Үе дамжин уламжлагдаж ирсэн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн үүрэг роль. Гэр бүл доторх эмэгтэйчүүдийн үүрэг хэрхэн үеэс үе дамжин өвлөгдөж ирснийг, эрэгтэйчүүд хүсэх юм бол уламжлалд өөрчлөлт хийх боломжтойг зурагласан Энэтхэгийн угаалгын бодис үйлдвэрлэлийн компани Ариэл-аас #ShareTheLoad хаштаг дор эхлүүлсэн видео зар сурталчилгааны аян интернетэд трэнд болж байна.
#ShareTheLoad видео хоёрдугаар сарын 19-нд олон нийтэд нийтлэгдсэн агаад залуу энэтхэг бүсгүй ажлаа тараад гэртээ ирнэ. Нөхөр нь диван дээрээ, өвөө хүү хоёр тоглож байна.
Ажлаас нь дуудлага ирнэ, утсаар ярингаа оройн хоолоо бэлдэж, гэрээ цэвэрлэнэ. Аав нь охиноо ажиглаж сууна.
“Намайг уучлаарай. Энэ бүх ажлыг чи ганцаараа хийж байгаад намайг уучлаарай.
Чамайг айл гэр болоод тоглож байхад зогсоогоогүйд уучлаарай.
Ганц чиний ажил биш нөхөр чинь ч туслах ёстойг аав нь чамд хэлж зааж өгсөнгүй.”
Охиноо хоол хийж, гэрээ цэвэрлэж, хүүгээ асарч борви бохис хийхгүй гүйхийг харж суусан аав энэ бүхэн охиных нь биш өөрийнх нь буруу болохыг ойлгоно.
“Би өөрөө ч ээжид чинь тусалж байгаагүй хүн одоо надад юм хэлэх эрх бий билүү? Юу харснаа л сурсан байгаа шүү дээ. Нөхөр чинь ч ааваасаа ийм байх ёстой гэж сурсан байх. Түүний аавын өмнөөс ч уучлал гуйя. Буруу үлгэр үзүүлсэн бүх аавын өмнөөс.”
Улмаар видеонд өнөөгийн нийгэмд нэгэнт зохицохгүй уламжлалт ажил үүргийн хуваарилалтыг эрэгтэйчүүдийн санаачлагаар өөрчилж болох санааг илэрхийлнэ.
“Гэхдээ бүр ч оройтоогүй байна. Өнөөдрөөс эхлээд гэрийн ажилд ээжид нь туслана. Гал тогоонд хаан болж чадахгүй ч ядаж угаалга хийхэд тусалж чадна. Энэ олон жил буруу бодолтой явж иржээ, одоо засаж залруулах цаг болж.”
Уг видео нийтлэгдмэгцээ трэнд болж, цөөхөн цагийн дотор Ариэл Энэтхэг компанийн фэисбүүк пэйж дэх тэмдэглэл 110 мянга гаруй дахин түгээгджээ.
Монголчуудад “Өөдөө тэмүүл” номоороо танил болсон Фэисбүүк компанийн COO Шерил Сандберг мөн видеог өөрийн хуудаснаа шэйрлэсэн агаад
“Энэ миний үзсэн хамгийн нөлөөтэй видеоны нэг, хатуу тогтсон буруу ойлголт бид бүгдийг хохироож, үеэс үе дамжин үргэлжилж байдгийг харуулж өглөө. Охид хөвгүүд тоглохдоо аав ээжийнхээ байгаа байдлыг тусгаж авдаг, энэ нь тэдний ирээдүйн мөрөөдлийг хэвшүүлдэг”
гэж тэмдэглэсэн байв.
Энэ жижигхэн видеоноос эхлээд олон өрх гэр, олон бүсгүй хүний нуруун дахь том ачаа хөнгөрч ч мэднэ. Газар хэвтэх ганцхан зүйлийг хураах гэх мэт жижигхэн зүйлс том болон хуримтлагддаг. Жижигхэн дадал, жижигхэн буруу ойлголтыг засахаас том өөрчлөлт эхэлдэг.
Mongol erchuud boloogui ee, heden zuun shaardlagtai