Нийтлэл 01 сарын 24, 2016

Амьтдын фармын монгол хувилбар буюу хуулийг ингэж л баталж байна

Өнөөх 8%-ийн ипотекээс эхлээд нийгмийн даатгал, халамж, барилга, банк, санхүү, мөнгөний бодлого, төсөв гээд хамаг суурь салбар дамнасан Ирээдүйн тэтгэврийн нөөцийн сангийн тухай хууль өнгөрсөн Баасан гарагт гэрлийн хурдаар батлагдав. Одоогоор гарах өөрчлөлт нь Монголбанкинд “Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас” гэж байгаа дансны нэрийг “Ирээдүйн Тэтгэврийн Нөөцийн Сан” гэж өөрчлөх шахуу юм. Удирдах баг нь ч адилхан Монголбанк хэвээрээ,  оруулах хөрөнгө нь ч адил. Иргэд бидний орон сууцны зээлийн гэрээ үнэт цаас хэлбэрээр 90 хувь нь Монголбанкинд байдаг. Бид банкинд мөнгөө төлдөг ч төлсөн мөнгө Монголбанк руу явдаг байсан нь одоо арай өөр нэртэй данс руу ордог болно гэсэн үг. Тэгээд нэг данснаас нөгөөд өөрчлөх шахуу хуулийг яах гэж ингэж хуухайд хөөгдсөн юм шиг баталсан бэ гэдэг нь их сонин асуулт. Хуулийн төслийг хэлэлцэж баталсан явцаас нэг тоймолж харъя.

Эхлээд дүрэм ёсоор байнгын хороодоор хэлэлцэгдэнэ.

Д.Оюунхорол гишүүн асууна: Санг эрсдэлд оруулахгүй байх тооцооллоо үнэхээр сайн хийж чадсан уу?

Ажлын хэсгийн гишүүн хариулна: Тэтгэвэрт эрсдэл учрахгүй гэж бид үзэж байгаа. 2030 оноос хойш тэтгэврийн алдагдлыг санхүүжүүлээд явах зорилготой хуримтлуулна.

(Тооцоог нь харах, тооцооны аргачлалаас нь асуух юм байхгүй.)

Ч. Улаан гишүүн: За Сан байгуулдаг байж, яг яаж хэрэгжүүлэх юм бэ? Төсөвт ачаалал учруулахгүй гэж ойлгож болох уу?

Ажлын хэсгийн гишүүн түгдэрс хийгээд, өөртөө тун итгэл муутайхан шиг: Төсөвт одоо ачаа, тийм юм, ачаа оруулах боломж байхгүй гэж бид  ойлгосон байгаа...гээд ард сууж байгаа хэсэг нөхдөөсөө дэмжлэг хүсэн эргэж харав.  Тэрээр мөн ийн нэмж хэлж байна: Гол нь ийм. Сар тутам ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс хуримтлал үүсэж байгааг эргээд шинэ зээл олгоход хэрэглэж байгаа, дутууг нь Монголбанк санхүүжүүлж ирсэн. Төлөгдөж байгаа хэмжээ олгож байгаа хэмжээгээ 2026 он гэхэд давж ирнэ.

(2026 он хүртэл нь Монголбанкны үүрч ирсэн илүү санхүүжилтийг цаашид хэн, хаанаас гаргахыг хэн ч  асуусангүй.)

Эдийн засгийн байнгын хороон дээр бол С.Эрдэнэ гишүүн мөнгөний бодлого, макро эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй, балансаас балансад шилжинэ гэж ярив. А.Тлейхан гишүүн хуулийг дэмжиж байгаа, урдчилгаа 10 хувь, хүү 5 хувь гэх мэт асуудлыг тусд нь байнгын хороон дээр ярья гэх маягтай үг хэлэв.

