Нийтлэл 03 сарын 18, 2016

Санал болгох ном: ТҮҮХийг бичигчид армид бий

Энэ өдрүүдэд орчин цагийн “Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ой” тохиож байгаа билээ. 2003 онд баталсан Нийтийн тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэж ирснийг 2011 онд “Монгол цэргийн өдөр” болгон өөрчилсөн билээ. Ингээд уншигч танд цэрэг армийн сэдэвтэй онцлох номуудыг танилцуулж байна.

1.“Халхын гол” /Зурагт тайлбар толь/

Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалт нь Дэлхийн II дайны их ялалтын урьдач нөхцөл байсан тул хүн төрөлхтний түүхэнд Монгол улсын оруулсан нэгэн тод томруун хувь нэмэр байсан гэдгийг олон улсын түүх судлаачид үздэг. Энэхүү номонд Халхын голд тулалдаан хэрхэн өрнөсөн болон ямар зэвсэг техникүүд оролцсон тухай зурагт тайлбар болон хүүрнэмжээр өгүүлжээ. Тус номыг "Халх гол"-ын дайны ялалтын түүхт 75 жилд зориулан гаргаж байжээ.

2.Цэргийн урлаг: Түүх сургамж

"Бүх урлагийн дотроос хамгийн төвөгтэй нь “Цэргийн урлаг” гэдэг. Харин шинжлэх ухаануудын дотроос хамгийн ярвигтай нь цэргийн шинжлэх ухаан мөн” гэж Английн цэргийн түүхч Генри Лойд хэлж байжээ. Харин орчин үеийн ойлголтоор цэргийн урлагийг зэвсэгт тэмцлийг бэлтгэж явуулах онол, практикийн нэгдэл хэмээн тодорхойлдог. Тус номонд дэлхийн томоохон тулалдаанууд, тэдгээрт хэрэглэсэн арга техникийг зургаар баяжуулан хүргэжээ.

3.Монгол цэргийн түүх /Нэвтэрхий толь/

Шинжлэх ухааны бүх салбарт амжилт гаргах боломж бага боловч аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, өнөөдрийн энэ ертөнцөд өөрийн байр суурийг тодорхойлон, мухар сүсэг, мунхруулал, тэнэглэлээс хол явахад энэхүү толь бичиг тус болно хэмээн зохиогчид нь үзжээ.

4.Тагнуулын нэвтэрхий толь

Энэхүү номонд Чингис хаан, дэлхийн тагнуулд түүний оруулсан хувь нэмэр, Их Монгол улсын нэр цуутай болон бусад хэд хэдэн тагнуулч, туршуулын тухай бололн 1980, 1990-ээд оны үед манай аюулаас хамгаалах байгууллага илрүүлж, эх орноосоо хөөн гаргасан Хан Кайзы зэрэг гадаадын дипломат тагнуулчыг барьсан тухай сонирхолтой түүхүүд болон тагнуултай холбоотой 400 гаруй зуун нэр томъёог тайлбарласан цогц бүтээл аж. Номын зохиогч Профессор М.Цогтоо нь Монголын тагнуулын байгууллага, түүний сөрөх тагнуулын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан хүн юм.

5."Талд ассан түймэр"

"Манж хятадын маалинган шаахайг Халхын нутагт хэзээ ч гишгүүлэхгүй"

УИХ-ын гишүүн Е.Отгонбаярын бичсэн тус номонд 1900-1915 оны түүхэн үйл явдлуудыг төвөө болгожээ. Зохиогч хэлэхдээ “Аливаа түүхийг тухайн цагийн уур амьсгалд нь ойлгох хэрэгтэй” хэмээн номын эхэнд өгүүлжээ.

6."Монгол улсын зэвсэгт хүчний байгуулалтын түүх"

Цэргийн түүхчдийн загалмайлсан эцэг хэмээх мэргэжил нэгт нөхдөөсөө хүртсэн доктор Д.Гомбосүрэн багшийн судалгааны бүтээл аж.

7.“Бүхнийг Фронтод, Бүгдийг ялалтын төлөө” /Зурагт тайлбар/

Хэдийн бид 1939 онд Халх голын тулалдаанд ялалт байгууллаж чадсан ч Европ тивд дайн үргэлжилж байсан. Тиймээс 1941 оны 6 сарын 22-ны өдөр МАХН-ын Төв хорооноос"Фашистын өдүүлсэн байлдааныг СССР улсаас бут цохин ялж дийлэх явдалд зохих тусламжыг үзүүлэх” гэсэн тогтоол гаргаж олон тооны мал, хувцас хэрэглэлийг фронт руу илгээж байсан юм..  Энэхүү түхэн үйл явдлыг зургаар тайлбарлан үзүүлсэн нь уншигч таны цагийг хэмнэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon