Нийтлэл 05 сарын 18, 2016

'ICT EXPO-2016' үзэсгэлэнгээс ОНЦЛОХ 5 технологи

2016 оны ICTEXPO үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж өмнөх жилүүдийнхээс илүү шинэлэг, өргөн хүрээг хамран “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болж байгаа бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм.

Үзэсгэлэнгийн үеэр компаниуд олон шинэ технологи, өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс танилцуулснаас та бүхэндээ 5 технологийг онцлон танилцуулж байна.

 Гар утсаараа гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжийг SMART HOME систем

 

Та  сууж байгаад, эсвэл хэвтэж байгаад утсаараа гэрлээ унтрааж, хөшгөө хааж, гаднах орц, талбай зэргээ хянах боломжтой. Яаж гэж үү.

Энэ боломжийг танд 'OD innovation' компанийн залуус олгож байгаа аж. SMART HOME гэрийн ухаалаг системийг  ашиглахдаа та чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгч, гаднах орчны камерийн хяналт зэргээ сүлжээнд холбож тухайн аппликэйшнээ өөрийнутсанд суулгаснаар утсаараа гэрлээ унтрааж, хөшгөө хааж, гаднах орц, талбай зэргээ хянах боломжтой юм байна. Хэрэглэгчдийн цаг завыг хөнгөвчилсөн технологийн энэхүү шинэ шийдэл нь бусдаас өвөрмөц, онцлогтой ажээ. 

 Технологийн гайхамшгийг мэдрүүлэх 4G LTE

 4G LTE нь харилцаа холбооны салбар дахь илүү хурдан, илүү үр дүнтэй, илүү ухаалаг шинэ эрин үеийн интернет сүлжээ аж. Юнител групп танд 4G LTE сүлжээнд нэвтрэн, өндөр хурдны интернетийг, гар утас, таблетнаасаа авч, дэлхий дахины технологийн гайхамшгийг мэдрүүлэх боломжийг олгож байгаа юм байна. Ингэснээр та 4G LTE сүлжээний өндөр хурдаар аппликейшн болон видео upload хийж, онлайн контентуудыг ямар ч гацалтгүй түргэн шуурхай, интернэтийн хязгааргүй орчинд төсөөлөшгүй хурдаар аялах боломжтой юм байна.

Гурван хэмжээст 3D принтер

 МТҮП-ийн 3D принтер нь тусгайлан бэлтгэсэн загвар, моделиудыг хуулбарлан зориулалтын пластик материалын тусламжтайгаар бодит биетийг хэвлэн гаргах чадвартай аж.  Ургамлаас гаргаж авсан тосыг тодорхой хэмд халааж хатуу пластик материал гарган авч, түүнийгээ 3D принтерийн тусламжтайгаар хайлуулж тодорхой дүрс бүхий биет болгон шахаж гаргадаг гэж тайлбарлаж болно. Ойролцоогоор 3 см.кв хэмжээтэй роботын дүрсийг хэвлэж гаргахад 40 орчим минут зарцуулдаг юм байна.

3D принтерийн хамгийн ашигтай тал нь бизнесийн байгууллагууд өөрийн гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд бодитоор харагдах моделийн хамтаар танилцуулах боломжийг нээж өгдгөөрөө үзэсгэлэнд оролцож байгаа технологиудаас өвөрмөц онцлогтой байсан юм. 

 ОУ-д танигдсан  DOBU систем  

ДОБУ систем таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ. 

Энэ технологийг зохион бүтээсэн залуус бол Амотресс ХХК-ийн залуус. Тэдний хувьд өмнө нь таблет болон гар утасны утасгүй цэнэглэгчийг зохион бүтээж бидэнтэй энд ярилцаж байсан билээ. 

Компанийн залуусын хувьд ДОБУ брэнд гэрийн автоматжуулсан системээ АНУ-ын зах зээлд гаргаад удаагүй байгаа бөгөөд тун удахгүй Казакстан улс руу экспотрод гаргах саналыг хүлээж авч гэрээгээ хийсэн гэх баяртай мэдээтэй байгаагаа үзэсгэлэнгийн үеэр ярьж байсан юм.

 

Таны хүүхдэд таалагдах 'Марчаахай' 

 

Энэ бол хүүхдийн дуу, шүлэг, хүүхэлдэйн кино, үлгэрийг  багтаасан гар утасны аппликэйшн. Таны хүүхдэд: 

Хүрээлэн буй орчин,  юмс үзэгдлийн талаар анхны танин мэдэгдэхүүнтэй болох;

Хэл яриа, сэтгэхүйн чадвар сайжрах;

Гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх;

Дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмших;

Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах арга ухаанд суралцах;

Монгол ардын ёс заншил, өв уламжлалыг мэдэх зэрэг танин мэдэхүйн болон зөв хүн болж хүмүүжихэд  ач холбогдолтой юм байна. Түүнчлэн зөвхөн утасны аппликэйшнаас гадна та Skymedia, Univision видео сангаас үзэх боломжтой аж. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon