Нийтлэл 03 сарын 30, 2016

Дангаасүрэнгийн Энхбат: Атомщикуудтай маргах нь

Бичихгүй бол болохгүй нь ээ. Эргэн тойронд бүгд л уран, цөмийн хаягдал, цөмийн түлш, Атомын цахилгаан станцын (АЦС) тухай яриад, бичээд байхад …Нэг хэсэг бид бүгдээрээ л алт-чин, зэс-чин, нүүрс-чин болцгоосон. Одоо цөмөөрөө уран-чин буюу атом-чин, оросуудын хэлдгээр, атомщикууд болж эхэллээ.

Би өөрөө инженер хүн. Цөмийн физикийн анхан шатны ном уншсан гэсэн үг. Бас тэгээд дэлхийн ногоон намуудын бодлоготой танилцаж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж, хурал цуглаанд нэлээд суусан хүний хувьд энэ талаар овоо гайгүй мэдээлэлтэй болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймд зарим нэг дүгнэлтээ таньтай хуваалцая гэж бодлоо.

Дэлхийн олон оронд, ялангуяа Ногоон нам нь хүч нөлөөтэй улс орнуудад АЦС-ыг аажмаар халах бодлого баримталсаар ирсэн. Саяхны Фукушимагийн хэрэг явдлын дараагаас, олон орны либерал болон консерватив улс төрчид ч мөн адил цөмийн технологийн ирээдүйд нэлээд эргэлзэх болсон гэдгийг та лав сайн мэдэх байх.

Тэдгээр орнуудын олон нийт АЦС-ын талаар сайн мэдэх болж, Интернэтээр ч их маргалдаж, хэрэв бид хүсвэл тэр маргаанд нь идэвхтэй оролцож, холбогдох мэдээ материалыг хангалттай хэмжээгээр олж үзэх боломж бүрджээ. Дэлхий даяар АЦС-ын ирээдүй, түүнийг дагах эрсдэлийн тухай санаа зовж эхэллээ. 

Харин Монголд байдлыг өөрөөр тайлбарласан компанит ажил эхлээд байна. Сүүлийн үед манай сонин, ТВ-ээр зарим улс төрчид, төрийн албан хаагчид, бизнесийнхэн өөрсдийн ашиг сонирхлоо олон түмнээр хүлээн зөвшөөрүүлэх гэж цөмийн хаягдал, АЦС-ыг огт аюулгүй, эрсдэлгүй, хөгжлийн ганц зөв зам гэж илт худлаа ярих боллоо.

Олон жишээ дурьдах шаардлагагүй байх. Өнгөрсөн хавар, 25-р суваг ТВ-ийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр манай улсын тусгай эрхт элчин сайд гэх нэгэн хатагтай “цөмийн түлшний хаягдлыг бараг л гараараа барьсан ч аюулгүй эд шүү дээ” хэмээн ярьж ширээ тойрон суусан биднийг төдийгүй телевиз үзэгчдийг ч гайхшируулж байж билээ.

Тэр хүн бол өөрөө цөмийн физикч хүн, цөмийн хаягдал нь өнөөдөртөө төдийгүй олон мянган жилдээ ч маш хүчтэй цацрагт туяа ялгаруулсаар байдаг, эргэн тойрныхоо амьтай бүхэнд маш аюултай зүйл гэдгийг сайн мэдэх хүн. Харин яагаад тэгэж ярих болов? Тэр хүний мэргэжлийн этик, улс орныхоо ирээдүйг ч үл тоон улаан цайм худлаа ярьж байхыг нь харахад цөмийн түлш, хаягдал, АЦС-ыг тойрсон ямар их ашиг сонирхол, том мөнгө, улс төр байгааг төвөггүй гадарлаж болно.

Хэрэв өндөр мэргэжлийн хүн ингэж ярьж болж байгаа юм бол энэ талаар огт мэдэхгүй шахам зарим сэтгүүлчид, улс төрчдийг ч юу гэх билээ дээ.

Худлаа ярих энэ компанит ажилд саад хийе, үүний тулд би ч бас атомщик болчих нь тийм ч буруу зүйл биш юм байна гэж үзээд энэ маргаанд оролцохоор шийдлээ. Тэгээд нэг их нуршилгүйгээр, би өөрөө яагаад Монголд АЦС барихын эсрэг байгаагаа товчхоон өгүүлье. 

