Нийтлэл 03 сарын 30, 2016

'Хатгааны суурин дээр улаанбурхан хавсрах нь нас баралтын хамгийн том шалтгаан'

Өнгөрсөн нэг сарын турш Улаанбурхан өвчний тархалт дэгдэж нийгмийг нилээдгүй сандралд автуулсан. Тиймдээ ч одоог хүртэл ХӨСҮТ –г зорьсон олон эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй байна. Ингээд ХӨСҮТ-ээс сурвалжилсан сурвалжлагаа хүргэе.

Уг нь тус төв халдварт өвчнүүдийг тус бүрийнх нь цонхоор хүлээн авч оношилдог чодоогийн байдлаар бүх цонхоор Улаанбурхан өвчний шинжилгээг авч иргэдэд үйлчилж байгаа аж.  Тэндхийн манаач ахын хэлснээр машины хөдөлгөөн ч гэсэн эрс  нэмэгдсэн аж.

Тус өвчин 2015 оны гуравдугаар сард анхны тохиолдол нь бүртгэгдсэнээс хойш тухайн онд 23 000, 2016 он гараад эхний гурван сарын байдлаар 12000 орчим болж бүртгэгдээд байгаа бөгөөд жилийн дотор нийтдээ 30000 гаруй тохиолдол тоологдоод байна. Халдварын тархацын хувьд нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймгийг хамарч байгаа ба ихэвчлэн улаанбурхан өвчний эсрэг товлолын вакцины бүрэн тунгаа хийлгээгүй буюу хоёр тун вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд уг өвчнөөр өвдөж байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

 

Уг нь хүүхдийг 9 сартайд болон хоёр насанд нь Улаанбурханы вакцинд хамруулах ёстой ч үүнд хайхрамжгүй хандсан эцэг эхчүүд маш олон байгаа нь хамралтын мэдээнээс харагдаж байгаа юм. Түүнчлэн вакциныхаа нэг дэх тунг авчихаад хоёр дах тунд нь хамрагдаагүй хүмүүс халдварт нилээдгүй өртөж байна.

Түүнчлэн бага насны хүүхдээс илүүтэйгээр18-30 насны залуучууд өвчилж байгаа тул эдгээр насны залуусууыг зайлшгүй вакцинд хамруулах хэрэгтэй гэдгийг тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал онцолж байлаа.  Харин өвчин хүндэрч байгаа насыг нь харвал ихэвчлэн бага насны хүүхдүүд хүндээр тусч байна. Учир нь жилийн энэ улиралд зөвхөн Улаанбурхан өвчнөөс гадна томуу, салхин цэцэг, гар хөл амны зэрэг амьсгалын замаар халдварладаг бүх халдварууд давхар гардаг нь нөлөөлж байна. Мөн хаврын улиралд нийт хүн амын дийлэнхийнх нь дархлаа суларчихсан байдаг учраасхүүхдүүд нэг биш 2-3 төрлийн халдвар авснаар хүндэрч буй тохиолдол их байна гэсэн юм.

В.Байгал: Эцэг эхчүүд маш хурдан вакцинд хамрагдах хэрэгтэй

Өнгөрсөн жилийн хувьд уг өвчнөөр нас барсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Харин энэ жилийн хувьд байдал ямар байна вэ ?

Ер нь Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нийт тохиолдлын 5-10 хувьд нь нас баралт бүртгэгддэг. Өнгөрсөн жил л гэхэд уг өвчнөөр дэлхийд 110 000 орчим хүн нас барсан. Манайд2015 онд Улаанбурхан өвчнөөр нас барсан 8 тохиолдол бүртгэгдсэн. Энэ жил эхний гурван сарын байдлаар 0.2% нь нас баралт бүртгэгдээд байна.

Ер нь өвчин хүндрээд, хүүхдүүд нас бараад байгаа голлох шалтгаан нь юу вэ ?

Тэгэхээр эцэг эхчүүдийн сэргийлэх хамгийн гол зүйл гэвэл хүүхдэд нь улаанбурхан эсвэл томуугийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хугацаа алдалгүй эмчид хандаж эмнэлзүйн эмчилгээг хийх шаардлагатай байна. Гэтэл эцэг эхчүүд томуу байлгүй гэсэн хандлагаар тоолгүй өнгөрөөгөөд хатгаа болгочихоод ирэхээр байдлыг улам хүндрүүлдэг. Хатгааны суурин дээр улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд нас барах хамгийн том шалтгаан болоод байгаа юм. Тиймээс ямар нэгэн өвчний  шинж тэмдэг хүүхдэд нь илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлэх нь маш чухал.

Нас барсан зарим тохиолдлуудад вакцинд орох нас нь болоогүй хүүхдүүд бүртгэгдсэн гэсэн. Энэ талаар та хэлж өгнө үү ?

