2011 оны эхэн. Жижигхэн бөгөөд төрөлжөөгүй 10 хүрэхгүй тэрбум долларын эдийн засгаасаа хэдэн зуу дахин их хэмжээний эрдэс баялгийн нөөцтэй Монголын хувьд азын тохироо нь бүрдсэн цаг үе байлаа.
Учир нь газрын гүний их нөөц нь Оюу толгой, Таван толгой тэргүүтэй төслүүдийн үр дүнд их хэмжээгээр эдийн засгийн эргэлтэнд орохоор хүлээгдэж байв. Дээр нь аль хэдийн дэлхийн нүүрсний хэрэглээний 50%, зэсийн хэрэглээний 40%-ийг дангаараа залгих болсон аварга том зах зээл яг урд нь бэлэн байв. Хамгийн гол нь Монголын экспортын 60%-ийг бүрдүүлж байсан нүүрс болон зэсийн үнэ дэлхийн санхүүгийн хямралаас хойш эргэн сэргэсэн төдийгүй, хэзээ ч байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ 2011 оны эхээр $130/тн хүрч (2009 оны 3 сар: $60 ), зэсийн үнэ $9800/тн даван (2008 оны 12-р сар: $3000 ) түүхэн рекорд тогтоож байлаа.
Улмаар урьд өмнө үзээгүй их мөнгө Монгол руу цутган орж ирлээ
. Түүхэндээ $3 тэрбум давж үзээгүй гадаад худалдааны орлого 2011 онд $4.8 тэрбум, 2012 онд $4.4 тэрбумд хүрэв. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) $9 тэрбумд хүрсэн нь өмнөх 20 жилийн нийлбэр дүнг 3 нугалах үзүүлэлт
болов. Тухайн үед 6 $тэрбумын хэмжээтэй байсан Монголын эдийн засагт ийм их мөнгө орж ирснээр бодит өсөлт 2011 онд 17.5% хүрэн дэлхийд тэргүүлж, 2012 оны өсөлтөөр (12.3%) эхний 4-т орлоо.
Ингэснээр хямрал болон зуд дараалласан 2009, 2010 оны саарал дүр зураг замхарч, Монгол гэнэт л өөдрөг үзэл ирээдүйд итгэх их итгэл, эрч хүч оргилсон газар болж хувирав. Брэндийн дэлгүүр, үнэтэй машин, өндөр өсөлтийн прогноз, баялгаар хахсан “Minegolia” -ын тухай мэдээ гээд л... Монголчууд хэцүү амьдралаас зугтан харийг зорьдог биш харин гаднынхан бизнес боломж хайн Монголд ирдэг үетэй золгов. Чингис хаанаас хойш хэдэн зууны турш дэлхийд мартагдсан байсан улс газрын зураг дээр эргэн гарч ирлээ.
Гэвч энэхүү түүхэн боломжийг авчирсан эрдэс баялгийн үнийн өсөлт удаан үргэлжилсэнгүй. Учир нь 2011-12 он бол санхүүгийн хямралаас бүрэн сэргээгүй Америкт ажилгүйдлийн түвшин нь 10% шүргэж, 20 жил дефляцид туйлдсан Япон газар хөдлөлт цүнамид давхар нэрвэгдэж, Евро бүсэд өрийн хямрал (жишээ нь Грек) ид өрнөж байсан үе. Гол худалдан авагчид нь иймэрхүү асуудлуудтай байсан тул өнөөгийн Хятадыг бий болгосон “үйлдвэрлээд экспортлох” загварынх нь ирээдүй бүрхэг байв. Энэ үед коммунист нам эдийн засгийн зорилтот өсөлтөө биелүүлэхийн тулд хиймэл эрэлт үүсгэж байсан нь ашигт малтмалын үнийг түр зуур өсгөсөн байжээ. Гэвч даалгавраар хийгдсэн хөрөнгө оруулалтууд нь үр ашиггүй болохоор (хамгийн тод жишээ нь ghost cities) энэ арга нь туйлдаа хүрчихээд байлаа...Товчхондоо нүүрс зэсийн үнэ эргээд унах анхааруулгын шар гэрэл анхнаасаа л асаалттай байж
.
