Нийтлэл 03 сарын 28, 2016

Хөдөө орон нутгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөхөөр 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгууллаа

-Барилга хот, байгуулалтын яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөдөө орон нутгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах төслийн санхүүжилтийн гэрээг байгуулжээ. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөх аж. Нийт 21.6 сая ам.долларын санхүүжилтийн 80 орчим хувийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, нэг сая ам.долларын санхүүжилтийг “Bill&Melanda Gates” сангийн буцалтгүй тусламжаар, үлдсэнийг нь Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх юм байна. 

-Дулааны IV цахилгаан станц алдагдлаа арилгаж, ашигтай ажиллаж эхэллээ. Өнгөрсөн оны III улиралд тус станц 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол IV улиралд 3.8 тэрбум төгрөгийн борлуулалтын ашиг олсон байна. Мөн IV улирлын байдлаар 4.6 сая төгрөгийн орлогын татвар төлжээ. Дулааны IV цахилгаан станцын цэвэр ашгийн хэмжээ 120.3 сая төгрөг болсон байна.  

-“Багануур” ХК өнгөрсөн улиралд орлогоо 10.1 тэрбумаар нэмэгдүүлж, 102.1 тэрбум төгрөгт хүргэжээ. 2014 онд санхүүгийн зардалд 5.2 тэрбум төгрөгийг төлж байсан нь 2015 онд тэглэгдсэн нь орлого өсөхөд голлон нөлөөлсөн байна.  

-Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхэллээ. Өргөтгөлд нийт 53.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд 45 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банк гаргахаар болжээ.   

-Гацууртын ордын зөвшөөрөл эзэмшигч Сентерра Гоулд Монголиа, Зөөвч Овоо, Дулаан уулын ураны ордын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч Арева, Мицубиши компанитай Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар хэлэлцээг эхлүүлжээ.     

 

Сэтгэгдэл бичих

arrow icon