Анх 1999 онд “Аль-Кайда”-гийн дэргэд байгуулагдсан “ISIS” нь одоо Ирак, Сирид хүчээ авч буй, хамгийн харгис хэт даврагч бүлэглэл болжээ. Тэд эхэндээ шийтүүдийн эсрэг багахан тэмцэл хийж, АНУ-ын цэргийн ажиллагааг эсэргүүцэх ажилд идэвхтэй оролцож байв. Бүлэглэлийн удирдагч Аль-Заркави 2006 оны зургаадугаар сард АНУ-ын агаарын хүчний дайралтын үеэр амиа алдсан. Түүний орыг Абу Айюбаль-Масри залгаж Ирак дахь Исламын улсыг байгуулж буйгаа мэдэгдсэн юм. Ийнхүү тэдний эзлэн түрэмгийлэх, боолчлох, алан хядах, хүчирхийлэх санаа бодит айдас болон хувирав.
“ISIS”-ийн дайчид 2012 онд Сирийн иргэний дайнд оролцож Ракка, Идлиб, Дэйр-эз-Зор хотод хяналтаа тогтоосон. Үүнээс хойш бүлгийн хүрээ улам өргөжин 2013 оны наймдугаар сард “Аль-Кайда”-гийн дэргэдэх Сирийн “Фронт аль-Нусра”-г өөртөө нэгтгэж, удирдагчаар Абу Бакар аль-Багдадыг сонгосон билээ. Тэд найман сарын турш эрх мэдлийн төлөө тэмцэлдсэний эцэст 2014 оны хоёрдугаар сард “Аль-Кайда”-гаас бүрэн тусгаарласан юм.
“ISIS” эзэлсэн газар нутгийнхаа ус, цахилгаан, хоол хүнсийг хязгаарлаж 100 хувь хараат болгохыг зорьдог. Түүнчлэн христэд итгэгчдийг шашнаасаа татгалзахыг шаарддаг. Хэрэв дургүйцвэл цаазын ял онооно. Бүгдийг тонон дээрэмдэж, зугтахыг оролдсон хүмүүсийг алж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн зэрэгцээ хүүхдүүдийг худалдаалах нь ердийн үзэгдэл. Ойролцоогоор 9000 орчим хүмүүс амь үрэгдэж, 15 мянга гаруй хүн шархдаад байгаа юм
Хамгийн гол нь “ISIS” бусад хэт даврагчдын бүлэглэлээс мафийн зохион байгуулалтаар ялгарах ба хөрөнгө санхүүгийн хувьд бие дааж чадсан юм. Бүлгийн хөрөнгийн хэмжээг хоёр тэрбум орчим ам.доллартай тэнцэнэ гэж үздэг. Тэд хүний наймаа, том хэмжээний дээрэм, хар тамхины худалдаа, мөнгө угаалт зэргээс хөрөнгөө бүрдүүлдэг.
Одоо тэдний ноёрхолд орсон Сири, Ирак газрын тосны нөөцөөр дэлхийд дээгүүрт ордог. Ганц Ирак л гэхэд дэлхийн нефтийн хэрэгцээний дөрвөн хувийг дангаар хангадаг. Тиймээс алан хядагчид газрын тосны уурхай, үйлдвэрүүдийг ажиллуулж, олборлосон нефтийг Засгийн газарт нь зарж, их хэмжээний мөнгө олох болов. Тухайлбал, Иракийн Мосул хотод өдөрт 260 мянган баррель тос нийлүүлэх чадалтай үйлдвэр бий. “ISIS”-ийн дайчид өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Мосулийг эзэлсэн. Тэд томоохон газрын тосны үйлдвэрүүдтэй хотуудыг онилж буй аж.
Бүлэглэлийн зэвсэгт дайчдын тоо өдөр ирэх тусам өсч, өдгөө 31 мянгад хүрчээ. Анхаарал татаж буй асуудал бол тэдгээрийн тал хувь нь 80 гаруй улс орноос цугларсан явдал юм.
Уг нь Иракийн армийн байнгын бие бүрэлдэхүүн нэг сая орчим цэргээс бүрддэг. Гэсэн хэдий ч “ISIS”-ийн алан хядагчдын дийлэнхийг Сирид иргэний дайнд тулалдсан туршлагатай дайчид, Иракийн армид томоохон алба хашиж байсан офицерууд бүрдүүлж байна. Тэдэнд асар их шан харамж амлаж энд цуглуулжээ. Эдгээр мэргэшсэн алан хядагчид эрс уулархаг нутгийн зам харгуйг нүхэлсэн, тулалдааны тактикийг гаргуун сайн мэддэг, зохион байгуулж, удирдах чадвартай учир богино хугацаанд Иракийн баруун хойд нутгийг эзэлсэн юм.
Одоо АНУ, Арабын таван орон, Европын холбоо Ирак, Сирийн гол бүс нутгуудад хяналтаа тогтоосон алан хядагчдын эсрэг хүч нэгдэн ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сараас АНУ-ын арми “ISIS”-ийн эсрэг дайралтаа эхлүүлэн 1500 цэрэг илгээж, агаараас 135 удаа довтолгоо хийжээ.
Ер нь “ISIS”-ийн хувьд АНУ хамгийн том дайсан. Бүлэглэлийн үйл ажиллагааг эхэлсэн цагаас л АНУ-ыг эсэргүүцэж байсан. Үүнийгээ баталж Америкийн хоёр сэтгүүлчийг цаазалж буй бичлэгийг Ерөнхийлөгч Барак Обамад хаяглан, олон нийтэд цацсан юм. Алан хядагчид энэ үйлдлээрээ Пентагонийг агаарын дайралтаа зогсоохгүй бол америкийн хүмүүс амь үрэгдсээр байхыг анхааруулсан байна. Харин Барак Обама Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцсээр байхаа мэдэгдсэн бөгөөд Ирак руу ахин 475 цэрэг илгээв. Одоогийн байдлаар Иракт АНУ-ын 1043 цэрэг байгаа бөгөөд 754 нь Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ыг хамгаалж, үлдсэн нь Курдистаны нийслэл Эрбил дэх АНУ-Иракийн хамтарсан төвд орон нутгийн цэргүүдэд зөвлөгөө өгч байгаа.
“ISIS” бүлэглэлийн гол зорилго нь Турк, Сири, Египет, Палестин, Йорданыг нэгтгэж Исламын Халифатын улсыг байгуулах
явдал юм. Тэд одоогийн байдлаар Сирийн дорнод нутаг, Иракийн умард дахь найман сая орчим хүн амтай, 40 мянган км.кв газар нутагт хяналтаа тогтоогоод байна. Гэхдээ тэмцлийнх нь бас нэг зорилго “хар алт”-эзэмших явдал
байж болох ба өдгөө нефтийн 10 гаруй үйлдвэр тэдний мэдэлд оржээ.
Сэтгэгдэл бичих