Нийтлэл 05 сарын 08, 2016

2027 он гэхэд далд уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрнэ #Оюутолгой

Өнгөрсөн Баасан гарагт Монгол дахь алт зэсний Оюу Толгойн уурхайн гарцыг хоёр дахин нэмэгдүүлэх хоёрдахь шатны бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын 5.3 тэрбум долларыг Рио Тинто групп болон бусад оролцогч талууд эцэслэн баталгаажуулсан.

Лондонд төвтэй дэлхийн хоёрдахь том уул уурхайн компани Рио-н зүгээс Баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ төслийн бүтээн байгуулалтын ажил энэ оны дунд үеэс эхэлж, далд уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 он гэхэд гарахаар төлөвлөгджээ. 2027 онд далд уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500,000 тонн зэс үйлдвэрлэхээр тооцоологдсон байна.

Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3,000 хүн ажиллах ба үндэсний ханган нийлүүлэгчидтэй тогтоосон нягт хамтын ажиллагаа улам өргөжинө. 2010 онд ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт төлсөн татвар, хураамж, ажиллагсдын цалин, ханган нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөр зэрэгт 5.5 тэрбум орчим ам.доллар зарцуулж, Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулсан.

Рио болон BHP Billiton гэх зэрэг томоохон уул уурхайн компаниуд түүхий эдийн үнэ сэргэх хандлагатай байгааг хэлж байгаа   бөгөөд үүнд зэсийн үнэ голлох өсөлтийг авчирна гэж харж байгаа аж. Баасан гаригт OZ Minerals компанийн зүгээс Австрали дахь хамгийн том хөгжүүлэлтийн шатандаа байгаа зэсийн уурхайд 729 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарласан.

Рио-н гүйцэтгэх захиралын орлогч Jean Sebastien Jacques:

Урт хугацаан дахь зэсийн ханшны хувьд өөдрөг төсөөлөл давамгайлж байгаа. Оюу Толгой төслийн далд уурхайн үйлдвэрлэл нь зах зээлийн бүтцийн шилжилтийн цаг үетэй давхцана.

гэж ярилцлага өгчээ.

Jacques ирэх долдугаар сард гүйцэтгэх захирлын ажлыг Sam Walsh-с хүлээн авах юм.


Оюу Толгой төсөл нь Хятадын хойд хилээс 80 км-н зайд оршдог бөгөөд Wood Mackenzie компанийн мэдээлснээр бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулбал дэлхийн гуравдахь том зэсийн төсөл болохоор байна. Төслийн таамаглалд дурьдсанаар 2016 онд 175-195 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой аж.

Хөгжиж буй орнуудын дундаж орлоготой хэрэглэгчдийн тоо өсөж байгаа нь гэр ахуйн цахилгаан барааны худалдан авах нөхцөл бүрдэж улмаар зэсийн эрэлт өснө гэж Сиднейд төвтэй MineLife Ptyкомпанийн үүсгэн байгуулагч Gavin Wendt мэдэгдсэн бөгөөд мөн Хятад улсад 2025 онд нийт 15 сая тонн зэсийн эрэлт шаардлагатай болно гэж Рио-н зүгээс таамаглажээ.

Металийн хомсдол нь ирэх арван жилд гол асуудал болох бөгөөд зах зээлийн уналттай байдал дараа жил хүртэл үргэлжлэх талаар шинжээчдийн зүгээс мэдэгдэж байгаа юм. Санхүүгийн зах зээл дэхь оны онцлох хэлцлийг хийсэн Jacques:

Бидний зүгээс металийн зах зээлийн шинэ эрин үеийг харж байна , тэр тусмаа зэсийн зах зээлд.

хэмээн Bloomberg-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Нийт баялагийн 80 гаруй хувь нь агуулагдаж буй далд уурхайн хувьд 2013 оны дунд үеэс ээдрээтэй үйл явдлаар дүүрэн байсан бөгөөд татварын маргаан, зардал хэтэрсэн зэрэг асуудлуудыг өнгөрсөн оны тавдугаар сард талууд амжилттай шийдэж чадсан юм. Ингэснээр АНУ-н Экспорт-Импортын банк, BNP Paribas SA болон Standard Chartered Plc зэрэг нийт 20 зээлдэгчид 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Арванхоёрдугаар сард гарсан мэдээллээр бол төслийн нийт зардал 5-6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдөөд байгаа билээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon