Нийтлэлийн зохиогч Михиал Фридман бол Форбес сэтгүүлээс гаргасан баячуудын эрэмбээр Орост 2-т орсон (нийт хөрөнгө нь 13.3 тэрбум ам. доллар), Оросын төрөөс биш хувиас төрсөн цөөхөн тэрбумтны нэг юм.
Лонхны амсарт тээглэхгүй буюу Индиго үе. Ороход чөлөөтэй.
“Заримдаг ШУ-ны тайлбарлаж байгаагаар бол Индиго хүүхдүүд гэдэг нь ер бусын, онцгой, ид шидийн шинж чанар, чадвартай хүүхдүүдийг хэлдэг. Энэ нэр томъёо нь 1990-ээд оны сүүлээс new edge хөдөлгөөнтэй холбоотой их хэмжээний ном хэвлэл, зарим нэг киноны ачаар олонд тархсан юм. Индиго хүүхдүүдийг оюун ухааны өндөр чадвар, ер бусын мэдрэмжтэй байдал, гайхалтай өндөр бүтээлч байдал зэрэг олон янзын шинж чанартай хэмээн бичдэг” Википедиа
Ямар нэгэн юм боллоо
Улс төрчид, сэтгүүлчид, бизнесменүүд, гүн ухаантнууд, брокерууд, судлаачид гээд бүгд л энэ дэлхий ертөнцөд нэг л ойлгомжгүй зүйл болоод байгаа талаар ярьж байна. Саяхныг болтол тогтвортой, найдвартай санагдаж асан, бидний аж амьдралын суурь болсон үнэт зүйлс, зарчим, дүрэм журмууд маань хэврэг, тогтворгүй мэт санагдах тэр мэдрэмж улс орон тив алгасан вирус мэт тархаж байна. Энэ үзэгдэл өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын улс төрд бүр ч тод томруун харагдана. Хэдэн арван жилээр улс төрд ноёлож байсан нэр хүндтэй, зангарагтай европын намуудын оронд улс төрийн тавцан дээр өчигдрийн улс төрийн маржиналууд болох хэт зүүний/барууны төлөөлөл эвгүй, ичмээр зүйлс хашгирч, шүгэлдэж, итгэл төгс гарч ирлээ
. Грекийн Сириза, Испаний “Иргэд” ба “Подемос”, Францын “Үндэсний фронт”, Унгарын “Фидес” гээд дасал болсон сонгогчдын зураглалыг эвдэгсдийн урт жагсаалт бий болжээ.
Чөлөөт капиталист зах зээл, дурын итгэл үнэмшил, шашин шүтлэг бүхий цагаачлалын нээлттэй бодлогын зарчим дээр боссон АНУ-н Ерөнхийлөгчийн сунгаанд гэхэд л нэг талаас илт социалист үзлийг сурталчилдаг, нөгөө талаас АНУ-г тодорхой арьсны өнгө, шашин шүтлэг бүхий цагаачдаас тусгаарлахыг уриалдаг улс төрчид олон нийтийн дэмжлэгтэйгээр өнгөлж явна. Бүхий л төрөл зүйл, хэв загварын популизм дэлхий даяар өргөн фронтоор давшиж байна. Минийхээр энэхүү давшилт нэг л гунигтай үнэнийг харуулж байгаа юм. Тэр бол бидний хэдэн арван жилээр туршигдсан бидний дассан сурсан концепц, үнэн мөн хэмээн итгэж явсан зүйлс маань орчин үеийн нийгмийн хэрэгцээг хангахаа байж биднийг шинээр эрэлхийлэхийг шаардаж байгаа явдал юм.
Эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн адармаатай байна. Бүх зах зээл дээр өндөр хэмжээний хэлбэлзэл байх нь хэвийн үзэгдэл боллоо. Өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг дараах 2 чухал хүчин зүйлээр тайлбарладаг. Үүнд:
- Түүхий эдийн үнэ огцом унаснаас түүхий эдээс хамааралтай эдийн засгууд удааширсан
- Хятадын эдийн засгийн зогсонги байдал
Гэхдээ энэ 2 хүчин зүйлс хоорондоо зөрчилтэй байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Эдийн засгийн логикоор бол түүхий эдийн үнэ унах нь түүхий эд импортлогч Хятад улсад сайнаар нөлөөлөх ёстой. Цаашлаад Хятадын бүтээгдэхүүний гол хэрэглэгчид болох өндөр хөгжилтэй орнууд ч эрчим хүчний үнэ унахад илүү давуу талтай болох ёстой. Гэвч бодит байдал дээр ийм шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Эдгээр зөрчилдөөнтэй байдлыг олон янзын онолоор тайлбарлаж болох ч миний хувьд аль нь ч бүрэн дүүрэн хариулт болж чадахгүй байгаа юм.
Мянга мянган авьяаслаг, боловсролтой эдийн засагч, тоймч, улч төр судлаач нарын судалж буй энэхүү асуултуудад би хариулт өгье гэж бодсонгүй. Зүгээр л уншигчдад дүгнэлт хийхэд нь хэрэг болж магадгүй өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм.
За тэгэхээр юу болоод байна вэ? Миний бодлоор ер бусын зүйл юу ч болоогүй зүгээр л бид индиго эрин үе рүү орж байна.
Индиго эрин гэж юу вэ? Өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?
Хүн төрөлхтөн болсон үйл явдлаа тэмдэглэж эхлэснээс хойш олон мянган жилийн турш бүлэг бүлгээрээ байгалийн баялгийн төлөө, өөрөөр хэлбэл түүнийг агуулагч газар нутгийн төлөө тэмцэлдэж иржээ. Газар нутаг нь үржил шимтэй, далайн болон хуурай замын худалдаа хийхэд ашигтай байрлалтай, эсвэл алт мөнгө, химийн элементүүд, нефть газ гээд янз бүрийн шалтгаанаар хүмүүсийг татдаг. Бүхий л түүхийн турш газар нутаг нь аль ч улсын үндэсний баялгийн ганц эх үүсвэр байж ирсэн. Одоо ч энэ хэвээрээ байна...
Газар нутгийн халдашгүй байдал нь аль ч үндэстэний ухамсарт хамгийн нандин утга агуулдаг
нь үүний илрэл юм. Гэвч тогтсон тэнцвэр маань явцын дунд өөрчлөгдөж эхэлжээ. Эдийн засгийн хөгжлийн манлайлагч орнууд байгалийн баялаг (өөрийн болон импортолсон) дээр бус харин аж үйлдвэрийн болон түүний дараах эдийн засгийн сегментэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээсэн эдийн засгийн загвар бий болгож эхэлжээ. Гэлээ ч гэсэн хамгийн амжилттай болон ер нь ямар ч эдийн засгийг байгалийн баялаг ашиглаагүйгээр төсөөлөхөд хэцүү билээ. Тиймээс түүхий эдийн зах зээл дээрх циклийн хөөс, том гүрнүүдийн “ашиг сонирхлын” бүсүүд, шатахууны төлөөх дайны тухай холливуудын зөгнөл бий болсон байх. .. Эрт орой хэзээ нэгэн цагт эдийн засагт чухал шаардлагатай ямар нэгэн баялаг хүрэлцэхээ байж хүмүүс түүний төлөө ширүүн тэмцэл хийх юм шиг санагдаж байлаа. Бодит байдал дээр ийм зүйл болсонгүй. Торгоны хүр эрвээхий байна уу, Энэтхэгийн амтлагч байна уу, ориг каучук байна уу, ердийн шатахуун тослох бүтээгдэхүүн байна уу ямар нэгэн зүйл “лонхны амсар”-т тээглэх бүрт түүнийг орлох зүйл гарч ирж байв
. Минийхээр индиго эрин гэдэг нь ямар нэгэн байгалийн нөөц баялаг шавхагдсанаар эдийн засгийн хөгжил огцом удааширна гэсэн таамаглал түүхийн төөрөгдөл болох нь тодорхой болсон шинэ эрин болох юм.
