Зохиолч, орчуулагч, бичгийн хүмүүс болон сурагч, сонирхон уншигчдын анх номтой хэрхэн нөхөрлөсөн түүхээ хүүрнэн өгүүлсэн "Номтой нөхөрлөсөн түүхүүд" хэмээх ном хэвлэлтээс гарчээ. Сурагч оюутнаас зохиолч, бичгийн их хүмүүс хүртэлх бүх насны уншигчдын номын амтанд хэрхэн автаж, номоос ямар үр өгөөж хүртсэн тухай амьд түүхүүдэд ямар ч насны хүнд номын сайн сайхныг мэдрүүлж, шинээр нээж өгөх агуулга багтаажээ. Уг номд багтсан зохиолч, орчуулагч Ж.Нэргүйн "Ном их уншсан хүүхэд овгор байдаг" хүүрнэмжийг толилуулж байна.
Хамгийн анх уншсан ном гэвэл "Үл мэдэх ба түүний нөхөд" гэдэг том хатуу хавтастай Н.Носовын хачин гоё зохиол байсан. Энэ номоос эхлээд би номтой нөхөрлөж ирсэн. Тэр сайхан шидэт саваагаар бүхнийг бүтээдэг Үл мэдэх шиг болох юмсан гэж хүсдэг байлаа. Эрдэмтэн Тожгор, цэцэгчин Тожгор гээд сайхан сайхан дүрүүдтэй ш тээ. Одоо боддог юм. Хүүхдэд зориулсан тийм сайхан ном их ховор болсон өнөө үед тэдгээрийг хэвлэлийн газрууд дахин хэвлээсэй. Хажуугаар нь 12-16 насны өсвөр үеийнхэнд, тэр дундаа хөвгүүдэд зориулсан эр зоригийн тухай ч юмуу "Төмөр ба түүний команд" шиг, "Чук Гек хоёр" шиг, Д.Гармаа гуайн "Хөгжөөнтэй туужууд", Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" шиг ном их үгүйлэгдэж байна.
"Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан явдлууд" гэдэг ном бол миний хуучин монгол бичгээр уншсан анхны ном л доо. Үүнийг уншаад би хуучин монгол бичгийг их амархан сурсан. Үүнийг яагаад хүүхдүүдэд цохож хэлж байгаа юм бэ гэхээр гайхамшигтай сайхан, уран, чамин тансаг хэллэгтэй байдаг. Хүүхдүүд тийм ном уншвал үйл явдалд нь хөтлөгдөөд номны амтанд амархан орчихдог.
Дунд ангид байхдаа орой гэрийн даалгавраа хийчихээд л уран зохиолын ном уншдаг байлаа. Ээж "чи өглөө хичээлтэй, эрт унт " гээд гэрэл унтраачихдаг байсан юм. Тэгээд хэвтэхээр номынхоо үйл явдлаас салж чадахгүй, яах бол гэж бодоод унтаж чадахгүй. Ээжийг чагнаж байгаад унтчихсан хойно нь сэмээрхэн гэрлээ асаагаад л номоо уншаад суучихдаг байж билээ. Эсвэл тэрүүхэндээ лаа асаагаад л... Хүжийн гэрэлд ном уншлаа гэдэг чинь яг үнэндээ номонд донтож байгаа хэрэг юм шүү дээ. Ингэж номонд донтдог байж. Амралтын өдрүүдэд гэрийнхнээ юм хийж байхад нь гэрийн ажил хийхгүй номоо уншаад л зэмлүүлдэг байлаа.
Ажилгүй олон жил болоход миний амьжиргааны нэг арга зам бол ном орчуулах ажил болсон. Пастернак зохиол бичих эрхээ хасуулчихаад байхдаа францаас орчуулга хийж л талхныхаа мөнгийг олдог байсан шүү дээ. Өөрийгөө Пастернактай зүйрлэж байгаа юм биш. Зүгээр ажилгүй гэрт суугаад байхаар өөрөө тууж, эсвэл яруу найргийн ном бичээд амь зууна гэвэл хэцүү шүү дээ. Би Баатарын Галсансүх биш, би Бавуугийн Лхагвасүрэн биш. Миний номыг амархан хүн авахгүй. Тэгснээс гадаадад алдартай, дэлхийд нэр нь түгчихсэн хэрнээ Монголд хориотой байсан, Монголын түүхтэй холбоотой номуудыг орчуулбал би ухаандаа нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг. Би хэл мэддэг бол зөвхөн тэр хэлээрээ уншаад өөрийгөө баясгаад суух биш, бас миний олж уншсан тэр сонирхолтой номыг хүүхэд залуус олж уншаасай гэсэндээ орчуулж байгаа хэрэг шүү дээ.
Тэгснээр хорвоо ертөнцтэй, нийгэмтэйгээ яаж ийгээд зөв харилцах ухаарлыг өгсөн байж магадгүй. Хоёрдугаарт, хүн төрөлхтний хамгийн тэргүүний эгнээнд байдаг ололт амжилт, сайн сайхан бүхнийг олж уншаад толгойгоо цэнэглэх аргыг өгсөн. Унших, уншиж мэдсэнээ найз нөхдөдөө ярьж өгөх, ялангуяа хүүхэд бол их юм мэддэгээрээ овгор болчихож байгаам ш тээ. Их юм уншиж мэддэг хүүхэд гэлтгүй том хүн ч хэзээ ямагт овгорууд байсан
. Овгор гэдгийг би манлайлагч гэсэн утгаар хэлж байна
шүү дээ. Найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүлээхээс гадна найз нөхдөө бас хүндэлж чаддаг. Бусдыг дагуулж, бас сонсож чаддаг нийгмийн харилцааны зөв сэтгэлгээтэй болно.
Зохиолч, дуун хөрвүүлэгч Ж.НЭРГҮЙ
Сэтгэгдэл бичих