Нийтлэл 02 сарын 29, 2016

Их 20-ын эвэртэй сайдууд Шанхайд мөргөлдөөд буцлаа

 Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдсан “Их 20”-ын сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт хоёрдугаар сарын 27-нд өндөрлөсөн. Уулзалтад оролцсон гишүүд нэгэн дуугаар дэлхийн санхүү хямрах эрсдэл өндөр байгаатай санал нэгдэж, сэргийлэхийн тулд “бүхий л арга чаргаа” хэрэглэнэ гэж мэдэгдэв. Гэхдээ мөнгөний бодлого хэрэглэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэх боломж шавхагдаж, орон орны санхүүгийн чадавхийн ялгаа улам гүнзгийрсээр байгаа нөхцөлд уг хамтын мэдэгдэл цаашид хэрэгжих эсэх нь орон орон дор бүрнээ ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээс ихээхэн хамаарах төлөвтэй байна(өр тавьж, мөнгө зээлээд юм уу мөнгө хэвлээд өсөлт авчрах, хямралаас зайлсхийх боломж шавхагдсан гэсэн үг).  

Энэ удаагийн хамтарсан мэдэгдэл  “Ойрын үеийн санхүүгийн зах зээлийн хөдөлгөөн дэлхийн эдийн засгийн фундаменталуудаа тусгахгүй байна” гэх утга бүхий, санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг буруушаах өнгө аястай, жир бус хандлага агуулснаараа онцлог байлаа. Их 20-ын мөнгө, сангийн бодлогын тэргүүнүүд зөвхөн мөнгө  санхүү төдийгүй бүтцийн өөрчлөлт тэргүүтэй бүхий л арга чаргаа хэрэглэж, өсөлтийг дэмжсэн бодлого явуулна гэж амлав(зөвхөн хүү, мөнгө зээл төдийгүй зах зээлийн инстүүцүүдийн зохион байгуулалт, төсвийн зарцуулалтаа удирдах замаар өсөлт авчрах, хямралаас сэргийлэх бодлого явуулна).

 

Санхүүгийн зах зээл дэх хэлбэлзлийн хувьд уулзалтыг зохион байгуулсан Хятадаас эхэлсэн билээ. Өнгөрсөн зунаас хойш хувьцааных нь үнэ савлаж, тэр болгонд нь түр зуурын, богино хугацааны арга хэмжээ авч байгаа мэт харагдсан Хятадын мөнгөний бодлого хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах зуур АНУ бодлогын хүүгээ нэмж давхар нэрмээс болсноор Хятадаас мөнгө гадагшилж, энэ нь юанийн ханш унах нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Япон, АНУ зэрэг улс Хятадыг зах зээлийн механизмд суурилсан валютын ханшийн шинэчлэл хийх ёстой гэж шаардсан бол Хятадын хувьд “манай улсад төсөв, мөнгөний чадавхи хангалттай байгаа”, АНУ-ын хүсч байгаа сангийн тэлэх бодлогыг явуулах чадвартай гэж хамтран ажиллах байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү АНУ талынхан Хятадыг хурдхан тарьсан хогоо цэвэрлэ маягийн хандлага гаргасан бол Хятадаас эдийн засгийн өсөлт нь хамааралтай, долларын өртэй шинэ тутам хөгжиж байгаа орнуудын хувьд бодлогын хүүгээ өсгөж гал дээр тос нэмсэн гэж АНУ-г буруутгах хандлагатай.

Европын гол дүр Германы сангийн сайдын хувьд уулзалтын дараа “дэлхийн эдийн засаг санхүүгийн зах зээлд тусаж байгаа шигээ тийм ч муу байдалд байгаа биш”(Германы хувьд тийм ч муугүй байгаа нь үнэн) гэж мэдэгдсэнийг үзвэл нөхцөл байдал үүсвэл “чадах бүхнээ хийнэ” гэсэн Их 20-ын амлалт уулзалт тарсны дараа юу болж хувирах нь тодорхойгүй байна.

Өдгөө үргэлжилж буй эдийн засгийн саарал орчин зөвхөн Хятадын эдийн засаг удааширснаас болоогүй. Газрын тосны үнэ унаж, хамгийн гайгүй амжилттай явж байсан АНУ-ын эдийн засгийн хурд саарах хандлагатай байгаа гэх мэт харилцан хамааралтай хэд хэдэн эрсдэл бодитоор оршиж буй. 20 том эдийн засаг амалсан ёсоор, хувиа бодолгүй чадах бүхнээ хийхгүй бол дэлхийн эдийн засгийн ирээдүй бүрхэг байна.

 

Nikkei

Сэтгэгдэл бичих

arrow icon