Уг нь вакцинд 9 сартайдаа хамрагддаг. Гэтэл Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдлын 77.7 хувь нь вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байсан. Хэрвээ есөн сар хүрээд эхний ээлжийн тунгаа авчихсан бол халдвар туссан үед арай хөнгөн хэлбэрээр өвдөнө. Тиймээс нэн түрүүнд асаргаа, хооллолт, амралт, дулаан байлгах,  өрөөндөө агаар сэлгэлт зэргийг нэн түрүүнд хийх хэрэгтэй. Түүнчлэн нэгэнт мэдээлэл цацагдаад улаанбурхан өвчний тархац их байгааг мэдчихсэн тохиолдолд хүүхдээ гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, гэртээ гаднаас олон хүн цуглуулаад байх шаардлагагүй. Бас сайн хөхүүлэх нь чухал. Ингэснээр бага насны хүүхдийн дархлаа маш сайн тогтдог. Тиймээс эдгээр зүйлсийг сайн сахивал вакцинд хамрагдах болоогүй хүүхдийн өвчлөх магадлал бага.

Уг өвчин өнгөрсөн жилийн гурван сард анх бүртгэгдсэн. Тэгэхээр энэ өвчний дэгдэлт нь 2-3 сарын хооронд гэж ойлгож болох уу ?

Шууд бас тэгж хэлж болохгүй. Өнгөрсөн жил л гэхэд 5,6 сарын орчимд тархалт нь оргил үедээ хүрсэн. Одоо ч гэсэн түүний дагуу ихэсдэг үедээ явж байна. Учир нь улаанбурхан өвчний вирус нь халуунд тэсвэргүй учраас долдугаар сар гэхэд буурах хандлага ажиглагддаг. Гэхдээ эхний гурван сарын байдлаар л гэхэд 12 000 мянган орчим хүн өвдчихсөн байна. Гэтэл 6 сар хүртэл гурван сар дутуу байгаа учраас хичнээн ч хүүхэд, томчууд энэ үеэр өвдөх боломжтой.

Сүүлийн үед зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд болон залуучууд уг өвчнөөр өвчлөх хандлагатай байна ?

Тийм. Тэр хүмүүст зориулсан “Сайн дурын дархлаажуулалтын кабинет” гэж манай ХӨСҮТ-д бий. Та 10 000 төгрөг тушаагаад вакциндаа хамрагдчихвал би ч өвдөхгүй, хүүхдээ ч өвтгөхгүй байх аюулгүй байдлаа хангаж чадна. Яагаад гэвэл бага насны хүүхэд дураараа тэнээд явчихгүй. Ихэнх тохиолдолд аав, ээжээсээ халдвар аваад байгаа учраас эцэг эхчүүд маш хурдан вакцинд хамрагдах хэрэгтэй байгаа  юм.

Бусад улс оронд Улаанбурхан өвчний тархалт хэр зэрэг байна вэ ?

Нийт 110 гаруй улсад уг өвчин дэгдсэн. Онцгойлон манай хойд, өмнөд хөршүүдэд 100 000 хүн тутамд  1000 хүн өвдөж байгаа гэж бүртгэгдээд байна.

Монголд уг өвчин ингэж хурдан тархацтай гарч байгаад нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь юу вэ ?

Үүнд нилээд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт вакциндаа хамрагдаагүй.

Хоёрдугаарт хүний дархлаа хамгийн их сулардаг хаврын улиралд, амьсгалын замын бусад өвчнүүд гарчихсан үед хавсарсан байдлаар их тусч байна.

Хэдийгээр 1973 оноос Улаанбурханы вакциныг хэрэглэж эхэлсэн   боловч  1973-1988 он хүртэл нэг тунгаар тарьж байсан. Энэ үед нэг тунгаар вакцинд хамрагдаж байсан хүмүүсийн дархлаа тодорхой хэмжээгээр буурсан учраас өвдөх боломжтой. Мөн вакцины хамралт хэзээ ч 100 хувь хүрч байгаагүй жишээ нь зах зээлийн нийгэмд шилжих жилүүдэд хамралт 80-90 хувь байсан учраас цаана нь вакцин хийлгэгүй үлдсэн хүмүүс бий.

Гэтэл тэр олон жилийн хугацаанд нийт хүн амын дунд улаанбурхан өвчний эсрэг дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүсчихээд байгаа юм. Тэгэхээр улаанбурхан өвчин гараагүй байсан өөр улс орон, тэр дундаа хоёр хөрш рүү зорчих үедээ тухайн өвчний халдварын аваад ирчихсэн тохиолдолд агаар дуслын замаар халдварлах боломжтой учраас түүнтэй ойр дархлаа тогтоогүй байгаа хэн ч уг өвчнөөр өвчлөх боломжтой болчихоод байгаа юм.

Улаанбурхан өвчний энэ удаагийн огцом дэгдэлт нь гэнэтийн тохиолдол байв уу эсвэл үүнд урьдчилсан байдлаар бэлэн байсан уу ?

Бидний хувьд 1973 оноос уг өвчний эсрэг вакцинаар иргэдээ хамгаалж байна. 2009 оноос эхлэн Улаанбурхан-Улааннууд-Гахайн хавдар гэсэн хавсарсан вакцинаар есөн сартай болон хоёр настай хүүхдүүдийг вакцинд хамруулаад дархлаажуулж ирсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан гэхээс илүүтэй эцэг эхчүүдийн үүрэг маш их болж хувирсан. Хэрвээ та хүүхдээ аливаа халдварт өвчнөөр өвчлүүлэхгүй гэж л байвал хугацаанд нь вакцинд хамруулах хэрэгтэй.

Бид долоон төрлийн вакцинаар 15 нас хүртэлх насанд нь 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хийчихдэг учраас энэ хугацаанд л хамруулчих хэрэгтэй. Ер нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх ганц арга нь урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх явдал.

Одоогийн байдлаар өдөр бүр ХӨСҮТ-ийн ажилчид хэвийн цагт ажилладагаасаа хоёр дахин илүү цагаар ажиллаж байгаа аж. Өдөрт долоон хүн ажиллах ёстой бол 14 хүн, 25 бол 50 хүн ажиллаж байна. Тус төвийн тандалт судалгааны албаныхан уг өвчний мэдээллэгдсэн тохиолдол бүрт нарийвчилсан судалгаа хийж эх уурхай болон хавьтал болсон хүмүүсийг нь илрүүлж, хүн бүрт гурав хоногийн дотор яаралтай вакцинжуулалтыг дүүргийн болон өрхийн эмнэлэгүүдтэй хамтраад хийж байгаа гэдгээ хэлсэн. Түүнчлэн бүх тохиолдолдлын дата сан бүрдүүлж, шалтгаан нь юу байв гэсэн дүгнэлтийг гаргаж, түүн дээр суурилсан цаашдын арга хэмжээг төлөвлөж байгаа юм.

“Корь” буюу “Улаанбурхан” нь зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутагт ч гэсэн өвчлөл нилээдгүй байгаа бөгөөд энэ дунд мэргэжлийнхний анхаарлыг татсан хэд хэдэн аймгууд бий. Үүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ,  Өмнөговь, Дорноговь гэсэн аймгуудад тархалт илүүтэй байна. Учир нь урд, хойд хөрштэй хил залгаа хоёр орны иргэд нилээд зорчдог аймгууд байгаа юм.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны хүмүүсийн хэлж буйгаар хэрвээ яг энэ чигээрээ нэмэлт дархлаажуулалтыг хийхгүй бол уг өвчний тархалт багасах хандлага байхгүй гэдгийг онцолж хэллээ. Өнгөрсөн жил 5-6 сард оргил үедээ хүрсэн. Энэ жил ч мөн адил нэмэгдэж долоон сараас хойш улиралын холбоотой багасах ч бүтэн жил үргэлжлэнэ. Хэрвээ зонхилон  халдвар аваад байгаа 18-30 насныхны дунд нэмэлт дархлаажуулалтыг явуулчихын бол өвчлөл хоёр дахин буурна хэмээн хэлж байлаа.

Түүнчлэн дээрх насны хүмүүс халдварлаж байгаа нь нэг шалтгаантай. Учир нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь зах зээлийн нийгэмд шилжиж байх үеийнхэн. Гэтэл тухайн үед вакцинжуулалт 80-85 хувьтай буюу нилээд муу байсан нь одоогийн нөхцөл байдалд нөлөөлж байна. ХӨСҮТ-ээс нэмэлт дархлаажуулалтын аянг ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөж байгаа тул аж ахуй нэгж байгууллагын хувьд тус насны ажилчдынхаа тоог гаргаж өгвөл ажилд нь ихээхэн тус нэмэр болно гэдгийг хэллээ. Судалгаанаас харахад уг насны 600 000 мянган хүн байгаа аж.

Түүнчлэн залууст хандаж зөвхөн эрүүл мэндийн ажилчид хийх ёстой гэсэн байдлаар хандалгүй ухамсар гаргаад тус дархлаажуулалтын аянд идэвхтэй оролцоосой хэмээн тус байгууллагынхан уриалж байна. Харин хөрөнгө мөнгөний хувьд жилийн эхэн учраас ямар нэгэн байдлаар санхүүжилтын тал дээр одоохондоо ямар нэгэн асуудал гараагүй, магадгүй жилийн сүүл хэсэгт дутагдал гарч болзошгүй гэж байлаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon