- Түрээсийн орон сууцны журмыг баталсан болохоо Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ. Улаанбаатар хотод "Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн 350 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр болжээ. Сугалааны товыг дөрөвдүгээр сарын 1-нд бүртгэл дууссаны дараа зарлах юм аж.
- БНХАУ-ын нүүрсний импорт хоѐрдугаар сард 11 хувиар буурч, 13.5 сая тонн болсон гэж тус улсын Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ. Мөн импортын нүүрсний үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар хямдарчээ.
- Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц тооцож эхэлсэн хугацаанаас хойш 2015 оныг дуустал өссөн дүнгээр 24.5 тэрбум ам.долларын цэвэр богино үлдэгдэлтэй байна. Цэвэр богино позицийн үлдэгдэл өмнөх оноос өссөн байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан байгааг илтгэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн 2015 онд 49 хувиар буурч, 195.1 сая ам.долларт хүрсэн байна.
- Энэ жил татварын буцаан олголтод 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар байгааг Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Өмнө нь татварын буцаан олголтын хэмжээ жилд дунджаар 8 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил татварын буцаан олголтын хэмжээ нэг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 75.3 мянган иргэн хүн амын орлогын албан татвараа тайлагнаж, 44.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоор болжээ
- Энэ 3 дугаар сард “Кожеговь” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Арева Майнз” компанид шилжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Дорноговь аймаг дахь ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард Ашигт малтмалын газраас “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь”-д цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон юм.
Сэтгэгдэл бичих