Өнөөдөр МАЙН НЭГЭН.
Энэ өдрийг юуны тулд тэмдэглэж байсныг өнөө бид бараг мартжээ. Гэвч сануулах шаардлага бий. Цаг үе шаардаж байх шиг байна. 1886 оны тавдугаар сарын 1-нд анх удаа ажлын 8 цагтай болохын төлөө барууны зарим орны томоохон үйлдвэрийн ажилчдийн жагсаал цуглаан болсноос эх үүсвэрээ тавьсан, эгэл ажилчдийн эрх ашгаа хамгаалах өдөр юм. XIX зууны төгсгөл үед ажилчдын нийгмийн байдал ямар хүнд байсныг илэрхийлэхэд бэрх.
Ажлын цаг нь 10-16 цаг байв. Дээр нь ажилчдын бүтээмжийн 26-ны нэг нь л ажилчдад цалин хөлс болж очдог байж. Тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн халамж, даатгал, ар гэрийн аж амьдрал, байр сав, эрүүл ахуй, ажлын байрны аюулгүй байдал гэдэг зүйлийн талаарх ойлголт тэр үед дөнгөж яригдаж эхэлж байв. Ажилчид ганц талхны төлөө цээжиндээ төмөр тэрэгний буулга углаад уурхайд ордог байж. 8 настай хүүхэд хүртэл үйлдвэрт олноороо ажиллаж байв.Чухам энэ мэт хүнд хэцүү байдал нь цус урсгасан нийгмийн доргионт их хувьсгалуудын үүдэл шалтгаан болсон юм.
XIX зууны төгсгөл үеийн үйлдвэрийн ажилчин жаалууд
Товчхондоо ажилчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг хангахын төлөөх тэмцлийг илэрхийлсэн өдөр болно. Монголд 1922 оноос тэмдэглэсэн.
Монголд Майн Нэгнийг тэмдэглэж буй нь. 1960-аад он.
1990 он гараад энэ баяр бол үзэл суртлын баяр хэмээн тас хориглож, мартаж орхисон. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал нь энэ баярыг эргэн сануулах шаардлагыг зүй ёсоор гарган ирж байх шиг. Учир нь,
1. Хөдөлмөрийн мөлжлөг манай улсад тодорхой хэмжээгээр байсаар байна. Энэ талаар судалгаа хийдэг байгууллага байдаг эсэхийг мэдэхгүй юм. (Нэг үе охидоор өдөрт 13 цагийн турш оёдол хийлгээд 150 000 төгрөг өгдөг явдал их байлаа). Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэмээн тогтоож өгсөн хязгаар нь олонхи ажилчдын, ялангуяа хувийн хэвшлийн ажилчдын олонхийнх нь цалингийн жишиг болсон. Гэтэл тэр цалингаар ар гэрээ авч явах нь бүү хэл амаа хөдөлгөн талхаа бүтэн авч чадахгүй нөхцөл байдал бий болсон. Цалин мөнгөө өгөхгүй байх, хөдөлмөрийг нь зөв шударгаар үнэлэхгүй байх, дарамтлах, эрх ашгийг нь зөрчих явдал түгээмэл. Өнөөдөр насанд хүрээгүй хичнээн хүүхэд амьдралын эрхээр хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж байгааг тоо баримт дурдалгүйгээр бид өдөр бүр нүдээрээ харж байгаа.