 Ингээд шилжүүлэх дэлгэрэнгүй аргачлал, төсөв, мөнгөний урсгалын нарийн ширийн огт хэлэлцэгдэлгүйгээр  байнгын хороод дээр дэмжигдэж, анхны хэлэлцүүлгээр батлах санал гараад чуулган руу шилжлээ.  Хуулийн төсөл дээр нь ч нарийн ширийн байхгүй. Parliament.mn дээр энд байгаа байнгын хороодын санал дүгнэлтийг харвал хэлэлцүүлэг гэхээр юм явагдаагүй нь цагаан дээр хараар бичээтэй.

Ингээд чуулган дээр хэлэлцэв.

С.Дэмбэрэл гишүүн байнгын хороодын дүгнэлтийг уншиж сонсгов. С.Бямбацогт гишүүн хэзээ ипотекийн зээл хэрэгжих вэ гэсэн Сангийн санхүүгийн механизмд хамааралгүй шахуу тэс хөндлөн поп асуулт асуугаад тас цохиулав.

Ё.Отгонбаяр гишүүн асуух ёстой 2 асуултыг асуув:  Байнгын хороодын хэлэлцүүлэг гурилдсан юм шиг харагдаж байна. Нэгд, барилгын салбарын эрсдэл энэ санд хамаарах боллоо. Эрсдэлийн тооцоо байна уу? Сайн тооцохгүй бол өнөөдөр байранд орох хүмүүс 2030 онд тэтгэвэр авах хүмүүсийн мөнгөөр байранд орж байгаатай адил. Хоёрт, Монголбанкны алдагдал болгоод шинэ санд шилжүүлчихнэ гэж байна? Монголбанкны алдагдлыг төсвөөс нөхдөг. Төсөвт ямар нэг эрсдэл үүсэхгүй юу?

Ч.Улаан гишүүн: Бид байнгын хороон дээр асууж, ярилцаад төсөвт ямар нэг эрсдэлгүй, бүх хариуцлагаа Монголбанк үүрээд хариуцаад явна гэдэг ойлголтод хүрсэн.

Г. Батхүү гишүүн: Дагуулж гаргах журамтай холбогдох санал гарсан. Зарчмын зөрүүтэй санал гараагүй. ЭЗ байнгын хороо 100 хувийн саналаар дэмжсэн.

(Монголбанкны алдагдал эргээд төсөвт ирдэг тухай асуусан ч аль нь ч хариулсангүй.Дахин тодруулж асуухад хүрэв.)

Ё.Отгонбаяр гишүүн: Ч.Улаан даргаа, Монголбанкин дээр 2,3 их наядын алдагдал бичигдэх юм уу? Энэ нь төсвөөс нөхөгддөг хуультай.  Орон сууцны эрсдэлтэй тэтгэврийн санг холбож байгаа талаар дүгнэлт гаргасан юм уу?  Яг асуултандаа хариулт авмаар байна.

З.Энхболд: Энэ бол нэмж байгаа сан. Ямар эрсдэл яриад байгаа нь огт ойлгогдохгүй байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Батцогт: Мэргэжлийн байнгын хорооноос санал авсан. Зарчмын зөрүүтэй санал ирээгүй.

(Нөгөө мэргэжлийн байнгын хороодоос нь нэмж тайлбар, хариу өгсөнгүй.)

Энд Анимал Фармын Кловерийн дүрд орсон Д.Ганбат гишүүн гарч ирэв: Уг нь их зөв зүйл хийх гэж байна гэж ойлгож байна. Гэхдээ мөнгө заавал эзэнтэй байдаг. Төрийн мөнгө гэж байхгүй, ард түмний мөнгө л байдаг. Энэ санд шилжүүлэх гэж байгаа нь хэний мөнгө юм бэ? Хаанаас гарч ирэх юм бэ?

С.Эрдэнэ: Эв хамтын зарчмаар өнөөдөр төлж байгааг өнөөдрийн тэтгэвэрт зарцуулж, төрийн төлөх тэтгэвэрийг төсөвт тусгаж ирсэн. Анх удаа 20 жилд нөөцийн сан бий болгох гэж байгааг хэлье.