Би Монголд АЦС барихын эсрэг байдаг. Яагаад гэвэл: 

1) АЦС маш том эрсдэл дагуулдаг

АЦС нэг “гацвал” асар уудам нутгийг аймшигтай хордуулж, хэдэн арван жил хүн мал амьдрах нөхцөлгүй болгодог гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь ямар ч сайн техник гацаж болно. Гадны нөлөөнөөс ч болж болно. Бид хэзээ газар хөдлөхийг, нэг террорист нөхрийн толгойд ямар бодол орж ирэхийг, байгалийн гэнэтийн гамшиг хаанаас ирэхийг урьдчилан мэдэхгүй. Байгалийн гамшиг тохиох нь ямар ч улс орны хэрээс хэтэрсэн асуудал шүү дээ. АЦС-ыг бид хянаад, цагт нь сайн засаад, ажиллуулаад байж чаддаг юмаа гэхэд гэнэт ирэх гамшгийг бид хянаж чадахгүй.

Тиймд асуудал АЦС-даа ч биш, харин түүнийг дагах том эрсдэлд бий. Хэрэв бид сүйрлийн эрсдлийг огт хянаж чадахгүй, тийм боломж бидэнд байхгүй бол тэр эрсдэлтэй зууралдах хэрэггүй. Түүнээс холуур явах хэрэгтэй. Герман, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй орнуудын АЦС-аас татгалзаж буй нэг гол үндэслэл нь хүн өөрөө байгалийн том эрсдлийг хянаж чадахгүй гэдэгт байдаг. Тийм ээ, АЦС-ыг улс орнууд ашигласаар байгаа. Гэхдээ тэд одоо, хянах боломжгүй том эрсдэлтэй үргэлж хамт амьдарч байгаа гэдгээ сайн мэддэг болоод байна.

2) “Дэлбэрч” баллах эд зүйлс хэрэглэхийг би хүсэхгүй байна

Үзэж суутал гэнэт шатдаг телевизор, эсвэл ярьж байтал чихэн дээр чинь тэсэрдэг гар утас, эсвэл унаж явтал өөрөө салаад уначихдаг тийм машиныг та худалдаж авах уу? Мэдээж үгүй байх. Би ч бас адил. Тэгвэл яагаад бид гэнэтийн сүйрэл дагуулж болох АЦС-ыг худалдан авч болно гэж?

Хэдий тийм ч олон газарт АЦС зүгээр л ажиллаад байгаа шүү дээ гэж зарим хүн хэлэх байх. Тэгвэл нэг тооцоо хийгээд үзье.

Телевизор $200, утас $300 -ын үнэтэй байж болно. Харин тэр барааг дагаж ирэх эрсдэл нь хэдэн мянган доллар, тэр бүү хэл таны аминд хүрэх магадлалтай бол яахав? За за, аминд хүрэхээ байя гэхэд, лав $200 үнэтэй бараанд $200.000 өртөгтэй эрсдэл дагаж ирдэг бол тийм барааг би л лав худалдаж авахгүй.

Чернобылийн АЦС-ыг барихад, өнөөгийн үнэлгээгээр, нийт 4 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг. Харин түүний ослоос болж Украйн улс нийтдээ 180 тэрбум (!) ам.долларын хохирол үзжээ. Өнөөгийн байдлаар ослын хор уршгийг арилгахад Украин улс 25 жилийн туршид (!) улcын төсвийнхөө 10% тогтмол зарцуулж иржээ. Өмнө нь ЗХУ асар ихийг зарцуулсан бөгөөд тэр тооцоог нууцалсан хэвээр байна.

Монголд Чернобыль давтагдана гэх гээгүй ч бид 4 тэрбум долларын АЦС-ын нийт үнэлгээнд түүний 100 тэрбум долларын эрсдлийг оруулж тооцох нь зүй. Ядахдаа осол гарвал даах чадвартай байхын тулд.

Дэлхийн хамгийн баян, технологийн асар их чадавхитай орнуудын нэг Япон улс ямар их сандарч байж хямралыг туулж байна. Тэд хэдийг зарцуулж байгааг би мэдэхгүй. Гэхдээ олон арван тэрбум доллар гэдэг нь ойлгомжтой. Бид ч бас тооцоо хийж болно л доо. Харин тийм явдал болбол Монголын уул уурхайн олон жилийн бүх орлого ч түүнд хүрэхгүй байх болов уу. Тэгээд ч бид, ердөө нэг цахилгаан гаргадаг станцтай болохын тулд улс орноороо дэнчин тавьсан ийм замаар явах хэрэгтэй гэж үү.