Индиго эрин гэдэг нь ямар нэгэн байгалийн нөөц баялаг шавхагдсанаар эдийн засгийн хөгжил огцом удааширна гэсэн таамаглал түүхийн төөрөгдөл болох нь тодорхой болсон шинэ эрин.
Хүний ухамсарт гарах ийм өөрчлөлт нэг л энгийн шалтгаантай. Дэлхий дээр инновацийн потенциал аливаа байгалийн баялгийг дуусах вий гэсэн айдсаас ангижруулж, орлуулагчийг хурдан хугацаанд олох чадвартай нийгмийн бүлэг бий болж хурдтай хөгжиж байна. Энэ нь түүхий эд хэрэггүй болно гэсэн үг үү?
Мэдээж үгүй. Зүгээр л аливаа барааг авахад гарах бодит эсвэл төсөөллийн хомсдол алга болж түүнтэй хамт түүхий эд үйлдвэрлэгчдийн хэт ашиг байхгүй болох юм (одоо ажиглагдаж буй үйл явц). Нефть, байгалийн хий хоёр бол миний бодлоор “лонхны амсар” онолын хамгийн сүүлийн тулгуур байгаад индиго эдийн засгийн дарамт доор нуран уналаа. Үндэсний баялгийн гол үндэс нь аажмаар нийгмийн хөгжлийн түлхүүр болох хүн бүрийн оюуны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх, потенциалаа гаргах бололцоогоор хангасан нийгмийн дэд бүтэц юм. Энэ утгаараа дэлхийн хамгийн том корпорациудын (зах зээлийн үнэлгээгээр) рэйтинг хэрхэн өөрчлөгдөж байгаа нь бэлээхэн жишээ юм. Олон жил тэргүүлсэн түүхий эдийн аварга Exxon-ы оронд гайхамшигтай бүтээлч хүмүүсийн бий болгосон Apple, Google компаниуд гараад ирлээ. Ямар учраас ийм өөрчлөлт гарч байгааг дүгнэх гээд оролдьё:
Индиго эдийн засгийг хөгжүүлэх урьдач нөхцлүүд
Инноваци хийх замаар бизнестээ эргэлт хийсэн одоогийн лидер Арple, Google болон бусад олон компаниудын амжилтыг харахад дараах 3 үндсэн хүчин зүйлийг онцолж болмоор санагдаж байна. Үүнд:
- Идей санаа зохиогч нь өөрөө авъяаслаг зохион бүтээгч байгаад зогсохгүй өндөр боловсролтой бөгөөд өөрөөсөө дутахгүй боловсролтой, бүтээлч авъяаслаг багтай ажилладаг байна.
- Дурын санааг, бүр
хамгийн мундаг санааг ч хурдан ажил хэрэг болгоход өндөр хөгжсөн бизнесийн дэд бүтэц буюу “үүл” шаардлагатай
. Үүнд өмчийн эрхийг найдвартай хамгаалдаг хууль эрх зүйн тогтолцоо, жижиг компаниуд эхний үе шатандаа томчууддаа залгиулчихаас айлгүй хурдан хугацаанд томрох боломж олгохоор үр дүнтэй өрсөлдөөний орчинг оруулна. Түүнээс гадна индиго эдийн засгийн орчинд санхүүжилт олгох, маркетингийн үйлчилгээ, Т үйлчилгээ, хүний нөөцийн үйлчилгээ, вэб дизайнер зэрэг хоорондоо ширүүн өрсөлдөөнтэй, чанартай үйлчилгээнүүд байх хэрэгтэй. Ийм олон тооны компаниудын ачаар л ирээдүйн аваргууд маш богино хугацаанд гараашд гарсан нэг санаагаа бэлэн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд амжилттай борлуулж чадна. - Өөрийн бүтээгдэхүүнээ түгээх global digital infrastructure хэрэгтэй.
