнгийн бирж ч, Санхүүгийн Зохицуулах Хороо ч байдаггүй бололтой. 80 хувийг нь арилжааны банкууд, тэр дундаа 60 орчим хувийг нь Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар банк хоёр эзэмшдэг гэгдэх Монголын Ипотекийн Корпорац өнгөрсөн арванхоёрдугаар сараас олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн.
Аж ахуйн нэгж хувьцаагаа нээлттэй арилжаалахаар бүртгүүлэхэд андеррайтер буюу бие даасан санхүүгийн этгээд хувьцаа гаргах, бүртгүүлэх ажлыг хариуцдаг. Андеррайтер нь үнэт цаас гаргагч компани болон түүний хувь эзэмшигчидтэй холбоо хамааралгүй гэсэн заалт бүхий мэдэгдлийг хувьцаа бүртгүүлэх материалд хавсаргадаг байна. Харин МИК-ийн хувьд Худалдаа Хөгжлийн Банк хамгийн том хувьцаа эзэмшигчдийх нь нэг атал андеррайтер нь Худалдаа Хөгжлийн Банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай TDB Капитал. Өөрөө орон сууцны зээл гаргаад, тэрийгээ үнэт цаас болгож өөрийхөө байгуулсан орон сууцны корпорацад өгөөд, тэр нь биржид хувьцаагаа гаргахад бас охин компани нь хариуцаад хийчихдэг байх нь. Гэхдээ ТДБ капитал цаасан дээр бол хараат бус, бие даасан андеррайтер тул "хувь эзэмшигчидтэй холбоо хамааралгүй" -д тооцогдох бололтой.
Ер нь МИК гэж ямар үүрэгтэй байгууллага вэ?
Тэртэй тэргүй Монголбанкнаас гараад Монголбанкинд ирж дуусдаг, энд мэдээлснээр одоо тэтгэврийн нөөц санд байршихаар болоод байгаа ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг өөртөө нэг эргүүлээд гаргадаг энэ компанийн талаар Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар ийм тайлбар өгчээ.
Монголын ипотекийн корпорац гэж нэг хиймэл бүтэц Монголбанкны мөнгөөр худалдаж аваад буцаагаад зарчихаж байгаа юм. Эцсийн санхүүжүүлэгч нь Монголбанк болж байгаа биз. Монголбанк гэдэг нь хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага биш шүү дээ. Гэтэл ипотекийн зээлд олгосон гурван их наяд төгрөгийг санхүүжүүлэгч нь Монголбанк болчихоод байна. Дунд нь Монголын Ипотекийн корпорац гээд хүний толгой эргүүлсэн бүтэц яваад байгаа болохоос МИК-ийн санхүүжүүлсэн нэг ч төгрөгийн ипотекийн зээл байхгүй. Ипотекийн зээлийг Монголбанкнаас өөр худалдан авсан газар байхгүй. арилжааны банкуудын авсан зээлийг багцалж байгаад үнэт цаасжуулаад ипотекийн зээл болгоод зардаг гэж гоёор яриад байгаа МИК-ын ганц худалдан авагч нь Монголбанк. Монголбанк нь бизнесийн юм уу хөрөнгө оруулагч байгууллага биш учраас зүгээр л мөнгө хэвлээд л өгчихөж байгаа юм.
Байх шаардлагагүй бүтэц нийлж үүсгээд, тэрийгээ өөрсдөө үнэлээд нийтэд хувьцаа гаргаж, 8 хувийн зээлийн хүүгээсээ илүү орлого олох боломжгүй хувьцааг 15 хувийн хадгаламжийн хүүтэй санхүүгийн зах зээлд арилжаалах болсон үйл явдлыг бид коммунист үеийн мэдээ шигээ л тууз туг болон баяртай хүлээж авсан. Баярлах мэдээ мөн үү, биш үү?
Энэ нийтлэл ипотекийн зээлийн макро эдийн засагт үзүүлсэн нөлөөний тухай 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээ авна, сонгуулиа өгнө, тэгээд дампуурна, Ирээдүйн Тэтгэврийн Сангийн Тухай Амьтдын Фармын монгол хувилбар буюу хуулийг ингэж л баталж байна нийтлэлүүдийн үргэлжлэл гуравдугаарх нь. Дөрөвдүгээрт хамгийн сүүлийн нийтлэлээр энэ бүхнийг багтаасан системд мөнгө хаанаас хаашаа урсаж ирснийг хөндөх болно.
Ипотек 5% болчихвол МИК яаж ашиг олох вэ? Давуу эрхтэй ҮЦ купоноо 1% болгох уу? Тэгвэл МИК ийн бондыг НДЕГ яаж авах вэ? 1% аас бага хүүтэй эх үүсвэр татаж чадах уу? Эсвэл Монголбанк мөнгө хэвлээд НДЕГ ийг санхүүжүүлэх үү? Төв банк байнга мөнгө хэвлээд ипотекийг санхүүжүүлээд байж болох уу?