3) АЦС маш их ус хэрэглэдэг

АЦС-ын хөргөлтийн систем нүүрснийхээс бараг 2 дахин их ус хэрэглэдэг. АЦС 1MW цахилгаан үйлдвэрлэхэд жилд дунджаар 27 сая литр ус хэрэглэж, 24 сая литр усыг уур болгон алдана. Энэ нь 1GW АЦС (Манай 4-р ЦС-ын хүчин чадал 0.6GW) жилд 27 сая куб.м ус хэрэглэж, 24 сая куб.м ус зарцуулна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны жилийн нийт хэрэглээ нь 77 сая куб метр байна. Шинээр байгуулагдах АЦС өнөөгийн Улаанбаатарын усны нийт хэрэглээний 1/3-ийг хэрэглэж, бараг бүгдийг нь уур болгон буцалтгүй алдах нь ээ. Туул гол өнөөдөр Улаанбаатарын хэрэгцээг хангаж чадахгүй болоод байгаа. Тэгвэл энэ хэрэглээг Монголын ямар гол мөрөн усаар хангаж чадах бол?

АЦС-д ус дутвал яадаг билээ? Үүнийг бид Фукушимагаас сайн ойлгож авсан.

Тиймд Монголд АЦС барьвал түүнийг Сэлэнгэ мөрний л ойролцоо барих хэрэгтэй болох байх. Харин Сэлэнгэ бол дэлхий цэвэр усны хамгийн том нөөц Байгаль далайг тэтгэдэг гол эх үүсвэр. Бид өөрт учрах эрсдлээ тоодоггүй юмаа гэхэд асуудлыг дэндүү сайн мэддэг оросууд бидний өмнөөс тэр эрсдлийг маань хариуцах юм болов уу. Үгүй л байх. Тэгвэл бид Байгаль нуурыг хамгаалах бүх арга хэмжээг авч чадах болов уу?

Үнэндээ энэ бол зөвхөн Сэлэнгэ, Байгалийн тухай яриа ч биш. АЦС-ыг хаана ч барьсан Монголын олон гол мөрөн, нуур, гүний усны нөөц ийм эрсдэлд орно.

4) АЦС-ын хамгаалалтын дэд бүтэц маш өндөр зардалтай

АЦС-ын өөрийнх нь үйл ажиллагааны зардлыг ярихаа больё. Цахилгаан гаргах өртгийг ч орхиё.

Манайд нэг байна уу, арван АЦС байна уу гэдгээс үл хамаарч цөмийн аюулын үед ажиллаж чадах хүчирхэг дэд бүтэц байх хэрэгтэй болно. Япончууд яаж сандарч байна? Тиймд бид тэднээс дутахгүй байх хэрэгтэй болно. Цөмийн технологийн инженерүүд, цацрагийн, галын, химийн алба гэх мэтчилэн олон зуун хүн, асар үнэтэй техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах хэрэгтэй.

Өндөр мэргэжилтэй, мэдлэгтэй олон зуун ажилтныг бэлтгэж, супер техникээр хангаад … улс орноо хөгжүүлээд … гэж их ярьдаг л даа. Та тэгэхэд нь тэгвэл Улсын онцгой байдлын албандаа, ойн түймэр унтраагч хэдэн залуустаа эхлээд олигтойхон хэдэн хувцас, багаж, техник аваад өгчих л дөө гэвэл бололцоо байхгүй л гэх байх. Мөрөөдөх бол нэг хэрэг, харин хийх бол чадавхийн бодит хэмжүүр гэж энэ бус уу.

Бид үнэхээр Япон шиг, Орос шиг цөмийн хамгаалалтын өөрийн дэд бүтэцтэй болж болно. Гэхдээ зардлыг нь төлөх хэрэгтэй дээ …

5) Бидэнд өөр сонголт бий

Магадгүй энэ бол АЦС-ыг сонгохгүй байх миний хамгийн гол шалтгаан байх.

Бидэнд цахилгаан эрчим хүч хэрэгтэй учраас л бүгдээрээ АЦС гээд маргаад байгаа шүү дээ. Тэгвэл цахилгаан гаргах өөр олон сайн сонголт бидэнд бий.

Нүүрснээс хийн түлш гаргая … бохирдолгүй ЦС ажиллуулья … гэх мэтээр ирээдүйтэй олон арга замыг бид ярилцаж болно. Тэдний ихэнх нь АЦС-аас хямд, байгаль дэлхийд, хүний амьдралд бага эрсдэлтэй технологиуд байдаг.

