Мүүнийн шашин гэх гаж урсгал монгол хэлээр оролдож, Монголчууд хоорондоо ойлголцохгүйд хүрсэн тухай шуугианы талаарх хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн тайлбарыг хүргэж байна.
Мүүн гэж аймшиг Монгол даяар газар авч, Монгол хүн бүрийн тархи хордсон тухай мэдээлэл саяхнаас нийтийн сүлжээгээр тарах боллоо. Анх энэ гамшгийн талаар мэдээлж, өргөдөл гаргасан иргэний 10 зүйл бүхий бичлэгийн хоёр нь яах аргагүй монгол хэлтэй холбоотой учраас тайлбар гаргахгүй бол олон хүний сэтгэл үймэрч, санаа зовон, ажил сургуульдаа анхаарахгүйд хүрч мэдэхээр болж байх шиг байна. Миний бие энд “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн үйл ажиллагаатай холбоотой, мэргэжлийг маань хөндсөн хоёр л асуудалд хариулт өгье. Бусдыг нь бол мэдэхгүй, мэддэг чаддаг улс нь болгооно биз ээ.
5-р зүйлд ийн бичиж:
“Зөв зүгээр хэрэглэгдэн байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулснаар Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн. Монголоос өөр ямар улс орон эх хэлэндээ шинэчлэл хийснийг миний бие интернэтээс хайгаад олсонгүй. Үүнийг би өсвөр залуу үед хэл мохоож, соёл бөхөөх туршилт хийсэн гэж үзэж байна.”
Тайлбар:
Энэ бол манай бүлгэмд байнга гарч ирдэг сэдэв. Гарч ирэх бүрийд нь манайхан тайлбараа өгсөөр байгаа. Үсэг хасаагүй, дүрэм өөрчлөгдөөгүй, үгэнд өөрчлөлт ороогүй.
Ъ, Ь, Щ, Й гэсэн дөрвөн үсгийг хасах нэг төсөл явж байсан нь үнэн. Гэвч нэгд энэ нь Мүүнтэй, Насанбаяр гэж хүнтэй огт холбоогүй,
хоёрт, угаасаа ард олны эсэргүүцэл хэт их байсан учраас огт ажил хэрэг болоогүй, цаасан дээрээ л үлдсэн төсөл. “Үгэнд өөрчлөлт оруулсан” гэдгийн тухайд бол “чээж” гэж ганц тодорхой буруу шийдлийг эс тооцвоос өнөөх алдартай 700 хэмээгддэг 400 орчим үгийг журамласан нь бараг бүгдээрээ шахуу, аль 1983 онд Ц.Дамдинсүрэн гуайн журамласныг давтсан хэрэг. Тэгэхээр тэр бүрээс болж “Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн” гэдэг бол үндэслэлгүй байна. Дахин хэлэхэд ард олны хайртай Ишчээ тэргүүтэй дөрвөн үсэг хэвээрээ л байгаа
шүү.
10-р зүйлд ингэж:
“Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг хамгаалж өгнө үү.”
Тайлбар:
Энэ толийг миний бие бас мэдэх юм аа. ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын хэрэглээнд зориулсан Монгол хэлний толийг 2014 онд Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын тэнхимээс гаргасан юм. Толийн дотор хавтсанд Толийг эрхэлсэн Ё Бён Мү, Ерөнхий хянан найруулагч Ж.Санжаа, Толийг найруулсан С.Норжинлхам, Д.Нармандах гэж байгаа. Чухам толийг зохиосон, найруулсан улс нь манай МУБИС-аас төрсөн хэл шинжээчид.
Харин “Эрхэлсэн” гэдэг нь солонгосоор 발행인 англиар орчуулбал publisher гэдэг үгийг орчуулсан нь болов уу? Ер нь гадаад улсад эмхэтгэсэн байгууллага, publisher-ийг чухалд тооцдогийг баримтлан хамгийн дээр нь нэрээ бичсэн байх. Киногоор зүйрлэвэл киноны найруулагч, кино зохиол бичигч, жүжигчид маш чухал боловч тэдний өмнө ПРОДЮСЕР-ийг заавал тавьдагтай адил юм. Өөрөөр хэлбэл тэр солонгос хүн толь эмхэтгээгүй, зохиогоогүй, харин санаачилж, зохион байгуулж, хэвлүүлсэн хүн нь байгаа юм.
Тэгэхээр энэ бол чухам монгол хэлний монгол багш нарын хийсэн толь
юм шүү. Муу ч толь биш. Яг л сурагчдад зориулсан, хэрэглээг голлосон толь бичиг. Бүтцийн хувьд монгол хэлний толь, тэгээд монгол хэлэнд орсон гадаад үгийн толь, хавсралт гэсэн хэсгүүдтэй.
Хавсралтад Монгол үгийг зөв бичих дүрэм, монгол үгийн бүтэц, монгол үг бүтэх ёс, монгол үгсийн аймаг, монголчуудын бичиг үсэг, монгол хэлний нутгийн аялгууд, Монгол улсын аймаг, сумд, таван хошуу мал, төлийн нэр, монголчуудын есөн үеийн удмын нэршил, дэлхийн улс орнууд, түгээмэл хэрэглэдэг товчилсон үгс, монгол хэлний нутгийн аялгууны байршлын зураг багтсан, номзүй, эх татсан зохиолыг мөн дурдсан бүтээл буй.
10 зүйлтэй өргөдөл бичгийн монгол хэлтэй холбоотой хоёр зүйлийг тайлбарлахад ийм байна. Бусад зүйлийг бол мэдэхгүй. Мэдэхгүй салбар луугаа ормооргүй байна.
Дуртай нэг нь эх хэлэн дэх үсэгнээсээ хасчъя гээд л төсөл хэрэгжүүлээлл байж байдаг. Ард түмэн эсэргүүцлээ больё л гэж байдаг. хэл гэдэг тийм том шинжлэх ухаанаар яаж ингэж тоглоол байж байдаг байнаааа.
Мүүнийн шашинтай холбоогүй ч монгол хэлний дүрэм байнга өөрчлөгдөж байдгийг болиулмаар юм. Хэвшсэн дүрэм, үг нь болохгүй байгаа юм бол гадаадаараа ярьцгаагаач. Би өөрөө бага ангийн багш учраас зовлонг нь ойлгодог. Нэг дүрмийг заагаад явж байтал гэв гэнэт өөр болчихсон байдаг,тэр үгийг ингэж бичдэг болчихсон гэх мэт. Ийм зүйлээс болоод эцэг эхчүүд хүмүүс ингэж ойлгож байгаа. Монгол хэлний эрдэмтэд хийх ажилгүй болохоороо ингэж янз бүр болгож будлиантуулдаг байх гэдэг бодол ч төрдөг. Гэтэл математикийн шинжлэх ухаан нэг л гаргасан нээлт хэзээ ч өөрчлөгдддөггүй. Үүнийг бодолцох л хэрэгтэй.
Хүн уг нь үзэл бодлоо илэрхийлэхдээ тэр байтугай зүгээр нэг өгүүлбэр хэлэхдээ хүртэл бодож байж, нягталж байж хэлдэгсэн. Одоо бол хамар доорх хагархайтай хүн гэсэн шиг хаа хамаагүй бурж, бусдыг доромжилж, нийгмийг уруу татдаг хийх юмгүй хоосон юмнууд маш их болжээ. Яагаад их болоод байна гэхээр эд нар бусдыг шантаажалж мөнгө авдаг нэг ёсны рекетчид, хууль зөөлөн байгааг ашиглаж байгаа өөрсдөө эрүүгийн элементүүд.