Харин бид энэхүү дохиог анзаарах сөхөөгүй байв. Шийдвэр гаргагчид нь нам фракцаараа талцан урьд нь харж байгаагүй их мөнгөн дээр хоорондоо алалцаж, ард түмэн нь бэлэн мөнгө тараах халамжийн бодлогод хавтгай угжуулаад бүгд сохорцгоожээ. Оюун нь сохорсон хүмүүс хий юм харах болж, Хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэх мэтчлэн айгаад зах зээл таатай үед нь төмөр замаа амжиж тавьсангүй. Эрүүл солиотой нь мэдэгдэхгүй их зөнч төлөгчид шиг л 100 жилийн тэртээх ирээдүйг ярьсаар урдах мега төслүүдээ ажил болголгүй гацаав. Дээр нь популизмаас өөр юм хийх чадваргүй "эх орончид" нь цээжээ дэлдсээр хөрөнгө оруулагчдаа ч хөөж гаргав. Үргэлж 2011 он шиг байх мэт аашилцгаан эргээд олдохгүй ямар боломж хөсөр хаягдаж байгааг эрүүлээр бодох саруул ухаан тал нутагт маань харамсалтай нь байсангүй.
Ингэж байтал шар гэрэл солигдож, улаан гэрэл ч асч 2012 оны эцсээс эхлээд нүүрс зэсийн үнэ унаж, уул уурхайн бизнест хөрөнгө оруулах нь ашиггүй болоход гаднаас ордог байсан мөнгөний крантууд хаагдаж эхлэв. Ийм шокоос үүсэх уналтыг зөөлрүүлэхэд хэрэгтэй хуримтлалыг эдийн засгаа сайн байхад бэлдээгүй тул хэдхэн жилийн өмнөх түүхтэй төстэй зүйл болох нь тодорхой байлаа:
Валютын орох урсгал татaрна→Доллар чангарна→Юмны үнэ өснө→ Худалдан авах чадвар доройтно→ Бизнес эрхлэгчдийн борлуулалт муудна → Банкны зээлүүд чанаргүйднэ (зарим банкууд дампуурна)→Санхүүжилтгүй, борлуулалтгүй болсон компаниудын үйл ажиллагаа удааширна, хүнээ хална→Эдийн засаг царцаж инфляци 0 руу дөхөн, өсөлт хасах руу орж, ажилгүйдэл ядуурал ихэснэ
Богино хугацаанд ийм цикл өрнөн чанга унасан 2009 оны хямралаас ялгаатай нь энэ удаад арай зөөлөн газардаж өсөлт 11.6% (2013)→ 7.9%(2014) → 2.3%(2015) болон аажмаар саарчээ. Гэхдээ өмнөх хямралуудаас сургамж авалгүй олсныхоо хэрээрээ замбараагүй үрдэг хуримтлалгүй улсад энэхүү зөөлөн газардалт маш өндөр өртгөөр хийгдэв
:
-2015 оны эцэст ₮14.5 триллионд хүрсэн засгийн газрын нийт өр зөөлөн газардалтын нэг том төлөөс болжээ. Нийт өрийн ₮10.5 триллион орчим нь Евро бонд ($580 сая), Чингис бонд ($1.5 тэрбум), Самурай бонд (30 тэрбум йен), синдикат зээл ($300 сая) , Дим Сам бонд (1 тэрбум юань) тэргүүтэй гаднаас зээлсэн мөнгө байв. Үлдсэн ₮4 триллион нь дотоод өр бөгөөд үүний дийлэнх нь төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор гаргасан төгрөгийн үнэт цаас юм.