Цаашилбал, тэднээс ч дэвшилттэй шинэ технологиуд өнөөдөр бий болоод байна.

Би байгаль дэлхий, хүний амьдралд огт аюулгүй сэргээгдэх эрчим хүчний технологид итгэдэг. Хэрэв та энэ салбарын хөгжлийг ажиглан хардаг бол 5 жилийн дараанаас нарны эрчим хүчний өөрийн өртөг АЦС бүү хэл, нүүрсний ЦС-аас хямд болох хандлага байгааг олж харж байгаа байх.

Монгол бол нар, салхины орон. Дэлхийн говь цөлүүдэд тусч байгаа нарны энергийг ердөө 6 цагийн турш л хүлээн авч цахилгаан болгож чадвал өнөөгийн хүн төрөлхтөний бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцээтэй гэсэн тооцоо байдаг. Жишээ нь, Фукушимагийн дараа Япон улс нарны ЦС байгуулахыг маш их анхаарч эхэлсэн ч нарны хавтангууд байрлуулах газар ховор байна гэж бичиж байна. Харин Монголд бол?

Монголын “эрчим хүчний” нар, салхины нөөцийг ашиглан өнөөгийн Хятад улсыг ч цахилгаанаар бүрэн хангах бололцоотой гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг.

Монгол бол өргөн уудам нутагтай, том хэрэглэгч цөөтэй, төвлөрсөн цахилгаан дулааны систем нэг их тохиромжтой газар биш. Уул уурхайн гол ордууд нь ихэнхдээ нүүрсний ордууддаа ойр байрладаг. Мөн усны нөөц маш багатай.

Бид нар, салхины нөөцдөө тулгуурлан, магадгүй Өвөр Монголтой хамтран Их Говьдоо Desertecмаягийн төсөл хэрэгжүүлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний том төв болох ирээдүй ч харагдаад байна даа. Энэ бүгдийг одоо л бодож эхлэх цаг болсон.

Өнөөдөр, өндөр хөгжилтэй, цахилгааны асар их хэрэгцээтэй Герман, Швейцарь зэрэг олон улс орнууд өөрийн эрчим хүчний ирээдүйгээ АЦС-гүйгээр харж байна. Тэд энэ бүх технологийг хэрэглэж, их мэдлэг, туршлага хуримтлуулж, түүндээ түшиглэн хөгжлийн дараагийн алхмаа - сэргээгдэх эрчим хүчийг - сонгож байна.

Бид ч бас тэр зүг рүү явья.

6) …

АЦС-ын санааг дэмжихгүй байх бусад олон шалтгаанийг би хэлж чадна. Гэхдээ энэ удаадаа үүгээр дуусгая.

Төгсгөлд нь нэмж хэлэхэд, би цөмийн физикийн хөгжлийг биширдэг, түүнийг бүтээж буй хүмүүсийг хүндэлдэг. Мөн АЦС бол шинжлэх ухаан технологийн гайхамшигтай нэгэн бүтээл гэж боддог. Ирээдүйд хүн төрөлхтөн цөмийн дотоод хүчийг ашиглан ихийг бүтээх нь гарцаагүй.

Түүхийн туршид хүмүүс олон сайхан шинэ технологийг бүтээж, тэр бүгд нь өөрийн цаг үедээ хэрэглэгдэж, халагдан солигдсоор ирсэн байдаг билээ. Өнөөгийн улс орнууд ч өмнөх үеийн бүх ололтоос сурч, сургамж авч, эрчим хүчний хөгжлийн шинэ замаа тодорхойлж байна.

Тэд байгаль дэлхийдээ ээлтэй, амьдралд аюулгүй, сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна.

Дангаасүрэнгийн Энхбат /2011 он/ 

 Эх сурвалж: http://www.enkhbat.mn/

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-06

    ЗӨВ ' #ЗӨВ ШҮҮ' : 'ЗӨВ ШҮҮ' , 'ЗӨВ ШҮҮ'

