Нийтлэл 03 сарын 14, 2016

ХУЛГАЙЛАГДСАН ИТГЭЛ

Би энэ удаад, Ганбаатарын ч юмуу эсвэл Баттулгын ч байг хамаагүй, ѳнѳѳдѳр сошиалын сэдэв, oд болон шуугиулж байгаа хэн нэгэн тодорхой улс тѳрчийн тухай бичих зорилго тавиагүй, хэрвээ хэн нэгний тухай бичих байсан бол надад хангалттай материал байгаа, гэхдээ би хүний тухай бичмээргүй байна,  тиймдээ ч нийтлэлдээ ИТГЭЛИЙН ХУЛГАЙЧ гэж нэр ѳгѳѳгүй. Малчин хүн малаа алдчихаад, хулгайч нь тодорсон тохиолдолд малыг минь буцааж ѳг гэж нэхнээ дээ, тийм л юм бичих гэж шийдсэн маань энээ. Малын хулгайн объект нь МАЛ, итгэлийн хулгайн объект нь ИТГЭЛ, субьект нь адилхан л ХУЛГАЙЧ, малын хулгайч, хулгайч тѳр дүндээ дүн! Ийм хатуухан үг шидэх болсон шалтгааныг ч хэлж болно.

 
Эр хүний нулимс ховор юм гэсэн, гэхдээ мэдэхгүй ээ, хүнээсээ л болдог байх. Ажлын зав зайгаар дадсан зангаараа нэтийн хэдэн сайт, блог эргүүлдлээ, түйт, фэйст орохоо больчихоор зав ч арай илүү гардаг юм шиг байна. Таксины жолооч хүүгийн тухай уншаад дотор эвгүйрч, хоолой гашуун оргин алийгаа алдав. Урьд нь энэ бичлэгийг үзэж, сэтгэл уярч огшин эвгүй болж байснаа бас санаж байна. Олон охин нойтон хүүхэдтэй, улирах бор хоногт нь хоосон хонуулчихгүй хэмээн ѳѳрийн биеийг гаргуунд нь хаян зүтгэж байж олсон хэдээ, тэвчишгүй хѳдѳлмѳр эрхэлсэн жаахан охинд түрийвчээ хоослон байж ѳгѳѳд, бас гэрт нь хүргээд ѳгчих тийм сайхан сэтгэл улам л холдсоор байгааг ч хэлэх үү, их л олон юм бодогдож билээ.  http://www.medee.mn/main.php?eid=75164 Энэ залуу шиг гэрэлт сэтгэлгээтэй хүмүүс, амьдрал хѳѳж, хов ярих завгүйгээр ажилдаа түүртэж яваа эгэл жирийн борчууд дотор дэндүү олон байгаа, энэ бол захын жишээ шүү дээ гэсэн юм бодогдов. Олон юм нуршаад юу хийх вэ, уншигчийн нэгэн сэтгэгдлээр ишлэл ѳргѳе! 
 
ААВ БОЛГОН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭ ТҮҮН ШИГ ХАЙРТАЙ, МОНГОЛ ЭР ХҮН БҮР ТҮҮН ШИГ УХААЛАГ, УУЖУУ ДѲЛГѲѲН, ХАМГИЙН ГОЛ НЬ АЛИВАА ЗҮЙЛД ТИЙМ НЭГ ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙГААСАЙ. ЯГ Л ТҮҮН ШИГ БАЙГААСАЙ!!!  
 
Нэр нь үл мэдэгдэх нэгэн уншигч ийм коммент бичиж үлдээсэн байна, үүн дээр нэмж хэлэх юм алга даа. Хүмүүс янз бүрээр л бичих юм, мэдээж эрх нь байгаа. Гэхдээ, хэн нэгний үг хэлэх эрх нь бусад хүний зѳв байх эрхээр хайрцаглагдан хязгаарлагдаж явдаг юм шүү гэдгийг ялангуяа эсэргүү коммент бичсэн, хардсан сэрдсэн хэдэн этгээдэд хандаад сануулчихад гэмгүй юмуу гэж бодогдов. Мэдээж ШИНЭ ТОЛГОЙТ тѳслийхѳн сайн байлгүй яахав, гэхдээ асуудлын нѳгѳѳ талыг арай том зургаар хармаар байгаа юмаа. Тэр бол НИЙГЭМ ЗҮЙН ТАЛ нь. Талийгчийн, амьдрал сайхан болноо гэж дахин давтан хэлсэн тэр ИТГЭЛ, 35-хан настай ид оргилж яваа залуугийн дэлхийг инээмсэглэн харсан тэр том ИТГЭЛ, би эдгэрнээ гэсэн ИТГЭЛ, монголын бяцхан үрс гудамжинд сонин борлуулаад харанхуй шѳнѳѳр гэр хороолол руу айдастайгаа гүйж харьдаг цаг улирна гэсэн тэр ИТГЭЛ, тус болсон хүний араас далд орон ортол нь харж зогссон охины зовлонтой холилдсон бяцхан ИТГЭЛ, уулын оройн хашаагүй гэрүүд, тарзаан амьдралтай хүүхдүүдийн байдал сайжирнаа гэсэн ИТГЭЛ, жирийн хүмүүсийг мѳнгѳѳр боолчилсон ѳѳдгүй новшнуудын цаг ѳѳрчлѳгдѳнѳ гэсэн ИТГЭЛ, эцгээ хүлээсэн бяцхан үрсийн хүссэн бүхэн биелнэ гэсэн мѳрѳѳдлийн ИТГЭЛ, сургуулийн бяцхан хүүхдүүд маань автобусны мѳнгѳ нэхүүлэн бүлтгэнэдэггүй болох цаг ирнэ гэсэн ИТГЭЛ, бяцхан үрс ирээдүйд дуртай мэргэжлээ эзэмшээд баярлаад гүйж явах тэр цаг ойрхон гэсэн хүүхдийн ИТГЭЛ, ээжийнхээ ачийг хариулж чадах нѳхцѳлтѳй болно гэсэн сайхан сэтгэлийн ИТГЭЛ...ИТГЭЛ, ИТГЭЛ. Эцэс тѳгсгѳлгүй итгэлүүд, байсан уу гэвэл байсаан, тэгээд хаачив? Тѳрд итгэх итгэл хаачив? Улс тѳрчдѳд ѳгсѳн итгэл хаачив? Олон түмэн хүлээсээр цѳхѳрч, захаасаа тархинд нь цус харваж байна, зарим нь цѳхрѳнгѳѳ бараад улс тѳрчдѳѳс аль болох олныг буудаж алнаа гээд заналхийлж явна, энийг л тѳрд хандан хэлэх гэсэн санаа юм.
 
ИТГЭЛ хүлээлгэнэ гэдэг нь итгэлээ ѳргѳн барина гэсэн үг л дээ. ИТГЭЛ хэдийгээр дааж авч чадахгүй унагачихвал чийдэнгийн шил шиг бут үсэрдэг, даан ч хайхрахгүй хаячихвал чийгтэй газрын тѳмѳр шиг зэвэрдэг ч гэсэн алдахгүй хамгаалж яваад хариуг нь барьж чаддагсан бол агуу эд шүү дээ. Ард түмний хүрээлэл гэдэг үндсэндээ ИТГЭЛ, тэр нь манайд алга, тѳр нь даасангүй унагачихлаа. Одоо дахин хэндээ итгэх юм бэ, ИТГЭЛ барагдсан. Харин тэр булааж шахуу авсан итгэлийг маань дааж авч чадах эрхмүүдэд нь шилжүүлээд ѳгчих гэж гуйя! Та нар одоо болсоон, тараа таниулсан, дахин итгэх арга алга! Та нар ард түмний ИТГЭЛийг манлайлж олж аваагүй, хулгайлж авсан жудаггүй хүмүүс, онхолдтол нь худлаа хэлж, хуурч, амлаж байгаад, ѳнгѳн дээрээ ѳѳрийгѳѳ, ѳѳгүй тэгшхэн харагдуулж байгаад ар хударгаар нь хулгайлсан ѳѳдгүй новшнууд шүү дээ. Хулгайн юм хоол болохгүй, зүгээр л чадах хүмүүст нь шилжүүлээд ѳгчих гэж гуймаар байна.
 
Энэ сонгуулиар ард түмэн, сонгогчид хэнд итгэх нь дээр вэ? Хүн бүхэн ѳѳрийн хариулттай, надад ч бас санаа оноо байна. УХААН, дипломоор биш, оюун ухаанаар нь уралдуулж сонгомоор байна. Социологийн шинжлэх ухаанд, лидер байхын тулд наад зах нь тэгш  5 ухааныг эзэмшсэн байх шаардлагатай гэж заасан байдаг, зарим нь олдмол ихэнхдээ заяагдмал ухаан шүү дээ.
 
1. Боловсорсон ухаан
2. Мэдлэгжиж дадлагжсан ухаан
3. Мэдрэхүйн ухаан
4. Амьдралын ухаан
5. Сэтгэлийн ухаан
 
Мэдээж энэ ухаануудын критери янз бүрийн ѳнгѳ аясаар тодорхойлогдох байх, гэхдээ л суурь нь хол ѳѳрчлѳгдѳхгүй гэж бодож байна. Ухаандаа, олон дипломтой эр, орчин цагийн мэдлэггүй бол, нийгмийн байдал коньюктурыг мэдрэхгүй бол, эсвэл сэтгэлгүй гѳлгѳр байвал ард түмнийг хэрхэн тѳлѳѳлѳх билээ дээ. Амьдралын ухаантай нэгэн эзэмшсэн боловсролгүй бол хѳгжлийн хэтийн тѳлѳвийг танин мэдэхүйн ямар үндэслэлээр харах вэ дээ, сэтгэлгээний  эд эс нь дутна биз дээ. Тэхээр эдгээр ухаанууд харилцан уялдаатай, нэг нь нѳгѳѳгѳѳ нѳхцѳлдүүлж байж дундаас нь ЦОГЦ УХААН гарах нь тодорхой байна. Энэ цогцод л аль болох ойртсон хүнийг сонгон тѳрд тѳлѳѳлүүлж чадвал ИТГЭЛ гэх ард түмний агуу ѳмчийг үрэн таран хийх нь багасах байхаа.
 
Дипломоор уралдуулах компанит ажил орон даяар ѳрнѳлѳѳ. Тѳр нь ард түмнээсээ холдчихсон, ард олон нь ядуурлын туйлд хүрсэн, хүн амын 90 гаруй хувь нь баялгаа булаалгасан нийгэм зүйн ийм нѳхцѳл байдалд дипломтой болгоныг эн тэргүүнд тавина гэсэн маш осолтой алхам хийгдэх гэж байна. Ухааныг нь харах ёстой байх. Нам харгалзахгүй, сайн хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн чигтэй санаачилга ЖУДАГТ МОНГОЛ хѳдѳлгѳѳнѳѳс гарч байгаа гэж дууллаа, дэмжиж байна. Нийгэм улс тѳрийн коньюнктурыг судлаад үзэхээр 25 жил олон түмний ИТГЭЛийг унагасан гол субьект нь намууд гэж тодорч байгаа. Яг ийм нѳхцѳлд нам харгалзахгүй, сайн ухаантай хүмүүсийг тѳрд гаргах түлхүүр нь ЖУДАГТАЙ МОНГОЛ хѳдѳлгѳѳний  санаачилга болж мэдэх л байх. ЖУДАГТАЙ МОНГОЛ хѳдѳлгѳѳнд хэлбэр талаасаа анхаармаар юм байгаа ч гэсэн агуулгаа нь зѳв л юм шиг санагдаж байна. ХАР НЬ ХАРААР, ЦАГААН НЬ ЦАГААНААР. Намаар талцаж хэсэг бүлгийг харлуулах нь хувь хүнд ашиг хонжоо авчирдаг л байх, нийт ард түмэн, масст ѳчүүхэн ч ашиггүй. Аль ч намд сайн хүмүүс эрхбиш байгаа шүү дээ, тэднийг олж сонгох нь л сонгогчдын язгуур сонирхол гэж бодно. Энэ бол аль нэг намд харъяалагддаггүй хүний үг.
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Сэтгэгдэл бичих

arrow icon