-Зөөлөн газардалтын дараагийн төлбөр нь 30-40% үнэгүйдсэн төгрөг юм. Энэ нь төвбанкнаас ₮4 их наяд орчмыг сангийн чанартай бодлого явуулахаар мөнгө хэвлэснээс үүдэлтэй. Хэвлэсэн мөнгөний 80% орчим нь ипотекийн зээлтэй холбоотойгоор барилгын салбарт орсон. Зээлийн хүүг 2 дахин бууруулж 8%-болгох санхүүжилтийг энэ мөнгөөр хийснээр жилд 10 мянга орчим орон сууцны зах зээлийн багтаамжтай хотод 55 мянган байрны эрэлт гэнэт бий болж, барилгын салбар огцом өссөн. Улмаар маш их хэмжээний валют барилгын материал, машин техник, бензин шатахууны импорт болон гарчээ. ГШХО буурсан үед валют ийнхүү гадагш ихээр урсч, харин төгрөг цаас шиг хэвлэгдсэн нь долларын ханш 1300-аас 2000 руу орох гол фактор болсон юм.
Ийнхүү нийт ₮20 триллион буюу ДНБ-тэйгээ ойролцоо хэмжээний мөнгийг өр тавихын зэрэгцээ төгрөг хэвлэн бий болгосны ачаар эдийн засаг зөөлөн газардсан ч, тэр их мөнгө хэр үр ашигтай зарцуулагдсан нь нэлээд том асуултын тэмдэг юм. Одоо банкуудаа татаж унагаах гээд байгаа 40 мянга орчим зарагдахгүй орон сууц, өдөрт хэдхэн машин л явж өнгөрдөг хоосон замууд болгон царцаасан мөнгө ер нь оновчтой шийдэл байв уу? 888 төслөөс яг хэд нь амжилттай болсон нь тодорхой юу? Мөн тэр их мөнгөний эцсийн зогсоол хэний данс байсан бэ гэдэг сонирхолтой. Уул нь манай орны хадгаламж 2010-15 хооронд 2.7 дахин өсч ₮7.4 триллионд хүрсэн. Гэхдээ ихэнх нь ядуу хэвээрээ үлдсэнийг бодоход энэ хугацаанд нийт хадгаламжийн 70% нь хадгаламж эзэмшигчдийн ердөө 1%-д нь ногддог
байсан дүр зураг өөрчлөгдөөгүй байх. Харин олонхи татвар төлөгчдөд мөнгөөр туйлсан 2011-15 оноос хүртсэн зүйл нь дунджаар 9.9% (2015 оныг хасвал 12%) байсан өндөр инфляци, үнэгүйдсэн төгрөг, 2017 оноос төлөгдөх бондуудын төлбөр л болж таарч байна...
Төгсгөлд нь:
Магадгүй улс оронд маань 100 жилд 1 удаа тохиох том боломжоор ийнхүү гараа угаасны дараа бид өрийн хямралтай нүүр тулах цаг айсуй. Гэтэл ийм үед шийдвэр гаргагчид маань 10% хүүтэй малчны зээл, 5% хүүтэй ипотекийн зээл гэх мэт хямд зээлээр ард түмнийхээ чихийг бөглөж нүдийг таглахыг оролдоно.
Гол асуудал нь бизнес эрхлэгчдийнхээ урдуур дайрч арилжааны банкуудаасаа 14%-15%-аар мөнгө зээлж төсвийн алдагдлаа нөхөж буй засгийн газарт 5%, 10% хүүтэй зээлийг санхүүжүүлэх нэг ч төгрөг байхгүй. Улсын төсвийн алдагдал 2015 онд ₮1.1 триллионд хүрч, 2016 оны эхний 2 сарын байдлаар ₮258.5 тэрбум байгаа нь үүнийг нотолно. Хариуцлагагүй, эрсдэл өндөртэй засгийн газарт маань гадны хөрөнгө оруулагчид дахиж итгэж мөнгөө өгөхийг хүсэхгүй байгааг саяхан босгох гээд бүтэлгүйтсэн бонд харуулсан. Тэгэхээр хямд зээлийг санхүүжүүлэх сүүлийн найдвар нь төгрөг хэвлэдэг Монголбанк. Гэхдээ валютын нөөц нь $4 тэрбум давж байсан 2012 онд мөнгө хэвлэхэд ханшаа 1300-аас 2000 давуулж алдсан төв банк $1 тэрбумын нөөцтэй өнөө үед дахиж тийм зүйл хийвэл төгрөг шууд л цаас болж, өрийн хямрал дээр нэмээд гипер инфляци үүсгэх аюултай...