2. Нийгмийн эрс тэс ялгаатай анги давхарга нэгэнт бий болсон. Хүн амын 21.6 хувь нь үгээгүй ядуу, 42 гаруй хувь нь өнөө маргаашаа цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд аргацаасан амьдралд шилжиж, нөгөө талд нь хүн амын 3 орчим хувь нь үндэснийхээ нийт баялгийн 95 гаруй хувийг эзэмшдэг, ба дэлхийн баячуудын эгнээнд хэдийнэ элссэн. Ядуу хэсэг нь дээд хэсгээ өөрсдийнх нь ядуу хэцүү амьдралынх нь буруутан бол тэд юм гэж хардаг туйлширсан үзэлтэй, үзэн ядах сэтгэхүй нэгэнт бий болсон, нөгөө талд нь дээд хэсэг нь ядуусаа арчаагүйдээ, залхуудаа, тэнэг мунхагтаа ядуу байгаа юм гэсэн золбин нохой шиг үл тоосон хандлагатай, нэг нэгнээ үзэн ядсан байдалтай, хуучны хэллэгээр бол зөрчилт ангит нийгэм нэгэнт бий болчихсон. Дундаж давхарга гэж бараг үгүй, маш эмзэг нийгмийн бүтэцтэй байна. Баялаг бүтээгчид бий ч ихэнх маань зүгээр л төрөөс төрсөн тэрбумтнууд, луйвар, хулгай, үндэстэн нийтийн өмч болох газрын баялгаа зарж баяжигсад. Маш цөөхөн нь ариун шударга хөдөлмөрөөр хөлжсөн ч тэд дэндүү цөөн, бас хүч нөлөө багатай, дээр нь өнөөх луйварчидийнхаа хавсаргад хавчуулагдан нүд үзүүрлэгдэх талдаа байна. Товчхондоо өнөөгийн Монголын нийгэм нь Антигонист нийгэм буюу ангит нийгэм болж хувирсан. Дээдсийн анги, доодсын анги илэрхий бодитойгоор бий боллоо.
3. Төрийн бодлого нь нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэх талруугаа биш, үнэмлэхүй цөөнх болсон өнөөх цөөхөн хэдэн элит гэгдэх баян гэр бүл, хувийн компаниудыг дэмжих талруугаа. Тэдний бодлого, лоббигоор төр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний зөрчил дунд төрийн бодлого дампуурдаг. Нам, төр, хувийн компаниудын өвөрмөц гаж сүлжээ бий болсон ба түүнээ бид олигархи гэж нэрлэдэг болсон... ГЭХ МЭТ нэлээд хэдэн учир шалтгаан тоочиж болохоор байна.
Энэ нь эгэл хөдөлмөрчин олны эрх ашгийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг зохих хэмжээгээр хангахын тулд тэд эвлэлдэн нэгдэх шаардлага гарцаагүй бий болсон гэсэн үг юм. Соц үеийнх шиг үзэл сурталжуулж, туйлшруулах тухайд биш болно. Тиймээс л өнөөдөр МАЙН НЭГЭН хэмээх энэ өдрийг эргэн санах учиртай болжээ. Өнөөдрийн нийгмийн халамж, даатгал үйлчилгээ, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт зүйлс нь ямар хүнд хэцүү туршлага, золиос дундаас гарч ирснийг бид мэдэж, санаж байхад илүүдэхгүй.
XIX зууны төгсгөл үеийн уурхайчин. Өнөөгийн манай Налайхын бичил уурхайнхантай төстэй, гэвч нөхцөл нь хэтэрхий хүнд байв.
XIX зууны төгсгөл үеийн Оросын эмэгтэй хамжлагууд...
Майн нэгний оронд Валинтин , Халовин ч гэхшиг, Аавуудын өдөр, Чингисийн төрсөн өдөр ч гэхшиг нэг л биш ээ. Майн нэгнийг үзэл суртлын гэж тас хорьгилсон нөхдүүд энэ баяртай хамт хөдөлмөрийн мөн чанарыг зүгээр мөнгө тараах, улс төржиж, эрх мэдлээрээ асар их мөнгө зүгээр сууж байгаад улсаас хулгайлах , залхуурал завхарлаар сольсон юм. Үзэл суртлын гэж худлаа хэтрүүлэг, хичнээн үзэл суртал байсан ч хөдөлмөр гэж ойлголт үргэлж цуг байсан энэ баяртай, би одоо ч энэ баярын тухай санах бүр ариун цагаан хөдөлмөр гэдэг үг аманд хэлэгддэг юм. Одоогийн ардчилалд Ариун цагаан хөдөлмөр гэвэл бараг хөх инээд нь хүрэх биз, хуучны үзэл суртлын үг явжийна гээд. Майн нэгний жагсаал үзэнгээ ээжийн минь хэдэн чихэртэй өгсөн ганц алимыг хайрлан хайрлан идэх ямар жаргал байж вэ?
Маш чухал өдөр байсан юм байна шүү дээ. Өнөөдөр Монгол орон феодалын нийгэм болжээ.