Дэлхий ер нь тэр чигээрээ дижитал болсон ба одоо хамгийн бөглүү газар ч интернет, гар утасны сүлжээ ороход бэлэн болжээ. Сайн боловсрол бүх оронд байхгүй ч ихэнх хөгжиж буй орнуудад сайн их сургуулиуд бий болсон байна. Түүнээс гадна энэ орнуудаас олон хүн гадаадад сурах, гадаадын шилдэг их дээд сургуулиудын курсүүдийг онлайнаар үзэх боломжтой болсон.
Авъяаслаг хүмүүс хаа сайгүй, хангалттай олон тоотой байдаг. Харин индиго эдийн засгийг бий болгоход хамгийн асуудалтай нь “үүл” бий болгох юм. Энэ нь зуунаар явагддаг нийгмийн гүнзгий өөрчлөлтүүдийн үргэлжлэл, салшгүй хэсэг нь юм. Орчин үеийн барууны нийгэм одооныхоо хууль эрх зүйн тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн, хяналт тэнцвэрийн тогтолцоотой болохын тулд зуун зуунаар хувьссан. Гэлээ ч барууны бүх оронд Цахиурын хөндийтэй дүйцэхүйц үр ашигтай, компани бойжуулагч нөхцөл үүсгэж чадаагүй л байна. Гэхдээ баруунд л логистик байна уу /Uber/, тээвэр байна уу /Tesla/, биотехнологи байна уу, роботехник байна уу хүний үйл ажиллагааны бүхий л салбарт амжилтаараа оройлон тодрох хамгийн таатай нөхцөл бий болсон.
Харин ийм индиго дэд бүтэцгүй улс орнууд төвөгтэй нөхцөл байдалд байгаа нь одоо тод харагдахгүй байж болно. Эдгээр орнууд төвөгтэй, сайтар хөгжсөн, өрсөлдөөнтэй, тогтвортой нийгмийн тогтолцоо бий болгохын тулд нийгмийн оюун санаанд эргэлт хийх, хүмүүсийн тогтсон үзэл баримтлалыг эвдэх, бүхэл үндэстний үнэт зүйл, зарчмыг өөрчлөх хэрэгтэй. Энэ гарааны тэгш бус байдал юунд хүргэх вэ? Индиго таамаглалын практик дүгнэлт юу вэ?
Биднийг юу хүлээж байна вэ?
Сүүлийн 10-аад жилийн дэлхийн эдийн засгийн хөгжил нь даяаршлын үйл явц, хөгжиж буй болон хөгжилтэй орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанаас тодорхойлогдож ирлээ. Дэлхийн хөгжлийн загварыг энгийнээр харвал хөгжиж буй орнууд түүхий эд, хямд ажиллах хүчээ хөгжилтэй орнууд руу экспортолж байна. Үүнээс олсон ашгаа улс орчин үеийн дэд бүтэц болох зам, онгоцны буудал, логистикийн төв, хот байгуулах зэрэгт хуваарилдаг. Эдгээр обьектууд нь ажлын байр үүсгэж, гадаадын хөрөнгө оруулалт татсанаар орчин үеийн дундаж давхарга үүсдэг. Дундаж давхарга нэмэгдэж, хөгжсөнөөрөө нэг талаар ажиллах хүчний өртгийг нэмэгдүүлэх ч нөгөө талаар дотоод эрэлтийн тогтвортой эх үүсвэр болж өгдөг. Тиймээс эрх баригчид аль болох хамгийн хурднаар дэд бүтцүүдийг байгуулах сонирхолтой байдаг.
