Өглөө эрт босоод сайхан үнэртэй халуун кофе шимтэн уух дургүй хэн байхав. Эсвэл чимээ багатай кафед кофе уунгаа ном унших гэдэг ч энэ ундаатай холбоотой сайхан мөчийн сонгодог жишээ...
Энэ удаагийн нийтлэлээрээ хүн бүхний хэрэглээ болсон кофе болон цайнд агуулагдах KAФФЕЙН гэгч бодисын талаар хүргэхээр бэлтгэлээ.
Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг ба ерөнхий химийн нэршил нь 1,3,7-триметилсанчин. Цэврээрээ бол цагаан өнгийн нунтаг, исгэлэн бодис (Их сургуулийн химийн хичээлийн туршилтан дээр цайны ханднаас каффейнийг нь гаргаж авах туршилт хийж нүдээрээ үзэж гараараа барьсан туршлагаа санав :P)бөгөөд ундааг өвөрмөц амттай болгодог. Бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад (energy drink, вакус) ихээр агуулагддаг. Мөн каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тариа гэх мэтэд хэрэглэдэг
.
Каффейний молекул бүтэц
Каффейн гэдэг үг нь Германы Kaffee болон Францын Cafe гэдэг үгнээс гаралтай бөгөөд аль аль нь кофе гэсэн утгатай аж. Каффейнийг хэрэглэсний дараа 30-45 минутанд уусч, төв мэдрэлийн системд цочрол өгөн, 3 цагийн дотор үйлчилж дуусдаг байна.
Америкийн Хүнс болон Эмийн Удирдах Газар (FDA) болон Эрүүл Мэндийн Ассосиациас (AMA) каффейнийг хэмжээг нь тааруулж хэрэглэвэл ерөнхийдөө аюулгүй бодис гэж тогтоожээ. Энэхүү хэмжээ нь :
бага хэрэглээ: 130-300 мг/өдөр
дунд буюу зохистой хэрэглээ: 200-300 мг/өдөр
өндөр хэрэглээ: өдөрт 400мг-ээс дээш
хүнд зэргийн хэрэглээ: өдөрт 6000мг-аас дээш байна.
Америкт явуулсан судалгаагаар нэг хүн дундажаар 280мг каффейн хэрэглэдэг бөгөөд каффейн хэрэглээний гол гурван эх үүсвэр нь кофе, цай болон хийжүүлсэн ундаа аж.
Гэхдээ каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлнэ гэсэн ёс байхгүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. Эмийг кофегоор даруулж уух гэх мэт нь их эрсдэлтэй үйлдэл бөгөөд каффейн нь эмэнд агуулагдах яг ямар бодистой урвалдаад яг ямар нөлөө үзүүлэхийг хөгжмийн зохиолч Балхжав ах бид хоёр хэлж мэдэхгүй ээ… 2011 онд Америкт 14 настай охин өдөрт 2 лааз энергийн ундаа ууснаар каффейн хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн оноштойгоор нас барсан байна. Тэрээр 700мл-ийн “Стронг” энергийн ундааг 2 лааз ууснаар нийтдээ 480мг каффейн хэрэглэсэн байжээ. Хэдийгээр 480мл нь үхлийн хэмжээ биш ч гэсэн 14хөн настай хүүхдэд бол ихэдсэн гэдэг нь ойлгомжтой. Энэ жишээнээс хувь хүний нас, бие махбодийн онцлог нь каффейний хэрэглээний хэмжээ болон хүний биед явагдах бүхий л урвалтай шууд хамааралтайг харж болно. Каффейний үхлийн доз нь насанд хүрсэн хүнд 10 грамм орчим бөгөөд энэ нь 80-100 аяга кофег богино хугацаанд уусантай тэнцэх хэмжээ юм. Тиймээс насанд хүрсэн хүний хувьд кофе болон ундааг үхлийн доз хүртэл нь хэрэглэнэ гэдэг тун ховор юм. Гэвч нунтаг цэвэр каффейнийг хэтрүүлэн хэрэглэсэн осол хэд хэд гарч байж. Англид нэг эр халбага каффейнийг үдэшлэг дээр байхдаа хэрэглэсэн нь үхэлд хүргэсэн бөгөөд тэрээр 70 лааз энергийн ундаатай тэнцэх хэмжээтэй каффейнийг нэг дор хэрэглэсэн байжээ.
Каффейний хүний биед явуулдаг гол урвал, өөрчлөлт юу вэ?
Хүний эсэд агуулагдаж байдаг аденосин гэдэг бодис нь тархины мэдрэлийн системийг удаашруулах үүрэгтэй
аж. Уг аденосин нь тархинд байх аденосин хүлээн авагч буюу ресептортой холбоо үүсгэснээр төв мэдрэлийн системийг удаашруулдаг байна. Өөрөөр хэлбэл, биднийг унтаж амрахад бэлэн болгодог гэсэн үг. Үүгээр зогсохгүй аденосин холбоо нь хүнийг унтаж байхад тархин дахь цусыг шингэлж, хүчилтөрөгчийн уусгах чадварыг нэмэгдүүлдэг. Харин биднийг сэрүүн байхад тархин дахь аденосиний хэмжээ нь цаг цагаар нэмэгдсээр улмаар бид нарыг унтаж амрахыг шаарддаг байна. Яагаад гэнэт шал өөр аденосин гэдэг юм яриад явчихав аа гэхээр, хүний мэдрэлийн эс нь каффейн болон аденосин хоёрыг ялгадаггүй аж. Тиймээс тархин дахь аденосин хүлээн авагчтай каффейн холбоо үүсгэснээр тэс ондоо бодис үүсгэнэ. Ингэснээр мэдрэлийн системийг тайвшруулах үүрэгтэй аденосин хэвийн хэмжээнээс дутагдаж мэдрэлийн систем өдөөгдсөн хэвээр байдаг байна.
Эцэст нь захиж хэлэхэд өмнөх нийтлэлүүддээ ч дурдаж байсанчлан хүний өөрийн биенээс авахуулаад бидний аж ахуйн эргэн тойрон бүхий л зүйлс химийн бодисоос бүрэлдэн тогтдог
тул уншигч та өөрийн хэрэглэж буй зүйлсийн хор нөлөө, эрсдэл, түүний учир шалтгааныг сайтар судалж байж хэрэглэж заншаарай. Химийн бодис болохоор л хортой гэж туйлширалгүйгээр зохих хэмжээнд нь хэтрүүлэлгүй (аль болох бага бол мэдээж сайн) хэрэглэцгээе!
Г. Гэрэл
Токиогийн Технологийн Институци
Байгаль орчин, химийн инжинерийн факультет
Магистрийн 1-р курс
(Tokyo Institute of Technology, Chemistry and Environmental Engineering)
2015.06.11
Ашигласан материал:
- Медисин вэб сайт: Каффейн
http://www.medicinenet.com/caffeine/page2.htm - Хелтлайн вэб сайт: Биед үзүүлэх каффейний нөлөө
http://www.healthline.com/health/caffeine-effects-on-body - Өнөөдрийн анагаахын мэдээ вэб сайт: Каффейн гэж юу вэ?
http://www.medicalnewstoday.com/articles/285194.php
Үргэлж уулгүй өөр юмтай ээлжлэж ууж байвал зүгээр
asdsa