Нийтлэл 05 сарын 18, 2016

ЕСӨН хэлтэй залуугаас өгсөн ямар ч хэлийг хурдан сурах 10 зөвлөгөө

1. ЯАГААД СУРАХ ГЭЖ БАЙГААГАА МЭД

Мэдээжийн юм шиг сонсогдож байж магадгүй ч ихэнх хүмүүс хэл сурахын төлөө л хэл сураад байдаг. Англи хэл сурахын төлөө англи хэл сурах нэг хэрэг, английн түүхийг эх хэл дээр нь уншихын төлөө сурах бүр өөр хэрэг.

2. ӨРСӨЛДӨГЧ-ХАМТРАГЧТАЙ БОЛ

Зөвлөгөө өгч буй 9 хэлтэй залуу  гадаад хэлийг ихэр ахтайгаа өрсөлдөх, хамтрах замаар суралцаж иржээ. Нэг гараанаас хамт гараад нөгөөх нь арай илүү болсон байхаар хүн хар аяндаа илүү хичээдэг. Заавал эгч ах байх албагүй ч нэг нэгнийгээ хурцалж, өөд нь татах өрсөлдөгч-хамтрагчтай болоорой.

3. ӨӨРТЭЙГӨӨ ЯРЬ

Өөртэйгөө ярих эвгүй л дээ.  Гэхдээ хүн хэлэхэд, түүнийгээ өөрийнхөө чихээр сонсоход чимээгүй толгойдоо бодож байгаагаас олон цэг тархинд чинь идэвхижнэ, илүү тогтоно, дараа нь тэр үг өгүүлбэрээ хүнтэй ярихад хамаагүй амар болно.

4. ХАМААРАЛТАЙ БАЙЛГА

Ном бариад л номоо цээжлээд л хэл сурахыг хэдхэн хүн л чадах байх. Сурч байгаа хэлээр чинь ярьж байгаа газраар оч, дуу дуул, кино үз, өдөр тутам хийдэг зүйлдээ уялдуулж болох юу байна, бүгдэд нь сурч байгаа хэлээ оролцуулаарай. Хэл, чиний амьдрал хоёрын хамаарал хэр өндөр байна, төдий чинээ хурдан сурна.

5. ЗУГААЦ

Танд юу хамгийн зугаатай вэ? Кино үзэх үү? Тэгвэл сурч байгаа хэлээрээ кино үз. Дуу дуулах уу? Тэгвэл сурч байгаа хэлээрээ дуул. Шүлэг бичих үү? Тэгвэл шүлэг бич, хүүхдийнх шиг шүлэг байсан ч болно.  Охидтой утсаар чатлах уу? Тэгвэл англиар чатла. Гол та цаанаасаа л дурлаж, сонирхож байх нь чухал. Сонирхолтой юмаа хийж байхад хүний тархи аяндаа ажлаа хийнэ.

6. ХҮҮХЭД ШИГ БАЙ

Хүүхэд яагаад хурдан сурдаг вэ? Тэд алдахаас айдаггүй. Хүнээс ичдэггүй, намайг хүн юу гэж бодох бол гэж айлгүй буруу зөрүү шулганаж байгаад насанд хүрсэн хүнээс хэд дахин хурдан хэл сурдаг. Та хүүхэд байхдаа эх хэлээ маш хурдан сурсан шүү дээ, тэгэхэд ямар байсан тэрэн шигээ биш юм гэхэд төстэй байхыг оролдоод үзээрэй.  

7. ДАССАН ГАЗРААСАА ГАР

Та одоог хүртэл хэл сураагүй байна гэдэг нь таны байнга байдаг, тухалдаг, дассан орчин чинь хэл сурахааргүй байжээ л гэсэн үг. Яанаа миний дуудлага ямар сонсогдож байгаа бол, яанаа сая буруу хэлчих шиг боллоо, энэ үг чинь юу билээ хог гэж... ийм хэцүү бодлууд олон байх тусмаа сайн. Та тухгүй, сорил ихтэй, гэхдээ хурдан өөрчлөгдөх замаар явж байна.

8. СОНС

Хүн сонссон авиагаа л ярьж чадна.  Энэ үгийг сайн тунгааж бодоорой.

9. ХҮМҮҮС ЯРИЛЦАЖ БАЙХАД АЖИГЛА

Хэл сурахыг зөвхөн оюуны хөгжил гэж үзэх гээд байдаг. Гэтэл хэл, уруул, хоолой гээд бие оролцож байж зөв дуудлага, маяг гарна. Хаана сурч байгаа хэлээр чинь ярилцаж байна, хаана ярилцаж болохоор байна, тэр хавиар байхыг бодоорой. Өнөө үед заавал аялал хийлгүйгээр натив найзтай болох боломж ихэссэн, бүр болохгүй бол интернэт, зурагт гэдэг сайхан “найз” нараа сайн ашиглаарай.

10. ӨДӨР БОЛГОН!

Орчинд нь очиж, аялалд явахаар яагаад хэл хурдан сайжирдаг вэ?  Тэр газрын усыг ууж, агаарыг амьсгалж байгаа болохоор биш, тийм биз дээ? Ердөө өдөр тутам хэрэглэхээс өөр аргагүй байдалд ордог болохоор. Тэгэхээр та гэртээ ч гэсэн “өдөр тутам хэрэглэх” гэсэн хэсгийг бүрдүүлж чадвал хурдан сурна.

 

Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

    • friends iin 10 season g subtitle tai ni olj awaad 2 buten uzchih heregtei. gantsaaraa uzej bhdaa ugnuudiig ni dagaj helj bolno. mirroring gedeg technique, ih ur duntei gesen
    • 2016-05-19

    ross

arrow icon