Харин нийгмийн дэг журмыг өөрчлөх, бие даасан тогтвортой эрх зүйн тогтолцоо үүсгэх, үр ашигтай өрсөлдөөнт орчин бий болгох талаар хойрго ханддаг. Эдгээр инститүцүүдийг хөгжүүлэх зөвхөн эрх баригчдын ашиг сонирхолд нийцэхгүй байгаад зогсохгүй нийгмийн уламжлалт үнэт зүйлстэй зөрчилдөх олон жилийн хүнд хүчир ажил гэж ойлгогддог. Сайндаа л засаг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр оронд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг (голдуу томоохон хөрөнгө оруулагчдыг) халамжлах удирдлагаар хангаж өгдөг. Үүний хамгийн тод жишээ бол Хятад юм. Хятадад нийгмийн инститүцүүдийн хөгжлийг хойш тавьж төвлөрсөн аргаар маш хурдтайгаар хот суурин босгож, зам барьсан нь индиго эдийн засгийг босгоход хүндрэлтэй учруулаад байна. Сул инститүцүүдтэй холбоотой хүндрэлүүдийг шийдэхийн тулд Хятадын ЗГ нөгөө л сурсанаараа бүгдийг төвлөрүүлэх, айлгах шийтгэх (засаг дотроо хүртэл)зэрэг арга замуудыг хэрэглэж байна.
Сүүлийн хэдэн арван жилд гарсан Хятадын хөгжлийн гайхамшиг ойрын үед давтагдахгүй болов уу гэж айж байна. Энэ дүгнэлт бүх хөгжиж буй орнуудад тохирох болов уу гэж бодож байна (Энэтхэгээс бусад нь). Тэдний түүхий эдийн экспортоос олдог орлого буурч, бусад экспортын бараа үйлчилгээгээ дэмжихийн тулд хүн амын орлогыг бууруулсантай холбоотойгоор өсөлт нь удааширч байна. Тэгэхээр орчин үеийн нийгмийн инститүцүүдийн бий болгох санхүүжилт бараг үгүй болж улс орнууд авилгын намаг, протекционист бодлогоос төрсөн өөрийгөө Мянгуужин шиг үснээсээ татаж гаргахаас өөр аргагүй болсон мэт. Хурдан түргэн шийдэгдэхгүй, төвөгтэй асуудал.
Энэ гунигтай эргэцүүлэл маань нэг чухал дүнгэлт хийхэд хүргэж байна. Хөгжиж буй орнуудын өсөлт саарснаар өндөр хөгжилтэй орнуудаас улам хоцорч, угаасаа байгаа орлогын ялгаа улам ихсэх нь. Хоорондын ялгааг хурдтай багасгах боломжгүйдээ нэг талаас, нөгөө талаас улам ядуурч буй хөршүүдээсээ зай барих гэсэн хоорондын зөрчил, дургүйцэл нь ОУ-н харилцааг хурцатгах болов уу. Даяаршил бол шулуун биш харин циклийн үйл явц юм байна.
Даяаршил тодорхой үе шатандаа хөгжиж буй орнуудад хөгжилтэй орнуудыг гүйцэх хөдөлгүүр нь болж өгч байсан бол ойрын үед индиго эдийн засгийн бүтээгдэхүүнийг борлуулах суваг болж өгөх учир өөрсдийн бүтээгдэхүүнгүй улс орнууд ба хөгжилтэй орнуудын хоорондын ялгааг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Улс орнуудын хоорондын зөрчил, дургүйцэл, хүмүүсийн айдас, атаархал, өөрийн нийгмээ өөрчилж чадахгүй аргаа барсан мэдрэмж, түүнээс улбаатай бусдын сайн сайхныг устгах үгүй хийх гэсэн жөтөө нь түүн дээр тоглосон популистуудыг улс төрд гарах сайхан хөрс суурь болж өгнө. Тэд аль хэдийн гараад ирчихсэн, төвөгтэй асуудлуудад амархан шийдэл санал болгож байна. Аюултай ерөндөг.
