Нийтлэл 05 сарын 08, 2016

СОНГУУЛЬ биш СУНГУУЛЪ

Өнгөрсөн долоо хоног тэр чигтээ улстөрөөр амьсгалав. Асуудлын гол зангилаа болж, хэлэлцэх гэж сунжраад байсан Үндсэн хуулийн цэцийн 5-р дүгнэлтийг хоёр том нам хүлээн зөвшөөрөөд УИХ баталчихлаа. Үүнийг харвал яг л зохиолын дагуу бичигдэж буй кино кадрууд шиг. Мэдээж удахгүй нээлтээ хийнэ. Өөрөөр хэлбэл хөшигний цаана гар барьж тохиролцоод сонгуулийн тулаанд хоёулаа халз оролцохоор шийдсэн бололтой. Жижгүүд бол цаашаа. МАХН ч гэсэн ялгаа байхгүй. Магадгүй ганц чаанс нь хоёр том намтайгаа эвсэл байгуулаад ганц эсвэл хоёр суудал авах. Ийм нөхцөл байдалд ямар дүр зураг харагдаж байна вэ ?

Тойрог руу хошуурагчид ихсэнэ: Мэдээж ойлгомжтой. Өмнөх сонгууль болон энэ удаагийн сонгуулийн өмнө жагсаалтад нэрээ багтаахын тулд намын даргадаа хайр зарлаж байсан бол одоо тойрогтоо таалагдахын тулд ард түмэндээ бундан бариад гүйх хэрэгтэй болсон. Нэг үгээр мөнгөний сонгууль болох нь тодорхой болж хэн их мөнгө хаясан нь төрийн ордны хаяанд заларна. Тэгэхээр шинэ, залуу, жижиг намуудын хувьд нэг суудал авахын төлөө ганц сайн хүнээ сойж бусдыгаа санал хуваах байдлаар тойргуудад нэр дэвшүүлэх нь тодорхой. Эсвэл цайны ганцыгаа л. Тэгэхээр сонгогч бидэнд А,Б гэсэн хоёр, магад зарим тохиолдолд В гэсэн сонголт байгаа. Энэ удаагийн сонгуульд 80 орчим бие даагчид нэр дэвших хүсэлтээ СЕХ-нд өгсөн гэсэн мэдээлэл бий. Үүний хорь орчмыг нь боловсролтой залуучуудын нам гэх ХҮН-ын гишүүд гэсэн. Учир нь намын хүсэлт хоёр өөр тамгатай СЕХ-нд ирсэн учраас сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнийг мэдэж тааварлаж байсан тэд Б төлөвлөгөөгөө бэлдчихсэн ирсэн нь энэ. Сэргэлэн гарууд шүү. Гэхдээ сонгуульд тэд гол дүр биш.

УИХ Пүрэв гаригт шөнийн 23:00 цаг хүртэл хуралдаж сонгуулиа 76 жижиг тойргоор зохион байгуулахаар болсон нь МАН-ынхны толгойг нь илсэн үйл явдал болсон. Битүүхэндээ хамгийн их баярласан хүмүүс нь тэд. Тэд 2000 оноос хойшхи сонгуулиудад хөдөөд сонгогчдын хамгийн их саналыг авч байсан. Өнгөрсөн сонгуулиар хотын тойргуудад л АН-д цэвэр тавиулсан болохоос биш хөдөөд бол босоо байлаа. Тийм учраас л мажоритар системийг анхнаасаа уухайн тас хүлээн зөвшөөрсөн. Одоо хамгийн чухал нь тойрог хуваарилагдсаны дараа хэнийг аль тойрогт тавихаас шалтгаалаад сонгуулийн үр дүн хамаарна. Намын дарга нь өрсөлдөгч намынхаа гишүүдийг сэмхэн урвуулаад байгаа нь тэдний тоглолтыг улам хүчтэй харагдуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарах өргөдлөө өгч МАН-ын гишүүнчлэлээ сэргээхийг хүссэн. Тэр хоёрын шалтаг нь жижигхэн, шалтгаан нь том байлаа. Мэдээж бүх зүйл Н.Энхбаяраас л болж байгаа биз. Ийнхүү хуучин намынхаа хаяаг манах болсон нь тэдний улстөрийн карер хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах л үлдлээ.

Харин фракцуудын тоглолттой АН-ын хувьд хот, хөдөөгийн мандатын тоог 14, 14 байлгах асуудлыг тавьж байгаа. Мэдээж энэ нь тэдэнд ашигтай. Шууд утгаараа тойргоос сонгогдох гишүүдийнхээ тоог нэмж байгаа гэсэн үг юм. Тэдний тайлбараар бол “Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн тоо нийслэлийн хүн амыг төлөөлж хүрэлцэхгүй байна” гэх. Үнэхээр энэ нь зөв. 2008 оны сонгуулиар л гэхэд Улаанбаатарын 22-р тойргоос сонгогдсон нэг улстөрч 39 000 иргэний саналаар гарч ирсэн. Гэтэл төв аймгийн 13-р тойргоос сонгогдсон хүн 13 000 хүний санал аваад УИХ-д гишүүн болсон. Гурав дахин бага байсан. Тэгэхээр нэг талдаа тэдний хэлж байгаа зүйлд үнэний ортой. Гэвч хамгийн боломжтой хувилбараар хөдөөд 16, хотод 12 гэсэн тоо яригдаж байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хамгийн хүнд туссан бүлэг хүмүүс бол УИХ-ын эмэгтэй гишүүд болон ирэх сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн төлөөлөл. Жагсаалт алга болсноор намууд тойргуудад ихэвчлэн эрчүүдийг нэр дэвшүүлдэг учраас сонгууль дууссаны дараа эмэгтэй гишүүдийн тоо гарын таван хуруунд багтчихдаг. Тиймээс цэцийн шийдвэрийг эмэгтэй машид эсэргүүцэж байгаа. Ямар сайндаа л эсэргүүцлийн хэлэх үг нь дуусаад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Та бүхний сонгуульд эцсийн эцэст 70-80 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж ялалтад хүргэдэг шүү” хэмээн гомдонгуй хэлсэн. Үнэхээр л сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг атал эсрэгээрээ УИХ-д төлөөлөх эмэгтэй гишүүдийн квот нь 30 хүрэхгүй болсон нь харамсалтай. Гэвч эсрэгээр зарим эмэгтэй гишүүд үүнд нь шар нь хөдөлсөн үү бүү мэд. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад улстөрөөс хөндийрнэ хэмээн мэдэгдээд байсан Ц.Оюунгэрэл гишүүн сонгуульд дахин өрсөлдөхөөр болсон. Том зургаар харахын бол энэ удаагийн сонгууль эмэгтэй гишүүдийн эрчүүдтэй өрсөлдөх жинхэнэ чадварыг шалгах нь дамжиггүй. Хэрэв тэд дахиад УИХ-д суухыг хүсвэл мөнгөө төлөөд тойргийн эрхээ авах хэрэгтэй байх. Үгүй гэвэл үгүй.

Сунгууль: Ер нь сонгууль гэдэг чинь иргэдийн сонгох эрхийг хангах биш эрх мэдлээ сунгах процесс болчихож. Үнэндээ автобусны ухаалаг картаа сунгаж зорчих эрхээ эдэлж байгаа мэт мөнгөө төлөөд тойргоо сонгоод, дахиж мөнгө төлөөд УИХ-ын эрхэм суудлаа авах дүр зураг харагдаж байна. Ёстой амархан биз.   Хэнд их мөнгө байна тэр дараагийн парламентад сууж иргэдийг төлөөлж хуулиа хэлэлцэж, батлах бас ...... эрхээ сунгуулна, эсвэл эрхээ шинээр авна. Хамгийн энгийнээр хэлвэл 2016 оны сонгууль хоёр арслангийн хооронд дах халз тулаан болно. Харин цөөврүүдэд хүртэх сэг ч үлдэхгүй болов уу, сонгогчид л хишгээ хайрлахгүй бол.

Сэтгэгдэл бичих

    • Борхүү
    • 2016-05-09

    МАНАН гэх нэрт авгагчдын нэгдсэн этгээдүүд сонгуулийг өөрсдийн гарны доор шудрага бус явуулсаар байна. Жижиг 76 тойрогт явуулах н ихээхэн мөнгөний өрсөлдөөн болох н тодорхой мэдээж үүнээс хөрөнгө ихтэй МАНАН л сонгогдох болвуу? Иргэд бид нэг бүрчлэн тэмцснээр эдгээр этгээдүүдийг зогсоох юм.

    • Борхүү
    • 2016-05-09

    МАНАН гэх нэрт авгагчдын нэгдсэн этгээдүүд сонгуулийг өөрсдийн гарны доор шудрага бус явуулсаар байна. Жижиг 76 тойрогт явуулах н ихээхэн мөнгөний өрсөлдөөн болох н тодорхой мэдээж үүнээс хөрөнгө ихтэй МАНАН л сонгогдох болвуу? Иргэд бид нэг бүрчлэн тэмцснээр эдгээр этгээдүүдийг зогсоох юм.

arrow icon