Нийтлэл 03 сарын 10, 2016

Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд шинэ рекорд үүслээ

2016 оны нэгдүгээр сарын байдлаар арилжааны банкнуудын нийт зээлийн үлдэгдэл 11,8 их наяд төгрөг байна. Үүнээс хэвийн зээл 10 орчим их наяд төгрөг, 1,8 их наяд төгрөг нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл  байна.  Хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны нэгдүгээр сард 317 тэрбум төгрөг байсан нь энэ оны нэгдүгээр сарын байдлаар 938,9 тэрбум төгрөг болж даруй гурав дахин нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн мөнгөн дүн 938,9 тэрбум төгрөг, түүний нийт зээлд эзлэх хувь 8 болж аль аль нь энэ төрлийн үзүүлэлтүүдийн 2000 оноос хойших хамгийн өндөр дүн буюу шинэ рекорд боллоо.

Чанаргүй зээл өнгөрсөн оны нэгдүгээр сард 657,4 тэрбум төгрөг байсан бол энэ оны мөн үед 894 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь нийт зээлийн 7,6 хувийг эзэлж байна.  Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 15,6 хувь байгаа нь 2011 оноос хойших хамгийн өндөр дүн юм. Нийт арилжааны банкнуудын зээл олголт өмнөх оны мөн үеийн 12 их наядаас 2.5 хувь буурч 11,8 их наяд төгрөг болжээ.  

 

Нэмэлт мэдээлэл. Зээлийн ангилал, тэдгээрийн ялгаа:

Хэвийн зээл: Зээл, хүү нь хугацаандаа байгаа зээл

Хугацаа хэтэрсэн зээл: Зээл, хүүгийн хугацаа 90 хүртэл хоног хэтэрсэн зээл

Чанаргүй зээл= Хэвийн бус зээл буюу  91-180 хүртэл хоног хэтэрсэн зээл + Эргэлзээтэй зээл буюу 181- 360 хүртэл хоног хэтэрсэн зээл + Муу зээл буюу зээл, хүүгийн хугацаа 361-ээс дээш хүртэл хоног хэтэрсэн зээл

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-11

    Яаана

arrow icon