Хэрэв "хямрал бол боломж" гээд сайн талаас нь харвал магадгүй нүүрс зэсийн орлого, халамжийн мөнгө, хямд зээлд угжуулан мансуурсан улсыг эрүүлжүүлж өгөхөд ийм шок хэрэгтэй байх. Нэгэнт ямар ч сайхан боломж байгаад гарын салаагаараа урсгадаг, ямар ч анхааруулга дохио байгаад суралцдаггүй улсад ийм гүнзгий хямрал л алдаагаа ойлгож зөв замыг олж харах нүдийг нь нээж өгөх боломжийг олгоно гэж найдна.
Холбоотой нийтлэл:
Монголын эдийн засаг 1990-2008 онд: Хэн ч мөнгөгүй үеэс хэн нь их мөнгө тараах үе хүртэл
Монголын эдийн засаг 2000-2009 онд: Нэг шуурга намжиж нөгөө нь эхлэхийн өмнө
Монголын эдийн засаг 2008-2010 онд: Сургамж аваагүй хямрал
Монголын эдийн засаг 2011 онд: Дэлхийд тэргүүлсэн өсөлт хэний гавъяа вэ?
Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал
Эдийн засгийн өсөлт ба сайхан амьдрал
Солонгорсон эдийн засаг ба сайхан амьдрал
Монгол ялах уу ялагдах уу? Хариуг нь хэн шийдэх вэ?
Сүүлчийн ганц найдвар монгол хүний саруул ухаан
Tovch todorhoi unen terhiig ilerhiiljee like
Бас ганц нэг гайгүй эмнэлэг бариад, эмч нараа сургачихсан бол Бээжин, Солонгос руу эмчилгээний зардалд урсаж байгаа багагүй мөнгийг хэмнээд, дээр нь хүн гэдэг баялгаа арай л илүү хадгалж, хамгаалах байсан болов уу даа.
Төмөр зам тавиад ч нэг их хэрэг байгаагүй адилхан л хоосон замууд шиг л болох байсан шүү дээ. Харин Цахилгаан станц, ганц нефть боловсруулах үйлдвэр барьсан бол ер нь импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлчихсэн бол шаал өөр нөхцөл байдалтай, өнөөдөр бас ч гэж хүн ард нь арай өөр итгэл үнэмшилтэй амьдарч байх байсан байх даа :((
2016 оны сонгуульд жинхэнэ, ясны монгол охид хөвгүүд өрсөлдөж ялах тул тайван байцгаа та бүхэн, бүх зүйл сайхан болно. Монгол түмний найдварын гал дөл :УИХ гишүүн Нара, Бондгор Монгол түмний хайрт хүү, эх оронч Ганбаатар гэх мэт.
like
Туйлсан жилүүд гэвэл 2011-2013 онууд л байсан байх. 2015 онд юун туйлах, чанга жил байсан шүү. Алдагдсан боломжууд л хайран юм даа, дахиж олдохгүй ч байж магадгүй. Ийм улс төрчдийг сонгосон, ийм сэтгэхүйтэй Монголчуудын өөрсдийн л буруу юм даа.
Товчхондоо Женкогийн 'бүтээн байгуулалт' гэдэг нийтлэл бна
Iimerhuu niitleliig unshaad setgegdlee uldeeh hun olddoggui ni haramsaltai
Like