Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 11.1 хувиар нэмэгдэж, 129.3 мянгад хүрчээ. Харин бүртгэлтэй хоёр компани тутмын нэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвээр байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 52 хувь нь идэвхтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй
байгаагийн 55 хувь нь үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа аж.
-Өнгөрсөн долоо хоногт Хөдөө Аж Ахуйн биржид 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн
байна. Үүнээс 61 тонн ноолуурыг 36.2 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ нэг кг тутамдаа 57 мянга 633 төгрөг байсан бол цайвар ноолуурынх 59 мянга 823 төгрөг болсон байна.
-Японы Төв банкны бодлогын сөрөг хүү тус улсын Засгийн газрын бондынх нь эрэлтийг бууруулж эхэллээ. Тухайлбал үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж, хаалттай компани болоод байгаа “Japan Post Holdings” хөрөнгийн бүтцээ шинэчилж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
-“Rio Tinto” групп ирэх хоёр жилд барагдуулах ёстой байсан 1.5 тэрбум ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авахаар төлөвлөжээ. Тус групп хөрвөх чадвар сайтай байгаагаа ашиглан өрийн хэмжээгээ ийнхүү бууруулахаар болжээ.
-“World Economics” байгууллагаас сар бүр танилцуулдаг Монголын борлуулалтын менежерүүдийн индекс дөрөвдүгээр сарын байдлаар 33.4 нэгжээс өсч, 34.4 нэгж болсон
байна. Энэхүү үзүүлэлтийн хувьд 4 сар дараалан өсөх чиглэлд орсон байгаа ч богино хугацааны эдийн засгийн талаарх хүлээлт сөрөг хэвээр байна.
-Ази-Европын Парламентын түншлэлийн IX уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны чухал бүтцэд тооцогддог.
Сэтгэгдэл бичих