    • Зочин
    • 2016-04-05

    ЗӨВ ШҮҮ

    • zzzzzzzzzzzzzz
    • 2016-03-31

    цөмийн энергийн талаар мэргэшсэн боловсон хүчин хир байгаа билээ тэр болтол бидэнд маш их хугацаа орно аягүй бол ковенцэд нэгдэж ордог атомын цахилгаан станцтай болох хүртэл бусад орны шар нунтагыг бид эх орондоо булшилсаар л байхыг үгүйсгэхгүй бодитой зүйл яривал зүгээрсэн дээ 2 гүрний дунд байгаа нь үнэн гэхдээ асуудлыг хүчээр шийдүүлэхийн тулд манайорон цөмийн цэвсэглэлтэй байх ёстой гэсэн ойлголт байж болохгүй орон бүр цөмийн зэвсэгтэй болчихьол дэлхий нийтийн аюулгүй байдал гэж ярихын хэрэг юу байна цацрагийн аюулд хил хязгаар хамаагүй шүү дээ

    • Зөвлөх инженер
    • 2016-03-31

    Хүүхээд, цаана чинь Төр маань Мөнхийн хөдөлгүүрд Патент олгочихсон байна гэдэг үнэн үү ? Монголд ХАРИУЦЛАГА байна уу ? Францийн ШУА нь аль эрт 1775 онд буюу 241 жилийн өмнө л Патент олгох зорилгоор Мөнхийн хөдөлгүүрийн төслийг хүлээж авахгүй гээд шийдвэрлэчихсэн юм шүү дээ. Бид бусдаас жаахан ч гэсэн ичмээр байна аа... https://ru.wikipedia.org/wiki/Вечный_двигатель

    • Монгол
    • 2016-03-30

    Цөмийн технологийг судлах, мэргэжилтэнтэй болох нь мэдээж зөв. Харин АЦС барина, хаягдал булшилна гэвэл би лав гудамжинд гарч эсэргүйцнэ/уг нь элдэв цуглаан, ухуулга энээ тэрд дургүй оролцдогчгүй/. Яагаад гэвэл Монголчууд бид одоохондоо хариуцлага гэдгийг сураагүй байна, өөрсдөө харал даа маш чухал, маш хариуцлагатай албан тушаал дээр /би банкны захирал, төрийн түшээд мэтийг яриагүй байна/ ямар ч техник, инженерийн боловсролгүй нөхөр танил тал нэр нөлөөгөөрөө суучихсан ичихгүй, айхгүй шийдвэр гаргаад явж л байна шдээ. Цалин хангамж ихтэй л бол тэр сахилга бат, дэг журам, боловсрол хамаагүй болсон /хэтдээ ч ийм байна/ ийм үед АЦС гэж ярих юм бол би лав одооны мудакуудтай өөрөө мутант болохгүйн төлөө үхтлээ тэмцэнээ.

    • Ирээдүйн технологи
    • 2016-03-30

    Таанар цөмийн салбарын гол зорилго нь АЦС гэж бодож байвал эндүүрч байна. Энэ бол зөвхөн өчүүхэн хэсэг юм. 1. Цөмийн технологийг бид эзэмшээгүй цагт ямарч өндөр технологи, нанотехнологи, тэр тусмаа ус төрөгчийн энергийг мөрөөдөдч хэрэггүй. Дэлхий нийтээрээ цөмийн технологийг дотроо хөгжүүлж байга нь цаанаа учиртай. 2. Цацрагийн муу нөлөөг бүгд л ярих юм, бид АЦС-ийн дэлбэрэлтээс бус нүүрсний үнс, утаанд аажим аажмаар хордож үгүй болж байгааг хэнч ойлгохгүй байна. 3. Бид 2 цөмийн зэвсэгтэй том гүрний дунд оршиж байна. Манай улсын хэлээс гадна 1000км дотор олон АЦС, цөмийн зэвсгийн агуулах байгааг бид мэдэхгүй. Бид цөмийн технологийг эзэмшсэн цагт л өөрсдийгөө болон хойч үеэ хамгаалж чадна. Цөмийн зэвсэгтэй 9 орны гадаад харилцаа ямар байгааг бид бүгд мэднэ. Ямар их эрсдэл байгааг ухаарах хэрэгтэй байна.

    • Цахилгааны инженер
    • 2016-03-30

    Тийм шүү өндөр технологийн зуунд бид амьдарч байгаа учраас аль хүйтэн дайны үед хөгжиж байгаад өчнөөн аюул дагуулсан цөмийн технологиос татгалзах хэрэгтэй. сэргээгдэх эрчим хүчний тал дээр одоогоор маш хурдацтай технологийн хөгжүүлэлт хийж үр ашгийг нь нэмэгдүүлж байгаа учир ойрын жилдээ л харьцангуй ашигтайгаар эрчим хүчийг гаргах бололцоог гаргаж авна гэдэгт итгэж байгаа. таньтай санал нэгтэй байна

arrow icon