Юу хийх вэ?
Би улс төрч биш, дипломат биш, эдийн засагч биш учраас энэ асуултын хариултыг мэдэхгүй. Би практик бизнес хийдэг хүн учраас энэ нийтлэлд бичсэн бүхнээ хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ашигладаг, цаашид ашиглах болно. Бидний ойрын ирээдүйн талаарх энэ гунигт дүгнэлтүүдээ хойш тавиад өөрийнхөө өөдрөг төсөөллөөсөө хуваалцмаар байна. Зуу зуун жилийн турш эрх зүйт төр, шударга өрсөлдөөн, иргэний эрх зэргийг илүү шударга нийгмийг байгуулах зорилт талаас нь харж иржээ. Харин үүний эдийн засгийн үр ашгийн талаар байнга мэтгэлцсээр ирсэн. Хааяа хааяа хаа нэгтээ дарангуйланч төрөн гарч өөртөө бүх эрх мэдэл, нөөцийг төвлөрүүлэн түүнийгээ бодлоготойгоор ашиглан эдийн засгийн өндөр өсөлт бий болгож барууны алдарт ардчиллыг асуудалд оруулдаг явдал бий. Би өөрөө ч Зөвлөлтөд байхдаа капитализмийн эмх цэгцгүй эдийн засгийн хажууд маш тодорхой тооцоотойгоор барааг үйлдвэрлэдэг социалист эдийн засгийн давуу талын тухай итгэл төгс ярьдаг л байлаа. Харамсалтай нь энэ бүхэн Зөвлөлтийн дэлгүүрүүдийн лангуун дээрх аль нэгэн барааны хомсдлоос үүссэн зах хязгааргүй оочерийн фон дээр болж байв. Тиймээс хүмүүс социалист эдийн засагт тийм ч их итгэхээ байсан байлаа.
Гэхдээ л авторитари, тоталитари дэглэмүүдийн гайхалтай хурдтай эдийн засгийн хөгжил нь хүчтэй гар хүссэн, эдийн засгийн хөгжлийн төлөө иргэний эрхээ золиослоход бэлэн олон хүний сэтгэлийг гижигддэг. Бидний алхан орж буй шинэ эрин энэ аюултай төөрөгдөлд цэг тавина гэж найдаж байна. Онолын хувьд улс орны бүх нөөцийг төвлөрүүлж, үр ашигтайгаар хуваарилж чадах ухаантай, авъяаслаг дарангуйлагчийг төсөөлж болно. Эсвэл бүлэг эрдэмтдийг өргөст торны цаана хашиж, тэднийг сүрдүүлэх, нэмэлт хоолоор урамшуулах замаар өөрийн дэглэмийг хамгаалах атомын бөмбөг, баллистик пуужин хийлгэсэн дарангуйлагч байж болно. Гэхдээ олонхи иргэдээ нийгмийн шийдвэр гаргалтад оролцуулалгүйгээр маш чанга хянахын хажуугаар сая сая хувь хүмүүсийн бүтээлч эрч хүч, тэдний төсөөлөл, түүний илэрхийлэл дээр суурилсан эдийн засгийн загвар бий болгох нь онолын хувьд ч боломжгүй. Тиймээс бидний нүдэн дээр бий болж буй ирээдүйн эдийн засаг болох индиго эдийн засаг нь чөлөөт хүмүүсийн эдийн засаг
юм. Тэгэхээр дэлхий ертөнц удаан ч гэсэн илүү чөлөөтэй болох нь дамжиггүй. Би үүнд итгэлтэй байна.
Орчуулсан С.Энхтөр
Эх сурвалж: http://www.forbes.ru/m
neniya/mir/319431-pokolenie-indigo-vkhod-svobodnyi
Сэтгэгдэл бичих