(Хэний мөнгө, анх хаанаас гарч ирсэн 2,3 их наяд болох тухай хариулт бас гарсангүй.)

 

Ингээд л асуусан нь хариултаа авалгүй, хариулсан нь асуултаа булзааруулсан хэлбэр төдий хэлэлцүүлгийн дараа хуулиа баталж орхив. Төсвийн орлогын хагастай тэнцэх мөнгийг эргүүлж байгаа ипотекийн зээл, түүнийгээ иргэдийн тэтгэвэрт холбох  сангийн механизмын ямар ч деталь хэлэлцэгдсэнгүй, тиймээс шийдэгдэсэнгүй.  Ж.Орвеллын алдарт Анимал Фарм зохиолд гардаг удирдагч гахай Напелеон(энэ сангийн цаана байгаа жинхэнэ наполеон нь хэн юм бүү мэд) сүргийн өмнө гарч ирээд нөхдөө бидэнд ирээдүйд мөнгө хэрэгтэй, мөнгөгүй болж магадгүй байна, тэгэхээр тэр цэнхэр хувинд мөнгө хийе, Ирээдүйн Тэтгэврийн Нөөц Сан гэж гарчиглая, тэнд байгаа улаан хувинд байгаа мөнгийг аваад шилжүүлээд хийе, тэгээд улаан хувинтай мөнгийг хариуцаж байсан Боксерт түр зууртаа хариуцуулъя, сайхан хөгжүүлье гэхээр өнөөдүүл нь алга ташаад дэмжих маягийн юм болдог юм байна.

Цасанбөмбөг, Бенжамин нарын ганц нэг дүр тодрох шахсан ч ер нь л цэнхэр хувин нь мөнгөтэй болно, их хэрэгтэй, сайн гэж бид үзсэн гэх ухааны яриа явж байснаа тэр чигтээ хууль  болчих аж.

Тэгээд хоёр хувин солиод л, гоё нэртэй данстай болчих юм бол спикерийн хэлснээр юу нь асуудал байна гэж бодож болно. Даанч улаан хувин нь тийм амар хоослоод байж болдог сав биш. Монголбанкны хуулийн 38 дугаарт угаасаа орлого олох чиг үүрэггүй Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэжээ.  Түүхэндээ бичиж үзээгүй хоёр аравны гурвын гурван их наядын алдагдал шууд бичих үү, хэсэгчлээд ч юм уу үнэт цаасаар нөхүүлэх үү? Энд л яаран баталсан энэ хуулийн гол учиг байж магадгүй юм. Анхнаасаа Алтанхуягийн засгийн газрын үед байгуулсан хамтран ажиллах санамж бичигт нийгмийн даатгалын санг дахин хөрөнгөжүүлэх зорилгоор ипотекоор баталгаажсан үнэт цаастай тэнцүү хэмжээний урт хугацаатай үнэт цаасыг засгаас гаргана гэдэг томоо нүх малтах ухаанаа Золжаргал гаргах нь гаргасан байгаа. Тэрний толгойг гүйцэж ажиллах зөвлөхгүй Засгийн газар дандаа л чадуулж ирсэн. Энэ санамж бичгээр бол 2,3 их наядын урт хугацаат үнэт цаас гаргах эрхтэй байх нь. Тэгвэл 10%-аас бага хүүтэйг гаргаж чадахгүйгээс хойш юун төсөвт хамаагүй болох.  Хамгийн ихээр хамаатай. Тэрийг нь олон жилийн туршлагатай эдийн засагч, санхүүч гишүүд мэдэхгүй байна гэж баймгүй. Ямар ч гэсэн 3 жилийн өмнө л санамж бичигт зурагласан систем яг төлөвлөгөөний дагуу урагшилж, гоё нэртэй сангийн хуультай боллоо. Гол хэсэг буюу энэ системийн ард эргэж байгаа мөнгөний урсгалыг дараагийн дугаарт хүргэнэ.

Сэтгэгдэл бичих

arrow icon