1945 оны 8 сард Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа Япон орон үндсэндээ бүгдийг тэгээс бараг хасах цэгээс эхэлсэн гэж хэлж болохоор. Ихэнх том хотууд нь Америкийн агаарын дайралтад өртөж үйлдвэр гээд хэлчихмээр байшин байгууламж, дэд бүтэц гээд нэрлэчих бүтэн зам тэнд үлдсэнгүй. Дайны зардалд байдгаа шавхсан төр, дайны хүндхэн жилүүдийг арай гэж давж гарсан энгийн иргэд дээр нэмэгдээд Япон колоничилж байсан бүс нутгуудаас нэгэн зэрэг 6 сая хүн Японд харьж ирлээ. Түүнчлэн дайн дуусаж арми тарж, цэрэг, батлан хамгаалахын салбартай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж хаагдахтай зэрэгцэн нийт 7 сая хүнд армиас халагдсаны тэтгэмж гэж олгожээ. Энэ бүхэн зэрэгцээд дотоодын эрэлт нь нэмэгдэх авч түүнийг хангах нийлүүлэлт үгүй учир үнийн хөөрөгдөл (инфляц) тэнгэрт хадав. Үүний эсрэг засгийн газар нь 1946 оны 2 сард хуучин мөнгөн тэмдэгтийг хэрэглээнээс хасч шинэ тэмдэгт гүйлгээнд оруулах шийдвэр гаргав. Хүн бүрийг өөрт байгаа хуучин мөнгөн дэвсгэртээ банканд хадгалуулан, мөнгө буулгах үед нь шинэ дэвсгэртээр сольж авахаар зохион байгуулав. Сарын дараанаас мөнгөө буулгаж авах эрхтэй болсон ч, нэг өрх сард 500 иен хүртэл л буулгана гэх хязгаар тогтоолоо.
Зах зээл дээр эргэлтэд орох мөнгөний хэмжээг хүчээр багасгах замаар мөнгөний ханш уналтыг тогтоон барих зорилготой байв.
Харин энэ үед дайны дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэх, цаашлаад Японыг ардчилсан орон болгохоор Холбоотон улсын ерөнхий штаб (GHQ= General Headquarters) дараах Таван Их шинэчлэл гэгчийг явуулав.
- Далд, нууц үйл ажиллагаа явуулдаг цагдан шүүх тогтолцоог халах
Гэмт хэргийг бус хүмүүсийн үзэл суртлыг хянаж цагддаг нууц байгууллага дайны жилүүдэд Японд хүчээ авсан байв. Эзэн хаан, засгийн газрын дайны бодлого, үйл хэргийн эсрэг үг дуугарсан, мөн социалист үзэл суртал тараасан гэх хэнийгч баривчлан хорьж цагдах, тамлан байцаах эрхтэй газар. - Үйлдвэрчний эвлэл байгуулах
Үйлдвэрчний эвлэл байгуулах, цаашлаад үйл ажиллагаа нь эрчимтэй байх нь хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах орчин, цалин хангамж нь сайжрахад түлхэц болно. Хүмүүсийн авч буй цалин хөлс нэмэгдсэнээр дотоодын эрэлт ихсэж эдийн засаг өсөх эхний алхам нь болно гэж үзжээ. - Эмэгтэйчүүдийн эрхийг чөлөөлөх
Нэн түрүүнд эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох ажлаас эхлэв. - Боловсролын системийг ардчилах
Дайны үзэл суртал, эзэн хаанаа тахин шүтэх гэсэн нэг талт боловсролын агуулгыг халж, боловсролын салбарыг ардчилах замаар олон ургалч үзлийг түгээх зорилготой. - Эдийн засгийн бүтцийг ардчилах
Нэн түрүүнд монополь давамгайлсан Японы эдийн засгийг шинэчилж, зайбацуу нарыг татан буулгаж олон жижиг компаниудад хуваах замаар чөлөөт өрсөлдөөнийг дэмжин эдийн засгийг хөгжүүлэх зорилготой байв. Түүнчлэн нэг хүн их хэмжээний газар эзэмшин түүнийгээ ядуу тариачдад ашиглуулан ургацынх нь талаас илүүг газрын түрээсэнд авах гэсэн системийг халж иргэдэд газрыг нь хувьчилж олгосон.
Энэ мэтчилэн Америк ардчилал, чөлөөт эдийн засаг Япон оронд хөгжих эхний үндэс суурийг тавьж өгөв. Xарин мэдээж хэрэг энэ үед Японы засгийн газар, эдийн засагчдад нь зүгээр суулгүй цаашид хэрхэн ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх үү, эдийн засгаа хөгжүүлэх үү хэмээн арга зам хайцгаасаар. Ямартаа ч газрыг тариаланчдад шилжүүлснээр, ургац нэмэгдэн хоол хүнсний хомстлын асуудал шийдэгдээд байсан үе. Дараагийн алхам бол эдийн засгийг хөгжүүлэх тулгуур салбарыг олж түүнийгээ бүхий л талаар дэмжих байлаа. Тэдний гаргасан шийдэл нь их энгийн. Зам гүүр барих, шинэ барилга, байгууламж үйлдвэр босгох гээд бүх ажилд төмөр хэрэгцээтэй, төмөрлөгийн үйлдвэрлэл бол хөгжлийн тулгуур
гэх шийдэл. Мөн төмрийн хүдэр боловсруулахад их хэмжээний энерги хэрэг болно, тиймээс төмөрлөгийн үйлдвэрлэл дээр нэмээд нүүрс олборлох уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуураа болгохоор шийднэ. Улсын бүхий л мөнгө санхүү, хүн хүчний нөөцөө энэ хоёр салбар руу зориулах болсноор баялаг бүтээдэг, экспортолдог өнөөдрийн Япон орон бий болох үндсийг тавьжээ.
Япон орны эдийн засгийн үсрэнгүй хөгжил
1955-1973 оны хооронд 20 жилийн турш үргэлжилсэн Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дөрвөн үе шатанд хуваадаг.
- 1955-1957 он (神武景気-Jinmu Boom)
Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эхлэл нь өөрсдийнх нь нөр их хүч хөдөлмөрөөс гадна Америкийн засгийн газрын зүгээс олгосон их хэмжээний зээл, буцалтгүй тусламж болон 1950 онд эхэлсэн Солонгосын хойгийн дайнаас үүдсэн эрэлттэй нягт холбоотой.
Дайны дараах хүнд үесээ дөнгөж өндийгөөд байсан Япон орны эргэн тойронд БНХАУ, БНАСАУ гээд социалист улсууд ар араасаа төрөн гарах болов. Азийг тэр чигт нь ЗХУ-д алдчихгүйн тулд Америк ямар нэгэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий боллоо. Тэд хамгийн түрүүнд бодож олсон нь Японыг Ази дахь өөрсдийн үзүүлэн болгох, өөрөөр хэлбэл Америкийн нөхөр болж ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай орон болох замыг сонговол ингэж хөгжиж, ингэж сайхан амьдарч чадна шүү гэдгийг бусдад харуулах байв.
Энэ ажлынхаа хүрээнд Японд чиглэсэн эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэхээс эхлүүлээд 1 ам доллар=360 иен гэсэн ашигтай ханш тогтоож өгөв. Өөрөөр хэлбэл эхний ээлжид Японы экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг нь дэмжин эдийн засгийг нь хөгжүүлэх зорилготой байв.
Xарин Солонгосын хойгийн дайн Японы эдийн засагт их тэсрэлтийг авчирсан нь дайнаас үүдсэн Америкийн асар их эрэлттэй холбоотой. Тэд энэ дайнд ойроор нь Японыг гол түшиц газраа болгон дайны талбарт хэрэглэх бүхий л бараа материалыг Японоос зөөж, Японы боомт, аж үйлдвэрүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. - 1958-1961 он (岩戸景気-Iwato Boom)
Үйлдвэрлэл хөгжсөнөөр хүмүүс ажилтай орлоготой болж үүнийг дагаад дотоодын хэрэглээ нь нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлжээ. Жинхэнэ утгаараа массаараа үйлдвэрлэж, түүнийгээ массаараа хэрэглэсэн үе байв. Хөргөгч, xар цагаан телевиз, угаалгын машин энэ үед өрхийн хэрэглээнд нэвтэрсэн. - 1963-1964 он (オリンピック景気-Olympic Boom)
1964 оны Токиогийн зуны Олимп болохтой холбогдуулан хөрөнгө оруулалт, шинэ бүтээн байгуулалт нэмэгдэн, үүнийг даган эдийн засаг нь улам сайжирчээ. - 1966-1970 (いざなぎ景気-Izanagi Boom)
Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн оргил үе.
1960 онд Японы ерөнхий сайд асан Икэда Хаяато энгийн хирнээ хэнд ч ойлгомжтой эдийн засгийн төлөвлөгөө гаргасан нь “Орлогыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө” гэгч байв. Дараагийн арван жилд ард иргэдийнхээ орлогыг яг 2 дахин нэмэгдүүлнэ
, xарин үүнийг биелүүлэхийн тулд засгийн газар бүх хүч, нөөц бололцоогоо дайчилна гэх агуулга бүхий төлөвлөгөө байжээ. Бодитоор хийх ажилдаа дэд бүтцийг хөгжүүлэх, “Японд үйлдвэрлэв” шошгын нэр хүндийг өсгөх, дотоодоо машин үйлдвэрлэх, зэргийг тусгав.
Дэд бүтцийг хөгжүүлэх: Дайн дөнгөж дууссаны дараа Японд ирсэн Америкийн судалгааны баг тайландаа “Энд зам гэж нэрлэчихмээр зам огт байхгүй ч зам барьж болох газар бол зөндөө байна” гэж бичиж байжээ. Эндээс харахад тухайн үед Японд шинээр 1 км зам барих, төмөр зам тавих гэдэг бол маш өндөр эдийн засгийн үр өгөөжтэй байсан нь тодорхой.
“Японд үйлдвэрлэв” шошгын нэр хүндийг өсгөх: Өнөөдөр “Made in Japan” гэсэн шошго дэлхийн хаана ч чанартай, найдвартай гэх утгыг илэрхийлэхээр хэмжээнд хүрсэн ч тухайн үед эсрэгээрээ байжээ. Америк Японы экспортыг дэмжих зорилгоор 1 ам доллар=360 иен гэсэн харьцангуй давуу эрхтэй валютын ханш тогтоож өгсөн ч, олон улсын зах зээл дээр Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хямд, чанаргүй гэсэн имиж хүчтэй байв. Үүний шалтгаан нь Дэлхийн Нэгдүгээр дайны үеэс ихтэй. Дэлхийн Нэгдүгээр дайн Европд өрнөж, дотоодын хэрэглээгээ хангах үйлдвэрлэл нь уналтад орсноос болж зарим бараа бүтээгдэхүүнийг Японоос импортолж байжээ. Харин тэр импортолсон бараан дунд нь өнөөдрийн Япончууд хийнэ гэхэд санаанд оромгүй зүйлс их байж
. Жишээлбэл срочикон цамц, анх харахад товч хадсан энгийн л нэг цамц байх боловч гаргаад өмсөх гэтэл товч нь ар араасаа ойчих, оёдолгүй түр цавуугаар наачихсан байх нь тэр. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн тонн, тонноор нь импортлоод авчраад задалтал ёроолд нь чулуу, төмөр хийн хүндрүүлсэн байх жишээний. Xарин муу нэрийг арилгаж өнөөдрийн Япон чанарыг бий болгоход төр засгаасаа авахуулаад энгийн нэг ажилчин хүртэл бүгд нэг зорилготойгоор хичээн ажилцгаах болжээ.
Дотооддоо машин үйлдвэрлэх: 1955 онд засгийн газраас дотооддоо суудлын авто машин үйлдвэрлэх уриалгыг гаргасан байв. Юун түрүүнд төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөл дээр нь босгоод авсан харин дараагын алхам бол машины үйлдвэрлэл юм байна гэх дүгнэлтэнд тэд хүрчээ. Өөрөөр хэлбэл хөгжингүй орон болохын тулд эхний ээлжинд унах машинаа дотооддоо үйлдвэрлэж чаддаг болох юм байна гэж үзжээ. Тухайн үед үйлдвэрлэх машины зорилт нь хурдны зам дээр цагт 100 км хурдалдаг, моторын багтаамж нь 350-500 cc (Машин техник сайн мэддэг хүний нүдээр гарвал инээдтэй зорилт шиг санагдаж байж болох. Гэхдээ тухайн үеийн Япон хийж чадах нь ийм л машин байв.), үнийн хувьд тухайн үеийн ханшаар энгийн ажилтны нэг жилийн дундаж цалинтай дүйцэх 250 мянга иен байхаар гэж тогтоож байжээ. 1958 онд Фүжи Жүко-н “Субару 360” (хөдөлгүүрийн багтаамж нь 360сс), дараагаар нь “Хонда 360” , төд удалгүй Тоёота компани 1000сс -н хөдөлгүүрийн багтаамжтай “Корона” , Ниссан компани ч гэсэн 1000сс-н хөдөлгүүрийн багтаамжтай –Блюберд” загвар ар араасаа төрөн гарч машин үйлдвэрлэгчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн явагдсаар хэдхэн жилийн дотор дэлхийд эрэлттэй Япон машинууд үйлдвэрлэгдэх болжээ.
Энэ бүх хийсэн ажлынх нь үр дүнд иргэн бүрийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх 10 жилийн төлөвлөгөө нь ч хугацаанаасаа өмнө биелж 1967 онд Япон хүн бүрийн орлого 2 дахин нэмэгдсэн
бөгөөд дараа онд нь ҮНБ (үндэсний нийт бүтээгдэхүүн) хэмжээгээрээ Америкийн дараа 2-т орох дэлхийн хоёр дахь (2011 онд Хятадад гүйцэгдэх хүртэл) том эдийн засгийн гүрэн болж чаджээ.
Xарин цувралын хоёрдугаарт эдийн засгийн эрчимтэй хөгжлийн сүүдэр хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс үүдэлтэйгээрЯпон орон даяар дэгдсэн өвчлөлийн талаар бичиж хүргэх болно оо.
Э.Хонгорзул, ikhnuden.com
2015 оны арванхоёрдугаар сарын 3
Ашигласан материал:
1. Дайны дараах Япон орон
2. Икэгами Акира “Дайны дараах 70 жил – Дэлхийн эдийн засгийн түүх”
3. Токио Скай Три цамхаг ба Сакура
hehe
mundag bn aa.goe niitlel bn
*нийтлэл
Зөв бич. Дажгүй нийтлал байна.
ядаж л 'ТАЛХ,БООРЦОГ'-ныхоо уутыг шажигнадаггүй цаасан уутанд монголд үйлдвэрлэв гээд хийчих. Магаддаггүй америкууд 2020 онд патентийг нь 36,000,000,000,000 $-оор худалдаж авна. Энэ үед монгол хүн 8сая болно, төвдүүд газар нутаггүйн улмаас монголд дагаар орно.
Сайхан нийтлэл бичиж ээ. Үнэхээр хөгжлийн эх үндэс хүнд үйлдвэрлэл юм даа.
Манайх эсрэгээрээ эхлээд зам мам барих төмөр замын хэрүүл л хийгээд байгаа. Угтаа бол дотоодоо ядаж хангах, импортод валют гадагш их гаргадаг салбаруудын бүтээгдэхүүнийг дотооддоо хийдэг болж л хөгжих байсан ч хичнээн зээл аваад хэрэгцээгүй, эргээд ашиг, хэмнэлт хийхгүй зүйлд цацаа дуусгаад байна даа.