Он гарсаар 5 хүртэлх насны 491 хүүхэд, түүнээс 59 нь улаанбурхан өвчнөөр эндсэн гамшгийн мэдээ нийгмийг цочроож байна. 2011 оноос хойш хүүхдийн эндэгдэл тасралтгүй өсөж байгаагийн эсрэг Монголын төр юу хийж ирсэн, зөвхөн энэ оны 491 эндэгдэл улаанбурхнаас гадна ямар шалтгаанаар гарч байгаа, түүний эсрэг юу хийж ирсэн гээд олон том асуулт нээлттэй байна. Энэ удаа зөвхөн улаанбурхан өвчний тухайд 2015 оны хавар дахин дэгдсэнээс нь хойш бүтэн жилийн туршид биш гэхэд зөвхөн сүүлийн 3 сард хүүхдүүд эм тариа, багаж аппарат, ор, өрөө, эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй эмнэлэгт нялхаараа буцаж байхад төр юу хийгээд завгүй байсныг эргэн харцгаая. Байдал хурцдсан гуравдугаар сарын 16-нд арай гэж нэг юм Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулга хийхдээ халдвар 18-30 насныханд зонхилж байгаа гэж танилцуулж, тэр насныхныг вакцинд хамруулах шийдвэр гаргажээ(эндээс). Түүнээс сарын дараа газар дээр очиж танилцаад, эргээд хэзээ ч ирэхгүйгээр буцчихсан ирээдүйнүүдийг даажигнах мэт "асуудлыг шийдлээ" гэж мэдээлэх хүртлээ Монголын төр юу хийж байв?
1. АСЕМ-д бэлдээд завгүй байсан. Хамаг засаг, төрийн томчуудаа нийлүүлж байгуулсан Үндэсний Зөвлөл гээч сүр комисс 22 удаа хуралдаад завгүй байсан
. Хүүхдийн төлөө иргэдийн хандив үргэлжилж байна. Харин тэд хэдэн хүүхэд ч юм бэ аврах байсан мөнгөөр АСЕМ-ын хандив гэж нүсэр гоёмсог арга хэмжээ хийх цаг зав гаргаад 6 тэрбум төгрөг босгосон. Зөвлөлийн хурал дээр утсаа илж суугаа тэдний зарим нь интернетээр бухимдаж байгаа иргэдийг ЛАЛАР гэж боддог. Тэд зочид буудалд 150 тэрбумын зээл олгох, түц нүүлгэх, зам засах, унаа авах, нисдэг тэрэгний буудал барих гээд мөнгийг, шийдвэрүүдийг шуурхай гаргаж чадсан, завгүй байсан.
2. Дүнжингаравт уралдаад завгүй байсан. Хүүхдийн амь аврах шийд гаргахаар яарах байтугай хүүхдийн амь нэмээд аваад явчихдаг хаврын уралдааны хуваариа батлах, наадахад цаг гаргаад завгүй байсан.
3. Эдийн Засгийн Чуулган дээр гоё юм яриад завгүй байсан.
4. Цөмийн конвенцууд батлах гээд завгүй байсан. Байдал гамшгийн хэмжээнд хэдийн хүрээд байсан гуравдугаар сарын сүүлийн өдрүүдэд цөмийн конвенцуудад нэгдэн орохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ parliament.mn албан ёсны хуудаснаа конвенцын зорилго, агуулгыг уйгагүй мушгин тайлбарлаад завгүй байсан.
5. Мүүнийн солиоролд автаад завгүй байсан. Төр төдийгүй нийгмээрээ мүүнчин ба мүүнийг эсэргүүцэгчид болон байлдаад завгүй байсан. Төрийн сайд нарын нэг нь түмнийг энэрэх, амьтны, тэр дундаа нялх амьтны амийг асран хайрлах буддын шашны тэргүүн хамбатайгаа ярилцлага өгөөд завгүй байсан.
6. Санхүүгийн популизмаа үргэлжлүүлээд завгүй байсан. Цэц, УИХ, банк тойрсон барьцаалбарын маргаан, 5%-ын ипотекийн зээл, 10%-ын малчны зээл хэмээх санхүүгийн популизм, ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэх зэрэг шоуны хууль батлаад завгүй байсан.
7. Мөнгө зээлээд завгүй байсан. Өмнөх хормойны өрөө хойд хормойны өрөөр дарахаар 750 сая доллар зээлээд завгүй байсан. Зээлсэн мөнгөө 6 дугаарт зарим жишээ татсан санхүүгийн популизм, цоорхой хувин шиг төсвийн алдагдлаас үүссэн өрөө дарахад хэрэглэнэ, тэд нэмж өр тавиад завгүй байсан.
8. Юу юунаас илүүтэй, улстөрөө хийгээд завгүй байсан. Энэ 3-4 сарын улстөрийн хэрүүл тэмцлийг эргэн харвал хүүхэд эндэж байхад хүүе хаая гэхтэй манатай. Цэц, УИХ хоёр инстүүц нь байлдаж байснаа даргыг нь авч хаях, тэмцэхээс өөр мэргэжилгүй нэг нь Ерөнхий сайдыг огцор гэж тэртэй тэргүй тэнгэрт хадсан зээлийн хүүг нь улам өсгөх, халдвар ид дэгдэж байхад хариуцсан сайд нь ганцад суух, гарч ирээд намын даргаа ховлох, нөгөөх нь үгүй гэх, МАН нь спикерээ огцор гэх, нөгөөх нь үгүй гэх, Ерөнхийлөгч нь иргэдээ цуглуулаад тэр энэ муу гэж яс хаях, нөгөөдүүл нь тэрийг нь соошилоор нэг цацах, Н.Алтанхуяг нь ерөнхийлөгчөө 'мафийн толгойлогч' гэх, нөгөөх нь гэмгүй царайлах, нэгнийхээ туслахуудыг барьж хийх, нөгөөх нь жагсаалд очиж тэрийг энийг бүү сонго гэж уриалах, өрөөг нь очиж тусгайтай нэгжих, өнөөх нь төрийн болон түмний баахан баатар, гишүүд цуглуулах, тэгж байтал АТГ-ын дарга нь ажлаа өгөх... Энэ төрийн элдэв улстөрийн зодоон гэдэг нь эндсэн амь тоохтой манатай, тиймээ тэд завгүй байсан.
Тиймээ тэд "ажлаа хийгээд" завгүй байсан. Монгол хүмүүс гаднын зочдод үйлчлэх машин биш ганц халдвартын эмнэлэгтээ дэндүү оройтойгүй дээр нь машин захихаар шийдэх зав гаргадаг удирдагчидтай байсан бол ийм өвчинд ийм их золиос төлөхгүй байсан. Энэ олон завгүй хүмүүсээс энэ жилийн сонгуулиар бүгдээс нь биш гэхэд заримаас нь салах юмсан, саруул ухаант сонгогч иргэдээ...